Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 38

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цолмон,

Улсын яллагч Ц.Роза

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шунуу овгийн Бат-Эрдэнийн Пүрэвсүрэнд холбогдох 201717000078 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн харьяат, 1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн механизмийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Наран сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ЛЕ93111810, Шунуу овгийн Бат-Эрдэнийн Пүрэвсүрэн

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

 

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь иргэн Л.Галмандахтай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Сүхбаатар аймгийн Наран сумын төвд оршин суух иргэн Ё.Одсүрэнгийн амбаарт нэвтрэн орж, цахилгаан хөрөө, өрөм, таслагч, суран хазаар, таслагч багажны ир зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 660.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

- Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө, 2017 оны 01 сарын дундуур Галмандах манай ахын амбаарт туухай харагдсан 2-уулаа орж үзье гэхээр нь би эхлээд зөвшөөрөөгүй тэгээд гуйгаад байхаар нь би хамт явсан. Эхлээд Галмандах орсон. Бид хоёр Одсүрэн ахын амбаарт туухай байгаа гэж сонсоод Одсүрэн ахыг мал мах аваад хот руу явсан хойгуур бид хоёр амбаар руу нь ороод 4 ширхэг суран хазаар, таслагч багаж нэг ширхэг зэргийг авсан. Тэгээд Галмандахтай айлд очоод би гэртээ харилаа гэж хэлээд гарч яваад буцаад би  Одсүрэн ахын амбаар руу орж модны хөрөө, цахилгаан өрөм, ир зэргийг аваад гэр рүүгээ явсан. Авсан зүйлүүдээ өөрийнхөө амбаарт нууж байгаад цагдаад баригдаад бүх зүйлээ гаргаж өгсөн. Би тэр багажуудыг зарж, ашиг олох зорилгогүй байсан, би өөрөө хэрэглэх гэж авсан.  Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв. 

 

- Хохирогч Ё.Одсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 01 сарын дундуур манай цэнхэр өнгийн амбаараас цахилгаан хөрөө 1 ширхэг, цахилгаан өрөм 1 ширхэг, цахилгаан таслагч багаж 1 ширхэг, дагалдах хэрэгслийн хамт, 4 ширхэг суран хазаар эд зүйл алдагдсан. Цахилгаан хөрөө 350.000 төгрөг, цахилгаан өрөм 100.000 төгрөг, суран хазаар 4 ширхэг 80.000 төгрөг нийт 630.000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй. Хулгайд алдсан зүйлээ хэсгийн төлөөлөгч Батхүүгээс хүлээж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,  / хх-н 20-21 х /

 

        - Л.Галмандахын яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн: ...Пүрэвсүрэн бид хоёр фэйсбүүк дээрээс гийр, туухай өндөр үнээр авна гэсэн зар харсан юм. Тэгээд сумын төв дээр байх Одсүрэн ахынд яг тийм гийр, туухай байж магадгүй гэж хоорондоо ярилцаж байсан.  Тэгээд 2017 оны 01 сарын дундуур Ё.Одсүрэн ахыг Улаанбаатар хот руу явсан хойгуур Пүрэвсүрэн бид хоёр шөнийн 01 цаг өнгөрөөгөөд тэдний хашааг давж ороод цэнхэр амбаарын цоожийг хөшиж онгойлгоод  гар чийдэн тусгаж харахад гийр туухай байгаагүй. Тэгээд амбаарын зүүн хананд өлгөөтэй байсан 4 ширхэг суран хазаарыг аваад 2 хоёроор нь авсан, мөн төмөр лаазан дотроос ногоон өнгөтэй таслагч 1 ширхгийг тус тус авсан.  Би 2 хазаарыг аваад Пүрэвсүрэн 2 хазаар, таслагч багаж аваад салцгаасан. Цагдаад баригдсаны дараа Пүрэвсүрэнг эргэж ороод нэмээд цахилгаан хөрөө, өрөм зэрэг эд зүйлийг авсныг мэдсэн... гэх мэдүүлэг, / хх-н 18-19 х /

 

-  Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-н 9 х /

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ  /хх-н 13- 17 х /

 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд  / хх-н 10-11 х /

 

- Эд зүйлийн үнэлгээ / хх-н 66 х /

 

- Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 03 сарын 15-ны 08/85 дугаартай тодорхойлолт

 

- Б.Пүрэвсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 41 х  / 

 

- Б.Пүрэвсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 45 х / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь   2017 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Сүхбаатар аймгийн Наран сумын төвд оршин суух иргэн Ё.Одсүрэнгийн амбаарт нэвтрэн орж, цахилгаан хөрөө, өрөм,  зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээн хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

          Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр шууд санаатайгаар хулгайлсан болох нь шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2017 оны 01 сарын дундуур Галмандах манай ахын амбаарт туухай харагдсан хоёулаа орж үзье гэхээр нь би эхлээд зөвшөөрөөгүй тэгээд гуйгаад байхаар нь би хамт явсан. Эхлээд Галмандах орсон. Бид хоёр Одсүрэн ахын амбаарт туухай байгаа гэж сонсоод Одсүрэн ахыг мал мах аваад хот руу явсан хойгуур бид хоёр амбаар руу нь ороод 4 ширхэг суран хазаар, таслагч багаж нэг ширхэг зэргийг авсан. Тэгээд Л.Галмандахтай айлд очоод би гэртээ харилаа гэж хэлээд гарч яваад буцаад би  Одсүрэн ахын амбаар руу орж модны хөрөө, цахилгаан өрөм, ир зэргийг аваад гэр рүүгээ явсан. Авсан зүйлүүдээ өөрийнхөө амбаарт нууж байгаад цагдаад баригдаад бүх зүйлээ буцааж өгсөн... гэх,  мөрдөн байцаалтын шатанд тухайн үед яллагдагчаар татагдсан Л.Галмандахын өгсөн “...Б.Пүрэвсүрэн бид хоёр фэйсбүүк дээрээс гийр, туухай өндөр үнээр авна гэсэн зар харсан юм. Тэгээд сумын төв дээр байх Одсүрэн ахынд яг тийм гийр, туухай байж магадгүй гэж хоорондоо ярилцаж байсан.  Тэгээд 2017 оны 01 сарын дундуур Ё.Одсүрэн ахыг Улаанбаатар хот руу явсан хойгуур Пүрэвсүрэн бид хоёр шөнийн 01 цаг өнгөрөөгөөд тэдний хашааг давж ороод цэнхэр амбаарын цоожийг хөшиж онгойлгоод  гар чийдэн тусгаж харахад гийр туухай байгаагүй. Тэгээд амбаарын зүүн хананд өлгөөтэй байсан 4 ширхэг суран хазаарыг аваад 2 хоёроор нь авсан, мөн төмөр лаазан дотроос ногоон өнгөтэй таслагч 1 ширхэг, нэг боодол ир тус тус авсан ” гэх, хохирогч Ё.Одсүрэнгийн “манай цэнхэр өнгийн амбаараас цахилгаан хөрөө 1 ширхэг, цахилгаан өрөм 1 ширхэг, цахилгаан таслагч багаж 1 ширхэг, дагалдах хэрэгслийн хамт, 4 ширхэг суран хазаар эд зүйл алдагдсан. Цахилгаан хөрөө 350.000 төгрөг, цахилгаан өрөм 100.000 төгрөг, суран хазаар 4 ширхэг 80.000 төгрөг нийт 630.000 төгрөгөөр үнэлэгдэнэ...” гэх мэдүүлгүүд болон  эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдоно. 

 

       Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ. 

       

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг Л.Галмандахтай бүлэглэн Ё.Одсүрэнгийн амбаараас хазаар, таслагч зэрэг 210.000 төгрөгийн эд зүйл  хулгайлсан үйлдлийг хохирлын хэмжээ хүрээгүй гэх үндэслэлээр яллахаас татгалзсан тул шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн Л.Галмандахтай бүлэглэн 210.000 төгргийн эд зүйл хулгайлсан  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.        

          Шүүхээс ял шийтгэл оногдуулахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д, бусдад учруулсан хохирол нөхөн төлөгдсөн нь мөн хуулийн 55.1.3-т заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал  хэрэгт тогтоогдоогүй байна.

 

           Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, эд хөрөнгийн байдлыг  харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх  шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

            Б.Пүрэвсүрэн нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч нөхөн төлөгдсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй тул оногдуулсан хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв. 

 

            Б.Пүрэвсүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу түүний хулгайлсан эд зүйл буцаан олгогдсон, хохирогч Ё.Одсүрэн нэхэмжлэх зүйлгүй гэжээ. 

 

Хохирогч Ё.Одсүрэнд учирсан хохирол бүрэн арилсан, шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул Б.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн G mobile HS-C1100 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017.03.22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын яллагч яллахаас татгалзсан тул шүүгдэгч Шунуу овгийн Бат-Эрдэнийн Пүрэвсүрэнг Л.Галмандахтай бүлэглэн Ё.Одсүрэнгийн амбаараас 210.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Шүүгдэгч Шунуу овгийн Бат-Эрдэнийн Пүрэвсүрэнг  орон байранд нэвтэрч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Пүрэвсүрэнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан Б.Пүрэвсүрэнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Пүрэвсүрэнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Ялтан Б.Пүрэвсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Ё.Одсүрэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Б.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн өмчлөлийн G mobile HS-C1100 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017.03.22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг  хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Пүрэвсүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1.т зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч,иргэний нэхэмжлэгч,иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нь зөвхөн нэхэмжлэлтэй холбогдсон хэсэгт, улсын яллагч дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР