| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2022/00163/и |
| Дугаар | 155/ШШ2022/00343 |
| Огноо | 2022-03-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2022/00343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х захиргаанд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Х захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 155/2022/00163/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Бүрэнчимэг,
хариуцагч: И.Н,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х захиргааны даргын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар Нямаагийн Н.Гыг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэл болгосон байх бөгөөд “Гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, 2021 оны ажлын гүйцэтгэлээр F буюу хангалтгүй үнэлэгдсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан ажлын 2 өдөр ажил тасалсан, мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах талаар сануулж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн хэдий ч биелүүлээгүй” гэжээ.
Гэтэл Н.Гын ажлын гүйцэтгэлийг үнэлсэн талаар ажилтанд огт мэдэгдээгүйн зэрэгцээ түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын гүйцэтгэлийг хэрхэн үнэлэх талаар заалт байхгүй байхад хэрхэн яаж, хэн үнэлгээ гаргасан нт ойлгомжгүй байна. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 өдөр ажил тасалсан үйлдэл байхгүй тухай Н.Г нь тайлбарладаг ба ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж маргаж байх тул Х захиргааны даргын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Н.Гыг жолоочийн үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгч Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлд дурдагдсан зүйл дээр нэмж дараах зүйлийг дурдъя. Нэгдүгээрт Х захиргааны даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус газрын жолооч Н.Гыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт “мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажил гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон” гэдэг үндэслэлийг хуульчилж өгсөн байгаа. Гэтэл энэ нөхцөл байдал нь Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд дурдсанаар ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгохоор байгаа. Гэтэл тус байгууллагын дарга нь ямар шалгуур үзүүлэлтээр, юуг үндэслээд ажил үүрэгтээ тэнцэхгүй талаар дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээг үнэлэх зохицуулалт байхгүй байхад хөдөлмөрийн гэрээг үнэлж ажлаас халсан байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлахдаа барьсан заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоос 30-аас доошгүй хоногийн өмнө ажилтанд энэ тухай заавал бичгээр мэдэгдсэн байхыг шаардаж байгаа. Гэвч ажил олгогчийн зүгээс ямар нэгэн байдлаар ажилтанд уг харилцаа дуусгавар болж байгаа тухай бичгээр мэдэгдсэн зүйл байхгүй байгаа. Энэ бол ажилтныг үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэх хоёрдугаар үндэслэл, нөхцөл байдал болж байна. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай ээжлийн амралт олгох тухай мэдэгдлийг сая шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Уг мэдэгдэл нь хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа буюу маргааш нь ажилтан биш этгээдэд ээлжийн амралт олгоод байгаа юм шиг харагдаж байгаа. Хэрвээ жолоочоор ажиллаж байсан хугацааных нь ээлжийн амралтыг олгож байгаа гэж үзэх юм бол тухайн ажилтын ээлжийн амралтыг олгохгүйгээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нь ажилтны эрхийг зөрчиж ажлаас нь үндэслэлгүйгээр халж байгаа бас нэг үндэслэл болж байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд “ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах” гэж байгаа. 60.1.1-т ээлжийн амралттай байгаа бол ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах зохицуулалт байгаа. Жолоочийнх нь хувьд энэ хүнд ээлжийн амралт олгоод байгаа юм бол энэ ээлжийн амралттай хугацаанд нь энэ хүний ажлын байр хэвээр хадгалагдаж байх ёстой байсан. Гэвч мөн хуулийн энэ заалт зөрчигдөж өнөөдөр Н.Гыг жолоочийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа учраас ажилтныг ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэх бас нэг үндэслэл болж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг дэмжиж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх саналтай байна. Мөн ажлаас чөлөөлсөн тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, байгууллагын дотоод журмын 10.3, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг тус тус үндэслэн тушаасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь заалт болон хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан заалтууд нь нэг заалт биш, өөр өөр утга бүхий заалт байгаа. Тиймээс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байгаа учраас уг тушаалыг хүчингүй болгож Н.Гыг жолоочийн үүрэгт ажилд нь эгүүлэн томилж өгнө үү гэв.
Хариуцагч И.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Тус захиргааны жолооч Н.Гын гаргасан нэхэмжлэлд дараах байдлаар хариу тайлбар хүргүүлж байна. Үүнд:
1. Н.Гын 2021 онд ажилдаа хариуцлагагүй хандаж өгсөн үүрэг даалгавар удаа за биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байдал, жилийн ажлын гүйцэтгэлээр “F” буюу “Хангалтгүй" үнэлэгдсэн байдалд хариуцпага тооцож 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар жолоочийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрийн Б/03 дугаар тушаалаар албан тушаалыг нь бууруулан харуул хамгаалалтын ажилд томилсон болно.
2. 2021 оны 10 дугаар сард Н.Г нь Х сумын наана байдаг үзмэрч хүнд үзүүлэх гэсэн юм гээд 3 хоногийн чөлөө авсан боловч Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үргэлжлүүлэн 2 өдөр дараалан ажил тасалсан байдаг.
3. Байгууллагын даргын зүгээс мэргэжилтнүүд, нягтлан бодогч жолооч үйл ажиллагааг сайржуулах зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Үүрэг даалгавар өгөх тухай” №2021/01 дүгээр бичгээр албажуулан өгсөн боловч тодорхой 3 ажлыг хугацаанд нь биелүүлээгүй, эргэж тайлагнаагүй байдаг.
4. Өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй асуудлыг байгууллагын хамт олны ээлжит хурлаар буюу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар жолооч Н.Гт сахилгын арга хэмжээ авах тухай мэдэгдсэн. Тухайн хурлын шийдвэрийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар жолооч Н.Гт сахилгын сануулах арга хэмжээ авсан.
5. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байгууллагын хамт олны хурлаар, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, хариуцлагагүй ажиллаж байгаа жолооч Н.Гыг хөдөлмөрийн гэрээг цуцалж, жижүүрийн ажилд томилон ажиллуулах тухайгаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд тухайн үед уг шийдвэрийг эсэргүүцэхгүй биелүүлэхээр хуралд оролцон тэмдэглэлд гарын үсгээ зурсан болно.
6. Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.9 дэх заалтын дагуу 2021 онд жолооч Н.Г нь ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, жилийн эцсийн тайланг хангалтгүй гаргаж өгсөн учраас “F” буюу “Хангалтгүй” үнэлэгдсэн болно. Байгууллагын албан хаагчдын 2021 оны ажлыг дүгнэж, хамт олны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар танилцуулж баталгаажуулсан.
7. Н.Гыг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар харуул хамгаалалтын ажилд томилсон. Уг тушаалыг хүлээн авсан өдрөөс 2022 оны ээлжийн амралтаа авах хүсэлт гаргасных нь дагуу ээлжийн амралтыг холбогдох журмын дагуу олгосон. Гэтэл ээлжийн амралтаа дуусгаад 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өргөдөл бичиж, бичиг хэрэгт өгчихөөд, өнөөдрийн хүртэл ажил таслаж дахин уулзаагүй байна. Байгууллагын хурлаар ярилцаад Н.Г нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан гэх тул шүүхээс албан ёсны шийдвэр гартал ажлын байрыг нь хадгалж, түр хугацаанд жижүүр аваад байна.
Иймд Н.Гын жолоочоор эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр илэрхийлж байна. Харин тус байгууллагын харуул хамгаалалтын ажилд авч ажиллуулах боломжтой болно. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч И.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогчийн эрх буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.2 дахь заалтыг үндэслэн Н.Гт удаа дараа амаар үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлэхгүй байсан учраас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үүрэг даалгавар өгөх тухай 202101 албан бичгээр үүрэг даалгавар өгсөн. Энд тодорхой 3 заалт байсан. Энэ 3 заалтыг цаг тухайн үед нь биелүүлээгүй буюу эргэж тайлагнаж мэдээллээгүй. Тэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 7 дахь заалтад байгаа. Үүний дагуу өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.4 дэх заалтыг үндэслэн сахилгын буюу сануулах арга хэмжээ авсан байдаг. Ингээд асуудал шийдэгдэхгүй байхаар нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байгууллагын хамт олны хурлаар Н.Гыг жолоочоос чөлөөлж харуул хамгаалалтын ажилтнаар ажиллуулахыг өөрт нь мэдэгдээд тухайн үед хүлээн зөвшөөрч, ямар нэгэн байдлаар эсэргүүцэхгүйгээр хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурсан байдаг. 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэдгийг би үүгээр мэдэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Үүний дагуу Н.Гыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны Б/02 дугаар тушаалаар жолоочийн ажлаас нь чөлөөлж мөн өдрийн Б/03 дугаар тушаалаар харуул хамгаалалтын ажилд авсан байдаг. Гэтэл Н.Г үүнийг хүлээн зөвшөөрөөд ээлжийн амралтаа авъя гэдэг хүсэлт гаргасан. Өнгөрсөн жил ажиллаж байхдаа мөн 01 дүгээр сард амарсан байсан учраас амралтыг нь өгөөд явуулсан. Тэгэхээр энэ хүн 01 дүгээр сард харуул хамгаалалтынхаа цалинг авсан байгаа гэсэн үг. Гэтэл ээлжийн амралт дуусахын өмнө өргөдөл ирүүлсэн байдаг. Гэхдээ өөрийнх нь бичиг биш гэж үзэж байгаа. Тэр өргөдлийн үндсэн агуулга нь таны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би харуул хамгаалалтын ажилд ажиллахгүй гэсэн бичгийг бичиг хэрэгт өгөөд явсан байдаг. Тэгэхээр нь би өөр рүү нь утсаар яриад та өөрөө ирж уулз, та харуул хамгаалалтын ажилд орсон. Одоо тухайн өргөдлийг шийдтэл та харуул хамгаалалтын ажилд ажиллаж байх ёстой гэхэд ирээгүй. Над руу нэг эмэгтэй холбоо бариад “өргөдлийнхөө хариуг авъя, Н.Г очихгүй” гэдэг байдлаар 2 удаа ярьсан. Тэгж байтал шүүхээс нэхэмжлэл гаргасан гэж ярьсан. Шүүхийн өргөдөл дээр би “шүүхийн шийдвэр гартал жижүүрийн ажлаа хийж бай” гэж цохсон байгаа. Шүүхийн шийдвэр яаж гарахыг мэдэхгүй. Гэтэл өнөөдрийг хүртэл Н.Г гэдэг хүн ажилдаа ирээгүй гэв.
Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Х захиргааны даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаал эх хувиар 1 хуудас, хөдөлмөрийн гэрээний хуулбар 3 хуудас, Х захиргааны “Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл” 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай баримт,
Хариуцагчаас Х захиргааны даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай тушаал эх хувиар 1 хуудас, Х захиргааны даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаал эх хувиар 1 хуудас, ажлын цагийн бланс (2021.09.27-10.25)-ийн нотариатчаар гэрчлүүлсэн баримт 1 хуудас, 2021 оны 10 дугаар сарын ирц бүртгэсэн Бүртгэлийн №9 гэх бичигтэй Н.Гт холбогдох хэсгийн хуулбар 1 хуудас, Үүрэг даалгавар өгөх тухай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн баримт 1 хуудас, Х захиргааны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай тэмдэглэл эх хувиар 2 хуудас, Х захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаал эх хувиар 1 хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х захиргааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний 06 дугаартай тэмдэглэл эх хувиар 2 хуудас, “Х захиргааны жолооч Н.Гын 2021 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан” гэх баримт эх хувиар 1 хуудас, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Х захиргааны нийт албан хаагчдын 2021 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээний нэгтгэл эх хувиар 1 хуудас, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Х захиргааны нийт албан хаагчдын 2021 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээний нэгтгэл эх хувиар 1 хуудас, Н.Гын 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн өргөдөл эх хувиар зэрэг баримтууды тус тус гаргаж өгсөн болно.
Хариуцагчийн гэрчээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Ж.Гантуяа, Ш.Пагамсүрэн нараас гэрчийг мэдүүлэг авчээ.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүрэнчимэг нь хариуцагч Х захиргаанд холбогдуулан Х захиргааны даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн бүртгэлийн 0089 дугаар итгэмжлэлээр Баяд Нямаагийн Н.Г нь Байчууд Намсрайн Бүрэнчимэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бүх шатны шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг хүлээх зэрэг бүрэн эрхийг итгэмжлэн олгосон байна.
Иймд Намсрайн Бүрэнчимэг нь нэхэмжлэгчийн төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “жолооч Н.Гыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус газрын жолооч Н.Гыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт “мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажил гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон” гэдэг үндэслэлийг хуульчилж өгсөн байгаа. Гэтэл энэ нөхцөл байдал нь Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд дурдсанаар ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгохоор байгаа. Гэтэл тус байгууллагын дарга нь ямар шалгуур үзүүлэлтээр, юуг үндэслээд ажил үүрэгтээ тэнцэхгүй талаар дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй. Мөн ажил олгогч хуулинд зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа цуцлах тухайгаа мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь хуульд нийцээгүй” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч “2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байгууллагын хамт олны хурлаар Н.Гыг жолоочоос чөлөөлж харуул хамгаалалтын ажилтнаар ажиллуулахыг өөрт нь мэдэгдээд тухайн үед хүлээн зөвшөөрч, ямар нэгэн байдлаар эсэргүүцэхгүйгээр хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурсан байдаг. 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэдгийг би үүгээр мэдэгдэж байгаа гэж ойлгож байгаа”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуучин хөдөлмөрийн хуулийг мөрдөгдөж байхад гарсан Улсын дээд шүүхийн тайлбарыг ярьлаа. Энэ нь шинэ хууль гарснаар хүчингүй тайлбар байх гэж бодож байна. Миний тухайд байгууллага маань хуулийн зөвлөхгүй учир жолооч Н.Гыг ажлаас чөлөөлөх, тэр өдрөө өөр ажилд томилох шийдвэр гаргаж алдаа гаргасан байна. Нэг тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж өөр ажилд албан тушаал бууруулан томилох шийдвэрийг гаргах учиртай байсан, мөн түүнийг чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр чөлөөлөх байсан байна” гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Н.Г нь 2019 оноос Х захиргаанд жолоочоор ажиллаж байсан, Х захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан зэрэг үйл баримт тогтоогдлоо.
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж,
Мөн зүйлийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан тул Н.Г нь шаардах эрхтэй.
Х захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалд “Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт, байгууллагын дотоод журмын 10.3, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Тушаах нь: 1. Гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, 2021 оны ажлын гүйцэтгэлээр “F” буюу “Хангалтгүй” үнэлэгдсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан ажлын 2 өдөр ажил тасалсан, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах талаар сануулж, хугацаатай үүрэг өгсөн хэдий ч биелүүлээгүй тул жолооч Н.Гын үүрэгт ажлыг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсугай...” гэжээ.
Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаах цуцлах тушаал нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан үр дагаврыг бий болгож буй эрх зүйн акт болохынхоо хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийг цуцлах болсон үндэслэлтэй тохирч байх, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх учиртай.
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн зүгээс цуцлах үндэслэлийг хуульчилсан бөгөөд Х захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэсэн үндэслэлийг баримталжээ.
Гэвч нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшил ур чадвараараа үүрэгт ажилдаа тэнцэхгүй талаар тогтоосон зүйлгүй, энэ талаарх баримтыг хариуцагч ирүүлээгүй байх тул ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн ....80.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасныг ажил олгогч зөрчжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд ажилтанд мэдэгдсэн тухайгаа хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа гэж тайлбарлаж байх боловч байгууллагын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд “...өөрт холбоотой, машин техниктэй холбоотой ажиллаа хийхгүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа тул жолооч Н.Гыг жолоочоос нь болиулж жижүүр хийлгэхээр шилжүүлэн ажиллуулна. Чаддаг шинэ жолооч ажилд авна.” гэснийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухайгаа мэдэгдсэн мэдэгдэл гэж үзэх үндэслэлгүй юм.
Хариуцагч “ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй, ажил албан тушаалыг бууруулан (цалин хөлсний хэмжээ багассан учраас ингэж үзэж болно гэж тайлбарласан) харуул хамгаалалтын ажилд томилсон” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай” ажил олгогчийн 2022 оны 01 дүгээр сарын Б/02 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж маргасан, тухайн тушаалд түүнийг өөр албан ажилд шилжүүлэн томилсон зүйлгүй байх тул шүүх энэхүү үйл баримт болоод өөр ажилд томилсон тушаалд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Иймд Х захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Гыг Х захиргааны жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Х захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Гыг Х захиргааны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Х захиргаанаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА