Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 110

 

 

“СЭСК” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03567 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “СЭСК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н-д холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, түүний өмгөөлөгч Э.Билэгсайхан нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Отгондорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “СЭСК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүгд Найрамдах Солонгос улсын хуулийн этгээд “СЭСК” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 дүгээр байр 1002 тоот 149.35 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд уг байр нь манай компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078118 дугаарт бүртгүүлсэн. “СЭСК” ХХК нь өмнөх өмчлөгчийн зөвшөөрлөөр тус орон сууцанд амьдран сууж байсан Батдоржийн Байгалмаатай 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан тус орон сууцыг 224.058 ам.доллараар худалдахаар тохиролцсон ч Б.Байгалмаа гэрээний үүргээ биелүүлээгүй тул “СЭСК” ХХК арга буюу 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг чөлөөлж хүлээлгэн өгөх тухай албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгийг н.Отгонцэцэг гэх иргэн гардаж авсан бөгөөд тэрээр тус байрыг Д.Н гэх хүний байр, түүний эзэмшлийнх, Б.Байгалмаа гэж хүнийг таньж мэдэхгүй гэж тайлбарласан бөгөөд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч “СЭСК” ХХК нь ямар учраас уг байр Д.Н-гийн эзэмшилд орсныг ойлгохгүй байна. Иймд орон сууцыг Д.Н-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Н шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Эм энд Жи констракш” ХХК-аас иргэн Э.Чимэддагва худалдан авсан байдаг. Иргэн Д.Н нь 2010 онд тус орон сууцыг Э.Чимэддагваас худалдан авч амьдарч байгаад 2018 оны 01 дүгээр сараас сулласан. Тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй шилжүүлнэ, шүүхийн маргаантай байна гэсээр өдийг хүрсэн. Э.Чимэддагва нь “Эм энд Жи констракш” ХХК-д холбогдуулан тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Н-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 дүгээр байр 1002 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078118 дугаартай, 149.35 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Си энд Си Комоко компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Си энд Си Комоко компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, түүний өмгөөлөгч Э.Билэгсайхан нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “СЭСК” ХХК нь 2012 онд Баянзүрх дүүргийн шүүхийн 38 дугаартай шийдвэр гарснаар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад “Эм Энд Жи Констракшн” ХХК-ийн зөвшөөрлөөр төлбөрт шилжүүлэн авч буй барилгын эзэмшигчтэй худалдах-худалдан авах гэрээг шинэчлэн байгуулж байсан бөгөөд 1002 тоотыг эзэмшиж байсан Б.Байгалмаатай 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Орон сууц худалдах-худалдан авах” гэрээг байгуулсан. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд дээр дурдсанчлан 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1002 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. “СЭСК” ХХК болон Монгол Улс дахь төлөөлөгчийн зүгээс Б.Байгалмааг гэрээний дагуу төлбөр барагдуулах шаардлагыг удаа дараа тавьж байсан бөгөөд тухай бүр тодорхой шалтгаан хэлж хойшлуулж байсан боловч төлөөгүй. Улмаар 2018 онд өмгөөллийн “ИЭлСи” ХХН-тай “Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, өмгөөлөгчөөр дамжуулан 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Орон сууц чөлөөлүүлэх мэдэгдэл” хүргүүлсэн. Уг мэдэгдэлд 1002 тоотыг манай компанитай огт гэрээний харилцаагүй Д.Н гэх хүн эзэмшиж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д.Н-г тодорхойлон нэхэмжлэл гаргасныг шүүхээс хариуцагчид 1002 тоот орон сууцны хаягаар гардуулах ажиллагааг хийж, хариуцагч Д.Н 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүх дээр өөрийн биеэр ирж нэхэмжлэлийг гардан авсан. 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр М.Баянзулд өөрийгөө шүүхэд төлөөлөн оролцох итгэмжлэл олгосон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Н-д холбогдуулан гаргаж байх боловч тэрээр “Эм Энд Жи Констракшн” ХХК-иас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийг бодитой шилжүүлэхийг шаардаагүй байна...” гэж үндэслэлгүйгээр, Иргэний хуулийн холбогдох зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтыг буруу дүгнэжээ. Түүнчлэн шүүх хуралдааны үеэр шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлахдаа уг маргааны хариуцагч нь Д.Н бус “Эм Энд Жи Констракшн” ХХК мэтээр тайлбарласан болно. “Эм Энд Жи Констракшн” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 1002 тоот орон сууцыг төлбөртөө тооцуулан шилжүүлэхээр зөвшөөрч, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” манай компанийн нэр дээр гарснаар үүргийн болон өмчийн эрх зүйн харилцаа бүрэн дуусгавар болж, нэхэмжлэгч компанийн хууль ёсны өмч болсон. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос улсын хуулийн этгээд “СЭСК” ХХК нь хариуцагч Д.Н-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 дүгээр байр 1002 тоот хаягт байршилтай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд өөрийгөө өмчлөгч гэдгийг нотлохоос гадна хариуцагчийн эзэмшил хууль бус буюу хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр хөрөнгийг эзэмшиж байгаа нь тогтоогдсон байх шаардлагатай.

 Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 дүгээр байр 1002 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078118 дугаартай, 149.35 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцын өмчлөгч нь “СЭСК” ХХК болох нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон 000473891 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 15, 53-88/

Нэхэмжлэгч “СЭСК” ХХК нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч байх нь түүнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан эрхийг эдэлхэд хангалттай нөхцөл болохгүй юм. Өмчлөгч өөрийн өмчлөлийн орон сууцнаас зөвхөн хууль бусаар оршин суугаа этгээдийг гаргуулахаар шаардах эрхтэй ба хариуцагчийн иргэний үнэмлэхийн хаягт тухайн орон сууцны хаяг бүртгэлтэй байх нь түүнийг орон сууцыг бодитой эзэмшиж байгаа,  хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй.

Хариуцагч Д.Н- “...уг орон сууцыг Э.Чимэддагватай байгуулсан гэрээний дагуу эзэмшиж байсан боловч 2018 оны 01 дүгээр сард буцаан өгсөн...”  гэж тайлбарласан болон  хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргасан Э.Чимэддагва, Ли Жин Су /Li Jin Su/ нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ зэргээс үзэхэд хариуцагчийг уг орон сууцыг эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.

            Иймд хариуцагч Д.Н-д холбогдуулан эзэмшлээс чөлөөлөхийг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл байхгүй.

Харин анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй асуудлаар буюу  “Эм энд Жи констракш” ХХК-иас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийг бодитой шилжүүлэхийг шаардаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсныг дурдах нь зүйтэй.

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, түүний өмгөөлөгч Э.Билэгсайхан нарын гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                                                                Н.БАТЗОРИГ