| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/01450/И |
| Дугаар | 102/ШШ2022/01505 |
| Огноо | 2022-04-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2022/01505
| 2022 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2022/01505 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т
Хариуцагч: Д ТӨХК
Нэхэмжлэлийн шаардлага: 2,868,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Д ТӨХК-иас 2,868,666 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Х.Т нь 1992 оны 7 дугаар сард Д ТӨХК-д тоос бэлтгэх тоноглолын засварчнаар орж тасралтгүй 27 жил 11 сар ажилласан. Ингээд Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу Компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/66 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон өндөр насны тэтгэвэрт гарсан. Х.Т-ыг өндөр насны тэтгэвэрт гарахад Д ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасныг үндэслэн Эрчим хүчний салбарт ажилласан 27 жил 11 сард ногдох 28,686,666 төгрөгийн болон 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 3,429,007 төгрөгийн халагдсаны тэтгэмжүүдийг олгохоор Дулааны 4 дүгээр цахилгаан станцын захиргаа шийдвэрлэсэн. Д ТӨХК-иас нэг удаагийн тэтгэмжийг Х.Т-ын харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувь болох 2,868,666 төгрөгийг татварт суутган авсан байсан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж зэргийг албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан байдаг. Хуулиар татвараас чөлөөлсөн орлого болох нэг удаагийн тэтгэмжээс татвар суутган авсан Д ТӨХК-иас хууль бусаар татварт суутган авсан дээрх мөнгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Т нь Д ТӨХК-д нийт 27.11 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын Д ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1 -д заасны дагуу Х.Т-т эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 28,686,666.00 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дансанд шилжүүлсэн тул Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх4/, Хаан банк ХХК дахь 5-9 тоот дансны 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хуулга /хх 5/ Дулааны 4 дүгээр станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/66 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал /хх 6/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Д ТӨХК-д холбогдуулж 2,868,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд хандсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхэд хандах болсон шалтгаанаа буюу 2,868,666 төгрөгийн шаардлагын үндэслэлээ ...татвараас чөлөөлөх орлогоос татвар суутгаж намайг хохироосон гэж тайлбарласан.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...хуульд заасны дагуу татвар суутгаж зохих байгууллагад шилжүүлсэн. Иймд 2,868,666 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсээс шаардах ёстой, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байна.
Хэрэгт Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/66 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал авагджээ. Энэхүү тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Зуухан цехийн зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчин Х.Т-ын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн ба түүний ажилласан 27 жил 11 сарын хугацаанд ногдох 28,686,666 төгрөгийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх тэтгэмжийг олгохдоо тэтгэмжийн дүнгээс хувь хүний орлогын албан татварт 10 хувь буюу 2,868,666 төгрөгийг суутгасан, энэ үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулагдаагүй дараахь харилцааг зохицуулна, 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох гэж тус тус заасан.
Д ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээгээр эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг тогтоон тохирсон талаар талууд маргаагүй.
Хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмж байх бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байна. Иймд хариуцагчийг хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учруулж, олох байсан орлогыг үндэслэлгүй бууруулсан гэж үзнэ.
Дээрх эрхийг хэрхэн сэргээх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид олговол зохих мөнгөн хөрөнгөөс /тэтгэмж/ суутган авсан татварын хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.
Түүнчлэн хариуцагчийн ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Х.Т-ын өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Иймд талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй.
Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах ба хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд хариуцагчаас 2,868,666 төгрөгийг гаргуулж Х.Тт олгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ТӨХК-иас 2,868,666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 60,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Т-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ