Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0094

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Б, шүүгч О.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.Э

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга    

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 2 дахь заалтад заасан хугацааг зөвтгөн тооцох, 3 дахь заалтад заасан 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг зохих журмын дагуу зөв тооцож олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “О.Энь 1985 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг /хуучин нэрээр/ хуульч мэргэжлээр төгсөж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Цагдаагийн  төв   орон   нутгийн   байгууллагуудад   ээлжийн   дарга,   гадна   хамгаалалтын офицер, тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, мөрдөн байцаагч, эрүү, эдийн засгийн  ахлах  төлөөлөгч  зэрэг  ажлуудыг  өөрийн  биеэр  22,4 жил,  нэмэгдэл 3,9 жил нийт 26,4 жил ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Г******* аймаг дахь Хорих ******* дугаар нээлттэй хорих ангид ээлжийн дарга, хошууч цолтойгоор ажиллаж байгаад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийн насны  хязгаарт  хүрсэн  тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дугаар тушаалаар тэтгэвэрт гарсан.

Дээрх хугацаанд алба хаахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/290 дугаар тушаалаар Д******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилж тус албан тушаалд 2,2 жил ажилласан байна. Тус албан тушаал нь 1996 онд батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын   албан   хаагчаас   бүрдэнэ.   Шүүхийн   шийдвэр   биелүүлэх   байгууллагын ажилтан төрийн төлөөлөгч мөн” гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Улсын ерөнхий гүйцэтгэгч, шадар гүйцэтгэгч, алхах гүйцэтгэгч, гүйцэтгэгчдээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын  ажилтан  цэргийн  цол,  дотоодын  цэргийн  дүрэмт  хувцастай байна” гэж тус тус заасны дагуу цэргийн цолтойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнаар томилогдох байсан боловч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн найруулагдаж бүх ахлах болон шийдвэр гүйцэтгэгч нар энгийн болно, эсвэл хууль батлагдсаны дараа цэргийн цол нөхөж олгоно гэсэн үндэслэлээр энгийнээр томилсон байна.

Мөн тус газрын Д*******гийн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ээлжийн даргаар ажилласан 1985 оноос 1990 онуудад ажилласан 5,2 жилийн нэмэгдэл 1,3 жилийг офицерийн бүрэлдэхүүнд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хасаж тооцсон нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Одоогийн нөхцөл байдлаар төв болон орон нутгийн бүх хорих ангид ажиллаж байгаа нийт албан хаагчид ажилласан жилийн хугацааны нэмэгдлийг авч байгаа болно.

Нэхэмжлэгчийн тасгийн даргаар ажилласан хугацаанд батлаагүй хуулийг хэрэглэсэн, эсвэл цэргийн цолыг нөхөн олгоно гэж тухайн албан тушаалд энгийнээр томилсон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж тухайн албан тушаалд энгийнээр томилсон нь цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцоогүй, мөн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ээлжийн даргаар ажилласан хугацааны нэмэгдлийг ажилласан жилд оруулан тооцоогүй нэхэмжлэгчийн цэргээр ажилласан жил тогтоох, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ зэрэгт нөлөөлж эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байна.

Өөрөөр хэлбэл 1996 онд батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу тасгийн даргаар ажилласан 2,2 жилийн хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцоогүй тус хугацааны нэмэгдэл 0,5 жил олгоогүй, мөн ээлжийн даргаар ажилласан хугацааны нэмэгдэл 1,3 жилийн хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцоогүй нь нэхэмжлэгчийн цэргийн албанд нийт 26.4 жил ажилласан хугацааг цэргийн албанд нийт 21 жил 10 сар 19 хоног ажилласан гэж хууль бус захиргааны акт гаргасан байна.

Иймд хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 2 дугаар заалтыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч О.Энь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Г******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ******* дугаар нээлттэй хорих ангийн ээлжийн даргаар ажиллаж байгаад тус хорих ангийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/478 дугаар албан бичгээр ээлжийн дарга, хошууч О.Э*******ын тэтгэвэрт гарах хүсэлтийг ирүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/614 дүгээр тушаалаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Иргэн О.Энь 1990-2001 онд Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн харьяа 0******* дүгээр ангид жижүүрийн офицер, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/290 дүгээр тушаалаар Д******* аймаг Шүүхийн шийдвэр биелүүлэх тасгийн дарга /энгийнээр/, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/540 дугаар тушаалаар Д******* аймаг дахь ШГА-ны дэд дарга, ахлах гүйцэтгэгч, /энгийн/-ээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2003 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн б/660 дугаар тушаалаар албан тушаалаас халагдсан байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн б/184 дүгээр тушаалаар Г******* аймаг дахь ШГА-нд хянагчаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн б/273 дугаар тушаалаар тус албанд гадна хамгаалалтын офицер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний б/245 дугаар тушаалаар тус албанд ээлжийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн б/614 дүгээр тушаалаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөгдсөн.

            Ахмад настан О.Энь төрийн тусгай байгууллагад 20 жил 09 сар, үүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 13 жил 05 сар ажилласан байна.

Ахмад настан О.Энхбаатарыг тэтгэвэр тогтоолгох үед Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн биечлэн уулзаж таны төрийн тусгай албанд ажилласан жил 25-аас дээш жил хүрэхгүй байх тул цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгож, 18 сарын тэтгэмж авах боломжтой, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно” гэж заасны дагуу иргэний байгууллагад ажилласан материалаа бүрдүүлж, Г******* аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсээр хянуулж бодуулан, тэтгэвэр тогтоолгохдоо оруулах боломжтойг тус тус тайлбарлаж байжээ.

Түүнчлэн ахмад настан О.Энхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч*******тай биечлэн уулзаж тэтгэврийн бодолтыг нэг бүрчлэн бодож танилцуулсан байна. Үүнд:

-1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 9 жил 24 хоног /сургууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацаа/ Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 05/2708 лавлагаа,

-1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 2 жил 1 сар 20 хоног /Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсээс ирүүлсэн бодолт 6 сарын хуулийн нэмэгдэлтэй нийт 2 жил 7 сар 20 хоног/

- 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 2 жил 11 сар 27 хоног /Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын лавлагаа 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23-08/1486/

-2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон бодоход 6 жил 1 сар 8 хоног /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацаа/

-Хуулийн нэмэгдэл 2013, 2014, 2015 онд 3 сар, /Г******* аймаг дахь шүүхийн гүйцэтгэх алба хорих анги болгон өөрчилсөн тул 2016, 2017 онд 2 сар /нийт 1 жил 1 сар/

-Цэргийн албанд нийт 21 жил 10 сар 19 хоног болж байх тул хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон байна.

О.Энь 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2003 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Д******* аймаг дахь Шүүхийн шийдвэрийн байгууллагын албанд тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр энгийнээр ажиллаж байсан тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно.” гэж заасны дагуу иргэний байгууллагад ажилласан хугацаа орохгүй тул хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гаргасан байна.

 Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч******* нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  хошууч О.Энхбаатарын “хувь тэнцүүлсэн цэргийн тэтгэвэрт гарах” хүсэлтийг өгсөн тул хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн б/614 дүгээр тушаалаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлсөн.

Мөн Д******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн даргаар 2001 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2003 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл энгийнээр ажиллаж байсан тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар “цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох хугацаанд” оруулах боломжгүй, Д*******гийн Засан хүмүүжүүлэх колонид 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцсон бөгөөд тухайн ажилласан хугацаанд ээлжийн даргын албан тушаалд хуулийн нэмэгдэл олгохоор заагаагүй бөгөөд сайд нарын зөвлөлийн 1980 оны 413 дугаар тогтоолоор 1980-1993 онуудад ажиллаж байсан хянагч, хянагч-сувилагчийн албан тушаалд 3 сарын нэмэгдэл тооцож олгож байна.

Иймд иргэн О.Энхбаатарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/614 дүгээр тушаалаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлсөн нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч О.Энхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Этус шүүхэд хандаж “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 2 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад “...тушаалын 3 дугаар заалтыг хүчингүй болгуулах”-аар шаардлагаа нэмэгдүүлж, улмаар “...тушаалын 2 дахь заалтад заасан хугацааг зөвтгөн тооцох, 3 дахь заалтад 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгуулах”-аар тодруулсан болно.

          Маргаан бүхий захиргааны акт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын гаргасан “О.Энхбаатарыг албан тушаалаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай” 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 2 дугаар заалтаар “О.Энхбаатарыг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цэргийн албанд биеэр 20 жил 09 сар 19 хоног, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл 01 жил 01 сарыг нэмж тооцон, цэргийн албанд нийт 21 жил 10 сар 19 хоног ажилласнаар тооцсугай” гэж,  актын 3 дугаар заалтаар “О.Энхбаатарт 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг зохих журмын дагуу олгохыг Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар /дэд хурандаа С.Б*******/-т зөвшөөрсүгэй” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “1. маргаан бүхий актаар ажилласан жилийг бууруулан тооцсон нь хууль бус, 2.цэргийн албанд нийт 26 жил 3 сар, 10 хоног ажилласан тул 18 сар биш 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах үндэслэлтэй” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

  Нэхэмжлэгч О.Энь 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Цагдаа, тагнуулын дээд сургуульд сонсогчоор орж суралцсан, 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Д*******гийн Засан хүмүүжүүлэх колонид жижүүрийн офицероор, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Засан хүмүүжүүлэх 0******* дүгээр ангид жижүүрийн офицероор, ахлах дэслэгч цолтойгоор  томилогдон ажиллаж байгаад 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, 1990 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс Ажилчны дүүрэг дэх цагдан сэргийлэх хэлтэст жижүүрийн мөрдөн байцаагч /ахлах дэслэгч цолтой/-аар ажиллаж байгаад 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, Чойрын цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч /ахлагч цолтой/-оор 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс, Г******* аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгчөөр 1995 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 01 хүртэл ажиллаж байгаад мөн өдрөөс Г******* аймгийн цагдаагийн хэлтэст эдийн засгийн албаны ахлах төлөөлөгчөөр 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллаад ажлаасаа чөлөөлөгдсөн, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн лавлагаагаар  О.Энь цагдаагийн байгууллагад нийт 5 жил, 1 сар, 16 хоног ажилласан, үүн дээр нэмэгдэл хоног тооцоход нийт 6 жил, 4 сар, 16 хоног ажилласан болох нь тогтоогдож байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т “Цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар, цагдаагийн байгууллагын нууцалбал зохих албанд гүйцэтгэх ажилтнаар ажилласан 1 жилийг 1 жил 4 сараар тус тус тооцно” гэж зохицуулжээ.

          Түүнчлэн нэхэмжлэгч нь 2001 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс Д******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн даргаар, 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс Д******* аймаг дахь шийдвэр гүйцэтгэлийн албаны дэд дарга, ахлах гүйцэтгэгчээр томилогдож, 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр уг албан тушаалаас халагдсан, 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс Г******* аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хянагчаар ажиллаж байгаад 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хамгаалалтын офицероор дэвшүүлэн томилогдсон ба 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс Г******* аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ээлжийн даргаар ажиллаж байгаад бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалаас чөлөөлөгдөж, Г******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй хорих ангийн харуул хамгаалалтын хэлтсийн ээлжийн даргын албан тушаалд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс томилогдсоноор цэргийн ахмад цолыг сэргээж, улмаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс цэргийн хошууч цол олгожээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацааг цэргийн байгууллагад ажилласнаар тооцох ёстой, энгийн албан хаагчаар тооцсон нь үндэслэлгүй”, 1996 онд батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын   албан   хаагчаас   бүрдэнэ.   Шүүхийн   шийдвэр   биелүүлэх   байгууллагын ажилтан төрийн төлөөлөгч мөн” гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Улсын ерөнхий гүйцэтгэгч, шадар гүйцэтгэгч, алхах гүйцэтгэгч, гүйцэтгэгчдээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын  ажилтан  цэргийн  цол,  дотоодын  цэргийн  дүрэмт  хувцастай байна” гэж зааснаар зохицуулагдана гэж маргаж байна.

Харин 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.2-т хорих байгууллагын албан хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна гэж /2007 онд өөрчлөгдсөн/, улмаар мөн хуулийн 137 дугаар зүйлийн 137.3-т шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн ...137.2-т /цэргийн цол, зэрэг, дэвийн нэмэгдэл олгох/ зааснаас бусад баталгааг эдэлнэ гэж тус тус заажээ.

Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1992 оны Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг цэргийн албан хаагч гэнэ гэж, 7 дугаар зүйлийн 2-т цэргийн албан хаагч ... цэргийн цолтой байна гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд шийдвэр гүйцэтгэгчийн цэргийн цолгүй, энгийнээр ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохгүйгээр ялгаатай зохицуулсан гэж ойлгогдож байна.

Тухайлбал, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 1-д цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно гэж зааснаас үзвэл цэргийн цолтой ажилласан тохиолдолд цэргийн алба хаасанд тооцохоор зохицуулсан байх бөгөөд дээр дурдсан байгууллагад цэргийн цолгүй, энгийнээр ажилласан хугацаа хамаарахгүй юм.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шийдвэр гүйцэтгэгчээр, энгийнээр ажилласан хугацаа нь цэргийн алба хаасан хугацаанд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2003 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Д******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Тасгийн дарга, Албаны дэд даргаар ажиллаж байсан хугацааг /цэргийн цолгүйгээр/ цэргийн алба хаасан хугацаа гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч О.Энь 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Д******* дэхь Засан хүмүүжүүлэх колонид жижүүрийн офицероор нийт 4 жил 11 сар 3 өдөр ажилласан жилд нэмэгдэл олгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

          Учир нь, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 413 дугаар тогтоолоор тухайн ангид 1980-1993 онуудад ажиллаж байсан хянагч, хянагч-сувилагчийн албан тушаалд жилд 3 сарын нэмэгдэл тооцож олгохоор заасан, харин нэхэмжлэгч нь ээлжийн даргаар ажиллаж байсан тул  ажилласан жилийн нэмэгдэл олгох заалт нь нэхэмжлэгчид хамаарахгүй байна.

          Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн цэргийн байгууллагад ажилласан хугацаанд Цагдаагийн байгууллагад ажилласны нэмэгдэл хоногийг нэмж оруулан тооцоход маргаан бүхий захиргааны актад заасан “цэргийн албанд нийт 21 жил, 10 сар, 19 хоног” нь нэмэгдэж 23 жил, 3 сар, 19 хоног болж байгаа хэдий ч энэ нь тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.

          Түүнчлэн нэхэмжлэгч нь 25-аас доошгүй жил цэргийн алба хаасан тохиолдолд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх үүсэх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан хугацаа нь хуулийн дээрхи шаардлагыг хангахгүй байх тул  36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль /1996 он/-ийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.2, 137  дугаар зүйлийн 137.2, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Э Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр 2 дахь заалтад заасан хугацааг зөвтгөн тооцох, 3 дахь заалтад заасан 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.Д