Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 133/ШШ2022/00225

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                       

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: А овогт Д-ын И-ыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын гаргасан нэхэмжлэлтэй

 

хариуцагч: Х овогт Т-ийн Г-д холбогдох,

 

байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдрийн 0,05 хувийн алдангийг тооцож 12,085,270 төгрөг, засвар хийсэн төлбөрт 4,940,000 төгрөг, Төрийн банкны Ард зээлийн төвд төлсөн зээлийн хүү 15,182,500 төгрөг, нийт 32,207,770 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ор, хариуцагч Т.Г, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.И-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.И нь 2019.10.30-ний өдөр Т.Г-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт Жаргалант Апартмэнт хотхоны 45 тоот 50 м2 талбай бүхийн 2 өрөө байрыг худалдан авахаар тохиролцож байрны урьдчилгаа төлбөрт 2019.10.19-нд 12.000.000 төгрөг, 2019.10.30-нд 2.000.000 төгрөг, 2019.11.07-нд 5.000.000 төгрөг, 2020.05.27-нд 400.000 төгрөг, 200.000 төгрөг, 2020.06.08-нд 200.000 төгрөг, 2020.07.03-нд 200.000 төгрөг, 2020.07.24-нд 800.000 төгрөг, 2020.08.26-нд 200.000 төгрөг, 2020.08.28-нд 300.000 төгрөг, 2020.09.27-нд 300.000 төгрөг нийт 21.600.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг Ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж өгөхөөр болсон боловч тус зээл бүтээгүй учраас 2021 оны 04 дүгээр сард байраа чөлөөлж өгсөн. Т.Г нь тус байрыг өөр хүнд зарагдмагц урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан төлнө гэсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сард тухайн байрыг өөр хүнд зарсан боловч Д.Иын байрны урьдчилгаанд өгсөн мөнгийг өгөхгүй байгаа юм. Иймд орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, байрны урьдчилгаанд төлсөн 21.600.000 төгрөгийг Т.Г-аас гаргуулан Д.И-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон сууц захиалах, захиалан гүйцэтгэх гэрээ байгуулж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, Жаргалант Апартмент буюу 23 дугаар байрны 45 тоот байрыг ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээ байгуулагдсанаас 2 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байраа хүлээн авч албан ёсоор байранд орсон. Байранд орсны дараагаар 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 2020 оны 09 сарын хоног нийтдээ 12 удаагийн гүйлгээгээр байрны урьдчилгаа төлбөрт 21.600.000 төгрөгийг Д.И-оос шилжүүлсэн байдаг. Улмаар ипотекийн зээлд хамрагдаж байрны үлдэгдэл төлбөрийг төлөх гэсэн боловч удаа дараагийн банкинд микийн зээл хангагдаагүй гэдэг үндэслэлээр зээл бүтэх боломжгүй болсон. Зээл бүтээгүй учраас тухайн байрыг 2021 оны 04 дүгээр сард хүлээлгэн өгсөн. Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Байранд орсны дараагаас төлбөрийг төлсөн нь Иргэний хуульд заасан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах ёстой байтал орон сууц захиалах гэрээ буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь анхнаасаа хууль бус байсан байна. Одоогоор тухайн байрыг хүлээлгэж өгсөн учраас хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварт байрны урьдчилгаанд төлсөн 21,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна.  Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээний 2-д заасан алданги нэхэмжилж байна. Тухайн орон сууц захиалах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу анхнаасаа харилцан үүрэг үүсээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Иймээс алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. Барилгын засварын ажил гүйцэтгэсэн 4,940,000 төгрөг гэж байна. Тухайн байрыг хүлээж аваад хэн гэдэг хүнээр ямар засвар хийлгэсэн гэдэг нь үйл баримтаар тогтоогдохгүй. Барилгын материал худалдан авсан материал байгаа болохоос засварын ажлыг тухайн байран дээр хийсэн эсэх нь тодорхойгүй. Д.Иын зүгээс тухайн байранд засвар хийх ямар нэгэн шаардлага байхгүй бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэдэг зүйл ярьж байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн бизнесийн зээлийн талаар яриад байна. Энэ нь ямар нэгэн хамааралгүй. Б.Т гэдэг хүн Төрийн банктай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ хүмүүсийн ямар нэгэн үүрэг хүлээх шаардлага байхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Г миний бие 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Д.И-той гэрээ байгуулсан боловч 2020 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд байрны үлдэгдэл төлбөр болох 61,035,000 төгрөгийг зээлэнд хамрагдаж Ганболдын Цогзол, Ганболдын Наранцацрал гэх хоёр эгчээрээ банканд материал бүрдүүлж өгөх амлалт өгч шинэ байранд маань нүүж орсон. Үүнээс хойш удаа дараа гэрт нь очиж асуудлаа шийдэхийг шаардсан боловч зээлгүй бэлнээр төлнө гэсээр 2021 оны 07 дугаар сар хүргэсэн. Алданги, хүү миний хувьд Төрийн банкинд төлсөөр өдий хүрсэн. Г.Цогзол нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажиллаж байгаад ажлаасаа гарсан тул зээл нь олдохгүй гээд Г.Н-хаа нэр дээр зээл авна гэж хэлж 2021 оны 06 дугаар сард аргаа барж нүүхийг шаардсан боовч нөхөр Г.Б нь нүүхгүй гарахгүй гэж сүрдүүлж намайг шат руу түлхсэн. Миний хийсэн гэрээ тул цагдаад өргөдөл гаргах гэтэл /халаалтын улиралд/ айл нүүлгэх хориотой гэж хэлсэн тул бас л чимээгүй өнгөрсөн. Маш олон удаа маргаан гарсан ч байр суллахгүй гэсээр хадмууд нь оролцож эхэлсэн. Аргагүйн эрхэнд 8,000,000 төгрөг буцааж өгөх гэрээ хийснээр байрны түлхүүрээ авсан боловч хүнд зарах аргагүй хуучруулсан байсан. Зарахын тулд дахин шинээр засвар хийсэн. Үүнд 1. хаалганы цоож 40,000 төгрөг, паркетан шал 1,500,000 төгрөг, обой, цавуу 400,000 төгрөг, ванн 500,000 төгрөг, нойл 450,000 төгрөг, ажлын хөлс 3,000,000 төгрөг нийт 5,890,000 төгрөг, 2. Анх улсын бүртгэлд гэрчилгээ авах хүний нэр өгснөөр татваргүйгээр нэр шилждэг эднийх Н-т дээр авна гэсэн боловч аваагүй тул нэмж 1,600,000 төгрөг зардал манайх гаргасан. 3. Захиалгын гэрээний заалтын дагуу хоногийн алдангийг бид нэхэмжлэх эрхтэй. 3 хувийн торгууль 2,470,000 төгрөг, 570 өдөр 28,5 хувийн торгууль 17,480,000 төгрөг, нийт 27,440,000 төгрөг. Бид бизнесийн зээл энэ хугацаанд төлж алдагдал хүлээсэн энэ нь сарын 2,2 хувийн хүүтэй зээл байсан. 2021 оны 12 сар хүртэл зээлтэй байсан. 2 жил 52,8 хувийн алдагдалтай үлдэгдэл 61,035,000 гэвэл 32,226,480 алдагдал хүлээснээр нийт 59,666,480 төгрөг салхинд хийсгэсэнтэй  тэнцүү болсон. Тиймээс би сөрөг нэхэмжлэл өгнө. Үнэн зөвийг тогтоож өгнө үү. Анх 2019 оны 10 дугаар сарын 11-нд гэрээ байгуулж орсон. 2019 оны 12 дугаар сарын 04-нд улсын комиссод ашиглалтад өгсөн учраас 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс өмнөх бүх гэрээ захиалгын гэрээний дагуу явагдсан. Миний данс руу 19.000.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Бусад төлбөр СӨХ, халаалт, цахилгаан, дулаан, цэвэр ус хэрэглээний халуун ус гэх мэт төлбөрийг сар бүр төлдөггүй байсан учраас араас нь нэхэл дагал болж байж төлдөг байсан. Гэрээ байгуулж орохдоо байр худалдаж авах хүн байсан учраас бэлэн төлөлтөд 24 дүгээр тоотыг өгөөд 45 тоотыг зээлээр олгох боломжтой байна гэж хэлсэн. Өөр жижиг байрнууд байсан ч таалагдахгүй байсан. Энэ байраа 19.000.000 төгрөг дээр 6.000.000 төгрөгийг 12 дугаар сарын дундуур танайхыг ашиглалтад өгөх үед зээлж аваад өгнө гэж хэлээд орсон. Ямар ч урьдчилгаагүй хүнд байраа зардаггүй. Урьдчилгаа төлбөрөө төлж, банкны шаардлага хангасан, ямар нэгэн ажилд тогтвортой ажиллаж байгаа тодорхойлолт шаарддаг байсан. Хөдөлмөрийн хэлтсээс тодорхойлолт авч ирсний үндсэн дээр Ц-н нэрээр өгсөн. Ц гэдэг хүн нь И-ын хадам эгч нь байсан. Хадам эгчийнхээ нэр дээр авна гээд Ц-ын нэрээр авсан. Тэгээд Д.И төлбөрийн чадваргүй гэдэг нь нотлогдсон. Сар болгоны төлбөрийг төлдөггүй байсан. Манай байранд амьдарч байхдаа төрсөн. Би нялх хүүхэдтэй хүнийг байрнаас гаргаж чадаагүй. Та нар алдангийн бага дээр гэрээгээ цуцлах хэрэгтэй байна гэхэд бид нар яаж ийгээд энэ байрандаа амьдармаар байна. Нялх хүүхдээ дагуулаад хаашаа явах уу. Намайг орж маргаан хийхэд нөхөр нь удаа дараа шат руу түлхсэн асуудал үүсч байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж албадан гаргуулах гэтэл нялх хүүхэдтэй, халаалтын улиралд гаргаж болохгүй гэсэн. Үлдэгдэл төлбөрийн тухайд 19.000.000 төгрөг өгөөд урьдчилгаа төлбөр хангагдаагүй байсан. Төлбөр дутуу байсан, эгч нараараа дамжуулж зээл авна гэсэн. 2 эгч нь өндөр дүнгийн зээлтэй байсан тул авах боломжгүй гэсэн. Би төрийн байгууллагад ажилладаггүй учир энэ хүмүүсийн юу хийж явдаг талаар сайн мэдэхгүй. Авч ирсэн бичиг баримтыг үндэслэн үнэн гэж итгээд анх гэрээ хийсэн байдаг. Тухайн үед бид Төрийн банкны зээлтэй байсан. Мөн Хас банк болон банк бусын бусад зээлүүдтэй байсан. Энэ болгондоо алдангийг нь данснаасаа төлдөг байсан. Байрыг хүлээлцэж өгөөгүй. Би олон удаа хаалгыг нь нүдэж байсан. Хаалгаа нээж өгдөггүй байсан. Хаалгыг түгжээд хөдөө, орон нутаг руу явчихдаг байсан. Ээж ааваасаа 80.000.000, 100.000.000 төгрөг бил үү бэлнээр авсан. Ээж, аав нь бид 100 хувь мөнгийг төлсөн байхад ордероо яагаад өгөхгүй байгаа юм бэ гэж байсан. 2021 оны 03 дугаар сарын сүүлчээр болсон үйл явдал. Би үнэн бодит байдлыг нь хэлсэн. Анхнаасаа залилан хийх төлөвлөгөөтэй байсан гэж үзэж байгаа. Энэ байрнаас гарсны дараа шүүхээс асууж сурч ирдэг байсан. Байрны алдангийг өдрийн 0.05 хувийн алдангиар тооцдог байсан. Төлбөрөө 100 хувь төлснөөр банкнаас ордер авах боломжтой байсан. Гэтэл банк бидэнтэй гэрээ байгуулж манай зээлийг дарахын тулд ипотекийн 8 хувь гаргаж өгснөөр тухайн байрны гэрчилгээ гардаг. Зээл олгох боломжтой гэсэн тохиолдолд шилжүүлэх бүрэн боломжтой байсан. Зээлийн шаардлага хангаагүй. Гэрчилгээ гаргах бүрэн боломжтой тохиолдолд улсын бүртгэл ордерыг нь шилжүүлэх боломжтой. Нэхэмжлэлдээ худлаа бичсэн байсан. Намайг байрны гэрчилгээ гаргаж өгөөгүйгээс болж байрнаасаа гарсан гэсэн байсан. Төлбөр төлөөгүй хүнд гэрчилгээ гаргаж өгвөл дахиад 70 %-иар хохирох байсан. Манай үл хөдлөх хөрөнгө 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл бүхэлдээ Төрийн банкны барьцаанд байсан. Айлуудад зээл гарах болгонд Төрийн банкнаас албан тоот ирж судлагдаад зээл гарахаар улсын бүртгэлд өгдөг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидэнд маш их хохирол учирсан. Байр хүлээлгэж өгөөгүй. Нотариат дээр очоод мөнгө авна тэгэхгүй бол байрыг хүлээлгэж өгөхгүй, бид амьдарна, та нар шүүхээс тодорхойлолт гаргаж ир гэж хугацаа авч байсан. Нотариат дээр надад түлхүүр өгсөн. Би 8.000.000 төгрөг өгье гэж гэрээ байгуулж өгсөн. Нотариатын бичсэн загварыг намайг ингэж бич гэсэн үндсэн дээр бичиж өгсөн. Анх цоо шинэ байр хүлээлгэн өгсөн боловч жаахан хүүхдүүдтэй айл байсан мөн 1 жил 8 сар амьдарсан учир би дахиж бүрэн засвар хийгээд зарсан. Шинэ байр гээд зарах боломжгүй болсон байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Хариуцагч Т.Г шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Т.Г миний бие 2019 оны 10 дугаар сарын 11-нд нэхэмжлэгч гэх Д.Итой орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт байрлах Жаргалан Апартмент хотхоны 2-р орц , 45 тоот , 49,9 м2 талбай бүхий 2 өрөө байрыг худалдан авахаар болж байрны урьдчилгаа төлбөрт нийт 21,600,000 төгрөг төлсөн. Улмаар Д.И нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байрандаа орсоны дараа гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг Ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж өгнө гэж хэлж байранд орж амьдарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Огаргасан нэхэмжлэлдээ улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Иын нэр дээр гаргаж өгөөгүй тул зээл бүтээгүй мэтээр дурьджээ. Миний хувьд Төрийн танкнаас өндөр хүүтэй зээл авч тухайн байрыг ашиглалтад оруулсан, тухайн үл хөдлөх эд херөнгүүд бүгд барьцаанд байдаг, байрны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд гэрчилгээг чөлөөлөх эрхийг банк олгож, уг бичгийг улсын бүртгэлд өгснөөр айлуудын гэрчилгээ гардаг байсан. Хэрэв нэхэмжлэгч байрны төлбөрийг зээл авах болон бусад байдлаар 100 хувь төлсөн тохиолдолд шууд гэрчилгээ гарах боломжтой байсан. Нэхэмжлэгч нь банк дээр очиж удаа дараа зээлээ судлуулсан боловч зээл авах боломжгүй гэдэг, аргаа бараад Г.Б-ийн эгч Г.Н, Г.Ц нарын нэр дээр зээл гаргуулах талаар хөөцөлдөж мөн л зээл авах боломжгүй гэдэг. Сүүлдээ аав, ээжээсээ, ах эгч нараасаа ноолуурын мөнгийг нь аваад өгнө гэж хүлээлгэсээр 18 сар тус байсан. Зээл авах боломжтой бид ажил хийдэг гэж хэлээд байранд орсон. Гэтэл бодит байдал дээр зээл авах боломжгүй байж байранд орчихсон байсан. Гэтэл гэрчилгээ өгөөгүйгээс зээл бүтээгүй учир 2021 оны 04 дүгээр сарын 2 өдөр байраа чөлөөлж өгсөн гэж худлаа ярьж байна. Сүүлдээ зээл авах ч боломжгүй, мөнгө төлөх боломжгүй болоод байр чөлөөлж өгсөн. Миний бие тухайн байрыг зарагдмагц урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан төлнө гэж яриагүй энэ хүмүүсийг байрны үлдэгдэл төлбөрөө өг гэж удаа дараа шаардсан гэтэл тус байранд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл нийт 18 сар тус байранд амьдарсан. Ингэж 18 сар тус байранд амьдарч, байрны төлбөрийг бүрэн төлөхгүй хугацаа авч амьдарсаар захиалагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгч надад хохирол учруулсан. Иймд дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэгдүгээрт: Захиалагч тал Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн 0,05 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгч талд төлөхөөр харилцан тохиролцсон. Манай байр 2019 оны 12 дугаар сарын З-нд ашиглалтанд орж улсын комисс хүлээн авсан. Д.И нь 2019 оны 10 дугаар сарын 11-нд гэрээ хийгээд урьдчилгаа төлбөрөө дутуу төлсөн. Манайх очих газар байхгүй айлд байгаа, бид нар зээл авах боломжтой, манай нөхрийн төрсөн эгч Г овогтой Ц нь Хөдөлмөрийн хэлтэст тогтвор суурьшилтай ажиллах боломжтой зээл авчихна гээд ажлын байрны тодорхойлолтыг нь авчирч өгч байсан. Мөн урьдчилгаа төлбөрийнхөө талыг хийсэн учир байрныхаа төлбөрөө зээл аваад төлчих юм байна гэж итгэж, мөн нялх хүүхэдтэй хүн гуйгаад байхаар нь 2020 оны 10 дугаар сарын 13-нд байрандаа оруулсан. Гэрээнд зааснаар байр ашиглалтад орсноос хойш 2 сарын дотор банкнаас зээлээ гаргуулж, байрны үлдэгдэл төлбөрийг төлж дуусгавар болгох байсан. Нэхэмжлэгч Д.И нь хадам эгч болох Хөдөлмөрийн хэлтэст ажилладаг Г.Ц-роо Төрийн банк, Хас банкинд орон сууцны зээл авахуулах гээд зээлээ судлуулсан боловч цалингийн зээлтэй гээд зээл гарах боломжгүй гэсэн, дараа нь 3 дугаар сард өөр эгч болох Г.Н-аар зээл авахуулна гээд Хас банк дээр очиж зээлээ судлуулсан гэтэл зээл авах боломжгүй гэсэн. Миний хувьд өөрөө банкинд өндөр зээлтэй учир байрны төлбөр төлөхийг шаардаж байсан. Гэтэл нэхэмжлэгч Д.И нь 2020 онд “Уран Охид” ХХК-д ажилд орсон, энэ газраа 10 сар ажиллавал зээл гарчихна түр хүлээж байгаач гэсэн. Гэтэл тэр газартаа 5 сар ажиллаад ажлаасаа гарч, 2020 оны 7 дугаар сард төрсөн, банкаар зээл авах боломжгүй болсон. Гэрээгээ цуцлах саналыг хэлж байрнаас гар гэж удаа дараа шаардсан тэгээд гараагүй, цагдаад өргөдөл өгье гэж асуусан чинь халаалтын улиралд хүн гаргах боломжгүй гээд 2021 оны 4 дүгээр сарыг хүргэсэн. Энэ хугацаанд аав ээж ах эгчээсээ ямааны ноолуурын мөнгө аваад өгчихнө хүлээж бай гэж удаа дараа олон шалтаг хэлж миний хувьд нэгэнт энэ хүнийг оруулсан, мөн нялх нойтон хүүхэдтэй гэж их хүлээсэн. Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 2 дугаар сарын дотор зээлээ авч өгөөд үлдэгдэл төлбөрийг дуусгах байсан. Байрны үлдэгдэл төлбөр нь 60,735,000 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 2020 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хугацааны 398 өдрийн 0,05 хувийн алдангийг тооцож 12,085,270 төгрөгийг нэхэмжилж байна.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгч Д.И-д 2019 оны 10 дугаар сарын 13-нд шинээр ашиглалтад орсон 2 өрөө байрыг хүлээлгэж өгсөн. Гэтэл энэ хүмүүс тэр байранд бүтэн 1 жил 6  сарын хугацаанд амьдарч байсан. Тэр байрыг 2021 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр чөлөөлж өгөхөд өрөөний обойнууд нь зурагдсан, нойлын ус татагдахгүй болсон, ванн нь жил гаруй хэрэглэсэн тул солих шаардлагатай, паркетан шаланд зураас үүссэн эвгүй үнэртэй байсан учир дахин зарахын тулд засвар хийж борлуулсан. Нэхэмжлэгчид түлхүүр гардуулж өгсөний дараа байрандаа ус алдуулсан байсан бөгөөд шал нь чийг болчихсон тул шалыг нь хуулж дахин шинээр шал шахаж тавьсан. Засварын үнэ нь шал авсан 1300000 төгрөг, нойлын үнэ 300000 төгрөг, Ванн 400,000 төгрөг Обой 400,000 төгрөг, тавилгууд хөшиг тогтоогч тавьсан тул Эмульс замаск хийсэн 40000 төгрөг, засварын барилгын ажлын хөлс 2500000 төгрөг нийт 4,940,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.

Гуравдугаарт: Бид бизнесийн зээлийг банк бус болон банкны зээл авч энэхүү барилгаа босгосон . Сарын хүү 2,5 хувь нийт 25 хувийн хүү төлсөн. Уг байрны үлдэгдэл төлбөр болох 60,730,000 бөгөөд 2020 оны З-р сарын 1-нээс эхлэн 2021 оны 4 сарын 1-ний өдөр хүртэлх хугацааг нийт 13 сараар тооцож хүү төлсөн. Үүнд хүүгийн алдангийг оруулаагүй. Зөвхөн зээлийн хүүнд Төрийн банкны Ард зээлийн төвд 15182500 төгрөгийг төлсөн. Тиймээс 15,182,500 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хувьд хүний ёсоор хандаж өөрөө хүртэл банкруу дагуулж явж зээл хөөцөлдсөн. Эцсийн сар хүртэл нэгэнт орсон энэ айлыг гаргахгүй гэж хичээсэн. Хас банкны эдийн засагч Болормаа дээр 2021 оны 03 дугаар сард нөхрийнх нь эгч Г.Н-ыг хамтаар очсон боловч тэрээр цалингийн өндөр дүнгийн зээлтэй тул өр орлогын харьцаа хангагдахгүй гэсэн шалтгаанаар судлах боломжгүй хариуг өгсөн. Мөн банкны захирал Жаргалсайхан дээр миний бие эгч Ц-ыг дагуулж хамт очиж зээлийг нь судлаад өгөөч гэж хүсэлт гаргасан боловч мөн л зээл гарах боломжгүй гэсэн. Хэрэв би өөр хүнд байраа борлуулсан бол их хэмжээний хохирол амсахгүй байсан. Иймд миний хувьд нэхэмжлэгч нь гэрээний үүрэг болох байрны үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс гэрээ цуцлагдах болж надад нийт 32,207,770 төгрөгийн хохирол учирсан тул хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Д.Иоос дээрх хохирлыг гаргуулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар -Орон суух захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ,

-Д-ын И-ын 5920034028 дугаартай дансны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарйн 30-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга,

-Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар зэргийг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар -Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 373 дугаартай албан бичиг, хавсралт 46 хуудсын хамт гаргуулсан байна.

 

5. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, Г-ын Н-ын дансны дэлгэрэнгүй тайлан, хаяг Говь-Алтай аймаг, Жинст баг, 38-р байр, Жаргалан Апартмент, захиалагчийн тоо 49, гүйцэтгэлийн хувь 10 хувь гэж бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, Говь-Алтай аймгийн “Ундарга-Алтай” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай албан бичиг,

-Төрийн банкны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19/07-184 дугаартай тодорхойлолт,

-Жаргалан аппертментийн дансны дэлгэрэнгүй тайлан,

-Б-ийн Т-ийн109000101785 дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга /2017.10.01-2022.03.22/

-Б-ийн Т-ийн109000129422 дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга /2018.10.01-2022.03.22/

-Б-ын Т-ээс2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 3 жилийн хугацаатай -олгосон итгэмжлэл,

Төрийн банкны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22/7-142 дугаартай “Барьцаалбарт өөрчлөлт оруулж, бүртгэх тухай” албан бичгийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан дарсан хуулбар,

Төрийн банкны 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/7-256 дугаартай “Барьцаа хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулж, бүртгэх тухай” албан бичгийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан дарсан хуулбар,

Төрийн банкны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19/07-20 дугаартай “Барьцаа хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулж, бүртгэх тухай” албан бичгийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан дарсан хуулбар,

Зарлагын баримтын эх хувь,

Жаргалан апартмент-д нүүж ороход мөрдөгдөх зөвлөмж,

-Орон сууцны урьдчилгаанд төлсөн үнээс буцааж 8,000,000 төгрөг өгөх тухай баталгаа гэх нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 372 дугаартай албан бичиг,

Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ зэргийг ирүүлсэн байна.

Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулсан:

-Хас банкны Говь-Алтай салбарын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20/239 дугаартай албан бичиг,

-Уран-Охид ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22/04 дугаартай албан бичиг,

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 326 дугаартай албан бичгээр ирүүлсэн -эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Хаан банкаар гэрчилгээний төлбөр төлсөн баримт, Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ хавсралтын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р байр, Баянхайрхан Дэвшил, 23 дугаар байрны гэрчилгээний улсын бүртгэлийн хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, үл хөдлөх хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт зэргийг ирүүлсэн байна.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

7.Нэхэмжлэгч Д.И-ыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онь Т.Г-д холбогдуулан байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

 

8. Хариуцагч Т.Г нь нэхэмжлэгч Д.И-д холбогдуулан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдрийн 0,05 хувийн алдангийг тооцож 12,085,270 төгрөг, засвар хийсэн төлбөрт 4,940,000 төгрөг, Төрийн банкны Ард зээлийн төвд төлсөн зээлийн хүү 15,182,500 төгрөг, нийт 32,207,770 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,600,000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь ... 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, Жаргалант Апартмент буюу 23 дугаар байрны 45 тоот байрны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээ байгуулагдсанаас 2 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байраа хүлээн авч албан ёсоор байранд орсон. Байранд орсны дараагаар 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 09 сарын хооронд нийтдээ 11 удаагийн гүйлгээгээр байрны урьдчилгаа төлбөрт 21.600.000 төгрөгийг Д.И-оос шилжүүлсэн байдаг. Ипотекийн зээлд хамрагдаж байрны үлдэгдэл төлбөрийг төлөх гэсэн боловч удаа дараагийн банкинд хандахад зээлийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр зээл бүтэх боломжгүй болсон. Зээл бүтээгүй учраас тухайн байрыг 2021 оны 04 дүгээр сард хүлээлгэн өгсөн. Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Байранд орсоны дараагаас төлбөрийг төлсөн нь Иргэний хуульд заасан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах ёстой байтал орон сууц захиалах гэрээ буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь анхнаасаа хууль бус байсан байна. Одоогоор тухайн байрыг хүлээлгэж өгсөн учраас хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварт байрны урьдчилгаанд төлсөн 21,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

 

10. Хариуцагч Т.Г нь ... Анх 2019 оны 10 дугаар сарын 11-нд гэрээ байгуулж орсон. 2019 оны 12 дугаар сарын 04-нд улсын комиссод ашиглалтад өгсөн учраас 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс өмнөх бүх гэрээ захиалгын гэрээний дагуу явагдсан. Миний данс руу 19.000.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Бусад төлбөр СӨХ, халаалт, цахилгаан, дулаан, цэвэр ус хэрэглээний халуун ус гэх мэт төлбөрийг сар бүр төлдөггүй байсан учраас араас нь нэхэл дагал болж байж төлдөг байсан. Анх цоо шинэ байр хүлээлгэн өгсөн боловч жаахан хүүхдүүдтэй айл байсан, мөн 1 жил 8 сар амьдарсан учир би дахиж бүрэн засвар хийгээд зарсан. Шинэ байр гээд зарахад боломжгүй болсон байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

 

11.Хариуцагч Т.Г нь Д.И-той 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ” байгуулж, гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж Борлуулалтын албаны менежер Т.Г гэж гарын үсэг зурж, захиалагч тал Дашбалжирын Ичинхорол гэж гарын үсэг зуржээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”-ний 2 дахь заалтад “Гүйцэтгэгч тал нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Жаргалан апартмент” орон сууцны барилгын захиалагч талын захиалсан 1 дүгээр орц 24 тоот дор дурдсан өрөө талбай, үнэ бүхий орон сууцыг барилгын батлагдсан зураг төсөл, стандарт, техникийн нөхцөл, нормын дагуу энэхүү гэрээгээр тохиролцсон хугацаанд чанартай барьж хүлээлгэн өгөх, захиалагч нь зохих төлбөрийг хугацаанд нь саадгүй төлөхөөр тохиролцов.” гэжээ.

 

12. “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”-ний харилцааг Иргэний хуулийн гэрээний тусгай төрлүүдэд нарийвчлан тусгаагүй, нэрлэгдээгүй гэрээ боловч гэрээний агуулга, гэрээний нөхцөлийн хувьд нэг талаас орон сууц захиалан бариулах, нөгөө талаас уг орон сууцыг шинээр барьж хүлээлгэн өгөхтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа тул уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний нэг төрөл гэж дүгнэх үндэслэлтэй юм. 

 

Харин нэхэмжлэгч Д.И, хариуцагч Т.Г нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээг  “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ” гэж нэрлэсэн боловч гэрээний агуулга, гэрээний нөхцөл, хэргийн үйл баримтаас дүгнэхэд дээрх гэрээ нь худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд гэрээгээ “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч уг гэрээ худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан бол орон сууц худалдах-худалдан авах гэрээ, эсвэл ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан бол тухайн гэрээний харилцааг үүссэн гэж үзнэ. Гэрээний зорилго, талууд юу тохиролцсон, гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зориг гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж нь болдог. Үүнээс үүдэн шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлох нь хууль хэрэглэх эхний алхам болно. Зохигчид маргаагүй ч гэрээний харилцаа өөрөөр тодорхойлогдох бол шүүх тодруулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үүрэгтэй.

 

Нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм. Харин нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээ байна.

 

Үйл баримтын хувьд: “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ” гэх гэрээг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан байх ба гэрээ байгуулагдсанаас 2 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Д.И нь байрыг хүлээн авч, албан ёсоор байранд орсон бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тухайн байрыг улсын комисс хүлээн авч ашиглалтад өгсөн гэж талууд тайлбарлаж, уг үйл баримттай маргаагүй болно.

 

Улмаар Д.И нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 12.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-нд 2.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 07-нд 5.000.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 27-нд 400.000 төгрөг, 200.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 08-нд 200.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 03-нд 200.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 24-нд 800.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 26-нд 200.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 28-нд 300.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 27-нд 300.000 төгрөг нийт 21.600.000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн болох нь Д-ын И-ын5920034028 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хэдийгээр хариуцагч Т.Г нь “...2019 оны 12 дугаар сарын 04-нд улсын комисс хүлээн авч ашиглалтад өгсөн учраас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнөх бүх гэрээ захиалгын гэрээний дагуу явагдсан...” гэж тайлбарлаж байх боловч хэргийн үйл баримт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлөөс дүгнэхэд нэхэмжлэгч Д.И нь захиалсан гэх тухайн орон сууцныхаа өрөөний тоо, талбайн хэмжээ, загвар зэргийг өөрөө тогтоож, өөрийн хүссэн загвараар орон сууц захиалан бариулаагүй, харин барилгын ажил бүрэн явагдаж дууссан орон сууцнаас сонгож, тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээсэн байх тул талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна  гэж дүгнэлээ.

 

13. Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж байгаа бол хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.

 

Иргэний хуулийн 109 дугаар зүйлийн 109.2 дахь хэсэгт ... Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж,

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт ...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заажээ.

 

Гэтэл талууд үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц худалдах авахаар харилцан тохиролцсон боловч уг гэрээг нотариатаар гэрчлүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна.

 

Мөн талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”-нд “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Жаргалан апартмент орон сууцны барилгын захиалагч талын захиалсан 1-р орц 24 тоот байрыг тохиролцсон хугацаанд чанартай барьж хүлээлгэн өгөх, захиалагч нь зохих төлбөрийг хугацаанд нь саадгүй төлөхөөр тохирцсон...” байх ба Монгол Улсын иргэн Х овогт Б-ын Т, ДЮ59071511, /нэг иргэний өмч/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд Баянхайрхан багийн Дэвшил хорооллын 23 тоот дахь орон сууцны зориулалттай /3780 м2, 50 хувийн гүйцэтгэлтэй/ үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-0518002624 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн” 000310349 дугаартай гэрчилгээний Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбараар тус барилга нь нэг иргэний өмч буюу Х овогт Б-ийн Т-ийн өмч болох нь нотлогдож байна.

 

Б-ын Т нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр ...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд Баянхайрхан багийн Дэвшил хорооллын 23 дугаар байр хаягт байршилтай Ү-0518002624 дугаарт бүртгэлтэй 000600143 гэрчилгээний дугаартай, орон сууц автомашины зогсоолын зориулалттай, 3780 м2 талбайтай Үл хөдлөх эд хөрөнгө, 630 м2 талбайтай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан Төрийн банкны Ард бизнес төвийн салбартай байгуулсан барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд намайг бүрэн төлөөлөх, гарын үсэг зурах, нотариатаар төлөөлөх, улсын бүртгэлд бүртгүүлэх, төрийн эрх бүхий байгууллагаас баримт бичиг, лавлагаа авах хүсэлт, гомдол гаргах, шаардлагатай баримтанд гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг Т-ийн Г-д 3 жилийн хугацаагаар олгосон байна. 

 

Тодруулбал Б.Т нь Т.Г-д 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэлээр “...Төрийн банкны Ард бизнес төвийн салбартай байгуулсан барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд...” төлөөлөх эрхийг олгосноос бус орон сууц худалдах болон өөр бусад төрлийн гэрээгээр орон сууцны эзэмшил, өмчлөлийг шилжүүлэх эрхийг олгоогүй бөгөөд Т.Г нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохих этгээдийн зөвшөөрөлгүй “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”-г байгуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Иймд шүүх Д.И болон Т.Г нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ” гэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэжээ.

 

Хариуцагч Т.Г уг байрыг нэхэмжлэгч Д.И-ын эзэмшилд шилжүүлж, Д.И нь уг байранд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл амьдарсан, улмаар Д.И нь байрыг Т.Г-д буцаан хүлээлгэн өгсөн гэдэгтэй талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж,

Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч Т.Г нь 45 тоот байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 21,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.И-д буцаан өгөх үүрэгтэй, Д.И нь байрыг буцаан хүлээлгэн өгсөн тул Т.Г-аас шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа байрны урьдчилгаанд шилжүүлсэн 21,600,000 төгрөг гаргуулах... гэж тайлбарлаж, харин хариуцагч Т.Г нь байрны урьдчилгаанд 19,000,000 төгрөг төлсөн, харин бусад төлбөр нь халаалт, ус, СӨХ-ийн төлбөр байсан... гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.И-ын 5920034028 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгад 12 удаагийн шилжүүлгээр нийт 21,600,000 төгрөгийг байрны төлбөр гэх агуулгаар шилжүүлснийг байрны урьдчилгаанд төлсөн гэж дүгнэсэн гэж дүгнэсэн бөгөөд хариуцагчаас тухайн байрны халаалт, ус, СӨХ-ийн төлбөрийн талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тул шүүх байр ашиглахтай холбогдон гарсан зардлыг тооцох боломжгүй байна.

 

Харин 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 5315551944 тоот данс руу 45 тоот халуун усны хэрэглээ гэх гүйлгээний утгатай 60,000 төгрөг шилжүүлснийг байрны урьдчилгаа төлбөрт оруулж тооцоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 21,600,000 төгрөгийг Х овогт Т-ийн Г-аас гаргуулж, А овогт Д-ын И-долгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

14. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч тал “...талуудын хооронд орон сууц захиалах гэрээ, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги гүйцэтгэгч тал төлөхөөр харилцан тохиролцсон нөхцөл байдал харагдаж байгаа. Нэхэмжлэгч тал 2020 оны 02 дугаар сард зээлээ авч өгөөд үлдэгдэл төлбөрийг дуусгах байсан. Байрны үлдэгдэл төлбөр 60,735,000 төгрөг байсан. Үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр буюу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буюу гарах хүртэл хугацааны 398 хоногийн 0.05 хувийн алданги тооцож 12,085,270 төгрөг нэхэмжилж байна. Тухайн байранд 1 жил 6 сар амьдарсан. Энэ хугацаанд тухайн байранд засвар хийсэн. Үүнтэй холбоотой 4,940,000 төгрөг нэхэмжилсэн. Тухайн байрыг барихын тулд байрыг бүхэлд нь барьцаанд тавьж зээл авч байж барилгыг босгосон нөхцөл байдал хавтаст хэргээс харагддаг. Хүү, хүүний торгууль байнга төлж байсан. Энэ хүмүүс хугацаандаа орон сууцыг худалдаад авсан, орон сууцны төлбөрийг гүйцэд дуусгасан тохиолдолд алданги тооцож тухайн байран дээр төлөхгүй байх байсан. Гэтэл энэ хүнд гэрээ цуцалсантай холбоотой хүү алданги төрийн банканд 15,182,500 төгрөгийг төлсөн. Нийт хариуцагч талд 32,207,000 төгрөг гэрээний үүргийг нэхэмжлэгч тал биелүүлээгүйгээс болж гэрээ цуцлагдсантай холбоотой хохирол учирсан...” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч тал “...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээний 2-д заасан алданги нэхэмжилж байна. Алдангийг хариуцагчийн зүгээс шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Тухайн орон сууц захиалах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу анхнаасаа харилцан үүрэг үүсээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Иймээс алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. Барилгын ажил гүйцэтгэсэн 4,940,000 төгрөг гэж байна. Тухайн байрыг хүлээж аваад хэн гэдэг хүнээр ямар засвар хийлгэсэн гэдэг нь үйл баримтаар тогтоогдохгүй. Барилгын материал худалдан авсан материал байгаа болохоос засварын ажлыг тухайн байран дээр хийсэн эсэх нь тодорхойгүй. Д.Иын зүгээс тухайн байранд засвар хийх ямар нэгэн шаардлагагүй бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэдэг зүйл ярьж байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн бизнесийн зээлийн талаар яриад байна. Энэ нь ямар нэгэн хамааралгүй. Б.Т гэдэг хүн төрийн банктай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ хүмүүсийн ямар нэгэн үүрэг хүлээх шаардлага байхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 

14.1 Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдрийн 0,05 хувийн алдангийг тооцож 12,085,270 төгрөгийн алданги гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч тал ...Байрны үлдэгдэл төлбөр нь 60,735,000 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 2020 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хугацааны 398 өдрийн 0,05 хувийн алдангийг тооцож 12,085,270 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж, нэхэмжлэгч тал ...Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээний 2-д заасан алданги нэхэмжилж байна. Алдангийг хариуцагчийн зүгээс шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Тухайн орон сууц захиалах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу анхнаасаа харилцан үүрэг үүсээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ” гэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул уг гэрээний дагуу хариуцагч Т.Г нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдрийн 0,05 хувийн алдангийг тооцож 12,085,270 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхгүй юм.

 

Иймд  хариуцагч Т.Г-ын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдрийн 0,05 хувийн алдангийг тооцож 12,085,270 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

14.2 Төрийн банкны Ард зээлийн төвд төлсөн зээлийн хүү 15,182,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч тал ... Уг байрны үлдэгдэл төлбөр болох 60,730,000 бөгөөд 2020 оны З-р сарын 1-нээс эхлэн 2021 оны 4 сарын 1-ний өдөр хүртэлх хугацааг нийт 13 сараар тооцож хүү төлсөн. Үүнд хүүгийн алдангийг оруулаагүй. Зөвхөн зээлийн хүүнд Төрийн банкны Ард зээлийн төвд 15182500 төгрөгийг төлсөн. Тиймээс 15,182,500 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж, нэхэмжлэгч тал ...бизнесийн зээлийн талаар яриад байна. Энэ нь ямар нэгэн хамааралгүй. Б.Т гэдэг хүн төрийн банктай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ хүмүүсийн ямар нэгэн үүрэг хүлээх шаардлага байхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч нь Төрийн банкны зээлийн хүүд 15,182,500 төгрөг төлсөн гэх боловч уг хүүгийн төлбөр нь зөвхөн Төрийн банк болон Б.Т нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс үүссэн харилцаа тул Д.И-оос уг гэрээний үүрэг буюу хүүд төлсөн мөнгийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.

 

Иймд хариуцагч Т.Г-ын Төрийн банкны Ард зээлийн төвд төлсөн зээлийн хүү 15,182,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

14.3 Засвар хийсэн төлбөрт 4,940,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч дээрх шаардлагыг ...Д.И-д 2019 оны 10 дугаар сарын 13-нд шинээр ашиглалтад орсон 2 өрөө байрыг хүлээлгэж өгсөн. Гэтэл энэ хүмүүс тэр байранд бүтэн 1 жил 6  сарын хугацаанд амьдарч байсан. Тэр байрыг 2021 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр чөлөөлж өгөхөд өрөөний обойнууд нь зурагдсан, нойлын ус татагдахгүй болсон, ванн нь жил гаруй хэрэглэсэн тул солих шаардлагатай, паркетан шаланд зураас үүссэн эвгүй үнэртэй байсан учир дахин зарахын тулд засвар хийж борлуулсан. Нэхэмжлэгчид түлхүүр гардуулж өгсний дараа байрандаа ус алдуулсан байсан бөгөөд шал нь чийг болчихсон тул шалыг нь хуулж дахин шинээр шал шахаж тавьсан. Засварын үнэ нь шал авсан 1300000 төгрөг, нойлын үнэ 300000 төгрөг, Ванн 400,000 төгрөг Обой 400,000 төгрөг, тавилгууд хөшиг тогтоогч тавьсан тул Эмульс замаск хийсэн 40000 төгрөг, засварын барилгын ажлын хөлс 2500000 төгрөг нийт 4,940,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заажээ.

Үйл баримтын тухайд нэхэмжлэгч Д.И нь байрны урьдчилгаа төлбөрийг төлж үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлд хамрагдаж төлнө гэж тохиролцоо хийсэн боловч үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн, хариуцагч Т.Гын хувьд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлэх болон зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан буюу уг хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн нь талуудын буруу байсан байна гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч тал “...2021 оны 04 дүгээр сард байраа чөлөөлж өгсөн” гэж тайлбарлаж, хариуцагч энэ талаар маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан орон сууцны урьдчилгаанд төлсөн үнээс буцааж 8,000,000 төгрөг өгөх тухай баталгаа гэх нэртэй нотариатаар баталгаажуулсан баримтанд Д.И тус орон сууцыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээлгэн өгнө гэж бичсэн байгаагаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан зарлагын баримтад байгууллагын нэр 100 айл төв, худалдан авагчийн нэр Жаргалан апартмент, 2021 оны 05 дугаар сарын 15 өдөр гээд паркет бор м2, тоо 61, нэгжийн үнэ 21,300 төгрөг, нийт үнэ 1,300,000 төгрөг, суултуур ш тоо 1, 300,000 төгрөг, ванн ш 1, 400,000 төгрөг, обой ш, 20, нэгжийн үнэ 20,000 төгрөг, нийт үнэ 400,000 төгрөг, эмульс 20,000 төгрөг, замаск 20,000 төгрөг нийт дүн 2,440,000 төгрөг гэж бичиж хүлээлгэн өгсөн эд хариуцагч, хүлээн авагч дээр гарын үсэг зурж Алтанхуяг, Батхуяг гэсэн тэмдэг дарагджээ.

 

Дээрх үйл баримтыг цаг хугацааны дарааллын хувьд авч үзэхэд нэхэмжлэгч Д.И нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байрыг буцаан хүлээлгэн өгсөн, ийнхүү хүлээлгэн өгснөөс хойш буюу 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр худалдан авагч Жаргалан апартмент нь нийт 2,440,000 төгрөгийн барилгын материал худалдан авсан байх тул хариуцагч Т.Г нь нэхэмжлэгч Д.И-оос 2021 оны 04 дүгээр сард байраа хүлээн авсны дараа засвар хийсэн үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн болно. 

 

Харин уг шаардлагаас барилгын засварын ажлын хөлс 2,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр суурьтай байх бөгөөд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаарх үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч А овогт Д-ын И-оосзасвар хийсэн төлбөрт 2,440, 000 төгрөг гаргуулж хариуцагч Х овогт Т-ийн Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барилгын засварын ажлын хөлс 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

15. Хариуцагч Т.Г нь нэхэмжлэгч Д.И-оос Жаргалан апартмент орон сууцны 45 тоот байрыг ашигласны улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 318,989 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г-аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.И-д олгож, нэхэмжлэгч Д.И-оос сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 2,440,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,990 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.Г-д олгож  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Х овогт Т-ийн Г-аас байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А овогт Д-ын И-д олгоусгай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч А овогт Д-ын И-оос засвар хийсэн төлбөрт 2,440, 000 төгрөг гаргуулж хариуцагч Х овогт Т-ийн Г-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29,767,770 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 318,989 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г-аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.И-д олгож, нэхэмжлэгч Д.И-оос сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 2,440,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,990 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.Г-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ОЮУНБИЛЭГ