Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 261

 

Б.Б, Б.Ц, Б.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл,  шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Ганболд, Д.Энхцэцэг, Э.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөн, А.Оюунзаяа, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 253 дугаар магадлалтай, 201601080568 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөн, А.Оюунзаяа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганболд болон өмгөөлөгч Д.Энхцэцэг, Э.Ганбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2011 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Өөлөг овогт Б.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Ц.

3.Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Б.Э нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ц, Б.Э нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Б.Б-ийг хүнийг алах, Б.Ц, Б.Э нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Б.Ц, Б.Э нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тэднийг ялаас чөлөөлж, Б.Б-т Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ээс 11.148.678 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунзаяад олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганболд, Д.Энхцэцэг, шүүгдэгч Б.Ц, Б.Э нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо: “...Талийгаачтай маргалдаж 2 удаа цохьсон нь үнэн. Гэхдээ амь насыг нь хохироох ямар ч бодол байгаагүй. Болж өнгөрсөн явдалд туйлын их харамсаж байгаа бөгөөд өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Ганболд гаргасан гомдолдоо: “...Шүүхийн тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, өөрөөр хэлбэл дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй зэргээр тогтоол, магадлал хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна. Шинжээчийн дүгнэлтэнд амь насанд аюултай хүнд гэмтэл гэж бичээгүй байхад шүүх зохиомлоор ингэж дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүх энэ алдааг засаагүй. Хохирогч хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэж байгаа бол хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсгээр зүйлчлэгдэх учиртай. Хохирогчийн амь насыг хохироогоогүй гэдгээ шүүгдэгч болон гэрч нар мэдүүлдэг.

Хохирогч гэр дотроо угаасан шалан дээр халтирч унасан гэж үзэх үндэслэлтэй. Хохирогч нас барсан боловч энэ бол золгүй явдал юм. Үүнд хэн нэгнийг заавал буруутгах ёсгүй. Хэргийн хоёр гол гэрчийг мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч, прокурор айлган сүрдүүлж, зодож дарамталж, хууран мэхлэж байгаад Батбилэгийг цохиулсан гэж хууль бус мэдүүлэг өгүүлсэн. Гэм буруугийн шууд санаа буюу хүсч үйлдсэн, шууд бус санаа буюу хүсээгүй боловч зориуд үхэлд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрийн аль нь ч Б.Бийн үйлдэлд байхгүй байна. Талийгаач урьд өмнө нүдний хагалгаанд орж байсан, нас барахынхаа өмнө олон хоног тасралтгүй архи уусан, тухайн үед толгой нь өвдөж байсан, ер нь сул биетэй гэж яригддаг.

Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд хийгдээгүй. Цогцост дахин задлан шинжилгээ хийлгэсэн бол одоо маргах зүйлгүй байх байлаа. Гэтэл хавтаст хэргийн материалаар дахин дүгнэлт гаргуулсан нь буруу. Мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүсэн, хууль бусаар нотлох баримт цуглуулсан зэрэг гэмт хэрэг яригдаж байна. Иймд энэ талаар шалгах, Энхбаатар эхнэртээ, Цэрэнням ар гэрийнхэндээ хэлсэн гэж байгаа учир эдгээр хүмүүсийг гэрчээр байцаах шаардлагатай.

Мөрдөн байцаалтын ажиллагааг шөнийн цагаар явуулахыг хориглоно гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг зөрчсөн. Туршилт хийхдээ хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүй нөхцөлд явуулна гэснийг мөн зөрчсөн. Туршилт хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч Гансүхийн гарын үсэг байхгүй байгаа. Мэдүүгийг газар дээр нь шалгах ажиллагаа хууль бус шинжтэй явагдсан олон баримт нотолгоо байгаа.

Б.Цын эхнэрээс мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг нь бүрэн эдлүүлээгүй, асуух ёстой асуултуудыг асуугаагүй, хуульд байхгүй эрхийг танилцуулснаас нөхөр нь гэмт хэрэгтэн болоод байна. Шүүгдэгч Б.Бийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Ганболд хэлсэн саналдаа: “...Хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзаж байна. Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, оногдуулсан хорих ялыг багасгаж, дэглэмийг өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, Э.Ганбат хамтран гаргасан гомдолдоо: “...Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай баримтаар тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Мөрдөн байцаалтын шатанд Б.Э, Б.Ц нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж, тэднийг эрүүдэн шүүсэн, шөнийн цагаар мэдүүлэг авсан болох нь баримтаар нотлогдож байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэг хэлсэн саналдаа: “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрөө хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан учир өмгөөлөгч миний бие хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзаж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа: “... Шүүгдэгч болон өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан саналыг дэмжиж байна. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй. Талийгаачид учирсан гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулаагүй. Эдгээр байдлуудыг шалгах шаардлагатай гэж үзвэл хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөн, А.Оюунзаяа нар хамтран гаргасан гомдолдоо: “...Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Б.Б хийсэн хэрэгтээ гэмшээгүй байдал нь түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаар нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагаанд зориуд саад учруулж байсан. Б.Э, Б.Ц нараар худал мэдүүлэг хэлүүлж үүнээс болж хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа өдийг хүртэл удааширсан. Б.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулаагүй. Б.Бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар шүүх буруу дүгнэлт хийсэн тул түүнд оногдуулсан хорих ялыг 15 жил болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Дамба хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч талаас уучлалт гуйж, хохирол барагдуулсан, мөн шүүгдэгчийн эх нас барсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг нэмэгдүүлэх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан гомдлоос татгалзаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Б.Бийн цохьсон үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан үйл баримтыг зөв тогтоосон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөн, А.Оюунзаяа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганболд болон өмгөөлөгч Д.Энхцэцэг, Э.Ганбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, Б.Ц, Б.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, 41 дүгээр байрны 30 тоотод хохирогч Т.Мөнхбаттай “цагаан будаа авч ирсэнгүй” гэж маргалдан, түүний нүүр, толгой руу цохиж биед нь “их тархины дух, баруун зүүн чамархай, суурин хэсэг, бага тархины оройн хэсгийг хамарсан зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт” бүхий гэмтэл учруулж хүнийг санаатай алсан.

Шүүгдэгч Б.Ц, Б.Э нар нь дээрх гэмт хэргийг шууд харсан атлаа Б.Б-ийн гуйсны дагуу мөрдөн байцаалтад 2016 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Мөнхбат орон дээрээ сууж байснаа гэнэт татаад хойшоо савж унаад сонин дуугараад байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүхээс хуулийг буцаан хэрэглэж Б.Б-ийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ц, Б.Э нарт холбогдох хэргийг тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Б.Ц, Б.Э нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь хохирол төлөгдсөн учир үйлчлүүлэгч нар нь гомдлоосоо татгалзсан талаар санал хэлж, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохоо хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоороо илэрхийлж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд “Б.Б-ийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, Э.Ганбат нар “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү” гэсэн гомдлоосоо тус тус татгалзсан тул хяналтын шатны шүүх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Б.Б-ийн гэм буруу, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т “зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэв.

Анхан шатны шүүх Б.Ц, Б.Э нарын үйлдсэн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулж, шүүгдэгч Б.Ц, Б.Э нарт ял оногдуулаагүй атлаа тэднийг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь буруу байх тул энэхүү алдааг засч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Б.Ц, Б.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.”

мөн хэсгийн 4 дэх заалтыг “Б.Б-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 253 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                   

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН