Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/986

 

   2024        11          08                                  2024/ШЦТ/986

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

улсын яллагч Б.Цэрэнтогтох,

шүүгдэгч Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “З” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я-ийн Б-д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Я.Б нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан бууз” гэх нэртэй газрын гадаа байрлуулсан байсан иргэн Б.Мгийн эзэмшлийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл дотроос бэлэн 2,497,000 төгрөг болон “Burberry” брэндийн гар цүнх, “Roav” брэндийн нүдний шил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 6,447,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Я.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн *********** дугаартай хэргээс:

 

Улсын яллагч хохирогч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, хохирогч Б.М-ийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6-7-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/, “Онцгой үнэлгээ” ХХК-ийн ТХҮ-24/04 дугаартай “Burberry” брендийн гар цүнх, “Roav” брендийн нүдний шилийг 3,950,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Я.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно. 

Шүүгдэгч Я.Б-д холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч нь Я.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

 

1.Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Я.Б нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан бууз” гэх нэртэй газрын гадаа байрлуулсан байсан иргэн Б.М-ийн эзэмшлийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл дотроос бэлэн 2,497,000 төгрөг болон “Burberry” брэндийн гар цүнх, “Roav” брэндийн нүдний шил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 6,447,200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            - Хохирогч Б.М-ийн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан бууз”-ны хажууд машинаа үлдээгээд “Хаан бууз” руу ороод хоол идээд гараад ирэх хооронд машин дотор байсан жижиг цүнх алга болсон байсан. ...нүдний шил 1,000,000 төгрөг, 4,000,000 орчим бэлэн мөнгө яг хэд байсан талаар сайн мэдэхгүй байна. Жижиг цүнх “Burberry” брендийн 4,000,000 төгрөгөөр авч байсан цүнх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

- Хохирогч Б.М-ийн дахин өгсөн “...Тухайн үед миний барьж байсан гар цүнх “Burberry” брендийн 4,750,000 төгрөгөөр Централ таур дэлгүүрээс 2023 онд авч байсан. Цүнхэн дотор байсан өөр үнэтэй зүйл нь шил, тухайн “Roav” нэртэй шилийг Зайсан хилл нэртэй газрын “Корей оптикал” дэлгүүрээс 1,100,000 төгрөгөөр авч байсан. Өөр бусад жижиг зүйлсийг үнэлүүлэх шаардлага байхгүй. Тухайн үед би яг өөрийн санаж байгаа гэх бэлэн мөнгөний талаарх гаргаж өгөх баримт байхгүй байна. Тиймээс би цүнхийг олох үед байсан бэлэн мөнгөний хохирлоо тогтоолгох нь зүйтэй гэж бодож байна. Тухайн үед миний цүнхийг авсан хүн цагдаад баригдахдаа 2,497,200 төгрөгийг буцааж өгч байсан. Тэгэхээр тухайн хүнээс нийт 8,347,200 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,  

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...“Хаан бууз” гэх газрын хажуу талын зам дээр байсан машины хаалгыг хар өнгийн малгатай, хар өнгийн ханцуйгүй хантаазтай, цагаан өнгийн футволктой, зүүн гартаа ногоон өнгийн сөжүний шил барьчихсан, баруун гараараа жолоочийн эсрэг талын суудал дээр байсан хар өнгийн эрэгтэй цүнхийг авч байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/,

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,

            - “Онцгой үнэлгээ” ХХК-ийн ТХҮ-24/04 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-28-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Я.Б нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан бууз” гэх нэртэй газрын гадаа байрлуулсан байсан иргэн Б.М-ийн эзэмшлийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл дотроос бэлэн 2,497,000 төгрөг болон “Burberry” брэндийн гар цүнх, “Roav” брэндийн нүдний шил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 6,447,200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Я.Б-ын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мд нийт 6,447,200 төгрөгийн хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.М-д алдсан гэх эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/-ээр тогтоож байх тул шүүгдэгч Я.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Я.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” саналыг гаргасан.

Шүүх шүүгдэгч Я.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүнийг биет байдлаар нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Я.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, ялтан ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дансны хуулга бүхий Сиди - 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овгийн Я-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Я.Б-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасан дансны хуулга бүхий Сиди - 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ОЧБАДРАХ