Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 48

 

С.Ц-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

  Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж,  шүүгч Д.Э, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                        Ш.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Н.Э

Шүүгдэгч                                                         С.Ц

Нарийн бичгийн дарга   Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж, шүүгч П.Г, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Цт холбогдох 1912000420315 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 01-04 тоотод оршин суух, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овгийн С.Ц 

Шүүгдэгч С.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт байх Гост дэлгүүрийн зүүн талд Д.Чын хоолойг боон хүч хэрэглэж гар утас 1 ширхэг, 300.000 төгрөгийг тус тус дээрэмдэж, түүнд 365.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Д.Чын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт байх 24 дүгээр байрны орчимд Н.Эыг хүзүү рүү нь цохин унагаж, хүч хэрэглэн гар утас 1 ширхэг, 172.000 төгрөгийг тус тус дээрэмдэж, түүнд 337.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас С.Цт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт С.Ц-ыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цыг 3/гурав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3/гурав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5/тав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт оногдуулсан 5/тав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цын цагдан хоригдсон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 136/нэг зуун гучин зургаа/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Шүүгдэгч С.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 176 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч С.Цын өмгөөлөгч Н.Э миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь тус тогтоолоор шүүгдэгч С.Цыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 4 сарын хугацаагаар тогтоосон. Миний үйлчлүүлэгч С.Ц нь өөрийн үйлдсэн гэмт үйлдэлд ямар нэг маргаангүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулан гэм хорыг арилгасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсныг үндэслэн шийдвэрлэхээр хуульчилсан. Гэм буруутайд тооцогдсон зүйл тус бүрд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг үндэслэн шийдвэрлэж болохоор байх тул дээрх байдалд дүгнэлт хийж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. С.Ц нь ам бүл 4, эхнэр, 2 бага насны хүүхдийн хамт амьдардаг бөгөөд амьжиргааны түвшин доогуур ядуу өрхийн тоонд бүртгэлтэй, эхнэр нь эрүүл мэндийн байдал тааруу байдаг тул түүний ар гэрийн байдлыг мөн харгалзан үзэж Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 176 тоот шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Цын хувьд 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр болон 2018 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө хоёр удаагийн үйлдлээр бусдын биед хүч хэрэглэн дээрэмдэх гэмт  хэргийг үйлдсэн. Өөрөөр хэлбэл 2 удаагийн давтан үйлдлээр хүнд гэмт хэрэг үйлдсэн байдаг. Мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Цыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэн ял оногдуулсан байдаг. Шүүгдэгч С.Цын хувьд хүнд гэмт хэргийг давтан хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн. Мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн учраас түүнийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн зүйл тус бүрд нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял хөнгөрүүлэн оногдуулах боломж байхгүй. Хэрэв ял хөнгөрүүлэн оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг зөрчинө гэсэн тайлбарыг хэлж байна. Тухайлбал  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж тодорхой заасан байдаг учраас шударга ёсны зарчимд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нийцэж байна. С.Цыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон зүйлчлэл тус бүрд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй юм. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь дээрх тайлбартаа дурдсанчлан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Цт хууль зүйн  туслалцаа үзүүлэн оролцож байна. Шүүгдэгч С.Цыг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс өөртөө эдийн  ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг  нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон. С.Ц нь өөрийн үйлдсэн үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй. Хоёр хохирогчид учруулсан хохирол төлбөрөө сайн дурын үндсэн дээр төлж барагдуулсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журамд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн нөхөн төлсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан  журмыг хэрэглэн гэм буруутай этгээдэд ялаас хөнгөрүүлж болохоор хуульчилсан. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Цыг бусдын эрүүл мэндийг санаатай хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулах ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан. Гэм буруутайд тооцогдсон дээрмийн үйлдэлд нь дээрх журмыг журамлаж шийдвэрлээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэхэд  хуульд заасан хориглох заалт байхгүй гэж үзэж байна. Ийм учраас С.Цт оногдуулсан нийт биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан зүйл хэсгээр үндэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж,  нийт биечилж эдлэх ялыг нийт 4 жил 4 сарын хугацаагаар тогтоож өгнө үү. Миний үйлчлүүлэгч С.Ц нь бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлдээ гэм буруугийн талаар маргадаггүй. Үйлдсэн хэрэгтэй чин сэтгэлээсээ гэмшиж, хохирогчид учруулсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр бүрэн нөхөн төлсөн. Хоёр хохирогчоос хэн алинаас нь нэмж нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй бөгөөд эрүүл мэндийн байдал хэвийн болсон гэдгээ шүүхэд илэрхийлсэн. Үүнээс харахад гэм хор арилсан байх нөхцөл байдал тогтоогдсон. Хүнд гэмт хэрэгт холбогдсон этгээдэд буюу хоёр зүйлчлэлээр холбогдож шалгагдсан хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг давхардуулан хэрэглэхгүй гэж заасан ойлголт байхгүй. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс дээрх зүйл хэсгийг хэрэглэхэд хуулийн гарц гаргалгаа боломж байгаа гэж харж байна. Энэ хүний үйлдсэн хэрэгтэй хандаж байгаа хандлага, хохирол төлбөрийг бүрэн нөхөн төлсөн байгаа байдал,  ар гэрийн нөхцөл зэргийг харгалзан үзнэ үү. С.Ц нь амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой бөгөөд нэн ядуу өрхийн тоонд бүртгэлтэй, хоёр бага насны охин хүүхэдтэй, эхнэр нь эрүүл мэндийн байдлын хувьд тааруу эмнэлгийн хяналтад байдаг. Нэгэнт гэм хор арилсан бөгөөд хохирол төлбөр төлөгдсөн нөхцөл байдал байхад хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхөд энэ хүний амьдралд нэг хоногийн наана, цаана ч гэсэн  ач тустай юм. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Ц нь  өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан С.Цын өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн үйлдлүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсныг үндэслэн шийдвэрлэхээр хуульчилсан. С.Цт гэм буруутайд тооцогдсон зүйл тус бүрд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг үндэслэн шийдвэрлэж болохоор байх тул дээрх байдалд дүгнэлт хийж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар хэсэгт заасан заалт нь шүүгдэгчийн холбогдсон хэрэг тус бүрд дээрх хуулийн заалтыг хэрэглэж ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх гэсэн ойлголт биш бөгөөд шүүх тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, хохирол зэргийг харгалзан үзэж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Цт оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон, шүүх ял хөнгөрүүлэх талаар дүгнэлт хийж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2.1 дэх хэсэгт заасан ялыг хөнгөрүүлж оногдуулсан нь үндэслэлтэй болжээ. 

            Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэх явцад шүүгдэгч С.Ц нь 88 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон         

                         

                                                                      ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цын цагдан хоригдсон 88 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Т.Д

                ШҮҮГЧИД                         Д.Э

                                                         В.Ц