Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч  Т.Нансалмаа

Шүүгдэгч Б.Төрболдын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Болдын Төрболдод холбогдох эрүүгийн 201719000214 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн. 1990 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Нийслэлийн СХД-ийн 6 дугаар хороо, 70-3-299 тоотод оршин суух, “Номадс” ХХК-нд хангамжийн нярав ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Боржигон овгийн Болдын Төрболд РД/МЖ:90052111/

 

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Б.Төрболд нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 189 дэх шон буюу 89 дэх километрт 88-66УНХ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 5 тооны тэмээ мөргөж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Төрболд шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед Улаанбаатар  хотоос 88-66УНХ улсын дугаартай маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй Өмнөговийн чиглэлд бараа хүргэж өгөх гээд явж байтал гэнэт засмал замаар зам хөндлөн тэмээнүүд гараад ирсэн. Хэдэн тэмээ байсныг би мэдээгүй. Би машинаа зогсоож амжилгүй тоормоз гишгэтэл миний мэдэхийн жолооч талын хэсгээр 3 тэмээ давхраараа мөргүүлсэн. Яг хэдэн тэмээ мөргүүлснийг сайн мэдээгүй. Харанхуй байсан болохоор би цааш явсан. Би хууль мэдэхгүй болохоор хэргийн газрыг орхин зугатаасан нь миний буруу болсон. Би хохирогчид учруулсан тэмээний хохирол 3 500 000 төгрөгийг нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хэргийг маань хөнгөнөөр шийдэж өгнө үү гэв.

 

Хохирогч П.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумруу малаа оторлох гэж гараад замдаа Дундговь аймаг явах чиглэлийн засмал замын ойролцоо хоноглосон юм. Тэгээд маргааш өглөө нь цааш нүүхээр малаа хураатал засмал зам дээр 1 ботго, нас бие гүйцсэн 2 бүдүүн тэмээ, 6 настай 2 тэмээ нийт 5 тэмээ зам дээр машинд дайруулсан бололтой хөл нь хугараад үхсэн хэвтэж байсан. Тухайн үед хөдөө явж байсан болохоор цагдаад мэдэгдээгүй. Би нас бие гүйцсэн 2 тэмээгээ тус бүрийг нь 1 500 000 төгрөгөөр, 6 настай хоёр тэмээгээ тус бүрийг нь 1 250 000 төгрөгөөр, 1 ботгоо 250 000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/

 

Гэрч С.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: Манай нөхөр Б.Төрболд тухайн үед надад утсаар осол болсон талаар ярихад нь түргэн муудах бараа ачиж яваа болохоор заавал хүргэх ёстой гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22  хуудас/

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Б.Бат-Очирын 2017 оны 05 дугаар 21-ний өдрийн 00000041 тоот:

 

-Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 88-66УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Төрболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Б.Төрболд нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а дахь заалт тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй, уг дүрмийн 25 в дэх заалт “Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага/ ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчсөн.

-Иргэн Б.Төрболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 ”суурин газрын гаднахь засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь  гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт /хх-ийн 26 хуудас/

 

Б.Төрболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Төрболд нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 189 дэх шон буюу 89 дэх километрт 88-66УНХ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 5 тооны тэмээ мөргөж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан...

Шүүгдэгч Б.Төрболдын...  Улаанбаатар хотоос 88-66 УНХ улсын дугаартай маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй 60км/цагийн хурдтай явж байсан бөгөөд гэнэт засмал замаар зам хөндлөн тэмээнүүд гараад ирсэн. Би машинаа зогсоож амжилгүй тоормоз гишгэтэл миний мэдэхийн жолооч талын хэсгээр 3 тэмээ давхраараа мөргүүлсэн. Би хууль мэдэхгүй болохоор хэргийн газрыг орхин зугатаасан гэх мэдүүлэг /хх-ийн 35-37  хуудас/

Хохирогч П.Ганболдын ... малаа оторлох гэж гараад замдаа Дундговь аймаг явах чиглэлийн засмал замын ойролцоо хоноглосон юм. Тэгээд маргааш өглөө нь цааш нүүхээр малаа хураатал засмал зам дээр 1 ботго, нас бие гүйцсэн 2 бүдүүн тэмээ, 6 настай 2 тэмээ нийт 5 тэмээ зам дээр машинд дайруулсан бололтой хөл нь хугараад үхсэн хэвтэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/, гэрч С.Батжаргалын... манай нөхөр Б.Төрболд тухайн үед надад утсаар осол болсон талаар ярихад нь түргэн муудах бараа ачиж яваа болохоор заавал хүргэх ёстой гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Б.Бат-Очирын... 88-66 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Төрболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг /Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. Б.Төрболд нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а дахь заалт тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй, уг дүрмийн 25 в дэх заалт “Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага/ ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчсөн. Иргэн Б.Төрболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 ”суурин газрын гаднахь засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь  гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт /хх-ийн 26 хуудас/, шүүгдэгч Б.Төрболдын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Төв аймгийн Прокурорын газраас Б.Төрболдод холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохиролд хохирогч П.Ганболдод шүүгдэгч Б.Төрболдоос 3 500 000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирол хүлээн авсан тухай баримт, Хаан банкны зарлагын гүйлгээний баримт зэргээр тогтоогдож байх ба хохирогч П.Ганболд нь шүүгдэгч Б.Төрболдод санал гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Шүүгдэгч Б.Төрболд нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Төрболдын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Б.Төрболдын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн №749990 дугаартай жолооны үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч Б.Төрболдод буцаан олгож, шүүгдэгч Б.Төрболдын эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 04-51 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Б.Төрболд нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

     Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч Боржигон овгийн Болдын Төрболдыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж  зугатаасан  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Б.Төрболдыг  01/нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Төрболдод оногдуулсан 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Төрболдод оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн  хугацаагаар  хянан харгалзсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан Б.Төрболдод тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн газарт үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Б.Төрболд нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Төрболдын эзэмшлийн Тоёото Приус-30 маркийн 04-51 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, №749990 дугаартай жолооны үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч Б.Төрболдод буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, ялтан Б.Төрболд нь  энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Төрболдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Төрболдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                

 

 

                   ШҮҮГЧ                                     Ж.МӨНХТУЯА