Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/188

 

                                          Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,

улсын яллагч Р.Мягмардорж /томилолтоор/,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0*******/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, **** өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, *** настай, *** боловсролтой, **** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл **, *** хамт ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийг шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим ******* маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийг шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим ***** маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],

2.Гэрч Н. 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг. Намайг 2023 онд сумын экологийн асуудал хариуцсан байцаагчаар ажиллаж байхад 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус сумын 1 дүгээр баг 8-6 тоотод оршин хаягтай иргэн ****** согтолттой жолоодож явсныг хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч М. илрүүлэн, тээврийн хэрэгслийг түр саатуулж, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын гомдол мэдээллийн ***** дугаарт бүртгэгдэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар 1 жил хасаж, 400 нэгж буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ нь төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч М.ийн 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдал хангах тасгийн хэсгийн цагдаагаар 2022 оны 11 дүгээр сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Би 2024 оны 03 дугаар сарын 04-05-ыг шилжих шөнө 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ***** багт ***** хамт эргүүл хяналт шалгалтаар ажиллах хугацаанд ****** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон байсан тул ***** маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулан тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.*******ыг сумын цагдаагийн хэсгийн байранд авчирч, согтуурал шалгах /Алко тест 6820/ дугаартай багажаар шалгахад 00236 дахь үлээлтээр 2,34%-ийн согтолттой байсан. Би 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчимд сумын   дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Б**** маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад саатуулагдаж байсан. Тухайн үед ***** согтуурал шалгах /Алко тест 6820/ дугаартай багажаар шалгахад тус согтуурал шалгах багажийн 120 дахь үлээлтээр 1.72%-ийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан экологийн асуудал хариуцсан байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн хошууч Н. хүлээлгэн өгч, **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 10 дугаар сард хасуулж байсан” гэх мэдүүлэг[3],

4.Шүүгдэгч Б.*******ын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн шалгагдаж байгаа хэрэгт өмгөөлөгч оролцуулахгүй. Миний хувьд өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил хасуулсан үедээ дахин 2024 оны 03 дугаар сарын 04-05-ны шилжих шөнө дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хуулийн өмнө хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй болно“ гэх мэдүүлэг[4], 5.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[5], 6.Согтуурал шалгасан тэмдэглэл[6], 7.2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас[7], 8. сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаартай тодорхойлолт[8], 9.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар хувь[9], 10.Шүүгдэгчийн ажлын байрны тодорхойлолт[10], 11.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[11], 12.Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Өмнө нь зөрчилд холбогдогч ***-ыг согтуурал шалгах /Алко тест 6820/ дугаартай багажаар шалгахад тус согтуурал шалгах багажны 120 дахь үлээлтээр 1.72%-ийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан цагдаагийн хошууч Н. хүлээлгэн өгч, Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2023 оны 10 дугаар сард хасч, торгуулийн шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр хэвээр байсан боловч зөрчилд холбогдогчид зөрчил гаргасны улмаас эрх бүхий албан тушаалтны зүгээс хялбаршуулсан журмаар оногдуулсан шийтгэл, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ял хоёр хоорондоо ялгаатай.

Шүүхээс зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулдаг бол эрүүгийн хэрэгт ял оногдуулдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар “Эрх хасах” ял тусгай ангид заасан тохиолдолд заавал оногдуулахаар хуульчилсан байна.

Тэгэхээр шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хэзээнээс эхлэн тоолох эсэх, шийтгэврээр эрх хасах шийтгэл дээр шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг нэмж нэгтгэх эсэх дээр маргаан дагуулах шаардлагагүй.

Зөрчилд холбогдогчийн хувьд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хугацаагаар хасаж, 4,000,000 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор хуульчилсан байна.

Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 12 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 05 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 07 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас