| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/04291/И |
| Дугаар | 102/ШШ2022/01611 |
| Огноо | 2022-04-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2022/01611
2022 оны 04 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2022/01611 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Г.Ариунаа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, .. дугаар хороолол, ... дүгээр байрны ... тооьтод оршин суух, регистр ., М овогтой Б.ийн Б,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Өндөр гэгээн Занабзарын гудамж, ... барилга, “Э.” худалдааны төв, регистр ..., Р... ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хор учруулсны хохирол 12 300 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т..,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г..,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э.. нар оролцов.
Иргэдийн төлөөлөгч Я.Ц. шүүх хуралдааны мэдэгдэл хүлээн авсан боловч ирээгүй тул зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б... нь Р... ХХК-д холбогдуулан гэм хор учруулсны хохирол 12 300 000 төгрөг гаргуулахаар шаардаж үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Би 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хороонд байрлах Э. оро..с худалдааны төвөөр үйлчлүүлэн 20 цагийн үед тус төв хаах болж би гарахад гадаах гэрэлтүүлгээ унтраасан байснаас харанхуйд хий гишгэж Э... төвийн шатнаас унаж хөлөө хугалсан. Тэр даруй Р... ХХК-ний менежер, худалдагч нар намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Ингээд гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж 2020 оны 9-р сарын 18-наас 2020 оны 10-р сарын 5 хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Хүчтэй доргилтын улмаас нүдний торлог гэмтэн 2021 оны 3-р сард Болор мэлмий эмнэлэгт нүдний торлогны мэс засалд орсон. Би ам бүл 1. Хөл хугарснаас хөдөлмөрийн чадвар алдсан учраас байнгын хүнээр асруулах шаардлага гарсан. Энэ хугацаанд Р.ХХК нь нэг ч удаа уучлал гуйж хохирол барагдуулаагүйгээр барахгүй намайг эмнэлэгт байхад “та өөрөө үсэрч хөлөө хугалсан юм биш үү” гэж доромжилсон. Би Р. ХХК-ний захирал ..., менежер э нартай энэ намаржин уулзсан боловч шүүхээр яваад ав гэж хариу өгсөн. Миний хөл одоо ч цаг агаар муу үед өвддөг, байнгын бариа засал хийлгэж нэмэлт кальци витамин хэрэглэж байна. Иймд ... ХХК-иас гэм хорын хохиролд 12 300 000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд: хөлний хагалгааны зардал, нүдний торлог бүрхэвчний хагалгааны зардал, хөлөө хугалснаас хувийн бизнесээ хийх боломжгүй болсон учраас эдгэх хүртэл хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 400 000 төгрөгөөр тооцож 10 сарын хугацаанд 4 000 000 төгрөг, тэргэнцэр, нэмэлт тэжээл, витамин, сахиурын хөлс нийт 12 300 000 төгрөгийн зардал одоогийн байдлаар гараад байна. Иймд Р... ХХК-иас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 12 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т... шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн байгууллагад тухайн гэмтэл гарсантай холбоотойгоор дуудлага өгсөн, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга дэд хурандаа Б. нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд жижүүрт гарч байсан учраас Б.Б...гээс мэдүүлэг тайлбар авсан. 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагаас шинжээч томилж, хэргийн газрын үзлэг хийхээр тогтоосон боловч хэргийн газрын үзлэг хийх болон шинжээч томилох ажилд хохирогч нь өөрөө ирээгүй гэх үндэслэлээр 5 хоногийн дараа тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, хаах шийдвэр гаргасан. Бид хариуцагч байгууллагыг буруутай гэж үзэж байна. Б.Б...г эмнэлэгт хүргэж өгсөн 2 гэрч үүнийг нотолсон. Б.Б.ү нь төрийн бус байгууллагын тэргүүн хийдэг, онлайн худалдаагаар бараа материалыг бусдад түгээх, худалдаа эрхэлдэг, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх дансны хуулгыг гаргаж өгсөн, үүгээр Б.Б... нь тус хугацаанд хэвтрийн дэглэмтэй байсан боловч онлайн худалдаагаар амьжиргаагаа залгуулдаг, дансны эргэлтэд 18.000.000 төгрөгийн орлого, зарлага хийгдсэн нь худалдаа үйлчилгээ эрхэлдэг нь тогтоогдож байна. Хэвтэрт байх хугацаанд доргилтоос хамаараад Б.Б... нь нүдний болор гэмтэж өөрчлөлт орж эхэлсэн учраас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэвтэрт байх хугацаанд “Болор мэлмий” эмнэлэгт хагалгаанд орсон. Нэхэмжлэгч талаас гэм хорын хохиролд нийт 12.300.000 төгрөгийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдах мөнгөн дүнг өөрийн гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудаар задлан Б.Б... нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зардлаа тодорхойлсон. Хоол хүнсний зардалд 304.000 төгрөг, хүнс 75.309 төгрөг, эмнэлгийн хагалгаа үйлчилгээ, эмчилгээтэй холбоотой зардалд 3.080.000 төгрөг, эм тарианд 706.209 төгрөг, тэргэнцэр, таяг зэрэг шаардлагатай материалыг авахад 385.000 төгрөг, өөрийн таньдаг хүнийг дуудаж сахиур хийлгэсэн 10 сарын хугацааны зардалд 3.600.000 төгрөг төлсөн, бараа хүргэлтэд Д.Г. гэх хүнээр туслалцаа үзүүлж 600.000 төгрөг төлсөн, хугарсан хөл нь эдгээд нөхөн сэргээх эмчилгээ бариа заслыг П.Л. гэх хүнээр хийлгэж 575.000 төгрөгийг төлсөн. Б.Б...г хэвтэрт байх хугацаанд цагдаа, эмнэлгийн байгууллагад хүргүүлэхэд унаа, бензиний мөнгө төлөх шаардлагатай болсон учраас Б.Д... гэх хүнд жолоочийн тээврийн зардалд 350.000 төгрөгийг төлсөн. Б.Б...ээс нийт 12.300.000 төгрөгийн зардал гарсан. Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
3.Хариуцагч хариу тайлбартаа: Б.Б... өөрийн болгоомжгүй байдлаас учирсан гэмтлийн хохирлыг шаардлага хангахгүй баримтуудаар бүрдүүлэн 12 300 000 төгрөгийг Русбел ХХК-иас гаргуулах нь үндэслэлгүй бөгөөд зөвшөөрөхгүй гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд шаардлага хангахгүй байна. “Р.” ХХК-ийн .худалдааны дэлгүүрийн үйл ажиллагаа өглөө 09 цаг 30 минутаас орой 19 цаг хүртэл ажилладаг. Хойд хаалгаар 1,2,3,4,5 давхрын ажилтнууд гардаг. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн үед Б.Б... гарахад дэлгүүрийн болон 2 давхрын гэрэл асаалттай байсан. Үүнийг О.М... нотолж, хүн халтираад уначихлаа, гараараа даллаад байна гэж хэлээд худалдагч М.О...ийн хамт өөрийн машинаар Гэмтлийн эмнэлэгт хүргэж хэвтүүлсэн. Баянголд дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс тус хэргийн талаар шалгаж эхэлсэн, шалгалтын явцад нэхэмжлэгч нь мэдүүлэг өгөхдөө “би шатаар буух гэж байгаад хий гишгэж унасан, гишгэсэн газарт шал байгаагүй” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Цагдаагийн байгууллагат унасан газраа нарийвчлан зааж өгөөгүй, гэмтлийн зэрэг тогтоолгох шинжээчийн дүгнэлт гаргуулах байсан боловч Б.Б. нь өө.рийн биеэр ирээгүй учраас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохих журмын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, хэргийг прокурорт шилжүүлэхэд прокурорын 4345 тоот тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. Одоо 12 300 000 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжилдэг боловч хэрэгт авагдсан баримт, НӨАТ-ийн баримт, Ховдоос Улаанбаатар, Улаанбаатараас Ховд руу ирсэн, очсон гэх зардал, хоол идсэн зардал 304 000 төгрөгийн төлбөр, гар утасны төлбөр төлсөн, шинжилгээ өгсөн баримт зэрэг нь ямар ч хамааралгүй зардал юм. Нүдний хараа муудсан гэх асуудалд Б.Д.. нь Б.Б...г хараа муутай, нүдний шил зүүдэг байсан гэх тайлбарыг өгсөн. Б.Д...аас ямар төлбөр, хэзээ хэрхэн авсан талаар мэдүүлэг өгч байхад нь асуухад “би Б.Б...г асарсны хөлс авсан” гэж мэдүүлсэн, гэтэл Б.Б...гийн Б.Д...д “бензин жолооны зардлын төлбөр өгсөн” гэсэн тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй байна. Б.Б... нөхөн сэргээх эмчилгээ, бариа заслыг П.Л.. гэх хүнээр хийлгэж 575 000 төгрөгийг төлсөн гэх тайлбарладаг, харин П.Лхамаа нь “бүтэн биеийн бариа хийсэн, нэг бариа хийхэд 35 000 төгрөг” гэж мэдүүлсэн. Төлбөрийг Б.Б... нь яаж, хэзээ хэрхэн төлсөн бэ талаар гэрчүүдээс асуухад тодорхой хариулт өгөөгүй. Мөн Д.Г.. гэдэг хүнд 600 000 төгрөгийн төлбөрийг төлсөн гэх тайлбарыг Б.Б... нь өгдөг. Энэ нь бас хэзээ яаж хэрхэн мөнгөө төлсөн нь тодорхойгүй. Манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж Б.Б... нь унаж гэмтээгүй. Гэхдээ хагалгааны зардал, эмчилгээний эмийн зардлуудыг бид тусламж болгоод хариуцагчид өгөх боломжтой. Хагалгааны зардал 1 727 551 төгрөг, эмийн зардал зэргийг нэмээд 2 541 476 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
5.Нэхэмжлэгчээс: Баянгол дүүргийн 7-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 5/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 6/, зураг /хх 8-9/, УБ-Ховд тасалбар /хх 10-11/, П.Л.ийн үнэмлэх, мөнгө өгсөн баримт /хх 12, 13/, Д.Г.ийн иргэний үнэмлэхний хуулбар, тодорхойлолт /хх 14/, С.Д.ын иргэний үнэмлэхний хуулбар, тодорхойлолт /хх 15-19/, Б.Д.ын иргэний үнэмлэхний хуулбар, тодорхойлолт /хх 20-24/, төлбөрийн баримтууд /хх 25-70/, хөлний зураг /хх 94-95/, дэлгүүрийн хаалганы зураг /хх 96/, зардлын тооцоо /хх 163/, Д.Г. С.Д.нарын тодорхойлолт /хх 164-165/, Б.Б.ийн тодорхойлолт, фото зураг /хх 166-171/, Цаст цагаан Алтай ТББ-ын гэрчилгээ /хх 172/, Б.Борхүүгийн гадаад паспортын хуулбар /хх 173-174/, Болор мэлмий эмнэлэгийн тодорхойлолт /хх 178/, ХААН банкны депозит дансны хуулга /хх 190-197/, НӨАТ-ын буцаан олголт /хх 198/, РУСБЕЛ ХХК-ний захирал С.д гаргасан хүсэлт/ хх 200/,
Хариуцагчаас: Р... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх76/,
Шүүх: Хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Б...ийн гомдол мэдээлэл, шалгасан талаарх баримт /хх 108-121/, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Б.Б...ийн өвчний түүх /хх 123-132/,
Зохигчийн хүсэлтээр авсан гэрчийн мэдүүлэг /хх 183-189/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.Б... нь 2020 оны 9-р сарын 18-ны орой Баянгол дүүргийн ...-р хороонд байрлах Э. орос худалдааны төвийн арын хаалгаар гарахдаа шатнаас унаж баруун гуяны дээд хэсгээр яс хугарсан гэмтэл учирсан, улмаар 2020 оны 9-р сарын 18-аас 2020 оны 10-р сарын 05-ны хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн хагалгаа хийлгэсэн нь зохигчийн тайлбар, өвчний түүх /хх 123-132/, өвтөний зураг /хх 74-75/ зэрэг баримтаар тогтоогджээ.
Б.Б...гийн гомдлоор Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгасан, гэрч Б.Б.. ...шатаар буух гэж байгаад хий гишгэж унасан.. талаар мэдүүлсэн, хэргийн газрын үзлэгээр унасан газраа зааж өгч чадаагүй, түүний биед шинжилгээ хийлгэх шинжээч томилсон боловч шүүх эмнэлэгт үзүүлээгүй, улмаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Баянгол дүүргийн прокурорын 2020 оны 10-р сарын 01-ний өдрийн 4309 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан /хх 108-121/ байна.
Нэхэмжлэгч нь Р... ХХК-иас хөлөө хугалсан, хүчтэй доргилтын улмаас нүдний хагалгаанд орж эрүүл мэндэд 12 300 000 төгрөгийн хохирол учруулсан талаар маргаж, гаргуулахаар шаардсан, хариуцагч нь “манай компаны буруутай үйлдлээс Б.Б... унаж гэмтээгүй, гэвч хөлний хагалгааны зардал 1 727 551 төгрөг, эмийн зардал зэрэг 2 541 476 төгрөгийг төлөхөд /хх 52-57/ татгалзахгүй” гэжээ. Шүүх энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 12 300 000 төгрөг гаргуулах тухай шаардлага, үндэслэлдээ 17 382 389 /хх 7-70/ төгрөгийн баримт хавсаргасан, хэргийн 163 дугаар талд гаргасан тооцоололд 13 132 518 төгрөгийн зардал гарсан талаар дурьдсан, өөрөөр хэлбэл, хохирлын тооцоо зөрүүтэй байхаас гадна 12 300 000 төгрөгийн шаардлагад ямар хохирол тооцож байгаагаа нарийвчлан тогтоогоогүй, мөн шүүх хуралдааны шатанд хохирлын тооцоог тодруулж тодорхойлоогүй байна.
Гэрч П.Л... “... 2020-2021 он хүртэл зайнаас энергийн бариа засал хийж 575 000 төгрөгийг цувуулж авсан” талаар мэдүүлсэн /хх 187/ нь хэргийн 13 дахь талд авагдсан 2021.2.25, 2021.4.15, 2021.08.05-нд тус тус мөнгө авсан гэх баримттай тохироогүй,
гэрч Б.Д. “...Б. миний төрсөн эгч, хараа муутай, шил зүүдэг, машин унаа, бензин, зайлшгүй хэрэгцээний зүйлд 3 200 000 төгрөг авсан” / хх 188/,
гэрч Д.Г.. “...Б. хүнс, электрон тамхины бизнес эрхэлдэг, би ажилд тусалсан учраас 600 000 төгрөг өгсөн” /хх 189/ талаар мэдүүлсэн боловч хэргийн 14, 20-24 дэх талд авагдсан гарын үсэг бүхий баримтад тусгагдсан цаг хугацаатай мөнгө өгсөн, авсан нь нийцээгүй, мөнгийг бэлнээр, эсхүл бэлэн бусаар шилжүүлсэн нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Түүнчлэн эдгээр баримтууд /хх 14, 20-24/, С.Д.д сахиурын мөнгө 3 600 000 төгрөг өгсөн талаарх баримтуудыг /хх 15-19/ тухайн цаг хугацаанд үйлдсэн гэх үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр эдгээр зардлыг ямар хэлбэрээр, ямар цаг хугацаанд шилжүүлсэн нь тогтоогдоогүй.
Б.Б...ийн ХААН банкны 2020 оны 9-р сарын 18-наас 2021 оны 4-р сарын 25-ны хугацааны депозит дансны хуулгаар 18 393 200 төгрөгийн орлого орж, 18 393 328 төгрөгийн зарлага гарсан /хх 190-197/ байх ба үүнд зардалд төлсөн гэх П.Л...д 575 000 төгрөг, Б.Д...д 3 200 000 төгрөг, С.Д...од 3 600 000 төгрөг, Д.Г...т 600 000 төгрөг нийт 7 975 000 төгрөгийн зарлага тусгагдаагүй байна.
Нөгөө талаас, эдгээр зардал болон хоол хүнс, гар утасны төлбөр, нэгж авсан, бараа бүтээгдэхүүн борлуулсан, олсон орлого зэрэг нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой асарч сувилах, нэмэгдэл хоол, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах зэрэг зайлшгүй зардал, хөлөө хугалснаас шууд учирсан хохиролд тооцогдохгүй. Түүнчлэн худалдан авсан, хэрэглэсэн эм тариа нь эмчийн үзлэгээр, жороор олгогдоогүй байна.
Б.Б... нь 2021 оны 3-р сарын 17-ны өдөр “Б...” эмнэлэгт зүүн нүдэндээ “Миопын шалтгаант судаслаг давхаргын шинэ судасжилтын хальс, шар толбоны бүх давхаргыг хамарсан нүхийг нөхөх” мэс засал хийлгэсэн нь тус эмнэлэгийн 2020 оны 4-р сарын 13-ны өдрийн 22/131 тоот албан бичиг /хх 178/, нэхэмжлэгчийн тайлбар, төлбөрийн 1 140 781 төгрөгийн баримт /хх 36/ зэрэг баримтаар тогтоогджээ.
Гагцхүү энэ мэс заслыг “хий гишгэж унахдаа баруун хөлөө хугалсан, улмаар хүчтэй доргилтын улмаас зүүн нүдний мэс засал хийлгэсэн” гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, хүчтэй доргилтын улмаас нүдний хагалгаа хийлгэх болсон талаарх эмнэлэгийн болон эрх байгууллагын дүгнэлт гараагүй байна.
Хэргийн 8-9, 167-170, 198 дахь талд авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, 10-11 дэх талд авагдсан баримтууд нь гаргацгүй, 172-174 талд авагдсан баримтууд нь энэ хэрэгтэй холбоогүй байна.
4.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 211 750 төгрөг төлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 55 616 төгрөгийг Р... ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Р...” ХХК-иас 2 541 476 /хоёр сая таван зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг гаргуулж Б.Б....д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 9 758 524 /есөн сая долоон зуун тавин найман мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 750 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Р... ХХК-иас 55 616 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б.д олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ШҮҮГЧИД Г.АРИУНАА
Н.ХАНГАЛ