| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/00782/И |
| Дугаар | 102/ШШ2022/01413 |
| Огноо | 2022-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2022/01413
| 2022 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2022/01413 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т
Хариуцагч: Н
Нэхэмжлэлийн шаардлага: 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа оролцов.
/хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул эзгүйд шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Д.Н-аас 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: С.Т нь Д.Н-тай 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж ямар нэг хүүгүйгээр 20,000,000 төгрөг зээлэхээр, хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байхаар харилцан тохиролцсон. Ингээд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Д.Н-ын Хаан банкны 5021366986 дугаартай дансанд 20,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Зээлийн мөнгийг хариуцагчийн данс руу тухайн өдрөө шилжүүлсэн талаар гэрээний 2.2 дахь хэсэгт заасан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч үл маргах журмаар зээлдүүлэгчид 20,000,000 төгрөгийг буцаан төлөхөөр байсан боловч хариуцагч мөнгийг одоо болтол төлөөгүй байна. Иймд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1/ Үндсэн зээл 20,000,000 төгрөг;
2/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 0.1 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээгээр тохирсон учир алдангид 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хх1/, тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/, итгэмжлэл /хх3/, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ /хх 4/-г нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас итгэмжлэл /хх13/-ийг шүүхэд гаргаж өгсөн.
Хүсэлтийг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч Д.Н-аас 30,000,000 төгрөг гаргуулах тухай С.Т-ын нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.Т болон хариуцагч Д.Н нар 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр С.Т 20,000,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүүгүй зээлэхээр болжээ. Мөн гэрээнд заасан хугацааг хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алдангитай байхаар харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
3. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Д.Н-аас талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг шаардан шүүхэд хандсан.
Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний зүйл болох 20,000,000 төгрөгийг тухайн өдрөө түүний данс руу шилжүүлсэн. Энэ талаар гэрээний 2.2 дахь хэсэгт тусгасан байгаа. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлээ буцааж төлөхгүй байгаа учир үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарлав.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.
Нэгэнт хариуцагч талаас зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 20,000,000 төгрөгийг хүлээн авсан, буцаан төлөөгүй байгаа үйл баримтын талаар болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээн дээр маргаагүй тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзнэ.
5. Мөн талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т-т олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Н-аас 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-аас 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ