| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/01126/И |
| Дугаар | 155/ШШ2022/00332 |
| Огноо | 2022-03-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2022/00332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт оршин суух, Г Бгийн Д,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багт оршин суух, Боржигон Хын Т,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 9,497,000 (есөн сая дөрвөн зуун ерэн долоон мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Түвшинтөгс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж,
Иргэдийн төлөөлөгч М.Болормаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь Х.Тд холбогдуулан гэм хорын хохирол 8,944,000 (найман сая есэн зуун дөчин дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 553,000 (таван зуун тавин гурван мянга) төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 9,497,000 (есэн сая дөрвөн зуун ерэн долоон мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Д нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын төв Маанийн бэл гэх газарт байрлах байшинг минь Х.Т нь өөрийн автомашинаараа мөргөж цөмлөсөн.
Х.Т нь тохиролцъё гэж хэлсэн. Миний байшинг байсан хивэнд оруулж өгөх юм бол ахад нь өөр илүү дутуу ярих зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Х.Т нь хүлээн зөвшөөрч бид гэрээ байгуулж тохирсон. Х.Т нь тохирсон тохиролцооныхоо дагуу байж чадахгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай дэлгүүрийн байшин урагшаа гажиж, хаалга нь хаагдахаа больж, цонхны шил хагарч, пийшин эвдэрсэн. Одоог хүртэл засвар хийгээгүй хэвээрээ байгаа. Байшинг сэргээн засварлахад шаардагдах зардлыг нэхэмжилж байгаа юм.
Ажлын хөлс 2,500,000 төгрөг, байшинг засварлахад шаардлагатай барилгын материалын үнэ 6,647,000 төгрөг, тээврийн зардал 350,000 төгрөг, нийт 9,497,000 төгрөгийг гаргуулах шаардлагатай.
Дээврийн төмөр нураагүй хэвээрээ байгаа. Гажсан байшинг буулгахад дээврийн төмрийг авч таарна. Дахиж буцаан барихад хуучин дээврийн төмрийг ашиглах боломжгүй. Шрупны нүх зөрж ус гоождог болно. Тиймээс бүхэлд нь солих шаардлагатай....гэв.
Хариуцагч Х.Т нь шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч Х.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй.
Х.Т нь тээврийн хэрэгсэлтэй өгсүүр газар өгсөж яваад машин нь хүч алдан ухарч нэхэмжлэгчийн байшингийн ар хэсгийг цөмлөж орсон. Уг асуудал дээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь тохиролцож асуудлыг шийдвэрлэх боломж байна гэж үзээд гэрээ байгуулсан. Тухайн барилгыг урьд өмнө нь олон удаа хүч алдсан машин ухарч цөмлөсөн байдаг.
Тухайн байшин нь дүнзээр залгаж шонгоор холбогдсон байсан. Гэтэл залгасан шон нь хугарсан байсан учир шонг нь шинэчилж хүлээлгэн өгөх гэсэн боловч нэхэмжлэгч нь шаардлага хангахгүй байна. Би уг байшинг буулгаж өөр газар барина. Тиймээс өөрийнхөө зардлаар буулгаж өөр газар барьж өг гэсэн шаардлагыг тавьсан. Уг шаардлагыг нь Х.Т хүлээн зөвшөөрөөгүй. Багана сольж тавьсан асуудал дээр нэхэмжлэгч шаардлага хангахгүй байна гэж үзсэн учир маргаан үүссэн.
Тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь Х.Т өөрөө мөн.
Х.Т нь машинаараа хойд талын ханыг цөмлөж орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Ямар эд зүйл нь эвдэрч, гэмтэн ашиглах боломжгүй болохыг тогтоосон акт байхгүй учраас хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Нэхэмжлэгч нь зөвшөөрөлгүй газар байшин барьсан. Хариуцагч нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас тухайн байшинд эвдрэл гэмтэл учруулсан байдаг.
Сумын газрын даамлаас тухайн газрын чөлөөлөх мэдэгдлийг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч чөлөөлж өгдөггүй юм байна лээ.
Нэхэмжлэгч нь өөрөө зөвшөөрөлгүй газар байшин барьсан учир миний буруу биш гэж тайлбарладаг.
Манийн бэл гэх газар нь өгсүүр давааны бэлд байрлалтай газар юм. Уг даваа руу өгсөх явцад хүч алдсан тохиолдолд байшинг ирж мөргөдөг. Тийм учраас газар эзэмших эрхийг өгөөгүй.
Теннисний буу тэр байшинд байсан гэдгийг нотлох баримт байхгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна Х.Тгийн буруу биш юм. Хариуцагчийг буруутай гэсэн акт тогтоогдоогүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шаардлагатай...гэв.
Иргэдийн төлөөлөгч М.Болормаа:
1-рт: Б.Дгийн байшинд мэргэжлийн байгууллагын дүгнэлт хийлгэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнд барилга техникийн улсын байцаагч юм уу, газрын харилцааны мэргэжилтнүүдийг газар дээр нь ажиллуулж аль хэсэг нь цөмөрч орсон. Юу, юу гэмтсэн байгааг тодруулах нь зүйтэй байна.
2-рт: Нэхэмжлэгчийн байшингийн арын хэсгийг цөмлөсөн учир тэр хэсэгт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна... гэсэн дүгнэлт гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Д болон түүний өмгөөлөгч Г.Түвшинтөгс нараас 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, гэрэл зургууд, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар Рашаант сумын Цагдаагийн хэсгийн цагдаа Х.Сэпрэнгийн тодорхойлолтын хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 248 дугаартай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаартай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх тухай хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай шинжээч томилж, үнэлгээ хийлгэх тухай хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаартай шинжээч томилж, үнэлгээ хийлгэх тухай хүсэлт, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Х.Тгаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0665 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн газрын даамал Б.Ариунжаргалын мэдэгдлийн хуулбар, гэрэл зургууд, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 0298 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн хүсэлтээр гэрч Х.Сэпрэнгийн мэдүүлэг (хх-ийн 52-55 дугаар тал), 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 87 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-38 дугаар тал) зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын төв Маанийн бэл гэх газар байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн байшингийн арын хэсгийг Х.Т нь автомашинаараа мөргөсний улмаас байшингийн арын хэсгийг цөмлөн орж байшин дотор байсан пийшин, теннисний буу, шалны плита зэрэг эвдэрч, цонхны 3 шил хагарсан.
Пийшин бутарсанаас болж байшингийн хана нийтдээ бохирлогдож ханыг нийтэд нь солих шаардлагатай болсон.
Автомашинаар байшингийн арын хэсгийг мөргөн цөмлөн орсноос шалтгаалж хаалга гажсан учир тухайн байшинг буулгаж дахин барих шаардлагатай болсон.
Тиймээс байшинг сэргээн засварлахад шаардлагатай барилгын материал, теннисний бууны үнэ 6,647,000 төгрөг, ажлын хөлс 2,500,000 төгрөг, барилгын материалыг зөөвөрлөх замын зардал 350,000 төгрөг, нийт 9,497,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манийн бэл гэх газар нь өгсүүр давааны бэлд байрлалтай газар юм. Автомашин уг даваа руу өгсөх явцад хүч алдсан тохиолдолд байшинг ирж мөргөдөг. Тийм учраас газар эзэмших эрхийг өгөөгүй. Тухайн байшинг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газар барьсан учир нэхэмжлэгч өөрөө хариуцлагаа хүлээх ёстой. Х.Тг буруутай гэж тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй. Х.Тгийн үйлдлээс шалтгаалж ямар зүйл нь эвдэрч гэмтсэн талаар гаргасан үндэслэл бүхий акт байхгүй. Байшингийн эвдэрсэн хэсгийг засаж хэвийн болгож өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Х.Тгаас байшинг сэргээн засварлахад шаардлагатай барилгын материалын үнэ, эвдэрсэн теннисний буу, ажлын хөлс нийт 8,944,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа шинжээчийн дүгнэлтэд үндэслэн 553,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 9,497,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Х.Т нь 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын төв Маанийн бэл гэх газар байрлах нэхэмжлэгч Б.Дгийн эзэмшлийн байшингийн арын хэсгийг автомашинаар мөргөсний улмаас байшингийн арын хэсгийг цөмлөсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр, төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Д нь өөрийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын зардлыг хариуцагч Х.Тгаас шаардах эрхтэй.
Б.Д нь өөрийн эзэмшлийн байшинд учирсан хохирлоо Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланд тусгагдсан үнийн дүнгээр нэхэмжилж байх бөгөөд тэрээр өөрийн байшинд учирсан гэмтлийг засуулаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд ямар хохирол учирсан болон гэм буруугийн асуудлаар маргасан бөгөөд энэ талаар гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй болно.
Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Тд холбогдох, гэм хорын хохирол 9,497,000 (есөн сая дөрвөн зуун ерэн долоон мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэдийн төлөөлөгчийн ...Б.Дгийн байшинд мэргэжлийн байгууллагын дүгнэлт хийлгэх нь зүйтэй. Үүнд барилга техникийн улсын байцаагч юм уу, газрын харилцааны мэргэжилтнүүдийг газар дээр нь ажиллуулж аль хэсэг нь цөмөрч орсон. Юу, юу гэмтсэн байгааг тодруулах... гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна. Харин дээрх байдлыг тодруулсаны дараа иргэдийн төлөөлөгчийн Нэхэмжлэгчийн байшингийн арын хэсгийг цөмлөсөн учир тэр хэсэгт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна гэх дүгнэлтэд шүүх дүгнэлт хийх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 196,956 (нэг зуун ерэн зургаан мянга есэн зуун тавин зургаа) төгрөгөөс 175,294 (нэг зуун далан таван мянга хоёр зуун ерэн дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 21,662 (хорин нэгэн мянга зургаан зуун жаран хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Тд холбогдох, гэм хорын хохирол 9,497,000 (есөн сая дөрвөн зуун ерэн долоон мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,956 (нэг зуун ерэн зургаан мянга есэн зуун тавин зургаа) төгрөгөөс 175,294 (нэг зуун далан таван мянга хоёр зуун ерэн дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 21,662 (хорин нэгэн мянга зургаан зуун жаран хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА