| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0188/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/187 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/187
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,
улсын яллагч Р.Мягмадорж /томилолтоор/,
шүүгдэгч А.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0*******/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,*** оны *** дугаар сарын ***-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, *** настай, **** боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, *** хүүхдийн хамт /*****/ **** аймгийн ******* сум, ***** багт оршин суух хаягтай, урьд *** удаа ял шийтгүүлсэн,
-Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 02 хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
-**** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч А.******* нь ******* тоотод согтуугаар, хувийн таарамжгүй харилцааны улмаас Б. зүүн хөлийг архины шилээр цохиж, тавхайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.******* нь ****** тоотод согтуугаар, хувийн таарамжгүй харилцааны улмаас Б. зүүн хөлийг архины шилээр цохиж, тавхайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ийн зүгээс: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Б. 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байхад 16 цагийн үед байх ***** манай гэрт ганцаараа архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгээд ******* “танайд хоноё” гэхээр нь би орой хүүхдүүд ирнэ гэртээ согтуу хүн хонуулахгүй гэхэд “тэгвэл 2 цаг унтаад явъя” гэхээр нь би “за тэг” гээд манай хойд өрөөний орон дээр хувцастайгаа хэвтээд амарсан. Тэгээд 30 минут орчим болоод надтай хамт ажилладаг гэж залуу манай гэрт ирж 2,5 литр “Сэнгүр” пиво авч ирэхээр нь хувааж уугаад дуусаж байхад ******* боссон. Би тэгээд гэрээсээ гарч яваад дэлгүүрээс 0,75 хар “Экс” нэртэй архи аваад гурвуулаа миний авсан архийг манай гэрт хувааж уугаад дуусаж байх үед ******* маргаан үүсгээд агсарч байгаад 0,75 хар “Экс” нэртэй архины шил аваад намайг сууж байхад далайгаад цохьсон. Би биеэрээ хойшоо бултахад миний зүүн талын хөлийг цохиж, хөлийн мах тасарч, хөлөөс цус гарч, эмнэлэг орж, хөлдөө 3 ширхэг оёдол тавиулсан. Би тэр өдөр архи уусан байсан ч согтсон асуудал байхгүй. Болсон үйл явдлыг тодорхой санаж байна. ******* миний хөлийн эрхий хурууны дээд хэсэгт архины шилээр цохисон. Өөрөөр намайг цохиж, зодсон асуудал байхгүй тухайн үед ******* намайг цохьчихоод “уучлаарай, чи намайг зөрүүлээд цохьчих адилхан болъё” гээд архины шилээ над руу өгөөд байсан. Би тэр үед “би чамайг цохихгүй” гээд орхисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид 2 харилцан тохиролцож учраа олсон. Мөнгө төгрөг аваагүй ч надаас уучлалт гуйсан. Миний хувьд мөнгө төгрөг нэхэмжлэхгүй ээ” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Г. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуудлагын жижүүр эмчээр 24 цагаар ажиллаж байсан. Тухайн өдөр буюу 06 сарын 01-нээс 02-нийг шилжих шөнө 01 цаг 37 минутад ээлжийн сувилагч Я.Бурмаа утсаар залгаад бусдад зодуулсан хүн хүлээн авахаар ирсэн талаар мэдэгдэж дуудлага өгсөн. Тэгээд ажил дээр очиход ******* сумын *** дугаар багийн иргэн бусдад зодуулсан байдалтай эмнэлэгт ирсэн байсан. Анхны үзлэгээр баруун хөлийн тавхайн дээд хэсэгт 3 см урт 0,5 см гүн зүсэгдсэн ил шарх байсанд анхны тусламж үзүүлж 3 оёдол тавьсан. Өөр бусдаар ил харагдах шарх сорви байгаагүй, биеийн байдал нь хэвийн байсан. Би өвчтөн Б. биед анхны үзлэг хийж байх үедээ юу болсон талаар асуухад Б. нь хамт байсан ******* рүү заагаад “санаандгүй байхад архины шилээр хөл рүү цохисон” гээд ярьж байсан” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Э.****** 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ****** нарыг танина. Миний хариуцан ажилладаг 2 дугаар багийн иргэд байна. Найз нөхөд, төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. ***** хоёрын ямар харилцаатай болох талаар надад мэдэх зүйл байхгүй. Б. хувьд миний мэдэхээр “****” ХХК-ийн Баянголын уурхайд олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа үндэсний бөхөөр барилддаг сумын Харцага цолтой залуу байдаг. А.*******ийн хувьд бол сүүлийн жилүүдэд бол ******* суманд суурин байхгүй. Хаана ажил хөдөлмөр эрхэлж байгаа мэдээлэл надад байхгүй байна. Би эдгээр хүмүүсийг сумын иргэд гэдэг утгаар нь таньж мэднэ. Хувийн зан байдлыг нь сайн хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[4],
5.Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 213 дугаартай: “...1.Б.*** биед зүүн хөлийн тавхайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” дүгнэлт[5],
6.Шүүгдэгч **** 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, би өмнө өгсөн мэдүүлэгтээ болж өнгөрсөн зүйлсийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Б.Г-д дансаар одоогоор мөнгө төгрөг өгөөгүй. Гэхдээ бид хоёр харилцан тохиролцоод надад гомдол, саналгүй болсон” гэх мэдүүлэг[6],
7.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[7], 8.Хохирогч Б. Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[8], 9.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[9], 10.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[10], 11.Шүүгдэгчийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[11], 12.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[12], 13.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[13], 14.Шүүгдэгчийн гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа[14], 15.Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[15], 16.******* сумын багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 288 дугаартай тодорхойлолт[16], 17.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[18] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Үйл баримтын талаар дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн ДҮГНЭВЭЛ:
Шүүгдэгч А.******* нь **** тоотод согтуугаар, хувийн таарамжгүй харилцааны улмаас Б. зүүн хөлийг архины шилээр цохиж, тавхайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогддог.
Иймд шүүгдэгч А.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Б. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй, цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг бичгээр гаргасан[19] тул шүүгдэгч А.*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т 2 /хоёр/ сарын хугацаагаар **** аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогтой *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т 2 /хоёр/ сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
6.Хохирогч Б. нь эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй тул шүүгдэгч А.*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Шүүгдэгч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 06-07, 09 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 01 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 02 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 23-24 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас
[14] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас
[16] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас
[18] Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас
[19] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас