Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1009

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         11          13                                2024/ШЦТ/1009

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

Улсын яллагч Г.Янжиндулам,  

            Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Б-ийн Бт холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хит паркт өөрийн биедээ гялгар ууттай, 7,1 грамм цэвэр жинтэй “өвс” гэх хэрэглээний нэршилтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-н агууламжтай, олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн *************дугаартай хэргээс:

 

Улсын яллагч 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-20-р хуудас/, 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б.Бийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-26-р хуудас/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 274 дугаартай тогтоол /хх-ийн 30-31-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тогтоол /хх-ийн 34-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 5160 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57-59-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 10 66 дугаар сарын 01-ний өдрийн 5159 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-67-р хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 878 дугаартай шинжээчдийн дүгнэлт /хх-ийн 71-72-р хуудас/, гэрч Д.Эы мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/, гэрч Б.Сайнзаяагийн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/, яллагдагч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Л.Мягмарсүрэн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулав. 

 

Шүүгдэгч Б.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хит паркт өөрийн биедээ гялгар ууттай, 7,1 грамм цэвэр жинтэй “өвс” гэх хэрэглээний нэршилтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-н агууламжтай, олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-20-р хуудас/,

- 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б.Бийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-26-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 274 дугаартай тогтоол /хх-ийн 30-31-р хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тогтоол /хх-ийн 34-р хуудас/,

- Гэрч Д.Эы: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хит парк дээр болсон шоу арга хэмжээний үед гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дэслэгч Б.Баяржавхлангийн хамтаар Хит парк дотор явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд нэг сонин үнэр үнэртэж байсан бөгөөд хаанаас үнэртэж байгааг нь шалгах зорилгоор тэр үнэр үнэртэж байгаа газарт очиход Өөдөөс 2 танихгүй залуу гүйж ирээд тэнд нэг залуу эвгүй үнэртэй зүйл сороод байна гэхээр нь тухайн залууг нь шууд очиж саатуулсан. Тэгэхэд тухайн залуу саатуулагдаад цуг явж байх үедээ халааснаасаа цагаан гялгар уутыг гаргаж шидсэн. Тэгэхээр нь тухайн шидсэн гялгар уутыг очиж шалгахад дотроо өвс ургамал мэт зүйлтэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 5160 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 2024.09.08 BK03251132” гэж хаягласан шээсний Дээжээс тетрагидроканнабинол tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын ІІ-р жагсаалтад багтана” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57-59-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 5159 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шиннжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын II-р жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 7,1 грамм байсан ба 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-67-р хуудас/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 878 дугаартай: “Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Б нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б нь мансууруулах болон сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71- 72-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хөдөлбөргүй шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай, мөн сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулдаг учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон Улсын гэрээ, конвенцид заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан байхаар хуульд заажээ.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хит паркт өөрийн биедээ гялгар ууттай, 7,1 грамм цэвэр жинтэй “өвс” гэх хэрэглээний нэршилтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-н агууламжтай, олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Тиймээс шүүгдэгч Б.Бийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Тус гэмт хэрэг нь сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах, түүж бэлтгэх, хадгалах нь хууль бус болохыг ойлгож ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг тул гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

Тус гэмт хэрэг нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан идэвхтэй үйлдэл таслан зогсоогдсон үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн идэвхтэй үйлдлээр байгалиас хууль бусаар түүж бэлтгэн, өөрийгөө болон бусдад өгч хэрэглүүлсэн, хамгийн чухал нь нийгэмд хор хөнөөл ихтэй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж их зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,

 

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Л.Мягмарсүрэнгээс “Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдлыг нь буюу хүндэтгэн үзэх шалтгаан болон хувийн байдлыг харгалзан Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ болон түүний хувийн байдал буюу урьд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 удаа хорих ялаар шийтгүүлж байсан буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаа өнгөрөөгүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, нийт 7 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 4, 6 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Б-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, нийт 7 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              М.ОЧБАДРАХ