| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/01092/И |
| Дугаар | 155/ШШ2022/00334 |
| Огноо | 2022-03-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2022/00334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 10-28 тоотод оршин суух, ............... дугаар регистртэй, Монгол Ггийн Эын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Үнэлгээ хүчингүй болгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Чанцалдулам, Ш.Оюунтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувд.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээчний үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нягтлан хийдэг Л.Дүүрэнжаргалын гуйлтаар түүнийг хуулийн байгууллагад ажилладагт нь итгэн өөрийн өмчлөлийн Мөрөн сумын 7 дугаар багийн 10-28 байрлах 707 метр квадратт талбайтай үйлчилгээний барилгыг, 4046 метр квадрат талбай бүхий газрыг Дүүрэнжаргалын зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч М.Дашбаяртай барьцааны гэрээ хийсэн юм. Ингээд Л.Дүүрэнжаргал нь зээлж авсан 60,000,000 төгрөгөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул барьцааны эд зүйл болох миний дээрх эд хөрөнгийг зарж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хөвсгөл аймаг дахь ШШГГ нь Улаанбаатар хот дахь Хөрөнгө эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэсэн байна. Ингээд Хөрөнгө эстимэйт ХХК нь үнэлгээ хийхдээ миний эзэмшлийн 4046 метр квадратт талбайтай газрыг 164,713,527 төгрөгөөр 12мх8мх2м гэж талбай бүхий хувийн сууцыг 29,489,586 төгрөгөөр, үйлчилгээний зориулалтаар 707 метр квадрат талбай бүхий барилгыг 5,127,880 төгрөгөөр тус тус үнэлжээ. Хувийн сууцны хэмжээг 12*8*3 метр байхад 12*8*2 метр, 288 метр квадратт талбайг 192 метр квадратт гэж тодорхойлон хувийн сууцыг 29,489,586 төгрөг гэж үнэлснийг болон 707 метр квадратт талбай бүхий үйлчилгээний барилгыг 681,5 метр квадратт талбайтай гэж буруу тодорхойлж 5,127,880 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 707 метр квадратт талбай бүхий үйлчилгээний барилгын 70 хувийг тоосго болон блокоор барьсан, 25 хувь буюу баган хэсгийг чулуугаар барьсан, 5 хувь буюу дээврийн А нуруу болох таазыг банзаар, шифрэн дээвэртэй барилгыг агуулах гэж тодорйхойлон үнэлгээг багасган гаргасан байна.
Иймээс би дээрх хувийн орон сууц болон үйлчилгээний барилга нь хэт бага үнээр үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК нь үнэлгээг хийхдээ барилгад орсон барилгын материал, орц, хэмжээ, барилгын талбайн хэмжээг буруу тодорхойлсон бодит бус үнэлгээ хийсэн гэж үзэж байна.
Иймд Улаанбаат хот дахь Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...гэжээ.
Б.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:
Би агуулах гэж үнэлгээ гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Бараа материал одоо ямар үнэтэй байгааг харьцуулаагүй. Баруун талын байшинтай нь харьцуулсан.
Тэр нь манайхаас 3 дахин бага хэмжээтэй дүнзэн байшин юм. Миний байшин бол 3 метр өндөртэй байшин. Би 2007 онд байшингаа сунгаж 8*8 харьцаатай 92 метр квадратт байшин бариад 2015 онд 4*8 харьцаатай, хоёр давхар болгон сунгасан юм. Вакум цонхтой, дотор материалыг тусгаагүй өөрийнхөөрөө үнэлсэн.
Мөн агуулахаа би өөрөө ашигладаг. Хоёр грашаа түрээсэлж өөрөө юм хийдэг.
Олон склад байгаа мөн ашигладаг. Гэтэл ашигладаггүй гэж бичсэн байсан.
Ихэнх нь тоосго, палкаар хийгдсэн. Таазыг нь банзаар хийсэн. Дотор өрөө тасалгаа нь блокоор хийсэн байхад нийтэд нь чулуун байшин гэж үнэлсэн. Ямар үндэслэлээр чулуун байшин гэж тодорхойлж байгаа юм. Тийм хэмжээний чулуун байшин маш их үнэтэй байдаг. Хамгийн багадаа 225,000,000 төгрөг гэдэг юм билээ.
Агуулах 5,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа нь үндэслэлгүй. Би мах авч агуулахаа зоорийн зориулалтаар ашигладаг. Нөгөө талыг нь үзээгүй. Зүгээр нэхий хийж байгаа зүйлийг харчихаад яваад өгсөн. Хэн ч цааш нь хараагүй. Зах дээр нэг складыг 500,000-1,000,000 төгрөгийн хооронд түрээсэлдэг. Үнэлгээг үнэхээр үндэслэлгүйгээр хийж байгаа юм. Энэ бол миний хувьд орлого юм. Ганцхан онгорхой байсан гражийг хараад яваад өгсөн. Нөгөө талын мухарын өрөөг хараагүй.
Тэнд айл оруулна гэж яриагүй. Агуулахын зориулалтаар хүнд түрээслэхэд сард хамгийн багадаа 300,000 төгрөгөөс 500,000 төгрөгийн орлого олдог. Үүнийг бодолцох хэрэгтэй байсан. Мөн байшинг гаднаас нь хэмжээгүй. Гаднаас нь хараад 2 метр өндөртэй юм байна гээд өнгөрсөн. Байшин дотор нь орж хоёр давхар нь ямар байна гэдгийг хараагүй. Мод үнэтэй байгаа. Палк 40,000-60,000 төгрөг, цемэнт 1 тонн 360,000 төгрөг гээд өсөж байгаа. Энэ үнэлгээг бодолцох хэрэгтэй.
Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...гэв.
Хариуцагч тал нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж буй татгалзалаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд:
Иргэн Г.Эын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хийсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 306 дугаар шийдвэрээр иргэн Г.Эаас 60,457,950 төгрөг гаргуулж М.Дашбаярт олгохоор шийдвэрлэсэн, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Г.Эын өмчлөлийн Мөрөн сумын 7 дугаар баг, 10-28 тоотод байрлах 707 метр квадратт бүхий Ү-1723003815, э-1723000109 дугаартай 4046 метр квадратт газар, гэрээ гэрчилгээ аваагүй, 12*8 хэмжээтэй хувийн сууцны зориулалттай байшин, 3 тал хашаа бүхий үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21230267/9 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол-р хуваан авч, талууд ИХ-ийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээг тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2 дугаар зүйлийг үндэслэн мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоолгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн дүнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талууд буюу төлбөр авагч М.Дашбаяр, төлбөр төлөгч Г.Э нарт мэдэгдэж, үнэлгээ дүгнэлтийг танилцуулж, талуудад хуульд заасан гомдол гаргах хугацааг сануулж баталгаажуулсан мөн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлэгээг үндэслэлтэй гаргасан гэж үзэж байгаа тул Г.Эын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
...ШШГТХ-ийн 55 дугаар зүйлийн 55.7, 55.3-т заасны дагуу үнэлгээний тайланг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэдгийг танилцуулсан. Төлбөр төлөгч Г.Э нь хуульд заасны дагуу 2021 оны 9 дүгээр саын 15-ны дотор шүхэд гомдол гаргах эрхтэй, хуулийн хугацаанд гомдол гаргаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж, хураагдсан хөрөнгө албадан дуудлага худалдаанд орохыг мэдэж байсан бөгөөд хуулийн хугацаанд гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй, гомдол гаргасан нотлох баримтыг төлбөр төлөгч Г.Эаас 2021 оны 9 дүгээр 09-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл шаардсан боловч ирүүлээгүй тул тус газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн шүүхийн тамгын газарт хандан хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан иргэний хэрэг үүссэн эсэхийг тодруулж, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр лавлагааны хариуг албан ёсоор авч, Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66, 68, 69, 70 дугаар зүйлд заасны дагуу хураагдсан /барьцааны хөрөнгө/ хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тогтоол үйлдэж, төлбөр төлөгч Г.Эад мэдэгдсэн. Г.Э нь хөрөнгийн үнэлгээ, дүгнэлтийг мэдэгдсэн өдрөөс гомдол гаргах эрхтэй гэдгээ мэдэж байсан бөгөд шүүхийн шидйвэрийг биелүүлэхээс зайлсхийх, саад учруулах, хөрөнгийн албадан дуудлага худалдааг удаашруулах зорилгоор хугацаа авч гомдол гаргах, хуулийн хугацаа хэтэрсэн байтал нэхэмжлэл гаргасан нь хуулийн үндэслэлгүй юм.
...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон, шинжээчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, хөрөнгийн үнэлгээг үнэн бодитой, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой дүгнэлт гаргах, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж хуулийн хүрээнд үйл ажиллага явуулах, буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийг тус тус сануулсан. Хөрөнгө эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээг газар дээр нь хэмжилт хийж авсан хэмжээг тайланд тусгасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн Ү1723003815 дугаар бүртгэлтэй, гэрчилгээнд талбайн хэмжээг 707 метр квдратт гэж бичигдсэн боловч хэмжилтээр зөрүүтэй, гэрчилгээнд мөн агуулахын зориулалттайгаар ашигладаг, хувийн сууц үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй, цэвэр хэмжилтээр хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан хэмжээ нь үнэн зөв төдийгүй, хөрөнгийг үнэлгээ байгаа байдлаар нь буюу цэвэр хэмжээ, зориулалт, агуулахын ашиглалт, хийц ашиглах байдал, барьхад ашигласан материал, элдэгдэл зэргээр өртгийн хандлагын аргаар үнэлсэн тохиолдолд үнэлгээ нь хэт бага байх төдийгүй үнэлгээний тайланд тусгагдсанаар өртгийн хандлагаар цэвэр үнэлгээг гаргасан тохиолдолд хэдэн төгрөгөөр үнэлэгдэх байсныг тайлангийн 16 дугаар хуудаснаас харж болно. Хөрөнгийн үнэлгээ өртгийн хандлагын аргаар бус зах зээлийн хандлагын аргаар тооцон хамгийн өндөр үнэлгээ буюу 199,330,990 төгрөгөөр үнэлсэн нь шинжээч өөрийн эрх, үүргийн дагуу хөрөнгийн үнэлгээг үнэн бодитой гаргасан гэж үзэж байна.
Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, хугацаа авах зорилготой энэ үйлдлийг таслан зогсоож шүүхийн шийдвэр биелүүлэх нөхцөл боломжоор хангаж өгнө үү.
...Нэхэмжлэгч Г.Э нь хувийн сууцны 12х8х3 метр квадратт талбайтай байхад 12х8х2 метр квадратт талбайтай гэж буруу тогтоосон, 707 метр квадратт талбайтай үйлчилгээний барилгыг 681.5 метр квадратт талбайтай гэж буруу үнэлсэн гэж тайлбарладаг. Гэрчилгээнд 707 метр квадратт талбайтай гэж байгаа боловч бодит байдалд шинжээч хэмжилтийг хийхэд зөрүү гарсан байдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хэмжээ бодит байдалд хэмжилт хийхэд хэмжээ зөрөх асуудал нилээдгүй гардаг. Шинжээчийн хувьд гэрчилгээнд тавьсан хэмжээнээс гадна цэвэр хэмжилт хийж байж үнэлгээг гаргах ёстой. Үүний дагуу хөрөнгөд шинжээч хэмжилт хийж үнэлгээний тайланд гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээ, цэвэр хэмжилт хэд байгааг тус тус оруулж өгсөн. Үнэлгээний тайлангийн 1.9-д 707 метр квадратт гээд цэвэр хэмжилтээр (681.5 метр квадратт) гэж бичигдсэн байгаа.
Гэрчилгээнд зааснаар эсхүл төлбөр төлөгч, өмчлөгчийн хэлж байгаа хэмжилтийг үндэслэж үнэлгээ гаргавал тэр нь өөрөө үндэслэлгүй болно.Нэхэмжлэгч хөрөнгийн зориулалт, хийц, ашиглагдсан байдал, барихад ашиглагдсан материалыг хараад байна. Уг хөрөнгийг өртгийн байдлаар үнэлээгүй. Өртгийн байдлаар үнэлбэл хэт бага үнэлэгдэхээр байгаа. Уг эд хөрөнгө одоо ямар байдалтай байгаа билээ. Энэ бүхнийг харгалзаж зах зээлийн үнэлгээгээр үнэлгээ хийсэн. Эд материалаар үнэлбэл ямар үнэлгээ гарах нь тайланд тодорхой байгаа. Өртгийн аргаар үнэлэхэд 5,000,000 төгрөг хүрэхгүй. Харин үнэлгээг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн. А зэрэглэлийн Б бүсээсээ шалтгаалаад 199,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Г.Эын хувьд агуулахаа үйлчилгээний барилга гэж яриад байна. Гэтэл гэрчилгээнд зориулалтыг нь агуулах гэсэн байдаг.
Бодит байдал дээр ч арьс шир хийсэн агуулах байсан. Үйлчилгээний зориулалттай гэж байгаа бол үйлчилгээний зориулалтаар ашиглах нөхцөлийг хангасан байх ёстой. Хүн зориулалтын дагуу ашиглая гэхэд хүнсний ногоо ч хадгалах боломжгүй. Халуун хүйтнийг хэмжих ямар ч боломжгүй хөрөнгө байгаа.
Мөн Шийдвэр гүйцэтгэлийн үнэлгээний тайланг хүлээлгэж өгсөн. Шүүхэд хандах 7 хоногийн хугацаа байсан. Гэтэл үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч гардаж аваад 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Э руу яриж, мэдэгдэж, баталгаажуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 03/1239 дугаартай албан бичгээр хууль сануулж биечлэн хүргэж өгсөн.
7 хоногийн дотор гомдол гаргаагүй. Гомдол гаргах хугацаа дууссан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
Нотлох баримт:
Нэхэмжлэгчээс Г.Эын иргэний үнэмлэхний хуулбар хувь 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 03/1239 дугаартай Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдэх хуудас 1 хуудас, Хөрөнгө эстимэйт ХХК-ний Хөрөнгө үнэлгээний тайлангын хуулбар хувь 21 хуудас, Татварын хэлтсийн ТУБ Ж.Заяагын тодорхойлолт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагчаас итгэмжлэл 1 хуудас, тайлбар 2 хуудас, хүсэлт 1 хуудас, Хөрөнгө эстимэйт ХХК-ний Хөрөнгө үнэлгээний тайлангын нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 20 хуудас, Хөрөнгө эстимэйт ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 2 хуудас, Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар, 102 дугаар тойргын шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаархи мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайларласан тухай тэмдэглэл, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтуудын нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 4 хуудас, Хөрөнгө эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй Б.Батзаяад олгосон итгэмжлэлийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 1 хуудас, Хөрөнгө эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээ хийж хүргүүлсэн тухай албан бичгийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 03/1239 дугаартай Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдэл нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 1 хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн 14, 15, 17 дугаартай тэмдэглэлийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 3 хуудас, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/1354, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/700 дугаартай албан бичгийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 2 хуудас, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол 1 хуудас зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюунтуяагын хүсэлтээр гэрчээр Б.Батзаяаг дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд үнэлгээ хүчингүй болгуулна хэмээн тодруулсан.
Хариуцагч тал нэхэмжлэлийг үл зөвшөөрч, Г.Э нь шинжээчийн дүгнэлтэнд гомдол гаргах хугацаа дууссан хойно шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлан буюу дүгнэлт үндэслэлтэй тул хүчингүй болгох боломжгүй гэж марган итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцсон.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хөрөнгө эстимэйт ХХК-наас ирүүлсэн Хөрөнгө үнэлгээний тайланг Г.Эад 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч мэдэгдсэн гэх хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг Хөрөнгө үнэлгээний тайланг мэдсэн өдөр гэж тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч нь Хөрөнгө эстимэйт ХХК-наас ирүүлсэн Хөрөнгө үнэлгээний тайланг эс зөвшөөрч 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/700 дугаар албан бичгийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг нэхэмжлэгч зөрчөөгүй байна.
Төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 сарын 30-ны өдрийн 306 тоот тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан... тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол... эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасантай нийцжээ.
Хөрөнгө эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө болон газрын зах зээлийн үнийг 199,330.993 төгрөг гэж тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргажээ.
Тайланд үнэлгээг зах зээлийн хандлагаар хийж, төлбөр төлөгч Г.Эын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 10 дугаар гудамж 28 тоотод байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5,127.88 төгрөг, хувийн сууцны зориулалттай байшинг 29,489.586 төгрөг, 4046,0 м.кв талбайтай газрыг 164,713.527 төгрөг, нийт 199,330.993 төгрөгөөр үнэлсэн байх ба дээрх үйл баримтанд талуудын хэн аль нь маргаагүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ... Хөрөнгө эстимэйт ХХК нь үнэлгээг хийхдээ агуулах 707 м.кв байхад 681,5 м.кв гэж, хувийн сууц 288 м.кв байхад 192 м.кв гэж талбайн хэмжээг буруу тооцсон. Мөн дээрх эд хөрөнгө болон газрын зах зээлийн үнэлгээ нь нийт 500.000.000 төгрөг байхад хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан...хэмээн шаардах эрхээ тодорхойлсон.
Гэвч нэхэмжлэгч Г.Эын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 10 дугаар гудамж 28 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болох агуулах нь 707 м.кв талбайтай, хувийн сууц 288 м.кв талбайтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.
Тодруулбал Хөрөнгө эстимэйт ХХК-ний үнэлгээний тайланд агуулах талбайн хэмжээ 707 мкв /хэмжилтээр 47х14,5=681.5 мкв/, хувийн сууц талбайн хэмжээг 192 мкв /хэмжилтээр 12х8х2=192 мкв/ гэснийг нэхэмжлэгч нь...шинжээч талбайн хэмжээг буруу тооцсон. Талбайн хэмжээ агуулах 707 м.кв, хувийн сууц 288 м.кв бөгөөд энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр бичигдсэн хэмжээ...гэж тайлбарлаж байх боловч тэрээр тайлбартай холбоотой, баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул дүгнэлт хийх боломжгүй байгаа болно.
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 10 дугаар гудамж 28 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон газрын зах зээлийн үнэлгээ 500.000.000 төгрөг гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.
Харин нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйл заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Гэвч энэ үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй.
Иймд үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт хэргийн 4-24 дүгээр талд авагдсан Хөрөнгө эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна.
Нэхэмжлэгчийн үнэлгээчний үнэлгээг хүчингүй болгох-ыг хүссэн эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т зааснаар Г.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ