Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2022/00650

 

2022 оны 03 сарын 15 өдөр           Дугаар 183/ШШ2022/00650                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 000-00тоот хаягт байрлах Т.Р СӨХ /РД:0000000/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 000 дугаар байр 00 тоотод оршин суух, Б.Ү /РД:ПЕ0000000/-д холбогдох,

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,023,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э оролцож,нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Р СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,023,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ү-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус сууц өмчлөгчдийн холбоо нь 2000 оноос хариуцан ажиллаж байгаа. Хариуцагч Б.Ү- тус орон сууцны 000 дугаар байрны 00 тоотын өмчлөгч юм. Хариуцагч нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг 2000 оны 02-12 сар, 2020 оны 1-12 дугаар сар, 2021 оны 1-0 сарын төлбөр болох нийт 1,023,250 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Уг төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч төлөөгүй, хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ү- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Р СӨХ- ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Иргэн Б.Ү миний бие тус байрыг 2000 оны 11 сард худалдан авч одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна.Тухайн үед байрыг Пума констракшин ХХК хариуцан ажиллаж байсан.Энэ үед 000-р байрны 00тоотын оршин суугч миний бие байрны ашиглалтын зардал, СӨХ-ийн мөнгө зэргийг цаг хугацаанд нь байнга төлсөөр ирсэн. Энэ үед СӨХ-ийн үйл ажиллагаа хэвийн сайн явагддаг байсан. Харин 2000 оны 02 сараас эхлэн өмнөх СӨХ үйл ажиллагаагаа явуулахаа больсон. Ямар ч оршин суугчдын хурал хийхгүйгээр эсхүл хийсэн эсэх нь огт мэдэгдэхгүйгээр манай СӨХ Т.Р-т харьяалагддаг болсон. Үйл ажиллагаагаа явуулж байгаа үгүй эсэх нь тодорхойгүй, оршин суугчидтай ямар ч зөв боловсон үйлчилгээ хийгдэхгүй болсон.Түүнчлэн бид СӨХ-ийн мөнгөө хэнд төлөх нь ойлгомжгүй болж эхэлсэн. Уул нь Сууц Өмчлөгчдийн Холбоог оршин суугчид хуралдаж өөрсдөө байгуулан даргаа ч өөрсдөө сонгох ёстой. Сар бүрийн СӨХ-ийн мөнгө хэд байх ёстойг мөн энэ хурлаар тогтоох ёстой. Оршин суугч бид Сууц Өмчлөгчдийн Холбооноос үйл ажиллагааны тайланг шаардахад огт өгдөггүй. Тайлан гэж юу байдгийг мэддэггүй хүмүүс биднийг хууль бусаар удирдаж байна.Эдгээр хүмүүс нь ядаж хүнтэй зөв боловсон харьцаж чадахгүй байгаад оршин суугч миний бие туйлаас сэтгэл дундуур байна. Тус СӨХ- нь 101-105 гэсэн нийт таван байрыг хариуцдаг гэж ойлгож байна. Нийт 000 гаруй өрх эдгээрт харьяалагддаг гэж бодоход тэдгээрийн бараг 80 хувь нь СӨХ-ийн мөнгөө төлөөгүй. Энэ нь тухайн СӨХ үйл ажиллагаагаа хэрхэн явуулдгийг илтгэх юм. Оршин суугч бидний дунд нээлттэй групп байдаг. Бид группээрээ дамжуулан санал бодлоо илэрхийлэхээр эсрэг саналтай хүнийг шууд блоклодог юм. Иймд тухайн СӨХ-өөс дараах зүйлийг шаардаж байна.Үүнд:

1. СӨХ-ийн Бүх оршин суугчдын хурлыг хуралдуулах, хурлаар холбооны дүрмийг батлах, хурлын ирцийг хуульд заасан тоонд хүрсэн нөхцөлд хүчинтэй гэж тооцон хуралдах\10-15 хүний ирцтэй хурлын шийдвэр хүчингүй болно.

2. Холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох

3. СӨХ-ийн данс, тайлан тооцоог ил тод, шилэн болгох

4. Байрны гадаа тавьсан машин түүний дугуй, гэрэл, толь зэргийг байнга хулгай авдаг. Хулгайгаас сэргийлж харуул гэж хүн ажиллуулдаг боловч энэ хүн ажлаа хийдэггүй. Ядаж камер хянаж шалгуулъя гэхэд өөдөөс уурлаж уцаарлаж ажлаа огт хийдэггүй. Түүний үйл ажиллагааг хэвийн болгох. Дээрх шаардлагыг хангасны үндсэнд 102-р байрны 02 тоотын оршин суугч Б.Ү- миний бие СӨХ-ны мөнгөө үүний дотор лифт ашигласны зардал, хогны мөнгөө төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Т.Р СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.РСӨХ нь 2000 оны 02 дугаар сараас 12 дугаар сар, 2020 оны 1-12 сар, 2021 оны 1-0 дугаар сарын орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 1,023,250 төгрөгийг 102 дугаар байрны 02 тоотын өмчлөгч буюу хариуцагч Б.Ү-аас гаргуулахыг хүссэн байна.

Хэргийн баримтаас үзэхэд Т.РСӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 00 дугаар зүйлийн 00.1.1, Иргэний хуулийн 003 дугаар зүйлийн 003.1-д зааснаар байгуулагдсан болох нь 2020.05.13-ны өдрийн 00/000 тоот гэрчилгээ, тус СӨХ-ны бүх гишүүдийн 2000.03.11-ний өдрийн 01 тоот тогтоол, 2000.02.00-ны өдрийн 00 тоот тогтоол, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2021.12.21-ний өдрийн 00/000 тоот Хан-Уул дүүргийн Засаг даргын албан бичгийн хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-3, 25-33 хуудас/

Иргэний хуулийн 008 дугаар зүйлийн 008.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, 007 дугаар зүйлийн 007.1-д зааснаар дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул Т.РСӨХ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.

Хариуцагч Б.Ү- нь 2000 оны 02 дугаар сараас 12 дугаар сар, 2020 оны 1-12 сар, 2021 оны 1-0 дугаар сарын орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 1,023,250 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар, төлбөрийн талаарх дээрх хугацааны Т.РСӨХ-ны нэхэмжлэл, тус СӨХ-ны бүх гишүүдийн 2000.03.11-ний өдрийн 01 тоот тогтоол, 2000.02.00-ны өдрийн 01 тоот тогтоол, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, СӨХ-ны төлбөрийн задаргаа зэргийг үндэслэн нийтдээ 1,023,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... засвар үйлчилгээ хангалтгүй, СӨХ-ны төлбөрийг хэнд төлөх нь ойлгомжгүй, ямар ч оршин суугчдын хурал хийхгүйгээр, огт мэдэгдэхгүйгээр Т.РСӨХ-тнд харьяалагддаг болсон сууц өмчлөгчдийн холбоо хууль бусаар байгуулагдсан гэж тайлбарладаг боловч Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй, мөн холбооны үйл ажиллагаа болон засвар үйлчилгээний талаар холбогдох газарт хандаагүй байна.

Иймд Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 007 дугаар зүйл болон энэ хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.Ү- нь тухайн орон сууцны өмчлөгч болохыг зөвшөөрсөн, маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 110, 100 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 007 дугаар зүйлийн 007.1, 008 дугаар зүйлийн 008.2.3-т зааснаар хариуцагч Б.Ү-аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,023,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.РСӨХ-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 00 дугаар зүйлийн 00.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү-аас улсын тэмдэгтийн хураамжид 29,108 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 00 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ