Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 46

 

У.Г-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж,  шүүгч Д.Эрдэнэбилэг, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                        С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 В.У

Шүүгдэгч                                                         У.Г

Нарийн бичгийн дарга   Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж, шүүгч П.Г, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй  шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн У.Гт холбогдох 2012001620086 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Ар хужирт гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, З овгийн У.Г 

Шүүгдэгч У.Г  нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Ар хужиртын луузан гэх газарт байх иргэн О.Гын гэрт хохирогч Л.Оын цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний баруун дээд хэсгээр нэвтэрч хавирга завсрын артерийн судсыг тасалж /5мм голчтой/ баруун уушгины дунд дэлбэнгийн зах хэсгийг гэмтээсэн шарх /2см/, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас У.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч З овогт У.Г-ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор иштэй хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Шүүгдэгч У.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч У.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. У.Г нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Ар хужиртын Луузан гэх газар иргэн О.Гын гэрт хохирогч Л.Оын цээжинд нэг  удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. 

Мөрдөн байцаалтын явцад хэрэгт холбогдсон У.Г, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан байх ба мэдүүлэгт: ... О.Гын идээ тавган дээр байсан бор иштэй төмөр хутгаар цээж хэсэг рүү нь хутгалсан. У.Г ах хутгалж гэмтэл учруулсан, өөр хутгалаагүй ... гэсэн нэг ижил мэдүүлгүүд бичигдсэн байна /мөн У.Гийн өөрийнх нь гэрчийн мэдүүлэгт ч мөн адил бичигдсэн байдаг/. Хэрэг гарах цаг хугацаанд О.Гын гэрт хохирогч Л.О, гэрч О.Г, шүүгдэгч У.Г нараас өөр хүн байгаагүй байдаг. Гэтэл гэрч О.Ш, А.Б нар гэрийн гадаа байсан гэдгээ мэдүүлэгтээ хэлсэн мөртлөө Л.Оыг У.Г хутгалж байхыг харсан мэт мэдүүлэг хэрэгт авагдсан. 

Л.Оыг У.Г хутгалах үед гэрт байсан гэрч О.Гын анхны мэдүүлэгт: ... манай гэрийн ууц идээн дээр байсан бор иштэй төмөр металл ангийн хутгыг барьж аваад Л.Оын цээж хэсэг рүү нэг удаа хутгалсан гэсэн /хх-24-24-р хуудас/ хамгийн анхны мэдүүлгийн дагуу бусад гэрчүүдийн мэдүүлэг бичигдсэн байж болохоор харагдаж байна. Энэ нь тухайн гэмт хэрэг гарсан даруйд Л.Оыг хутгалагдсаныг харсан гэрчүүдэд О.Отгонбат нь Л.Оыг У.Г өөрийнх нь идээ ууцан дээр байсан хутгаар хутгалсныг харсан байдлаа хэлсний дагуу гэрчүүд мэдүүлэгтээ дээрх байдлаар мэдүүлсэн, эсхүл мөрдөгч дээрх байдлаар бичсэн байхыг үгүйсгэхгүй. 

У.Г хохирогч Л.О нарын хооронд маргаан үүссэн нөхцөл байдал харагдаж байдаг боловч хэргийг анхнаасаа энэ талаар тодруулаагүй орхигдуулсан. Прокурорын хяналтын шатанд У.Гийн өмгөөлөгч миний бие хэрүүл маргаан болсон эсэх талаар тодруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан /гаргасан хүсэлт, хүсэлтийн хариу хэрэгт хавсаргагдаагүй/ бөгөөд уг асуудлыг тодруулах нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц чухал ач холбогдолтой гэж хүсэлтийг хангаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан. Гэрч О.Гаас дахин мэдүүлэг /хх-129-130-р хуудас/-т: ... энэ хоёр манай гэрт У.Г Л.Оыг  манай гэрээс гар гэж хэлсэн. Тэгсэн чинь хариуд хохирогч Л.О чи гэрээс хөөдөг хэн бэ? гээд энэ хоёр хоорондоо маргалдаж байгаад хоорондын маргаан дотор чи дагуулах үр хүүхэдгүй гэсэн утгатай үг хэлсэн. ... би хэлсэн үгийг нь сайн санаж байна гэсэн мэдүүлгээс харахад хоорондоо маргалдсан, Л.О нь У.Гийг ... дагуулах үр хүүхэдгүй ... гэж хэлсэн болох нь нотлогдож байна. У.Г  нь өөрийн төрсөн хүүхэдгүй, эхнэр н.Э-тай суухдаа өөрийн өмч хөрөнгөгүй тэднийд хүргэн орсон байдаг бөгөөд гэр бүлийнхээ эд хөрөнгийг эхнэр нь мэдэж тооцоо барьдаг. Энэ талаар гэрч н.Э анхан шатны шүүх хурал дээр мэдүүлдэг. 

Л.О У.Гийг ... эхнэрийнхээ хормойн доороос гардаггүй, өнөөдөр яаж нэг юм гараа вэ, чамайг алсан байхад ч яадгийн, дагуулах үр хүүхэдгүй гэх зэргээр хэлсэн ... гэж У.Г яллагдагчийн мэдүүлэг өгөхдөө: ... бид хоёрын маргаан сүүлдээ ширүүн талдаа хүрээд хэл амаар доромжлоод, ядуу хоосон гуйлгачин, түүлгэчин чи юутай байсан гэж хэлээд, удалгүй хамгийн сүүлд хэлсэн үг надад хамгийн хүнд туссан. Чи үр хүүхэдгүй гэсэн өөрөө уйлав. Тэр хүний амнаас ийм үг гарна гэж бодоогүй бөгөөд маш их гомдсон. Тэгэхээр нь би уурлаж бачимдсандаа гэрийн хоймор байсан идээ битүүлэг дээр байсан хутгыг аваад цээжин хэсэгт хутгалсан байсан. Г Х чи юу хийж байгаа юм бэ? гээд миний гараас хутгыг гараараа цохиж унагаасан. Тэгээд би хүн хутгалснаа мэдсэн. ... Бид хоёр хэрүүл маргаан хийж байхдаа хохирогч Л.О намайг чи муу гуйлгачин, чи үр хүүхэдгүй гэсэн тэр үгнээс цочирдон тэр хүний үгэнд маш их гомдож, тэр билэг дэмбэрэлтэй өдөр тэр үгийг ингэж хэлнэ гэж бодоогүй. Миний дотор хэсэг цээжнээс дээшээ гэнэт огшиж бачуураад уур хүрч гомдсон. Гэтэл Ганбатыг хүүе чи юу хийчхэв гээд миний гараас хутга салгаж авахад би хүн хутгалснаа мэдсэн. Тэр хутга Г-ын гэрт ороход идээ битүүлэг дээр байсан хутга байна лээ. Тэр хутгаар хутгалсан байсан. ... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Л.Оын хэлсэн чи үр хүүхэдгүй гэж надад энэ үгийг хэрэг болсноос хойш нэг сар орчим дотроо хадгалж явсан. Өөрийн эхнэртээ болон хэнд ч хэлээгүй байж байгаад би сая та хоёрт хэлж миний дотор онгойлоо ... гэсэн мэдүүлгээс нь дүгнэхэд Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж харагдаж байдаг. 

Хэргийн газрын үзлэгийг дахин хийлгүүлэх: Хохирогч Л.О нь хутгалуулахдаа гэрийн үүдэнд байсан гэж мэдүүлдэг /шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд зөрүүтэй мэдүүлгийг өгдөг/. Гэрч О.Г, У.Г нарын мэдүүлэгт “гэрийн хойд талд /зэрэгцээд суусан/ хутгалах  үйл явц болсон” гэдэг. Энэ нь У.Гийн сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хутгалсан эсэх асуудлыг тодруулахад ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл зэрэгцээд сууж байгаа хүнээ хутга аваад хутгалахад маш бага хугацаа зарцуулах ба хоромхон зуурт болж болно. Харин хутга авч босож яваад гэрийн үүдэнд очоод хутгалах нь арай илүү цаг хугацаа зарцуулах бөгөөд хутгалах санаа төрөөд, хутгалахаар хутгаа аваад хохирогчийг хутгалах хүртэлх хугацаандаа түүний гэнэтийн цочролд орсон байдал нь зүгээр болж болох боломжтой юм. Хэргийн газрын үзлэгийг дахин хийснээр гэмт хэрэг яг хаана гарсныг тогтоох боломжтой. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг маш хангалтгүй хийсэн. Хэргийн газрын үзлэгийг дуусгаагүй, хэргийн газрын үзлэгийг гэрэл зургаар бэхжүүлж аваагүй, хэргийн газарт хохирогчоос маш их хэмжээний цус гарсан бөгөөд хэргийн газраас гэмт хэргийн ул мөрийг огт хайгаагүй, шинжилгээ дээж аваагүй. Гэрч нарын мэдүүлэгт тэр хоёр зэрэгцээд сууж байсан гэдэг бөгөөд гэрийн аль талд, хаана зэрэгцээд сууж байсан талаар асууж тодруулаагүй байдаг. 

Миний үйлчлүүлэгч У.Г нь өөрийн холбогдсон хэргийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийж, хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байдаг. Яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас дээрх ажиллагааг нарийвчлан хийх шаардлагагүй гэсэн байдлаар хэргийг шалгаж, шийдвэрлэж болохгүй. 

Анхан шатны шүүхийн шийдвэртэй өмгөөлөгч миний бие санал нийлэхгүй байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх учиртай гэтэл хуульд заагаагүй, байхгүй хууль бус үндэслэлээр шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч гэж хэнийг хэлэх вэ?, тус бүр ямар эрх, үүрэгтэй вэ? гэдгийг маш тодорхой хуульчилсан. Хэрэв анхан шатны шүүх шиг байдлаар дүгнэлт хийх юм бол өмгөөлөгч гэж байгаад хэрэг байхгүй. Өмгөөлөгчийг энэ хэрэгт яллаагүй, тэгээд ч нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэе гэсэн хүсэлт гаргасан. Өмгөөлөгчийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэе гэсэн хүсэлт гаргасных нь төлөө шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэхгүй гэж болохгүй шүү дээ. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил юм. Шүүх хэрвээ ийм байдлаар хэргийг шийдвэрлээд жишиг тогтоогдвол Монгол Улсын хүний эрхийн байгууллага нүдээ аниад суухгүй байх. Хүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй субъектүүд ч санал, гомдлоо хүний эрхийн байгууллага болон олон улсын түвшинд тавих байх гэж бодож байна.

У.Гт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлага байхгүй, нотлогдож байна гэж үзэж гэм буруутайд тооцсон. Түүнд ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг. Түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол төлбөрөө  төлсөн, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учраас хэрэгт нэмж тодруулах хэрэгтэй байгаа нөхцөл байдлуудын талаар гомдолдоо дурдаж, шүүхийг шийдвэр гаргахдаа анхаараасай гэсэн санаа болно гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор У.Гийг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан. Мөн У.Г нь бусдын биед зэвсэг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн  гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч У.Г нь 2020 оны  02 дугаар сарын  25-ны  орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Ар хужиртын Луузан гэх газарт байх иргэн О.Гын гэрт хохирогч Л.О-ын цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл,  7.1 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, хөнгөрүүлж шийдвэрлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд тусгайлсан санал байхгүй  байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо асуудлаа бичсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах талаар хуульчилсан байгаа. Тэгэхээр энэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэдэг үг орсон байна.  Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний  ял шийтгэлийг хөнгөрүүлнэ гэсэн байгаа. Гэмт хэрэг үйлдсэн асуудал нь хангалттай нотлогдсон уу, үгүй юу гэдэг нь нотлох баримтыг яаж бүрдүүлсэн, мөн хуульд заасан нөхцөл журмыг хэр хангалттай баримталсан зэргээс хамаарна. У.Г нь  өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. У.Г нь би хүн хутгалсан нь үнэн, хүнийг хүнд хохироосон үйлдэлдээ гэмшиж байна гэдэг. Тиймдээ ч тэрээр  хохирол төлбөрөө төлж байгаа. Мөн У.Г зүйчлэл дээрээ маргадаггүй бөгөөд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хуралдаан дээр ч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр У.Гийг гэм буруугаа хүлээгээгүй байна, ялыг нь хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж болохгүй. Хэргээс харахад миний гомдолд дурдсан зүйл байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нөхцөл байдлыг шүүх анхаар ч үзнэ үү. Өмгөөлөгч хүн шүүгдэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдал байх юм бол түүнийг санал болгон дэвшүүлэхгүй юм бол өмгөөлөгчтэй байгаад хэрэг байхгүй. Ийм нөхцөл байдал байгаа учраас үүнийг шүүх бүрэлдэхүүн харж шийднэ байх. У.Г өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн бөгөөд хохирогчоос нэг ч баримт шаардаагүй тул  хохирлоо сайн дураараа нөхөн төлнө гэж энийг хэлэх байх. Хохирогч нь У.Гийг би янз бүрээр хэлж,  доромжлоогүй гэж мэдүүлдэг. Гэхдээ хүн өөр дээрээ тулаад ирэхээр өөрөө өөрийгөө хамгаалдаг юм. Хүнийг зүгээр байхад  хутгалах нь ховор бөгөөд хүмүүс архи дарс уусан үедээ янз бүрийн зан араншин гаргах нөхцөл байдаг. Харин У.Гийн хувьд нөхцөл байдал өөр байсан. Хохирогчийн зүгээс У.Гийг янз бүрээр хэлсний улмаас ийм хэрэг үйлдэх нөхцөл байдал үүсгэсэн. У.Г өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Тэрээр анх удаа хорих ялаар шийтгүүлэх гэж байгаа бөгөөд амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, хүний сайн хань, сайн хойд аав юм. У.Г нь хэрэг хийсэн, тодорхой хэмжээгээр хариуцлагаа хүлээнэ гэдэгтэй бэлэн байдаг юм. Хамгийн гол нь хохирогчийг үнэн зөвөө хэлж яриагүйд хүнийхээ хувьд тодорхой хэмжээгээр гомдож явдаг зүйл байдаг. Шүүх бүрэлдэхүүн хуульд заасан нөхцөлийг хэрэглэж болохоор харагдаж байгаа. Тэгэхээр энэ зохицуулалтыг хэрэглэж У.Гийн ял шийтгэлийн байдлыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, У.Гт оногдуулсан хорих ялыг хөнгөлүүлэх саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч У.Г  нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Ар хужиртын Луузан гэх газар оршин суух иргэн О.Гын гэрт хохирогч Л.Оын цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний баруун дээд хэсгээр нэвтэрч хавирга завсрын артерийн судсыг тасалж баруун уушгины дунд дэлбэнгийн зах хэсгийг гэмтээсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан У.Гийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Харин шүүгдэгч У.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч  У.Гийн ял шийтгэлийн байдлыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн  У.Гийн ял шийтгэлийн байдлыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авч Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч У.Г нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 89 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                   

                                      

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтын “5 жил” гэснийг “3 жил 5 сар” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гийн цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.Д

     ШҮҮГЧИД                                                 Д.Э

                                                                      В.Ц