Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/00072

 

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/00072

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Я

 

Хариуцагч: Ү

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц, хариуцагч Ш.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их сургуульд суралцаж байхдаа Ш.Ү-тэй танилцсан. Танилцсан үеэсээ түүнийг тохитой, боловсролтой хүн гэж хууртагдан итгэж байсан. Улмаар гэнэн залуу нас амьдрал үзээгүйн харгайгаар түүнд итгэж дотноссоор жирэмсэн болсон. Энэ үед ааш нь хувирч намайг ялихгүй зүйлээс болж загнах хараах зэргээр гомдоож эхэлсэн. Гэвч удалгүй ураг томорч төрөх болсон тул Сөүл хотод Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яаманд очиж 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлтээ батлуулсанаас хойш 7 хоногийн дараа хүү Ү.Х төрсөн. Гэтэл эмнэлгээс гарч 7 хоноод гэртээ ирсэн өдөр ялихгүй маргааныг өөрөө эхлүүлэн хашгирч, нялх биетэй намайг харааж зүхэж, хөгшин эцгийг минь доромжилж, цалин мөнгөгүй оюутан намайг орхиод би саллаа гээд яваад өгсөн. Харин аав минь ажил хийдэг байсан тулдаа л бид хоёр амь гарч тэнхэрсэн. Хэд хоногийн дараа Ш.Үууртай догшин ирж авч яваад намайг гуйгаад байхаар нь оюутны байранд хүүхдээ бодоод дахин очсон боловч зан ааш нь хэвээрээ байсан тул Улаанбаатараас ирсэн эгчийгээ эмнэлэгт сахих байсан учраас аав дээрээ эргээд очсон. Миний хойноос Ш.Ү эргэж ирэхдээ уурлаж уцаарлан дөнгөж төрсөн эгч рүү минь хашгичиж, юм шидэх зэргээр хэрүүл үүсгэж байсан. 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ш.Ү Сөүл хотоос дахин ирж гэрийн эд хогшлыг эвдэн сүйтгэж, эцгийг минь зодож, орилж хашгирч, бидний амь нас, нийгмийн хэв журамд ноцтой аюул учруулж эхэлсэн тул аргагүй эрхэнд цагдаа дуудаж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг ямар аймшигтай болохыг хүний нутагт төрсөн эгчийнхээ хамт биеэрээ мэдэрч их гутарч сэтгэлийн шаналал амссан. Эцэг минь хамт байсан тулдаа л амьд үлдсэн. Ш.Ү нь хуульч, өндөр мэдлэг боловсролтой хүн атлаа энэ хүнээс гарахааргүй зан авир гаргасанд гомдож явдаг. Энэ хүн надад хайртайдаа биш миний БНСУ-д дунд сургуулиас эхлэн дээд сургуульд суралцсан солонгос хэлний мэдлэгийг ашиглан, англи хэлээр материал орчуулуулах зэргээр залуу насыг минь ашиглан зугаацах төдий хандаж байсныг оройтсон хойноо ойлгосон. Энэ хүн хань болох хүн биш байна гэж ойлгоод түүнээс зугатаж амьд мэнд эх орондоо ирсэн. Миний хүү одоо 7 нас хүрсэн. Энэ хугацаанд бид хоёрыг эргэж ирэх, хүүхдийнхээ эрүүл мэнд, амьдралд туслах ямар ч туслалцаа үзүүлээгүй. Эцэг рүү минь утасдаж дарамтлан, наад гичийгээсээ гэр бүл салгаад аль гэж хашгичиж нэг биш удаа сүрдүүлж, утсаар ярьдаг байсан. Миний аав хүчирхийлэлд биеэрээ өртөж байсан боловч БНСУ-ын хууль, цагдаагаар хамгаалуулж байдлыг намжааж, хүнлэг хандсан учраас Ш.Ү эрдмийн зэрэг хамгаалж төрийн албанд хариуцлагатай ажил хийж байна. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан өдий олон жил ганцаараа амьдарч, хүүгээ өсгөж, хүмүүжүүлж, цаашид зөв хүмүүжилтэй иргэн болгохын төлөө зүтгэж явна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй. Иймд миний цаашид амьдрах боломжгүй нөхцөл байдпыг харгалзан үзэж бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ү.Х миний асрамжинд үлдээн, хүүхдийн тэтгэлгийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ятай миний бие 2011 оноос танилцан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлээ батлуулсан. Гэрлэлтээ батлуулсан өдөр буюу 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүү Хас-Өлзий төрсөн. Би Ч.Ятай сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн харилцаан дээр үндэслэн гэр бүл болсон. Түүнээс биш нэхэмжлэлд дурдсанаар ...гэнэн залуу нас, амьдрал үзээгүйн харгайгаар надад уруу татагдаж гэрлэсэн гэснийг зөвшөөрөх боломжгүй юм. Түүнчлэн миний бие БНСУ-ын хуулийн фирмд тухайн шалгалтыг нь өгч өмгөөлөгчөөр ажиллаж, солонгосчуудад тухайн хэлээр нь бусдад эрхийн туслалцаа үзүүлдэг, англи, солонгос хэлээр чөлөөтэй харилцдаг, тогтмол орлого цалинтай ажиллаж байсан байхад миний хэлний мэдлэгийг ашиглах гэж гэрлэсэн гэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин ч миний сурч буй байдал, нэр хүндтэй ажиллаж тогтмол орлоготой байдлыг ашиглах үүднээс надтай дотноссон байж болох юм гэж одоо боддог. Учир нь өнөөдрийг хүртэл надад хандсан байдлыг үндэслэн ингэж дүгнэж болох магадлалтай байж болзошгүй. 2014 оны 8 дугаар сарын 01-нд хүү маань төрж, эх, хүү хоёр амаржсаны дараах өндөр төлбөртэй тусгай эмнэлэгт хоёр долоо хоног хэвтэж, гэртээ гарч ирсэн бөгөөд Яын аав Ч Монголоос ирж бидний амьдрал там болсон. Ямар ч амьдралын баяр баясгалангүй байнгын дарамтанд бид гурав дөрвөн сар амьдарсаар Сөүл хот руу буцаж нүүж 4 сар гарган оюутны байрандаа хамтдаа амьдарсан байдаг. Түүнээс төрсний дараа долоо хоноод хаяад явсан зүйл байхгүй бөгөөд амьжиргааны асуудал өөрөө шийдэж, сар бүрийнхээ 3 сая воны цалин орлого болон хүүхэд төрөхөд зориулж жил гаруй бэлтгэн урьдчилан цуглуулсан бүх их хуримтлалаа Яд өгсөн байсан. Сүүлд мөнгөний хүнд асуудал тулгараад хуримтлуулсан мөнгөнөөс жоохоныг түр хэрэглүүлээч гэхэд өөрийнхөө хадгаламжид хийсэн эгчдээ өгсөн гэх байдлаар надад өгөөгүй бөгөөд үүнээс болж бидний харилцаа хүндэрсэн. Нөгөөтэйгүүр Я нь надаас гадна гэр бүлийн харилцаатай хэд хэдэн хүнтэй байсан нь илэрсэн элдэв дарамт учруулдаг байсан. Тэдний нэг нь настай солонгос хүн байж түүнд нь эцэг нь талтай, ажил хэргийн харилцаатай хүн байгаад бидний гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй элдэв бэрхшээл учруулдаг байсан гэж ойлгож ирсэн. Мөн өөрийн минь болоод хүүгийн минь аюулгүй байдалд эрсдэлтэй асуудал удаа дараа тулгарч байсан тул харилцан ярилцаад аргагүй эрхэнд тусдаа амьдарч ирсэн. Нэгэн удаа 2015 оны 02 дугаар сарын 14-нд эхнэр валентины баяраар гэртээ хүрээд гэхэд яваад очиход хамаг юм нь ундуй сундуй байсан бөгөөд 5 минут хүрэхгүй хугацаанд цагдаа ороод ирсэн. Энэ нь намайг ийм байдал гаргасан гэж цагдаад өгч асуудал үүсгэх гэж төлөвлөсөн байсан бөгөөд шалгаад буруугүйг тогтоосон. Эргэн эвлэрэх уулзаж ярилцаж амьдралаа бодох талаар маш олон удаа хандаж байсан. Энэ бүх байдал болон манай ээж, гэр бүлд хандаж буй аймшигтай бүдүүлэг байдлаас шалтгаалан энэ хүнтэй амьдарч, амьдралаа даатгаж амьдрах нь төсөөлөгдөхгүй, элдэв хүний гар харж буй хүүгийнхээ аюулгүй байдлыг бодолцон тусдаа байгаа, Ч.Яын өөрийнх нь хүссэнээр тухай бүр хандаж ирсэн гэдгийг хэлье. Түүнчлэн миний бие өргөдөлд дурдсан шиг Солонгосоос аав руу нь утасдсан зүйл байхгүй бөгөөд би Монголд 2015 онд түрүүлээд ирсэн, тэд 2019 онд монголд ирсэн байхад боломжгүй зүйл гэдгийг тодотгож байна. Ийм учраас гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Мөн хүүгээ эхийн асрамжид үлдээнэ, тэтгэлгийг төлнө. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гагцхүү хүүтэйгээ чөлөөтэй уулзаж байх боломжийг хязгаарлахгүй байхыг хүсье гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ш.Ү болон Ч.Я нар гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2014 оны 8 дугаар сарын 01ий өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2014 оны 8 дугаар сарын 01ий өдөр хүү Ү.Хас-Өлзий төржээ.

 

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ч.Я нь Ш.Үөд холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж шүүхэд хандсан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...зан харьцааны хувьд таарахгүй учраас цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2021 оны 11 дүгээр сарын 12ы өдрийн №339 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл-ээр тогтоогдож байна.

 

Талууд тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан хүү Ү.Х эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай харшлахгүй.

 

Хүүхэд эхийн асрамжид үлдэж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулж хүүхдэд олгохоор шийдвэрлэх нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я, Ү нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 01ий өдөр төрсөн хүү Ү.Х эх Ч.Я-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 01ий өдөр төрсөн хүү Ү.Х 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Ш.Үөөс гаргуулан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ