| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/01014/И |
| Дугаар | 101/ШШ2022/02047 |
| Огноо | 2022-05-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2022/02047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруугийн ******* тоот хаягт байрлах “*******” ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, нарны зам гудамж, *******,******* тоот хаягт оршин суух Онход овогт Лувсанцэрэнгийн******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,366,730.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тилеген, нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Л.О******* нь *******тай 2018 оны 8 сарын 31-ний өдөр 105400325228 тоот Кредит карт эзэмших гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийн алтан кредит картын зээлийг жилийн бэлэн гүйлгээнд 36 хувь, бэлэн бус гүйлгээнд 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлийн гэрээний дагуу банкны зүгээс 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний 2.6.2-т заасны дагуу банк төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш зээлдэгч 15-ны өдрийг хүртэл хамгийн багадаа ашигласан төлбөрийн 10 хувийг хүүтэй хамт төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь 2020 оны 7 сарын 16-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, эргэн төлөлтийг зөрчиж эхэлсэн.
Банкнаас удаа дараа зээлдэгчтэй биечлэн уулзалт хийж утсаар холбогдож гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үл биелүүлсэн.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,463,987.65 төгрөг үндсэн хүүгийн төлбөр 2,983,065.44 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 1,008,177.74 төгрөг, нийт 8,365,230.83 төгрөг болж хуримтлагдсан байна.
Зээлдэгч Л.О******* нь гэрээний заалтыг зөрчиж банкнаас нэхэмжилсэн хамгийн бага төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй зөрчил гаргасан. Зөрчлийг арилгаагүй тул нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байгаа болно.
Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзалт хийж 2021 оны 9 сарын 17-ны өдөр №02 тоот зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчтай байгуулсан кридит карт эзэмших гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 4,463,987.65 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 2,893,065.44 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 1,008,177.74, нотариарын зардал 1500 төгрөг нийт 8,366,730.83 төгрөг төлөгдөөгүй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Үндсэн зээлийн төлбөрөөс 10 хувийг төлөөгүй тохиолдолд хамгийн багадаа 1 хувийн шимтгэл төлөхөөр тохиролцсон. Гэхдээ шимтгэлийн тооцоолол байхгүй байгаа. Программ дээр бодогдоод аваад гараад ирдэг. Иймд хугацаа хэтрүүлсний шимтгэл 1,008,177.74 төгрөг, нотариатын хураамж 1,500 төгрөг нийт 8,366,730.83 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие *******тай гэрээ байгуулж, кредит картын хэрэглэгч болсон. Ажил бизнесс зогссоны улмаас кредит карт болон орон сууц, автомашины зээлээ төлж чадахгүй болсон.
Гурван хүүхдээ ганцаараа өсгөдөг болохоор хувь хүний хөгжлийн ганц хоёр сургалт хийж амьдралаа авч явж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс компанийн авлагатай холбоотой бүх дансыг битүүмжилсэн тул ажил хийх боломжгүй байна. *******инд төлбөр төлөөгүй удаасандаа хүлцэл өчиж байна. Иймээс кредит картын үндсэн төлбөрийг төлнө. Харин хүү, алдангийг төлөх боломжгүй тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Л.О*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,366,730.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох үндсэн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хүү, хугацаа хэтрүүлсний шимтгэл төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2018 оны 8 сарын 31-ний өдрийн 105400325228 дугаартай Кредит карт эзэмших гэрээний үүрэгт үндсэн зээл 4,463987.65 төгрөг, зээлийн хүү 2,893,065.44 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 1,008,177.74 төгрөг, нотариатын зардал 1,500 төгрөг нийт 8,366,730.83 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч “*******” ХХК болон хариуцагч Л.О******* нар нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “кредит карт эзэмших гэрээ” байгуулж, зээлдүүлэгчээс 5,000,000 төгрөгийг бэлэн төлбөр тооцоонд ашиглах тохиолдолд жилийн 36 хувь, бэлэн бус төлбөр тооцоонд ашиглах бол жилийн 24 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлэх, зээлдэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацаанд багтаан гэрээ нэхэмжилсэн төлбөрөөс багагүй төлбөрийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 12-15 дугаар тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.
Иймд тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Хариуцагчаас үндсэн зээл 4,463,987.65 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргаагүй. Харин үндсэн зээлийн хүү болон хугацаа хэтрүүлсний шимтгэл төлөхөөс татгалзсан. Татгалзалын үндэслэлийг эдийн засгийн хүнд байдалд байгаа тул хүү болон хугацаа хэтрүүлсний шимтгэлээс чөлөөлж өгнө үү гэж тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчаас төлбөл зохих зээл, зээлийн хүүгийн хэмжээг 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд тооцсон тооцоололтой маргаагүй бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 21-51 дүгээр тал/
Мөн хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг зээлийн гэрээний дагуу төлөх ёстой хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 7,357,053 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс хугацаа хэтрүүлсний шимтгэлд 1,008,177.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд хугацаа хэтрүүлсний шимтгэл нь нэмэгдүүлсэн хүү юм гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү гаргуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан кредит карт эзэмших гэрээний 2 дугаар зүйлийн 2.5.1-д зааснаар төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5.1-д “хугацаа хэтрүүлсний шимтгэл: нийт төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10,000 төгрөг байна” гэж заажээ.
Банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч болно.
Энэ талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, мөн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...............” гэж, түүнчлэн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Гэтэл нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Л.О*******тэй байгуулсан зээлийн гэрээнд “хугацаа хэтрүүлсний шимтгэл гэж” гэж Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд байхгүй “хүү”-г тооцож авахаар тохиролцсон байх бөгөөд энэ тохиролцоогоо нэмэгдүүлсэн хүү байдлаар тайлбарлан нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Хэдийгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч гагцхүү хуулийн хүрээнд байх хуулийн зохицуулалттай.
Мөн хэрэгт авагдсан баримтаар хугацаа хэтрүүлсний шимтгэл гэх 1,008,177.74 төгрөгийн тооцоолол нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Иймд хугацаа хэтрүүлсний шимтгэлд 1,008,177.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь нотариатын зардал болох 1,500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал буюу хохиролд тооцох үндэслэлтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Л.О*******ээс 7,358,552 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,008,177,74 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Л.О*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Л.О*******ээс 7,358,552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,008,177.74 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,0180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О*******ээс 132,686 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА