Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 200

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх  хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч З.Болдбаатар, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,

улсын яллагч Ш.Насанжаргал,

шүүгдэгч Ш.Ганзориг, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг /ҮД:2156/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ачаа вагон хүлээлцэгч кассерчин мэргэжилтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Замын-Үүд өртөөнд вагон найруулагчийн туслах ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг, Жинчингийн 1-36 тоотод оршин суудаг, урьд Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, /РД:ЕЦ89040972/ Харчин овогт Шинэхүүгийн Ганзоригт

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201725020261 дугаартай 185/2017/0241/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Ганзориг 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 83 дугаар гудамжны 169 тоотод оршин суух хадам эх Цогзолмаагийн гэр хүргэн ах Б.Ганзоригтой гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний нуруун тус газар хутгалж бие махбодид нь “уушги өрцний нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх цус алдалт, мэс заслын дараах байдал бүхий” хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ганзоригийн: 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө Дорноговь аймгаас Улаанбаатар хотод 9 цагт ирсэн. Найзындаа очиж байж байгаад 11 цагийн үед хадам эх Цогзолмаагийн гэрт очсон. Цүнхтэй хувцсаа аваад хүүтэйгээ уулзах санаатай очсон. Эхнэр Ганчимэг цай уугаад яв гэсэн. Намайг цай уугаад зуухны урд сууж байхад гаднаас хадам ах Ганзориг орж ирсэн. Ганзориг ах намайг сайн уу, юу байна хаагуур явж байгаад ирэв гэж асуусан. Би ажлынхаа амралтыг авсан байж байна гэж хэлсэн. Тэгээд Ганзориг ах чи тэгээд цаашдаа яах бодолтой байна гэж асуусан. Би хүүхдээ аваад явна гэж хэлсэн. Ганзориг ах намайг нүүр рүү цохисон. Би унахдаа гал тогооны тавилга дээр байсан зүйлсээс авсан. Босч ирээд Ганзориг ахтай зууралдаж байхад юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд Ганзориг ах арагшаагаа саваад ойчсон. Чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд би гар руугаа харахад гарт хутга байсан. Би хутгаа орон дээр хаясан. Хадам ах би цус алдаад байна гэж хэлсэн. Би дээшээ харуулж хэвтүүлээд эмнэлэг иртэл би цусыг нь дараад байж байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ганзоригийн: ...2017 оны 1 сарын 29-ний өдөр өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 83-169 тоот хашаандаа байж байтал эх Цогзолмаагийн гэрт манай төрсөн дүү Ганчимэгийн салсан нөхөр болох Ш.Ганзориг нь гэрт нэг найзынхаа хамт ирсэн байсан. Тухайн үед би машинаа асаагаад гадагшаа гарах гэж байгаад Ганзоригтой уулзаад гаръя гэж бодоод гэрт орсон чинь Ганзориг нь гэрийн зуухны урд талд сууж байхаар нь би Ганзоригт хандан “за Зоригоо ахын дүү хаагуур яваад байна аа” гэж асуухад Ганзориг нь ах дүү нараараа явчихаад ирлээ гэж хэлэхээр нь чамд одоо ямар санаа бодол байна, манай дүү Ганчимэгтэй цаашид яахаар байна гэж асуутал Ганзориг нь “би хүүгээ аваад явлаа” гэж надад хэлэхээр нь би Ганзоригт хандан за тэгвэл чи манай босгоор дахиж битгий орж ирээрэй, миний дүү Ганчимэгийн амьдралаар тоглолоо гэж хэлсэн чинь Ганзориг нь би угаасаа хүүгээ аваад яваад өгөх юм чинь гэж хэгжүүн зан гаргахаар нь би дахиж битгий орж ир гэж хэлээд зүүн гараараа шанаа хэсэг рүү нь 1 удаа цохьсон чинь Ганзориг нь гэрийн зүүн талд гал тогооны шүүгээн дээр байсан халбага сэрээний савыг ухах шиг болсон. Тэгээд над руу дөхөж ирэхээр нь би арагшаагаа нэг алхсан чинь Ганзориг нь миний баруун нуруу хэсэг рүү хүрэх шиг болсон. Тэгээд миний баруун нуруу хэсгээс цус гараад хөндүүрлээд амьсгаа авч чадахаа болисон. Тэгээд би Ганзориг намайг хутгалсныг мэдсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-16/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Энхтүвшингийн: ...2017 оны 1 сарын 29-ний өдөр …бид хоёр 10 цаг өнгөрч байхад гэрээс гараад Ганзоригийн хадмынд очсон юм. Тэгээд гэрт нь ороод Ганзориг цүнхтэй хувцсаа авчихаад гэрээс нь гарах гэтэл Ганзоригийн эхнэр нь цай уучихаад яв гэж хэлсэн. Тэгээд сууж байтал Ганчимэгийн ах нь гэх 30 орчим насны залуу орж ирсэн. Тэгээд Ганчимэгийн ах нь Ганзоригтой мэндэлчихээд чи миний дүүгийн амьдралаар тоглолоо гэж хэлсэн чинь Ганзориг нь би хүүхдээ аваад явчихна гэж хэлсэн чинь Ганчимэгийн ах нь босч ирээд Ганзоригийн нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиход Ганзориг нь арагшаа саваад унасан ба босч ирэхдээ шкаф түшиж босч ирсэн. Тэгтэл Ганчимэгийн ах нь Ганзориг луу дайрсан ба Ганчимэгийн ах нь арагшаагаа газар унасан. Тэгээд Ганзориг нь гэрийн хойморт байрлах ор луу хутгаа хаясан ба Ганчимэгийн ахынх нь ар нуруу хэсгээс нь цус гараад дээшээгээ хараад хэвтээд би цус алдаад байна гэж хэлсэн. Тэгээд Ганзориг нь босоод ахыг нь дээшээ харуулсан. Удалгүй цагдаа, түргэн ирсэн юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганчимэгийн: …тэгээд сууж байтал манай төрсөн ах болох Б.Ганзориг нь орж ирсэн ба Ш.Ганзоригт хандан дүүгийн ажил нь сайн уу хаагуур юу хийгээд яваад байна гэж асуухад Ш.Ганзориг нь найзуудынхаараа явж байгаа ажил маань сайн сайн гэж хэлэхээр нь ах Ганзориг нь чи ер нь ямар бодолтой байна гэж асуухад Ганзориг нь би хүүгээ аваад явчихна гэж хэлэхэд ах Ганзориг нь чи миний дүүгийн амьдралаар тоглолоо ... гээд ах Ганзориг нь Ш.Ганзоригийн баруун шанаа хэсэг рүү цохих шиг болсон юм. Тэгээд Ганзориг нь ах Ганзоригийг түлхэнгүүтээ арагшаа нэг алхан гэрийн зүүн талд байрлах шар өнгийн шкаф дээр байсан хар өнгийн иштэй хутгыг аваад ах Ганзоригийн араас хутгалчих шиг болсон. Тэгээд ах Ганзориг нь намайг хутгалчихлаа ш дээ гээд газар унасан ба урьд нь хамтран амьдарч байсан Ганзориг нь гартаа барьсан байсан хутгаа ор луу шидсэн юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹2363 тоот:

1.

2.

3.Шүүх 3.1.-д зааснаар

4. //,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹1426 тоот:

1. //,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹2546 тоот:

1. //,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-13/, хохирлын баримтууд /хх-78/, Б.Ганзоригийн өвчний түүхийн хуулбар /хх-60-76/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 4-ний өдрийн 182/ШШ2017/00713 дугаар шийдвэр /хх-93-94/,

Ш.Ганзоригийн сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-46-50/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /хх-55-58, 80-83, 96/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-79/, Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-98-109/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүгдэгч Ш.Ганзоригийг 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 83 дугаар гудамжны 169 тоотод хүргэн ах Б.Ганзоригтой гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний нуруун тус газар хутгалж бие махбодид нь “уушги өрцний нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх цус алдалт, мэс заслын дараах байдал бүхий” хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ш.Ганзоригийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ганзоригийн бие махбодид хүнд гэмтэл учирсан ба түүнийг эмчлүүлэхэд гарсан зардалд шүүгдэгч 1.200.000 төгрөг нөхөн төлсөн нь хохирогчийн хүсэлтээр /хх-85/ тогтоогдов.

Шүүгдэгч Ш.Ганзоригт урьд Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/ болон шийтгэх тогтоолын хуулбараар /хх-98-109/ тус тус нотлогдов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж зааснаар Ш.Ганзоригийн ялтай байдал дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Ш.Ганзориг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-ийг журамлаж, эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д зааснаар хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 4-ний өдрийн 182/ШШ2017/00713 дугаар шийдвэрээр /хх-93-94/ 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Г.Билэгтийг эцэг Ш.Ганзоригийн асрамжинд үлдээсэн байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар устгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шинэхүүгийн Ганзоригийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                 
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д  зааснаар Шинэхүүгийн Ганзоригийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар Ш.Ганзоригт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  5. Ш.Ганзориг 11 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Ш.Ганзоригт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Дорноговь аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ш.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                                                                                                                                                          
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Ганзоригт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                                            

                          

  

    

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                        ШҮҮГЧИД                                                          Б.ДУЛАМСҮРЭН

                                                                                                    З.БОЛДБААТАР