Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        П.Ат холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж,  шүүгч Д.Э, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                        Ц.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э

Шүүгдэгч                                                         П.А

Нарийн бичгийн дарга   Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Ат холбогдох 2012002100169 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн  Баянтэс суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багийн Хөнжил гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 41 дугаартай магадлалаар, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж өөрчилсөн, М овгийн П.А

Шүүгдэгч П.А нь 2017 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Баруун даваа гэх газраас хохирогч Ч.Б-ийн хурдан удмын 1 тооны морийг хулгайлж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас П.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М овогт П.А-ыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн /нэг/ хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат оногдуулсан 1 /нэг/ жил, 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 43 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 205 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багийн Хөнжил гэх газар оршин суух М овгийн П.А-ыг 2017 оны 11 дүгээр сард хохирогч Ч.Бийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлсан үйлдэлд гэм буруутайд тооцож, түүнд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 205 тоот шийтгэх тогтоолоор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, П.Аын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Аын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан ял тохирсон боловч өмнөх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж гомдол гаргаж байна. Учир нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн бөгөөд П.Аыг малын хулгайн үйлдэл нь 2017 оны 11 дүгээр сарын үйлдэл байгаа бөгөөд П.А нь тэнссэн хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдээгүй тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэлээ гэж үзэж байна. Иймд хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй юмаа гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан журмаар ял оногдуулна гэж заасан. Шүүгдэгч П.Ат холбогдох хэргийн  хувьд хохирогч Ч.Бийн хурдан удмын 1 тооны  адууг хулгайлсан үйлдэл нь 2017 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн. Шүүгдэгч П.А нь 2017 оны 11 сард  Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Баруун даваа гэх газраас хохирогч Ч.Бийн хурдан удмын 1 тооны  морийг хулгайлж, хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж,  гэм буруутай болох нь тогтоогдсон. Мөн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлэхийн өмнө байх бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарч байгаа болохоор уг хуулийн заалтыг баримталж, шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд  тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Ат холбогдох хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд  шүүгдэгч П.Аыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж  шийдвэрлэсэн. Шүүгдэгч П.Ат холбогдох хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Малын хулгайн хэрэг дээр гарсан хохирол төлбөрийг төлсөн бөгөөд энэ асуудалд маргаан байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж байгаа асуудал нь тэнссэн хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулна гэсэн зохицуулалт байна. Гэтэл П.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаандаа гэмт хэрэг үйлдээгүй. П.А нь 2017 оны 11 дүгээр сарын үйлдлээс хойш гэмт хэрэг үйлдэж, түүндээ ял шийтгэл хүлээж тэнсэгдсэн байсан. Уг хэргийн хувьд тэнссэн шийдвэр гарахаас өмнөх үйлдэл илэрч шийдэгдсэн. Үүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсгийг хэрэглэж байгаа нь буруу юм. Үүнд хууль хэрэглээний алдаа байгаа учраас зөвтгүүлэх санал гаргасан. Миний хувьд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдүүлэх саналтай байна. Харин заавал анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Хууль хэрэглээний хувьд алдаатай гэж үзэж байгаа бол давж заалдах шатны шүүх түүнийг залруулах эрхтэй бөгөөд үүн дээр харшлах зүйл байхгүй. Харин ч давж заалдах шатны шүүхийн эрх мэдэл хүрэхгүй байна гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зөвтгүүлэх саналтай байна гэв.                                               

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

   Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Аыг 2017 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Баруун даваа гэх газраас хохирогч Ч.Бийн хурдан удмын 1 тооны морийг хулгайлж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч П.А нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ч.А-ыг түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг  Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 41 дугаартай магадлалаар, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж өөрчлөн шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр шүүгдэгч П.Ат холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хянан шийдвэрлэх үед шүүгдэгч П.А нь 2017 онд бусдын адууг хулгайлсан гэх үйлдэл нь мэдэгдээгүй байсан байна.

 Хэрэв шүүгдэгч П.Аын бусдын адууг хулгайлсан, бусдыг хүчиндсэн гэх үйлдлүүд хамт шийдвэрлэгдэх тохиолдолд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэг хэрэглэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байхад прокурор шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Ат холбогдох хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн байхад прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянан шийдвэрлүүлэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж, улмаар анхан шатны шүүх дээрх алдааг засуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.   

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Хэргийн нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хэрэг прокурорт очтол шүүгдэгч П.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон              

 

                                                        ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай. 

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч П.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Т.ДАВААСҮРЭН

     ШҮҮГЧИД                   Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                        В.ЦЭЦЭНБИЛЭГ