Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 495

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О нарыг оролцуулан хийж, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0521 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0650 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0521 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээс “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасан шийдвэрийг гаргуулах” гэсэн шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0650 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0521 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлал дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1. Магадлалын “Хянавал” хэсэгт /4 дүгээр тал/ “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэх заалтуудыг зөрчсөн, ...өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байна” гэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ", мөн зүйлийн 63.3-д “Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч “С” ХХК-аас 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болсон. Тодруулбал, хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаанаас хэтэрсэн байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 4 орчим сарын хугацаанд буюу шүүх хуралдаан болохоос өмнө өмгөөлөгч авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан боловч энэ эрхээ огт хэрэгжүүлэхгүй байсаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан /магадлалд дурдсан шиг урьдчилсан хэлэлцүүлэг биш/ болох өдөр өмгөөлөгч оролцуулах болсноо мэдэгдсэн. Уг хэргийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2 удаа хойшилсон бөгөөд шүүх нэхэмжлэгчид боломжит хугацаа олгоогүй мэтээр дүгнэх нь өрөөсгөл болно.

Шүүхээс нэхэмжлэгчийг өмгөөлөгч авахаас өмнө буюу урьдчилсан хэлэлцүүлэг болсон хурал дээр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ эрхээ хангуулах боломжтой талаар хэд хэдэн удаа сануулсаар байтал өмгөөлөгч авахгүй гэж байсан хэр нь шүүх хуралдаан дээр өмгөөлөгчтэй оролцох болсноо илэрхийлсэн нь шүүх хуралдааныг л хойшлуулах зорилготой байсан гэж үзэж байна. Түүнчлэн магадлалд “...3 сарын хугацаанд цугларсан хэргийн материалтай 3 цагийн хугацаанд танилцах ёстой гэж шийдвэрлэсэн нь буруу болжээ” гэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 4 сарын хугацаанд өөртөө хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийн үйлдэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй хэр нь хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон хугацаа хэтэрсэн хэдий ч нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг нь хангаж, хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Магадлалд дурдсан “...3 сарын хугацаанд цугларсан хэргийн материал” гэж тодорхойлсон нь үнэн боловч уг хэргийн материал нь танилцаж амжихгүй тийм олон хавтас хэрэг биш, 1 хавтас хэргийн материал байсан. Нөгөө талаар 1 хавтас хэргийн материалтай 3 цаг танилцуулсныг буруу гэж дүгнэж байгаа тохиолдолд хэдий хугацааны дотор танилцах ёстой байдгийг давж заалдах шатны шүүх мөн тодорхойлох ёстой байх.

2. Түүнчлэн магадлалын Хянавал хэсгийн 2-т “...Хариуцагчийн зүгээс “...н.Оюунцэцэг М\/-017105 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүлээн авсан” гэж тайлбарлаж байгаа боловч уг мэдэгдлийг хүлээн авсан гэх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2 сарын өмнө тусгай зөвшөөрлийг цуцалсан 89 дүгээр шийдвэр гарсан байжээ” гэж тодорхойлсон боловч үүгээр ямар үйл баримт, нөхцөлийг тогтоож байгаа нь огт ойлгомжгүй байна.

Маргаан бүхий захиргааны актыг “С” ХХК-д шуудангаар хүргүүлсэн боловч хаягтаа байгаагүй гэх үндэслэлээр буцаасан талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд гагцхүү нэхэмжлэгч талаас “н.Оюунцэцэг М\/-017105 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар уг актыг мэдсэн” гэж шүүхэд нэхэмжлэл, тайлбараа гаргасан. Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг болон тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг шуудангаар нэхэмжлэгчийн албан ёсны хаягаар хүргүүлсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд хаягтаа байгаагүй үндэслэлээр хүлээн аваагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байсан.

Тиймээс анхан шатны шүүхээс маргааны үйл баримттай холбоотой бүхий л нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн тул дахин ямар үйл баримт, нөхцөл байдлыг тогтоолгох нь ойлгомжгүй байна. Иймд, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 532 дугаар шийдвэрээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Баянцогт” нэртэй газарт 1952.93 га талбайд ашигт малтмалын MV-017105 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан боловч мөн кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. 

Нэхэмжлэгч нь дээрх 89 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “компанийн захирал “өвчтэй байсан” хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан, хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлийг манай компанид ирүүлээгүй, ...уг шийдвэрийн улмаас компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тухайн маргаанд хамааралтай Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Маргаан бүхий актын үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан.

Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “С” ХХК нь тусгай зөвшөөрлийн 5 дахь жил /2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны/-ийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд алдангийн хамт 9 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч энэ хугацаанд төлөөгүй байна.  

Мөн хариуцагчаас 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 7/278 тоот албан бичгээр нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хүргүүлж, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн талаарх баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийн талаар мэдэгдсэн боловч энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй учир хариуцагч захиргааны байгууллага нь тус компанийн MV-017105 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, цуцалсан талаарх мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7/1238 тоот албан бичгээр хүргүүлжээ.

Хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлүүдийг тус компанийн албан ёсны хаягаар, шуудангаар хүргүүлсэн байх боловч “хаягтаа байхгүй” шалтгаанаар буцаалт хийгдсэн тул хариуцагчийг хуульд заасан “мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “С” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээ компанийн захирал М Ж Хнь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс биеийн байдал муудаж эмнэлэгт хэвтсэн гэсэн шалтгаантай холбон тайлбарлах боловч энэ талаар төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компани нь 6 үүсгэн байгуулагчтай гэж тодорхойлогдсон, мөн компанийн захирал тусгай зөвшөөрлийн төлбөрийг мөн оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх бүрэн боломжтой байсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. 

Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр цуцалсан 89 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүхээс, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зөрчсөн, энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн хяналтын гомдол үндэстэй байна. Учир нь хэрэгт авагдсан 2 удаагийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд мөн өмгөөлөгчөөс шинээр нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой санал, хүсэлт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх нотлох баримт гаргуулах асуудлыг шийдвэрлээгүй, хэргийн материалтай танилцах хугацаа олгоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг түүнд хүргүүлсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан байхад мөн шүүх “...уг мэдэгдлийг хүлээн авсан гэх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2 сарын өмнө тусгай зөвшөөрлийг цуцалсан 89 дүгээр шийдвэр гаргасан” гэсэн үндэсгүй дүгнэлт хийсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0650 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0521 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

               

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧ                                                        Б.МӨНХТУЯА