Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1166

 

 

 

 

 

 

 

 

  2024       10          30                                    2024/ШЦТ/1166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч З.Өлзийхүү,

хохирогч А.У ,

шүүгдэгч Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2406 00000 1934 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М  нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” нэртэй баарны тамхины өрөөнд хохирогч А.У тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгойгоороо түүний хамар хэсэг рүү нэг удаа мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би мөрдөн шалгах ажиллагааны үед бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч А.У  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би .... нэртэй бааранд дүүтэйгээ тамхилах гээд тамхины өрөөнд байж байсан чинь намайг шалтгаангүйгээр ирээд мөргөсөн. Намайг цусаа тогтоож байх хооронд гараад зугтаачихсан байсан. Манай дүү араас нь хөөгөөд барьж авсан.” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 00 цаг 19 минутад .... дугаараас “манай ахыг зодсон” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7/, хохирогч А.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 08 дугаар сарын 01-ний 23 цагийн үед би төрсөн дүү А.У ын хамт “....” бааранд ороод хоёр, хоёр пиво уучхаад бүжиглээд 00 цагийн үед тамхины өрөөнд нь ороод юм яриад зогсож байхад хэдэн залуучууд зогсож байгаад нэг залуу нь гэнэт над дээр ирээд миний хамар руу духаараа нэг удаа мөргөсөн. Би цусаа тогтоогоод угаалгын өрөөнд ороод байж байхад нөгөө залуу гараад явчихсан. Тэгэхэд нь манай дүү хойноос нь гүйж очоод бариад авсан байсан. Тэгснээ бариад авсан чинь хоёулаа тохиролцчих уу гээд байхаар нь би цагдаа дуудсан. Тэр хүнтэй ямар нэгэн маргаан болоогүй. Би тэр хүнийг танихгүй, яагаад тэгж цохисныг ойлгохгүй байна. Нэг мөргөснөөс өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Би тэр хүний биед халдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугар сарын 08-ны өдрийн 10250 дугаартай “А.У ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/, яллагдагч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр “....” нэртэй баарны тамхины өрөөнд тухайн залууг мөргөж, хамрыг нь хугалсан. Тэр өдөр их хэмжээгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба биеэ хянах чадваргүй байдлын улмаас тухайн залуутай маргаан хийж хамрыг нь мөргөсөн. Тухайн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлыг нь барагдуулахад бэлэн байна. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/, шүүгдэгч Б.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 25/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 26/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.М  нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” нэртэй баарны тамхины өрөөнд хохирогч А.У тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгойгоороо түүний хамар хэсэг рүү нэг удаа мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.М  нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” нэртэй баарны тамхины өрөөнд хохирогч А.У тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгойгоороо түүний хамар хэсэг рүү нэг удаа мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 00 цаг 19 минутад .... дугаараас “манай ахыг зодсон” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7/, хохирогч А.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хэдэн залуучууд зогсож байгаад нэг залуу нь гэнэт над дээр ирээд миний хамар руу духаараа нэг удаа мөргөсөн. Би цусаа тогтоогоод угаалгын өрөөнд ороод байж байхад нөгөө залуу гараад явчихсан. Тэгэхэд нь манай дүү хойноос нь гүйж очоод бариад авсан байсан. Тэгснээ бариад авсан чинь хоёулаа тохиролцчих уу гээд байхаар нь би цагдаа дуудсан. Тэр хүнтэй ямар нэгэн маргаан болоогүй. Би тэр хүнийг танихгүй, яагаад тэгж цохисныг ойлгохгүй байна. Нэг мөргөснөөс өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Би тэр хүний биед халдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугар сарын 08-ны өдрийн 10250 дугаартай “А.У ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/, яллагдагч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр “....” нэртэй баарны тамхины өрөөнд тухайн залууг мөргөж, хамрыг нь хугалсан. Тэр өдөр их хэмжээгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба биеэ хянах чадваргүй байдлын улмаас тухайн залуутай маргаан хийж хамрыг нь мөргөсөн. Тухайн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлыг нь барагдуулахад бэлэн байна. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч Б.М ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч А.У ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч Б.М  нь хохирогч А.У ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулж, хохирогчийг эрүүл мэндээр нь хохироосон болох нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.М ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.У ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хамраа эмчлүүлмээр байна, гомдол саналтай гэх байр суурь илэрхийлэн оролцсон болно.

 

Хохирогч А.У  нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хамрын эмчилгээ, хагалгааны төлбөрийн талаарх баримт гаргаж өгөөгүй байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх боломжгүй.

 

Харин хохирогч А.У  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.М аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх төлүүлэх саналтай байна. Б.М  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.М  нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

                                        

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч А.У  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.М аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО