Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01523

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:.. тоотод байрлах, регистр ..., П...ББСБ ХХК,

Хариуцагч:... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт С...ийн А...,    

Нэхэмжлэлийн шаардлага:433 487 794 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э..., өмгөөлөгч Т.У..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П...ББСБ ХХК нь хариуцагч С.А... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 433 487 794 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

С.А... нь  2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн  ... тоот хаягт байршилтай ... нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн ... дугаартай 700м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тухайн хаягт байршилтай улсын бүртгэлийн ... дугаартай 80м.кв талбайтай, Үйлдвэрлэл, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаа болгон 224 000 000 төгрөгийн зээлийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж ... дугаартай зээлийн болон баталгаат ипотекийн гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр байгуулсан болно. Гэтэл зээлдэгч С.А... нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчиж байна. С.А... нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар  үндсэн зээлийн үлдэгдэл 224 000 000 төгрөг, зээлийн хүү 186 333 663,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23 154 130,38 төгрөг нийт 433 487 794,17 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 433 487 794,17 /дөрвөн зуун гучин гурван сая дөрвөн зуун наян долоон мянга долоон зуун ерэн дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн ... тоот хаягт байршилтай ... нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн ... дугаартай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тухайн хаягт байршилтай улсын бүртгэлийн ... дугаартай 80 м.кв талбайтай, үйлдвэрлэл, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулна гэж тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:С.А... нь анх 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч байгууллагатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 148 500 000 төгрөгийн зээл авсан, харин нэхэмжлэлд дурдсан 224 000 000 төгрөгийн зээлийг аваагүй, тийм гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас янз бүрээр дарамт шахалт үзүүлэх байдлаар гарын үсэг нөхөж зуруулсан гэрээ болно.Иймд тус гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчээс:П...ББСБ ХХК-ийн ... дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ... дугаартай, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, П...ББСБ ХХК, С.А... нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн .. дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, ... дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн анкет, С.А...ийн өргөдөл, кассын зарлагын баримт, С.А...ийн иргэний үнэмлэхний хуулбар, С.А...ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 25 гудамж, 364 тоотод байршилтай,  700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийн ... дугаартай гэрчилгээ, С.А...ийн өмчлөлийн ... тоотод байршилтай,  80 м.кв талбайтай, үйлдвэр, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... дугаартай гэрчилгээ, зээлийн тооцоолол, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн анкет, П...ББСБ ХХК, С.А... нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хийгдсэн ... дугаартай зээлийн гэрээ, ... дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн кассын зарлагын баримтууд, С.А...ээс хэрэглээний зээл хаасан тухай баримтыг шүүхэд гаргасан өгсөн. 

Хариуцагчаас:С.А...ийн Хаан банкин дахь дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв. 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: 

Хариуцагчаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 224 000 000 төгрөг, зээлийн хүү 186 333 663,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23 154 130,38 төгрөг нийт 433 487 794,17 гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулна гэж тайлбарласан. 

Хариуцагч С.А...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Нэхэмжлэгч байгууллагаас 224 000 000 төгрөгийн зээл аваагүй,  гэрээ байгуулаагүй, мөнгө хүлээж аваагүй, дарамт үзүүлж гарын үсэг нөхөж зуруулсан, зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн П...ББСБ ХХК, С.А... нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн ... дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, ... дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн анкет, С.А...ийн өргөдөл, кассын зарлагын баримт, С.А...ийн иргэний үнэмлэхийн хуулбар, С.А...ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... тоотод байршилтай,  700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийн ... дугаартай гэрчилгээ, С.А...ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 25 гудамж, 364 тоотод байршилтай,  80 м.кв талбайтай, үйлдвэр, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... дугаартай гэрчилгээ, зээлийн тооцоолол, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн анкет, П...ББСБ ХХК, С.А... нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хийгдсэн ... дугаартай зээлийн гэрээ, ... дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн кассын зарлагын баримтууд, С.А...ээс хэрэглээний зээл хаасан тухай баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

Зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ... дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээнд нөхөж гарын үсэг зуруулсан, зээлийн гэрээнд дурдсан 224 000 000 төгрөгийг би аваагүй гэж маргаж байна.

С.А... нь П...ББСБ ХХК-тай зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ хийж, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 150 000 000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, авто машин оруулж ирэх зориулалтаар зээлж авсан гэжээ./46-51/

Дээрх зээлийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 204 180 000 төгрөгөөр төлж хаасан тухай мөн өдрийн кассын орлогын ... дугаар баримт, зээл, хүүгийн тооцооллын баримт байна./хх 49, 50/

С.А... нь П...ББСБ ХХК-тай зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ хийж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 224 000 000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, барилга барих зориулалтаар зээлсэн, мөн өдөр зээлийн 224 000 000 төгрөгийг С.А...эд олгов гэсэн кассын орлогын ... дугаар баримт байна./хх13/

Хариуцагч С.А...ийг зээл авах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан /1995 оны/ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд мөнгөн хөрөнгө хадгалуулах, хоорондын төлбөр тооцоогоо банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэх, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авах, түүнийг эргүүлэн төлөх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна гэжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай /2021 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 19.5-т “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн 224 000 000 төгрөгийг зээлдэгч С.А...эд олгов гэсэн кассын орлогын ... дугаар баримтаар зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд заасан 224 000 000 төгрөгийг зээлдэгчид хуульд заасан журмын дагуу зээлийн данс нээж олгоогүй байна.

Нөгөө талаар зээлдэгч С.А...ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр зээлсэн гэх 224 000 000 төгрөгөөр С.А...ийн өмнөх 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлсэн 150 000 000 төгрөгийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 204 180 000 төгрөгөөр хаасан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаагаас үзэхэд П...ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө болох 224 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээнд зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу олгоогүй гэж үзнэ. 

Нэхэмжлэгч байгуулага нь хуульд заасан зээлийн зориулалт, зээл олгох,  зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх журмыг зөрчиж, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлээгүй, зээлийг зориулалтаар нь олгоогүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэстэй байна.

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу худалдахыг шаардах эрхтэй болохыг зохицуулсан байна.

Зохигч талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг зээлдэгч хүлээн авч, зориулалтын дагуу хэрэглэж, ашиглаагүй байхад нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн, үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн эсэх, барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангах эсэхийг дүгнэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасан шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 433 487 794 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай П...ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 395 589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч С.А...ээс 433 487 794 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн ... тоотод байршилтай,  700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар болон Баянзүрх дүүргийн ... тоотод байршилтай,  80 м.кв талбайтай, үйлдвэр, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах тухай П...ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 395 589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН