| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/02689/И |
| Дугаар | 101/ШШ2022/00029 |
| Огноо | 2021-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2022/00029
2021 12 23 101/ШШ2022/00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:................................... тоотод оршин суух, Ч.Б /РД: .хххххххх/ нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: ........................ тоотод оршин суух, Б.Т /РД: хххххххх/ холбогдох
35,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я,
Хариуцагч Б.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа:
Ч.Б миний бие Б.Ттой 2020 оны 2 сарын 5-ны өдөр “Санхүүжилт болон газар шилжүүлэхтэй холбоотой иргэд хоорондын гэрээ”-г байгуулж 2020 оны 2 сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 сарын 14-ний өдрийн хооронд 25.000.000 төгрөгийг хэсэгчлэн олгохоор харилцан тохиролцсон болно.
Миний бие гэрээнд заасан үүргээ биелүүлж тохирсон хуваарийн дагуу 25.000.000 төгрөгийг Б.Тт олгосон ба энэхүү зээлийн мөнгөнд сарын 3 хувийн хүү төлөхөөр гэрээнд заасан. Зээлийн мөнгийг Б.Тын банкны дансанд шилжүүлсэн ба энэ талаарх дансны хуулгыг хавсаргасан.
Б.Тоос зээлийн гэрээний үүргээ удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, олон янзын шалтаг тоочсоор хоног өдрийг өнгөрөөж байсан. Зээлийн гэрээний төлбөрт нэг ч төгрөг төлөлгүй, өнөөдрийг хүрээд байгаа.
Иймд Б.Тоос үндсэн зээл 25.000.000 төгрөг, 2020 оны 4 сарын 14-ний өдрөөс 2021 оны 6 сарын 14-ний өдөр хүртэл 14 сарын хүү 10.500.000 төгрөг, нийт 35.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Т би Ч.Бтай зээлийн гэрээ байгуулаагүй тул уг “Санхүүжилт болон газар шилжүүлэхтэй холбоотой иргэд хоорондын гэрээ бүхий тохиролцоо”-гоор хэргийг хэлэлцэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг анхаарах нь хуулинд нийцнэ.
Гэрээний үндсэн нөхцөл 2 талаас болж зөрчигдсөн үү, гол зөрчил нь гуравдагч этгээдүүдээс болсон уу гэдгийг магадлах нь хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг баримтлах шаардлагатай.
Тохиролцооны 1.1.3-т заасан баталгаа гаргасан асуудлыг анхаарах нь зүйтэй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 18-ны өдрийн 796 дугаар шийдвэрээр “Үндэсний Оюу” хоршооны 1992 онд хураагдсан 3 орон сууцтай байрыг буцаан олгохгүй байгаа Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Үндэсний Оюу” хоршооны 3 орон сууцтай дүйцэх байрыг тус хоршоонд олгохыг дээр дурдсан этгээдүүдэд даалгасан.
Уг шүүхийн шийдвэр гарснаас хойш Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудад удаа дараа шийдвэрлэхийг хүссэн боловч шийдвэрлэлгүй 2019 оны 3 сар хүрч байж захирамж гаргасан.
Бидний тохиролцоонд дурдагдсан хөрөнгө оруулалтын гол обьект болох улсын бүртгэлийн 000439418 дугаартай СУИС-ийн хичээлийн 2-р байрны өмнө байрлах 2 барилга тус тус доорхи шийдвэрээр ирсэн тул би шүүхийн шийдвэр бүрэн биелэх нь гэж ойлгосон, Ч.Б ч тэгж ойлгоод зогсохгүй, Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газарт 2 удаа очиж танилцсан ба тэд ч 6 сарын дотор бичиг баримт гарна гэсэн.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 1 сарын 23-ны өдрийн 16 тоот тогтоол болон Нийслэлийн засаг даргын 2019 оны 3 сарын 13-ны өдрийн А/184 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хорооны хуучин эрүүл мэндийн төвийн одоогоор ашиглалтгүй байгаа 2 барилгыг Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж “Үндэсний Оюу” хоршоо, Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, 5-р байрны 145 тоотод оршин суух иргэн Б.Т надад шилжүүлсэн.
Уг байранд өнөөдөр болтол гэрчилгээ гараагүй бөгөөд үүнд би биш, холбогдох байгууллагуудын албан тушаалтан, хүнд сурталтанууд буруутай.
Ч.Б өөрөө Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газарт биечлэн очиж асуудлыг судалсны дараа дээрхи хэлцлийг надтай 2020 оны 7 сард хийсэн бөгөөд анх аман хэлбэрээр итгэлцлээр гэрээ эхэлсэн он, сарыг түүний хэлснээр бичсэн ба эдгээр шалтгааны улмаас гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй.
Тохиролцоо бичгээр хийсэн тул цуцлах, өөрчлөх тохиолдолд мөн бичгээр харилцан үйлдэгдэж байж уг хөрөнгө оруулалт ба худалдааны асуудлыг зааглан гэрээний үндсэн нөхцлийн 1.6-д заасан өдрийг тодорхой болгох ёстой.
Тодорхой бус харилцан итгэлцлэлээр үүссэн асуудлыг нэг талын үзэмж, эрх ашигт нийцүүлэн шийдэж бусдыг хохироож болохгүйг зарчмаас хэт хазаахгүй гэдэгт итгэж байна.
Ч.Б хөрөнгө оруулсан мөнгөө авья гэж шийдэж байгаа бол борлуулах болон бусад хөрөнгө оруулагчийг татна гэж надаас түр авсан улсын бүртгэлийн Y-2206000170 дугаартай, 7997 м.кв эзэмших эрх бүхий газрын гэрчилгээг буцааж Б.Тт өгөх ба гэрчилгээг Б.Батсайханаас авчихбал тодорхой хугацаанд эргэлтэнд оруулаад авсан мөнгөө төлж таараа. Энэ талаар өөрт нь хэлсэн.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлд ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийн талаар заасан ба 58.3.3-т “хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн” гэж заасан бөгөөд миний хувьд төөрөлдсөн нөхцөл мөн болохтой нийцэж байна.
Миний төөрөлдсөн нөхцөл 1-т: Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх агуулгатай Нийслэлийн засаг даргын 2019 оны 3 сарын 13-ны өдрийн 184 дүгээр захирамж гарч “Үндэсний Оюу” хоршооны 272.000.000 төгрөгийн үнэлгээтэй 3 орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, Залуусын гудамжинд байрлах 3 давхар албадан буулгасан барилгын төлбөрт дүйцэх Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн одоогоор ашиглахгүй байгаа 2 барилгыг Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч “Үндэсний Оюу” хоршоо, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, 5-р байрны 148 тоотод оршин суух иргэн Баасанжавын Төмөр-Очирын өмчлөлд шилжүүлсүгэй” гэсэн захирамжийн дагуу хүлээн авсан барилгыг би бүрэн өмчлөх эрхтэй боллоо гэж үзсэн учир Ч.Бтай гэрээ байгуулсан.
Гэтэл өнөөдрийг хүртэл газар миний өмчлөлд шилжээгүй нь миний төөрөлдсөний нотолгоо ба үүний улмаас Ч.Б санхүүжилтээ зогсоосон нь өмнө хийсэн санхүүжилт салхинд хийсэхэд хүргэсэн. Дулаан авч чадаагүйгээс шахалт хийсэн дулааны шугам хөлдөж 40 гаруй сая төгрөгийн хохирол гарсан. Энэ хохирлыг хэн хариуцах бэ.
2-т: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр биелсэн гэж мэдэгдээд байгаа бичгүүд шүүхэд ирсэн. Шийдвэрийг биелүүлэх ёстой Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар өнөө болтол уг барилгын газрыг надад шилжүүлж өгөөгүй удсан байдлыг сайн мэдсээр байж Ч.Б санхүүжилтээ зогсоосон тул тэр буруутай эрх бүхий этгээдүүдийг татан оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Би газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт өргөдөл гаргахад 2021 оны 11 сарын 16-ны өдөр “Иргэн Я.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох газрын асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр эцсийн шийдвэр биш бөгөөд уг хэргийн шүүхийн шатны асуудлыг шийдвэрлэж дууссаны дараагаар таны хүсэлтийг шийдвэрлэнэ” гэсэн хариу ирсэн.
Уг газрын асуудлыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх өмнө нь шийдэж хүчингүй болж дахин шийдвэрлэсэн. Гэрээг дуусгавар болгон тэр өдрөөс эхлэн зээлийн хэлбэрт шилжүүлэхийг шүүх тогтоон бусад тохиолдолд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Тт холбогдуулан 35.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
/Үндсэн зээл 25.000.000 төгрөг,
2020.04.14-2021.06.14-ний өдөр хүртэл хугацааны хүү 10.500.000 төгрөг/
Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Б.Т нар нь 2020 оны 2 сарын 5-ны өдөр “Санхүүжилт болон газар шилжүүлэхтэй холбоотой иргэд хоорондын гэрээ бүхий тохиролцоо” нэртэй гэрээ байгуулан дараах харилцааг зохицуулахаар харилцан тохиролцжээ. Үүнд:
-“А” тал буюу хариуцагч Б.Т нь өөрийн эзэмшилд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 8-р хороонд байрлалтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалт бүхий нэгж талбарын 1781110507 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-2206000170 дугаарт бүртгэгдсэн, 7.997 м.кв газрын 1.400 м.кв талбайд ногдох хэсгийг нийт 16.000.000 төгрөгөөр “Б” тал буюу нэхэмжлэгч Ч.Бд худалдах,
-“А” тал буюу хариуцагч Б.Т нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэр дээр бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, Өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалттай, улсын бүртгэлийн 000439417 дугаартай, 160 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газарт, мөн дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалттай, улсын бүртгэлийн 000439418 дугаарт бүртгэлтэй, 180 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газруудад бизнесийн үйл ажиллагаа явуулах зорилгоор “Б” тал буюу нэхэмжлэгч Ч.Баас 50.000.000 төгрөгийн санхүүжилт хүссэн бөгөөд санхүүжилт олгох, санхүүжилт олгосон нөхцөлд хэрхэх, гэрээг хэрхэн хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2020 оны 2 сарын 5-ны өдрийн дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 5-8, 110-113 дугаар тал/
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Тт дээрх гэрээний дагуу 25.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаар хариуцагч Б.Т маргаагүй ба уг мөнгийг шилжүүлэн өгсөн нь нэхэмжлэгч Ч.Бы Хаан банк дахь 5125069158 тоот дансны хуулгаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 9-18 дугаар тал/
Нэхэмжлэгч Ч.Б нь “дээрх гэрээ хэрэгжих хугацаа хэт удаашран хэрэгжээгүй учир 25.000.000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжилнэ” гэж, хариуцагч Б.Т “гэрээ хэрэгжээгүй нь миний буруугаас болоогүй, төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.
Б.Т даргатай “Үндэсний Оюу” хоршоо нь Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн өмчийн харилцааны газар нарт холбогдуулан:
-“Үндэсний Оюу” хоршооны 1992 онд хураагдсан 3 орон сууцтай дүйцэх байрыг олгоогүй Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,
-Үндэсний Оюу” хоршооны хураагдсан орон сууцтай дүйцэх байрыг нэхэмжлэгчид олгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус тус даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 18-ны өдрийн 796 дугаар шийдвэрээр “Үндэсний Оюу” хоршооны 1992 онд хураагдсан 3 орон сууцтай дүйцэх байрыг буцаан олгоогүй Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,
Үндэсний Оюу” хоршооны хураагдсан 3 орон сууцтай дүйцэх байрыг нэхэмжлэгчид олгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус тус даалган шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 59-67 дугаар тал/
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 18-ны өдрийн 796 дугаар шийдвэр, уг шийдвэрийг гүйцэтгэх тухай 2016 оны 4 сарын 11-ний өдрийн 65 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 сарын 15-ний өдрийн 16300455 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаас үүсгэсэн байна.
/ХХ-ийн 57-68 дугаар тал/
Нийслэлийн засаг даргын 2019 оны 3 сарын 13-ны өдрийн А/184 дугаар бүхий “Барилга бүртгэлээс хасаж, шүүхийн шийдвэрийн дагуу “Үндэсний Оюу” хоршооны өмчлөлд шилжүүлэх тухай захирамжаар:
-“Үндэсний Оюу” хоршооны 272.000.000 төгрөгийн үнэлгээтэй 3 орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, Залуусын гудамжинд байрлах, 3 давхар албадан буулгасан барилгын төлбөрт дүйцэх Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хорооны хуучин өрхийн эрүүл мэндийн төвийн одоогоор ашиглалтгүй байгаа 2 барилгыг Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж, “Үндэсний Оюу” хоршоо, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, 5-р байрны 148 тоотод оршин суух иргэн Баасанжавын Төмөр-Очирын өмчлөлд шилжүүлэн шийдвэрлэжээ.
/ХХ-ийн 78 дугаар тал/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 19/4-304 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 18-ны өдрийн 796 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.
/ХХ-ийн 93 дугаар тал/
Иргэн Я.Эрдэнэчимэг нь Нийслэлийн засаг даргад холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2018 оны 2 сарын 2-ны өдрийн А/98 дугаар захирамжийн 22-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр “Үндэсний Оюу” хоршоо нар оролцжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 13-ны өдрийн 658 дугаар шийдвэрээр “Нийслэлийн засаг даргын 2018 оны 2 сарын 2-ны өдрийн А/98 дугаар захирамжийн хавсралтын 22 дахь Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэсэг нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй гэж үзэн түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 2/0711 тоот хариу хүргүүлэх тухай албан бичигт тусгагджээ.
Уг маргааныг анхан шатны шүүх өмнө шийдвэрлэж байсан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 сарын 25-ны өдрийн 204 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасан нь зохигчийн тайлбарт тусгагдсан болохыг дурдлаа.
/ХХ-ийн 115-127, 131-132 дугаар тал/
Нэхэмжлэгч Ч.Б нь талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т “Санхүүжилтэд тооцох хүү: Б талаас олгох санхүүжилтэд олгох хүүний хэмжээ нь сарын 3 хувь байх бөгөөд энэхүү хүүг гэрээний тохиролцоо хэрэгжээгүйн улмаас санхүүжилтийг буцаан олгох болсон нөхцөлд тооцохоор тохиролцов. Ийнхүү тооцохдоо олгосон өдрөөс хойш гэрээний тохиролцоог зогсоосон, цуцалсан өдрийг хүртэл тооцохоор харилцан тохиролцсон болно”,
1.6-д “Хэрэв гэрээний тохиролцоо нь аливаа шалтааны улмаас саатаж хэрэгжих боломжгүй болсон, гэрээний тохиролцоог хэрэгжүүлэх нь хэтэрхий их хугацаа шаардагдахаар байвал эсвэл Б талын зүгээс гэрээний тохиролцоог хэрэгжүүлэх хугацаа нь өөрт хохиролтой, алдагдалтай байдлаар их удааширсэн гэж үзсэн нөхцөлд гэрээг цуцалж өдрийг хүртэл тооцож, А тал нь Б талд төлөх үүргийг хүлээнэ”,
3.2.2-т “Гэрээний тохиролцоог хэрэгжүүлэх хугацаа нь хэт удааширсан буюу энэхүү гэрээг байгуулсан өдрөөс хойш 6 сар өнгөрсөн” гэж заасны дагуу гэрээг дуусгавар болгон цуцалж, Б.Тт шилжүүлсэн мөнгө, түүний хүүг нэхэмжилж байна.
Дээр дурдсан байдал баримтуудаас дүгнэж үзэхэд талуудын хооронд 2020 оны 2 сарын 5-ны өдөр байгуулагдсан гэрээ хэрэгжүүлэх хугацаа хэт удаашран хэрэгжээгүй нь гэрээний талуудын үйлдэлтэй хамааралгүй, мөн хариуцагч Б.Тын буруутай үйлдлийн улмаас гэрээ хэрэгжээгүй болох нь тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”,
189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Б.Т нарын 2020 оны 2 сарын 5-ны өдрийн гэрээгээр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцэж байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч Ч.Бд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүсч байна.
Талуудын хооронд 2020 оны 2 сарын 5-ны өдөр байгуулагдсан гэрээ хэрэгжээгүй нь гэрээний талуудын үйлдлээс хамааралгүй, хариуцагч Б.Тын буруутай үйлдлийн улмаас гэрээ хэрэгжээгүй нь тогтоогдохгүй байхад гэрээний дагуу өгсөн мөнгөний хүү 10.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2.1-т “... Б тал нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг эх хувиар нь хадгална....” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжүүлэх хугацаа хэт удаашран хэрэгжээгүйн үүднээс гэрээг цуцалсан тул энэ гэрээний дагуу түр хадгалахаар өөрт шилжүүлэн авсан Хан-Уул дүүрэг, 8-р хороонд байрлалтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай, нэгж талбарын 1781110507 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-2206000170 дугаарт бүртгэгдсэн, 7.997 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Тт буцаан өгөх үүрэгтэй бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт тухайлан заах шаардлагагүй ба нэхэмжлэгч Ч.Б уг гэрчилгээг өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан болохыг дурдлаа.
Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Тоос 25.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10.500.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
“Грандфортуна” ХХК нь 1 хувьцаа эзэмшигчтэй ба тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Б болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 104-109 дүгээр тал/
Хариуцагч Б.Т нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуурамч баримт үйлдсэн хэмээн тайлбарласан ба тэрээр энэ талаар цагдаагийн байгууллагад хандах эрхтэйгээс гадна нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Б.Т нар дээрх гэрээ хэрэгжээгүйтэй холбоотой өөрсдөд хохирол учирсан гэж үзвэл холбогдох этгээдээс нь нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Ч.Б нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Тоос 25.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10.500.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Бы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тоос 282.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН