Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0585

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э Р” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Ж

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ашигт малтмал газрын тосны газрын хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ж нарын хоорондын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгалтын маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч “Э Р” ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын ХV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, манай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.   Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Ашигт малтмал газрын тосны газрын даргад хандаж, 2022оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/1126 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг авсан байна./х.х.н-25/

3.   Нэхэмжлэгч тус шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

4.   “Э Р” ХХК 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21/06 албан бичгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж, Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 8/5820 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг хүргүүлжээ. /х.х.н-21,24/

5.   Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ХV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ. /х.х-н 7-10/

6.   Нэхэмжлэгч “Э Р” ХХК-ийн захирал Б.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Э Р” ХХК нь 2016 оны 01-р сарын 04-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Үенч сумын Булган нэртэй газарт орших 3992.88 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайх XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас олгосноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. Энэ хугацаанд манай компани хуульд заасан хайгуулын зардлын хэмжээг хангах, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх, хайгуулын ажлын болон байгаль орчны менежментийн тайланг гаргаж хүргүүлэх зэрэг Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг зохих ёсоор биелүүлж ирсэн болно. Манай XV-01991 дугаартай хайгуулын зөвшөөрлийн хугацаа 2022 оны 01-р сарын 04-ний өдөр дуусгавар болохоор байсан тул манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2021 оны 12-р сарын 20-ны өдөр 21/06 дугаартай албан бичгийн хамт Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад хүргүүлсэн байдаг. Тус албан бичигт Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад 2021 оны 12-р сарын 04-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг гаргах ёстой байсан боловч дэлхий нийтийг болон тэр дундаа манай улсыг хамарсан Ковид цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдал, мөн түүнчлэн Ховд аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас хөл хорио тогтоосон зэрэг гэнэтийн давагдашгүй нөхцөл байдлын улмаас тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хугацаанаас хожимдуулсан тул XV-******* дугаартай хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи , уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 12-р сарын 24-ний өдрийн 8/5820 дугаартай албан бичгээр XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэсэн үндэслэлээр бидний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай мэдэгдлийг ирүүлснийг бид 2022 оны 01-р сарын 04-ны өдөр хүлээн авсан юм. Тиймээс бид Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2022 оны 02-р сарын 08-ны өдөр 22/08 дугаартай албан бичгээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Б-н 2021 оны 12-р сарын 24-ний өдрийн мэдэгдлийг эс зөвшөөрч, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2022 02-p сарын 08-ны өдөр гаргасан гомдолдоо хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас Ховд аймгийн Үенч суманд хорио цээр тогтоосон, үүний улмаас Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга, Байгаль орчны улсын байгцаагч нараар батлуулсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хугацаа хожимдож хүлээн авсан зэрэг үйл баримтыг сунгуулах өргөдлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хугацааг хожимдуулсан хүндэтгэн үзэх нөхцөл байдал, шалтгаанаа тайлбарласан билээ. Гэвч Ашигт малтмал , газрын тосны газрын дарга 2022 оны 02-р сарын 25-ны өдрийн 1/1126 дугаартай албан бичгээр "хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй тул АМТХ - ийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2022 оны 01-р сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй" гэх хариуг бидэнд ирүүлсэн болно. Иймд манай компанийн зүгээс XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулахаар дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

1. 2021 оны 09-р сараас эхлэн Ховд аймгийн 4 суманд үүний дотор Үенч суманд малын шүлхий өвчин гарч, аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хөл хорио тогтоосны улмаас бид Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг л гэхэд 2021 оны 12-р сарын 18-ны өдөр Ховд аймгийн Yeнч сумын Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч нараар батлуулж, үүнийг шуудангаар хүлээн авсан болно. Ховд аймгийн Үенч суманд шүлхий өвчин гарч, аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хуульд заасан хугацаанаас хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна.

2. Хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй нь хугацаа сунгахаас татгалзах үндэслэл болохгүй. Тодруулбал АМТХ-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:" гэж, 22.4-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ." гэж тус тус заасан байна. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргах ёстой хэдий ч өргөдлийг хугацаа хэтрүүлэн гаргасан нь тусгай зөвшөөрлийн сунгахаас татгалзах үндэслэл буюу АмтХ-ийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасан "7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй" гэх үндэслэлд хамаарахгүй байна. Бидний зүгээс Ашигт малтмалын тухай хууль болон бусад органик хуулиуд, бусад хэм хэмжээний актуудад заасан бүхий л шаардлагыг бүрэн хангаж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хүргүүлсэн хэдий ч хууль зүйн үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж байгаа тул бид өөрсдийн эрхийг хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын манай компанийн XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч , нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

7.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Үенч сумын нутагт байрлах 2281.88 гектар талбай бүхий Булган нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1152 дугаар шийдвэрээр “Э Р” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу 3 жилийн хугацаагаар олгосон байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар" , 22.1.2 "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3 "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4 "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

“Э Р” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасан үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын XB-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дууссан. Тодруулбал, хайгуулын XВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Э Р” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг манай байгууллагад өргөдлийг хуулийн хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө ирүүлээгүй тул тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын хайгуулын XВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг, тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас сарын өмнө гаргаж байхаар, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Монгол улсын хууль тогтоомж, бусад этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ ойлгож гарын үсэг зурдаг. Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үүргээ биелүүлж чадаагүй бол хүчин төгөлдөр хугацааг хойшлуулах тухай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй. Нэхэмжлэгч нь АМТХ-ийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хариуцагч байгууллагад гаргаагүй тул кадастрын мэдээллийн системд бүртгэлд авагдаагүй. “Э Р” ХХК-ийн гомдолд "Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй" хэмээн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8/5820 тоотоор, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 22/08 тоот албан бичгүүдээр тус тус хариуг өгсөн. Иймд Ашигт малтмал , газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга ХВ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, манай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.   “Э Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэв.

2.   “Э Р” ХХК-иас Ховд аймгийн Үенч сумын Засаг даргад 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрүүдэд 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг гаргаж байжээ. /х.х-н 109-110/

3.   Харин Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/441 дугаар захирамж, Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/171 дугаар захирамжаар малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдсон тул өвчний халдварыг таслан зогсоох, голомтыг устгах, халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлж 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоожээ. /х.х-н 114/

4.   Мөн Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/172 дугаар захирамжаар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн малын орох гарах хөдөлгөөнийг 2021 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хориглосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-н 113/

5.   Хорио цээрийн дэглэм тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41."хүндэтгэн үзэх шалтгаан" гэж:, 6.1.41.г. хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон; гэж зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байна.

6.   Харин Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга Ховд аймгийн Үенч сумын нутаг дахь Булган нэртэй ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталжээ.

7.   Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана: 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; 22.1.4.хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Э Р” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21/06 дугаар албан бичгээр хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлжээ. /х.х-н 21/

8.   Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ. гэж заажээ.

9.   Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл “Э Р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусахаар байсан бөгөөд тус компани нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл гаргасан байна.

10. Түүнчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хугацаа

хоцорсон нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүх шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41г дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Э Р” ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын ХV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ