Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2021/04293/И |
Дугаар | 102/ШШ2022/01240 |
Огноо | 2022-04-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2022/01240
2022 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2022/01240 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: З /СӨХ/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ү холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,804,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б
хариуцагч Ө.Ү
хариуцагчийн өмгөөлөгч Б.Г
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Ө.Ү-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа З СӨХ-ны зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
З СӨХ нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс үүсгэн байгуулагдсан. Хариуцагч Ө.Ү Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд тухайн орон сууц нь З СӨХ-д харьяалагддаг, хуулиараа хариуцагч нь З СӨХ-ны гишүүн. Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхыг хуулиар зохицуулсан учир орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг бид шаардах эрхтэй. Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг орон сууц өмчлөгч хариуцах үүрэгтэй. Хариуцагч нь 2019 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал нийт 32 сарын 2,304,000 төгрөгийн өр төлбөртэй. Үүнээс хариуцагч 500,000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо үлдэх 1,804,000 төгрөгийг бид хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: З СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Үүнд:
а/ Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Учир нь сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал гэх С.Б-ыг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр холбооны удирдах зөвлөлийн гишүүнд сонгосон. Гэтэл Удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/62 дугаар тогтоолоор С.Б-ыг УЗ-ны гишүүнээс хасаж гүйцэтгэх захирлын ажилд томилсон тушаал гарсан. Энэ нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх хэсэгт зааснаар гагцхүү холбооны удирдах зөвлөлийн гишүүнийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр хууль тогтоогчоос хуульчилсан.
б/ СӨХ-ны төлбөрийг тогтоосон нь хууль бус гэж үзэж байна. Учир нь 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/02 УЗ-ийн тогтоолоор СӨХ-ны гишүүн байгууллагаас төлбөр авах тухай тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоол нь мөн л Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлөх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Ө.Ү миний бие бөгөөд хуулийн этгээд болох Д ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш юм. Мөн сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хувиарлах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр заасан байхад энэхүү хуулийн зохицуулалтыг зөрчиж СӨХ-ны төлбөрийг Удирдах зөвлөлөөр шийдвэрлэсэн нь уг хуулийг зөрчсөн.
в/ Ө.Ү миний бие уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 5 дугаар сард худалдан авсан. Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/шш2021/01178 дугаар шийдвэр авагдсан байгаа. Уг шийдвэрээр З СӨХ-ны нэхэмжилсэн 2019 оны 4 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд нэхэмжилсэн 1,656,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэр гарсны дараа нь З СӨХ-ны нягтлантай би 2021 оны 8 дугаар сард ярилцахад тэрээр ...та 500,000 төгрөг төлчих, цаашдаа СӨХ-ны төлбөрийг хэрхэн төлөх талаар ярилцая гэж байсан. Энэ ч утгаараа би тухайн үед гарсан байсан 1,656,000 төгрөгөөс нь 500,000 төгрөгийг төлсөн. Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар байрны * дүгээр давхар, * тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь миний өмчлөлийнх бөгөөд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа. Ийм учраас би СӨХ-д юу ч төлөхгүй гэж хэлээгүй, харин сар бүр 39,900 төгрөгийг төлөөд явна гэж хэлээд, санал болгоод байгаа ч нэхэмжлэгч хүлээн авахгүй байна. Цаашдаа ярилцаад тохирсон төлбөрийг нь төлөөд явна. Иймд дээр дурдсан үндэслэлээр * СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: З СӨХ-ны гэрчилгээний хуулбар /хх 3/, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/62 дугаар З СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын С.Б-ыг захирлын ажилд томилох тухай тушаал /хх 4/, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоол, түүний хавсралт /хх 5-6/, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар М-ийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоол, түүний хавсралт /хх 7-8/, гэрэл зураг /хх 9/, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн З СӨХ-ны нэхэмжлэх /хх 10/, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн З СӨХ-ны удирдах зөвлөлийн А/02 дугаар СӨХ-ны гишүүн байгууллагуудаас төлбөр авах тухай тогтоол, түүний хавсралт /хх 15-16/, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/02 тоот З СӨХ-ны тушаал, хавсралт /хх25, 26/, 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн банк ХХК-ийн харилцах дансны хуулга /хх 27/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны З СӨХ-ны нэхэмжлэх /хх 30/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01178 дугаар шийдвэр /хх 19-20/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Төрийн банк ХХК-ийн гүйлгээний хуулга /хх 21/, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулга /хх 22/.
5. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс цуглуулсан. Үүнд: 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийн хуулбар /хх 37-41/, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №01/19 тоот З СӨХ-ны биш гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол /хх 54, 55, 74-81/. Хариуцагчийн хүсэлтээр Л.Н-ийг гэрчээр асуусан.
6. Шүүхийн санаачилгаар Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар байрны * дүгээр давхар, Ү-2 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг УБЕГ-аас авсан.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч З сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Ө.Ү-оос нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1,804,000 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан.
2. Ө.Ү-оос 1,804,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн төлөөлөгч ...нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг орон сууц өмчлөгч хариуцах үүрэгтэй учир 2019 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын төлбөр болох нийт 1,804,000 төгрөгийг бид хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
3. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлдөг.
4. Нэхэмжлэгч анх шүүхэд хандахдаа хариуцагчийн хаягийг Баянгол дүүргийн * дүгээр хороо, Х-ын гудамж, * дугаар байрны 1 давхар гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар байрны * дүгээр давхар, * тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Ө.Ү-ийн өмчлөлийн буюу нэхэмжлэгчийн орон сууц гэж үзсэн үл хөдлөх эд хөрөнгө болох нь тогтоогдож байна.
Хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг орон сууц гэж ойлгохыг Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан бөгөөд хариуцагчийн өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь үйлчилгээний зориулалтаар ашиглагддаг тул Иргэний хуулийн 142 дугаар зүйлд заасан орон сууцанд хамаарахгүй гэж шүүх үзлээ.
5. Иймд Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар байрны * дүгээр давхар, * тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй тул мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Ө.Ү-оос 1,804,000 төгрөг гаргуулах тухай З сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ