| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2022/00160/и |
| Дугаар | 133/ШШ2022/00248 |
| Огноо | 2022-04-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 133/ШШ2022/00248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Ж-ын Д-ийннэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГАА-ийн ГХБХБГ-т холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн иргэн Ж.Д миний бие нь 2016 оноос хойш Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажилласан. Ж.Д-г ГАА-ийн ГХБХБГ-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан. Улмаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00242 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, холбогдох шимтгэлүүдийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн. Иймээс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, холбогдох шимтгэлүүдийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү. 2021 оны 06 сарын 10-ний өдрөөс 2022 оны 04 сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох талаар нэхэмжлэл гаргасан. Ажлаас анх 2021 оны 02 сарын 10-ний өдөр чөлөөлөгдсөн. Анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 06 сарын 14-ний өдөр болсон гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилд авах талаар дээд агентлагаас бүтэц орон тооны асуудал яригдаад эцсийн байдлаар шийдвэрлэгдэж ирнэ гэсэн. Бүтэц орон тоог харж байгаад эцсийн байдлаар шийдвэрлэнэ гээд харилцан тохиролцсон гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар
-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00242 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаартай магадлал,
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ГХ2022/00032 дугаартай гүйцэтгэх хуудасны шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШЗ2022/00119 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийн шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2021/00839 дугаартай тогтоолын шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Ж-ы Д-ийн 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
Ж-ы Д-ийн 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг ирүүлжээ.
Хариуцагч талаас хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад ГАА-ийн ГХБХБГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ж.Дгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
5. Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч ГАА-ийн ГХБХБГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
6. Нэхэмжлэгч Ж.Д нь ГАА-ийн ГХБХБГ-т 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жолооч, няраваар томилогдсон бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, улмаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч ГАА-ийн ГХБХБГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаа сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00242 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буюу ГАА-ийн ГХБХБГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаа сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00242 дугаартай шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй буюу энэхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт хийхгүй юм.
Хариуцагч байгууллага шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлж ажлын байраар хангаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно. Иймд нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.
8. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00242 дугаартай шийдвэрээр Буурал овогт Жамганы Даваасүрэнг ГАА-ийн ГХБХБГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн хугацаанаас шүүх хуралдаан болсон хугацаа буюу 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаа гэж тодорхойлсон болно.
9. Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2021 онд болсон харилцаа байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Мөн шинэчилэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байх тул өмнөх хууль болон түүний зорилго, үзэл санаанд нийцүүлэн гаргасан журмыг баримтлан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
10. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Д-гийн 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос ажлаас чөлөөлөхөөс өмнөх гурван сарын хугацааны цалингийн дундаж болох 2020 оны 11, 12, 2021 оны 01 дүгээр саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 685,215+637,715+687,715 = 2,010,645:3 = 670,215 : 21.5 = 31,172.7 төгрөг байна. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал ажлын 228 өдрөөр тооцож үзвэл олговрын хэмжээ 31,172.7*228 = 7,107,375.6 /долоон сая нэг зуун долоон мянга гурван зуун далан таван төгрөг, зургаан мөнгө/ төгрөг байх тул үүнийг ГАА-ийн ГХБХБГ-аас гаргуулан нэхэмжлэгч Ж.Д-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. 46.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан тул дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Ж.Д-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ГАА-ийн ГХБХБГ-т даалгах үндэслэлтэй байна.
11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан 7,107,375.6 /долоон сая нэг зуун долоон мянга гурван зуун далан таван төгрөг, зургаан мөнгө/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 128,668 /нэг зуун хорин найман мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг хариуцагч ГАА-ийн ГХБХБГ-аас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ГАА-ийн ГХБХБГ-аас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нийт 7,107,375.6 /долоон сая нэг зуун долоон мянга гурван зуун далан таван төгрөг, зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан Б овогт Ж-ы Д-д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Ж.Д-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ГАА-ийн ГХБХБГ-т даалгасугай.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан 7,107,375.6 /долоон сая нэг зуун долоон мянга гурван зуун далан таван төгрөг, зургаан мөнгө/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 128,668 /нэг зуун хорин найман мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг хариуцагч ГАА-ийн ГХБХБГ-аас гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН