Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 40

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  Ц.Роза,

Хохирогч С.Нэргүй

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Т.Хүдэр

Шүүгдэгч М.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ням овгийн Мандахын Хүрэлсүхэд холбогдох 201717000019 дугаартай хэргийг 2017 оны 05 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн харьяат, 1991 оны 10 дугаар сарын 21-нд төрсөн, 26 настай, эрэгтэй,  ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар  450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж уг ялыг биеэр эдэлж 2015 оны 12 сарын 21-ны  өдөр дуусгавар болсон.   ЛЮ91102139 регистртэй, Ням овгийн Мандахын Хүрэлсүх

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч М.Хүрэлсүх нь 2017 оны 01 сарын 05-ны өдөр 18 цагийн орчим хамтран амьдрагч С.Нэргүйг хөдөө гэр рүүгээ явсангүй гэх шалтгаанаар зодож, түүний бие махбодид нь хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.Хүрэлсүх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Мэдүүлэг  өгөхийг зөвшөөрч байна. Би эхнэр Нэргүйг 2017 оны 01 сарын 03-ны өдөр аймаг явуулчихаад маргааш нь буюу 1 сарын 04 нд би араас нь ирсэн. Тэгээд Нэргүйг гэр рүүгээ явья гэхэд явахгүй гээд үлдсэн тэгээд би хөдөө гэр рүүгээ явсан. 1 сарын 5-ны өдөр  дахиад аймаг дээр ирээд дугуй засварын газарт танихгүй хүмүүстэй нэг шил  архи хувааж уучихаад Нэргүйгийн ээжийн гэрт очоод Нэргүйг хөдөө гэр рүүгээ явья гэхэд явахгүй гэхээр Нэргүйгийн нүүр рүү 2 удаа цохисон. Нэргүй цагдаа дуудна гээд хойд өрөө рүүгээ ороод ёолоод байсан. Тэгээд араас нь ороход газар унасан байсан. Би зурагт үзээд сууж байхад цагдаа нар ирж намайг барьж явсан гэв. 

 

          -Хохирогч С.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Би 2017 оны 01 сарын 03-ны өдөр аймагт хүүхдээ үзүүлэх гэж ирсэн. Маргааш нь Хүрэлсүх 01 сарын 04-ний өдөр ирээд явья гэхээр нь би хүүхдээ үзүүлнэ гэж хэлсэн. Хүрэлсүх хөдөө яваад 01 сарын 05-ны өдөр дахиад ирээд хөдөө явахгүй гэлээ гээд надад гар хүрсэн. Өмнө нь бид хоёр маргалдаж байсан ч надад гар хүрч байгаагүй. Тэр өдөр л надад гар хүрсэн. Одоо бид хоёр эвлэрсэн, хамт амьдарч байгаа гэв.  

 

        - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 14 тоот актын дүгнэлтэнд: 1.С.Нэргүйн биед дээд баруун гарын шуу ясны доод 1/3 хэсгийн хугарал, хамар, дух хэсгийг хамарсан, баруун шанаа, баруун хөхний дээд хэсэгт, зүүн бөөр орчим, баруун гуя, зүүн өвдөгөнд цус хуралт, хамар, баруун суганы урд шугамаар 5, 6, 7 дугаар хавирга орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 16-17 х /

 

- М.Хүрэлсүхийн  иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-н 38 х /

 

- М.Хүрэлсүхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 40 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багийн засаг даргын 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 08/115 дугаартай албан тоот, / хх-н 32 х /

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол, / хх-н 41 х / зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Хүрэлсүх нь 2017 оны 01 сарын 05-ны өдөр 18 цагийн орчим хамтран амьдрагч С.Нэргүйг хөдөө гэр рүүгээ явсангүй гэх шалтгаанаар зодож, түүний бие махбодид нь   хамар, дух хэсгийг хамарсан, баруун шанаа, баруун хөхний дээд хэсэгт, зүүн бөөр орчим, баруун гуя, зүүн өвдөгөнд цус хуралт, хамар, баруун суганы урд шугамаар 5, 6, 7 дугаар хавирга орчмын зөөлөн эдийн няцрал  бүхий хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн шүүгдэгч хохирогч нарын  мэдүүлэг, шүүх эмчийн шинжээчийн дүгнэлт  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

          Шүүгдэгч М.Хүрэлсүхэд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын                                                                                                                                                                                                                                                                                                                                                        шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодид.  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч М.Хүрэлсүхийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон  43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.   

 

Шүүхээс ял шийтгэл ногдуулахад М.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал үгүй бөгөөд ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  М.Хүрэлсүхийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Ням овгийн Мандахын Хүрэлсүхийг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан М.Хүрэлсүхийн цагдан  хоригдсон 43 хоногийн нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлж ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд тэдгээр нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Нэргүй гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар ялтан М.Хүрэлсүхэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

             6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР