Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/01328

 

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/01328

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М

 

Хариуцагч:  М ХХК /

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М ХХК-ийн захирлын 21/02 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас буруу халсныг тогтоолгох, М ХХК-д хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгч Л.М

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч М ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Л.Мгийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Л.М миний бие М ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2021 оны 02 дугаар сараас эхлэн тус компанид хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж эхэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ковид-19 цар тахалтай холбоотой дэглэмийн дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажилчдын хамт 14 хоногийн тусгаарлалтад орсон. Тусгаарлалтын хугацаа уг нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусаад шууд ажилдаа гарах байсан. Гэвч компанийн удирдлагын хариуцлагагүй байдлаас буюу тусгаарлагдаад дуусч байсан хүмүүс дээр хотоос ирсэн шинэ хүмүүсийг нэмж оруулснаас болж тусгаарлалтад байх хугацаа 12 хоногоор сунгагдсан. Энэ хугацаандаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр халтирч унасны улмаас хавиргаа хугалж гэмтэл авсан. Эмчилгээ хийлгэсэн боловч гэмтэл маань бүрэн эдгэрэхгүй байсаар байгаад 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Цогтцэций сумын эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авахад эмч нарын зүгээс ...Улаанбаатар хот руу явж компьютер томографикт харуулах, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн. Үүний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хот руу явах унаа олдсон учир хот руу яаралтай явсан. Ингэж гарахдаа тусгаарлалтын байрнаас зөвшөөрөлгүй гарсан нь үнэн. Учир нь миний бие өвдөөд хүнд байсан. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эмнэлэгт очин комьютер томографикийн дүрс оношилгоонд орж, эмчилгээ хийлгэсэн. Энэ талаараа компанийн удирдлагууд руу мэдэгдэхээр хариуцсан хүмүүс болох менежер н.У руу залгахад утсаа аваагүй. Харин менежер н.Б рүү хэлэхэд ...та хүлээж бай, цалингүй байх байхдаа гэж хариу өгсөн. Угаасаа би 100 хоног ажилласан байсан учир 30 хоног амрах бүрэн эрхтэй байсан. Ингээд миний бие 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөн давхар ковидын шинжилгээ өгөхөд халдвар авсан гэж хариу гарсан. Удаа дараа компанийн удирдлагуудтай холбогдох гэсэн боловч утсыг маань блоклосон байсан. Би өөрийн хүүхдийнхээ утсаар холбогдох баримтуудыг явуулж байсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сард таныг ажлаас халсан гэж мэдэгдсэн. Ингээд миний бие халагдах тушаалаа авъя гэхэд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хот хоорондын хүргэлтийн жолооч н.Батмөнх гэдэг хүнээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай захирлын тушаалыг хүлээлгэж өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр уг тушаалыг хүлээн авсан баримт нь тушаалын ард талд бичигдсэн байгаа болно. Гэтэл ажлаас халах захирлын тушаал 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарсан байсан ба 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байсан. Миний бие үүнд их гомдолтой байгаа ба компанийн менежерт хэлсээр байтал ямар нэгэн хариу өгдөггүй, заримт менежер нь хүлээж бай гэсэн атлаа ажлаас үндэслэлгүйгээр халсан байна. Миний биеийн эрүүл мэндийн шалтгаантай байсныг мэдсээр байж уг шийдвэрийг гаргасан. Иймд дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

1/ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М ХХК-ийн захирлын 21/02 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас буруу халсныг тогтоолгох;

2/ М ХХК-д хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох;

3/ Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах;

4/ Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх. Би М ХХК-д хүнд даацын жолоочийн ажилд нэг сарын 650,000 төгрөгийн цалин авдаг. Гэхдээ сар бүрийн рейс хийхдээ буюу нэг явахдаа 5,000,000 - 7,000,000 төгрөг авдаг учир өөрийн авах цалингаа дунджаар 10,000,000 төгрөг гэж тооцсон болно гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй тул ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан буюу нэхэмжлэгчийг талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.2-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Иймд шууд ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийг ажлаас халсан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд ...унаж хавиргаа хугалсан учир тусгаарлах байрыг орхиж явсан. Тусгаарлах байранд байх үед гэмтэл авсан. Ингээд орон нутгийн эмнэлэгтээ үзүүлсэн гэж тайлбарлаж байна. Энэхүү тайлбар нь Цогтцэций сумын эмнэлгээс авсан лавлагаагаар үгүйсгэгдэж байгаа. Эмнэлгийн лавлагаан дээр нэхэмжлэгчийг эмнэлэгт хандаагүй гэсэн байна. Мөн нэхэмжлэгч нь тухайн үед ковидын халдвараас сэргийлсэн тусгаарлах байранд байсан, тусгаарлах байрнаас гарах боломжгүй. Эмнэлгийн тусламж авах шаардлагатай бол тухайн тусгаарлах байрандаа зохих хяналтын дор эрүүл мэндийн тусламж авах байсан. Тиймээс нэхэмжлэгчийн эрүүл мэндийн шалтгаанаар тусгаарлах байрыг орхисон, эмнэлэгт үзүүлсэн гэх тайлбарууд нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тусгаарлах байраа орхиж явсан гэж үзэж байна. Мөн тусгаарлах байрыг орхиж явсныхаа дараа эрүүл мэндийн байгууллагад үзүүлж эмчилгээ хийлгэсэн тухай баримтаа шүүхэд гаргаж өгөөд үүнийгээ гуйвуулан тайлбарлаж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн тусгаарлах байранд тусгаарлагдсан хугацаа нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ороод хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ПСР шинжилгээ өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Тусгаарлах байраа орхиж явсан үйл баримт нь тухайн тусгаарлах байр болж байсан зочид буудлаас ирсэн Л.М нь 2021 оны 11 дүгээр сарын 14-с 15-нд шилжих шөнө тусгаарлах байрыг орхиж явсан гэсэн албан бичгээр нотлогдож байгаа. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 14- 15-ны өдөр орхиж явсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн М ХХК-ийн захирлын 21/02 дугаартай Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал /хх 5/, Л.М-ийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 6-7/, эмийн жор /хх 8/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 9/, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 10-12/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 13/, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 14-23/, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 24-26/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 32/, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх 34-36/, ажлын байрны тодорхойлолт /хх 37-38/, М ХХК-ийн захирлын 21/02 дугаарт Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал /хх 39/, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот Өмнгөговь аймгийн Цогтцэций сум дахь гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн албан бичиг, хавсралт /хх 41-42/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 50/, М ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 11, 12 дугаар сар 2022 оны 1, 2 дугаар сарын тайлан /хх 70-81/, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн М ХХК-ийн нүүрс тээврийн мэдээ /хх 82/, хөдөлмөрийн дотоод журам, /хх 83-86/, жолоочийн хариуцлагын эрсдлийн журам /хх 87/, Короно вируст халдвар /Ковид-19/-ийн үед ажилтан, жолоочийг тусгаарлан ажиллах түр журам /хх 88/, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21/54 тоот Цалгиа мандал трейд ХХК-ийн мэдэгдэл /хх 89/, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 22/40 тоот албан бичиг /хх 90/, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25 тоот Өмнөговь аймгийн Цогтцэцэийн сумын сум дундын эмнэлгийн албан бичиг /хх 91/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 92/, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн төлбөрийн баримт /хх 93/, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн төлбөрийн баримт /хх 94/, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн М ХХК-ийн албан бичиг /хх 95-96/, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0317 тоот Өмнгөговь аймгийн Цогтцэций сум дахь гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн албан бичиг, хавсралт /хх 97-100/, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл /хх 101,103, 107, 111, 115, 120, 121 /, нэхэмжлэх /хх 102, 104, 108, 112, 116, 112/, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22/75, 22/74, 22/73, 22/76 дугаар М ХХК-ийн албан бичиг /хх 105, 110, 117, 123/, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22/17, 22/18, 22/16 дугаар Цалгиа мандал трейд ХХК-ийн албан бичиг /хх 106, 110, 114, 117/, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн албан бичиг, хавсралт /хх 118-119/, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Цэцийн хүлэг ХХК-ийн албан бичиг /124/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.М нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцагч М ХХК-д тээврийн жолоочоор ажиллаж эхэлсэн ба талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсжээ.

 

2. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М ХХК-ийн захирлын 21/02 тоот тушаал гарсан байна. Энэхүү тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон Л.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.6.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ...Л.М нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр М ХХК-ийг орхин явж, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар ажилдаа буцаж ирэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан ...ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас нь чөлөөлжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

 

3. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Л.М нь хариуцагч М ХХК-д холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М ХХК-ийн захирлын 21/02 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас буруу халсныг тогтоолгох;

2/ М ХХК-д хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох;

3/ Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах;

4/ Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх.

 

4. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ ...ноцтой зөрчил гаргаагүй байхад, ...өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай байгааг анхаарч үзэлгүй үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн агуулгаар тайлбарласан.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох талаар заасан бөгөөд ноцтой зөрчил нь нэг удаа үйлдэгдсэнээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хангалттай үндэслэл болдог.

 

Харин гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд урьдчилан нэрлэн заасан байх ёстой.

 

Л.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.6.2 дахь хэсэгт нийлбэр дүнгээрээ ажлын нэг улиралд 8 цагаас дээш хугацаагаар ажлаас хожимдсон, 2 хоног ба түүнээс дээш хугацаагаар хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан, амралт, чөлөөний хугацааг хэтрүүлсэн бол хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар зогсоох боломжийг зааж өгчээ.

 

6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс ...Л.М нь хөдөлмөрийн гэрээгээ ноцтой зөрчсөн тул түүнийг ажлаас халсан нь үндэслэлтэй... гэсэн агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба өөрийн татгалзлаа нотлох үүднээс хэрэгт холбогдох баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хэрэгт Корона вируст халдвар /Ковид-19/-ын үед М ХХК-ийн ажилчид, жолоочийг тусгаарлан ажиглах түр журам авагджээ. Энэхүү журмаар М ХХК-ийн ажилтан /жолооч/ хэдий хугацаанд, хэрхэн халдвар хамгааллын дэглэмийг сахих талаар зохицуулсан ба уг журамтай нэхэмжлэгч танилцсан эсэх талаар маргаангүй.

 

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цалгиа мандал трейд ХХК-ийн Мандал зочид буудалд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд М ХХК-ийн жолооч нарыг тусгаарлан ажигласан ба тусгаарлалтын хугацаа дуусмагц жолооч нар шинжилгээ өгч, хариу сөрөг гарсан тохиолдолд ажилдаа гарах байсан болон энэ хугацаанд нэхэмжлэгч цалингаа авч байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Дээрх үйл баримтыг хэрэгт авагдсан Цалгиа мандал трейд ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21/54 тоот албан бичигт ...танай байгууллагын тусгаарлалтад хамрагдаж байгаа жолооч нараас Л.М нар нь 2021 оны 11 дүгээр сарын 14 15-нд шилжих шөнө бидэнд мэдэгдэлгүйгээр тусгаарлах байр болон Ковидын үеийн тусгаарлалтын журмыг зөрчин тусгаарлалтын байрыг орхин явсан болохыг үүгээр мэдэгдэж байна гэж тусгагдсантай,

Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0317 тоот албан бичигт ...М ХХК-ийн 28 ажилтан ...Мандал зочид буудлуудад тусгаарлалтад орсон. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дахь хоногийн ПГУ-ын шинжилгээнд 23 ажилтан, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дэх хоногийн ПГУ-ын шинжилгээнд 17 ажилтан тус тус хамрагдаж тусгаарлалтаас гарсан гэж,

уг албан бичгийн хавсралтад Л.М 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тусгаарлалтад орсон, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тусгаарлалтын байранд байсан, харин 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар тусгаарлалтын байранд байгаагүй талаар тусгагдсантай тус тус харьцуулан судлахад нэхэмжлэгч Л.Мг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан буюу энэ талаар хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

7. Нэхэмжлэгч Л.М тусгаарлалтын байрыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас орхиж явсан гэж маргасан ба шалтгаанаа ...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр халтирч унасны улмаас хавиргаа хугалсан, ...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Цогтцэций сумын эмнэлэгт үзүүлсэн... гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан Л.Мгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дүрс оношилгооны шинжилгээний хариуд ...баруун талд 10 дугаар хавиргад хуучин хугаралтай... гэж тусгагдсан байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сум дундын эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25 тоот албан бичигт ...Л.М нь ...эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай мэдээлэл олдоогүй гэжээ.

 

Дээрх байдлаар нэхэмжлэгч Л.Мг ажлын байрыг буюу тусгаарлалтын байрыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас орхиж явсан гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

8. Ажил олгогчийн зүгээс Л.Мг ...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалж, тушаал гаргасан явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгүүдийг зөрчөөгүй буюу ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэгчийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-д холбогдох, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М ХХК-ийн захирлын 21/02 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас буруу халсныг тогтоолгох, М ХХК-д хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Л.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ