Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 202

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Б.Чингүн, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо /ҮД:0105/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилга сантехникийн инженер мэргэжилтэй, “Хүрээ өргөө” ХХК-д сантехникийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам эхийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 28 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:МИ91052317/ Хар үхэрт овогт Баатаржалбуугийн Чингүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201725020603 дугаар 185/2017/0231/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:          

 

Шүүгдэгч Б.Чингүн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Арьс өнгөний өвчин судлалын эмнэлгийн 104 тоот өрөөний үүдэнд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Бат-Эрдэнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чингүний: Манай эхнэр эм уугаад харшил нь дарагдахгүй байсан болохоор 2017 оны 02 сарын 21-ний өдөр арьс өнгөний эмнэлэгт үзүүлэхээр 09 цаг 40 минутад үзүүлэхээр цаг авчихаад очероо хүлээгээд сууж байсан. Тэгтэл хажууд хүүхэдтэй хүн ирж суусан. Тэгээд нэрсээ хараад сууж байтал дэлгэцэн дээр хүмүүсийн нэрс 4, 4-өөр гарч ирээд хамгийн сүүлчийн хүний нэр гараад байж байтал нэг эмэгтэй хүн үзүүлэхээр эмчийн өрөө рүү орсон. Тэгэхээр нь би та яагаад очер дайраад байгаа юм бэ гэхэд эгч нь шинжилгээ өгсөн юм, шинжилгээнийхээ хариуг аваад ороод ир гэсэн юм гэсэн. Тэгээд хүлээж байтал хохирогч болох залуу эхнэр хүүхдээ оруулчихаад, манай эхнэрийг оруулахгүй хаалга хааж зогсоод байхаар нь би “таны өмч биш биз дээ, та харуул нь юм уу, манай хүнийг оруул л даа, очер нь танай хүний өмнө байсан та харсан биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу хараал хэлээд чи хэн юм, чамайг ална шүү бацаанаа гэх мэтээр хараагаад байсан. Би тухайн үед биеэ барьж чадаагүй баруун, зүүн шанаа руу нь нэг нэг удаа цохисон. Тэгтэл тэр хүн зөрүүлээд намайг цохиод тэгээд ерөнхийдөө зодоон болсон. Удалгүй хүмүүс биднийг салгасан. Тэгээд манай эхнэр үзүүлж дуусаад бид хоёр гарах гэтэл тэр залуу цагдаа дуудчихсан байгаа гээд явуулахгүй байсан. Тэгтэл хүлээн авахын ажилтан ирээд та нар баяр наадам болох гэж байхад эмнэлэг дээр яагаад асуудал үүсгээд байгаа юм бэ гэхээр нь би тухайн үед “за уучлаарай, жаахан бухимдаад ийм зүйл болчихлоо” гэхэд тэр хохирогч залуу “тийм юм байхгүй, цагдаа ирэхээр асуудлаа шийднэ” гэсэн. Гэтэл хүлээн авахын ажилтан тэр залууд “чи согтуу байгаа юм уу, наад хүнээ явуулаач” гэсэн. Тэгээд л бид нар явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

 

Хэрэг бүртгэлтэд хохирогч Б.Бат-Эрдэнийн: ...2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 6 сартай охиноо Арьс өвчин судлалын эмнэлэгт үзүүлэх гэж 09 цагийн үед ирээд…  …цахимд бүртгүүлээд тухайн өдрийн 10:20 цагт үзүүлэх бүртгэл авсан. Бид охиноо тус эмнэлгийн 104 тоотод байх өрөөнд орж үзүүлэх гэж цагаа хүлээгээд сууж байсан. Энэ үед маш олон хүн тухайн өрөөний эмчид үзүүлэх гэж дараалал ээлжээ хүлээгээд зогсож байсан. Гэтэл тухайн өрөөний үүдний дээд талын самбарт 10:20 цагт манай охины Бат-Эрдэнийн Ариун-Ундрам гэх нэр гарсан. Тэгээд орох гэтэл эмэгтэй, эрэгтэй хоёр хүн шууд явж ирээд бидний урдуур орж зогсоод эмэгтэй нь эмчийн өрөөнд орсон. Тэгээд би тухайн эрэгтэйд нь хандаж та яагаад урдуур дараалал дайрч хүн оруулаад байгаа юм бэ? гэж хэлсэн. Гэтэл битгий хуцаад байгаарай гэх мэтээр доромжилсон. Тэгээд би нэгэнт хүн орсон тул дараа нь үзүүлэх бодолтой байсан. Энэ үед сандал дээр байсан эхнэр бидний хувцас газарт унахаар нь авах гээд тонгойж байтал нөгөө дараалал дайрч маргаан үүсгээд байсан эрэгтэй толгойны ар дагз хэсэгт цохисон. Би түүнийг яаж байна гэж хэлээд эргээд хартал тэрээр нүүрэн тус газарт цохисон. Тэгээд би өөрийнхөө нүүрийг гараараа хааж хамгаалсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8-10/,

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Г.Сэржмядагийн: ...2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би нөхөр Б.Чингүний хамтаар Сүхбаатар дүүргийн 100 айлд арьсны эмнэлэгт биеэ үзүүлэх гэж 09 цагийн үед ирээд цахимаас дараалал авч 104 тоотод байх эмчид үзүүлэх болж өөрийнхөө ээлжийг хүлээгээд сууж байсан. Гэтэл манай нөхөртэй зодолдсон үл таних эрэгтэй, эхнэр нь бололтой нэг эмэгтэй хүн, мөн нялх болов уу гэмээр хүүхдийн хамтаар ирсэн. Тэдгээр хүмүүс мөн л 104 тоот өрөөний эмчид үзүүлэх гэж байгаа нь мэдэгдэж байсан. Одоо би өөрийнхөө эмчид үзүүлэх цагийг санахгүй байна. Тэдгээр хүмүүсийн дараалал миний дараа байсан. Гэтэл өмнө маань байсан хүмүүс үзүүлж дуусаад миний ээлж болоод орох гэтэл нөгөө эрэгтэй эхнэр хүүхдээ оруулаад эмчийн өрөөний хаалгыг хааж намайг оруулахгүй хашиж зогссон. Энэ үед манай нөхөр Чингүн та одоо яагаад манай хүнийг оруулахгүй байгаа юм бэ? үүдний манаач юмуу гэж асуусан. Гэтэл нөгөө эрэгтэй холдсон. Тэгээд би эмчийн өрөөнд орсон. Гэтэл эмч та хоёр яагаад зэрэг ороод ирсэн юм бэ? хэн нь эхэлж үзүүлэх ёстой байсан юм бэ? гэж хэлээд өөрөө компьютер дээрээсээ шүүж үзээд намайг эхэлж цаг авсан байсан, таныг эхэлж үзнэ, харин нөгөө хүүхэдтэй, нөгөө эрэгтэйн эхнэрийг та хүлээж байгаарай, наад орон дээрээ сууж бай гэж хэлсэн. Тэгээд би биеэ үзүүлж байтал гадаа хүмүүс маргалдаад зодолдох чимээ гарсан. Тэгээд эмч болон би нөгөө эмэгтэй бид гурав зэрэг гарсан. Гэтэл манай нөхөр Чингүн нөгөө эрэгтэй нар нь зодолдож байсан. …Тухайн үед нөгөө эрэгтэйгийн эхнэр хүүхэд нь үзүүлэх цаг нь болсон байсан юм байна. Гэвч эмч нь хүнээ үзээд цаг нь сунаж хүмүүсийн дараалал цагаараа биш болсон. Гэхдээ цаг авсан дарааллаараа явж байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12-13/,

Хэрэг бүртгэлтэд Б.Чингүний сэжигтнээр: ...Манай эхнэр Г.Сэржмядаг биеэ үзүүлэх гэж 100 айл дахь арьсны эмнэлэгт очсон. Тэгээд бид хоёр цахим бүртгэлд бүртгүүлээд цаг аваад 104 тоот өрөөний эмчид үзүүлэхээр болсон. Ээлжээ хүлээгээд уг өрөөний үүдэнд сууж байсан. Энэ үед манай эхнэрийн нэр энэ өрөөний самбар дээр гарсан байсан. Гэтэл нэр солигдож дараагийн нэр гарч өөр хүний нэр гарсан. Тэгээд орох гэж байтал хажуугийн сандалд сууж байсан хүүхэд тэвэрсэн эмэгтэй босч орсон. Тэгээд би эхнэртээ хүүхэдтэй хүн байна хүлээж байгаад араас нь орохгүй юу гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр уг өрөөнд араас нь орох гэтэл хүүхэд тэвэрсэн эмэгтэйгийн нөхөр болох эрэгтэй эмчийн өрөөний хаалгыг хааж зогсоод манай хүнийг оруулахгүй байсан. Тэгээд би наад эмнэлэг чинь таны өмч биш биз дээ, манай хүнийг оруулаач, манай эхнэр танай хүний өмнө байсан гэж хэлсэн. Энэ үед түүний сандал дээр байсан хувцас нь унасан. Тэгээд тэрээр хаалганаас холдоод газар унасан хувцсаа авсан. Энэ үед тэрээр чи хэн бэ би чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгээд би уурлаж, босч ирээд түүнийг чи яасан гэж намайг ална гээд байгаа юм бэ гээд баруун гараараа түүний зүүн шанаа хацарт нь шууд алгадсан. Дараа нь зүүн гараараа түүний баруун хацарт нь алгадсан. Гэтэл нөгөө залуу намайг бас алгадсан. Тэгээд би түүнийг цохиж зодож эхэлсэн. …гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №3050 тоот:          

  1. Б.Бат-Эрдэнийн биед дээд зүүн баруун 1-р шүдний эмтрэл, зүүн талын завьжинд язрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. 3. 6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /хх-15/,

           

Хохирлын баримтууд /хх-31/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-32/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүгдэгч Б.Чингүнийг 2017 оны 2 сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Арьс өнгөний өвчин судлалын эмнэлгийн 104 тоот өрөөний үүдэнд дарааллын урдуур орлоо гэх шалтгаанаар хохирогч Б.Бат-Эрдэнэтэй маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Б.Бат-Эрдэнэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хөнгөн зэргийн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардалд нотлох баримтаар 765.875 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Чингүнээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Чингүн ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-28/ нотлогдов.

 

Шүүгдэгч Б.Чингүн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа боловч хохирогч Б.Бат-Эрдэнэд учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй, хохирогч гомдолтой, эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилж байх тул торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.                

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

 

  1. Баатаржалбуугийн Чингүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                 
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Баатаржалбуугийн Чингүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар Б.Чингүн торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдсугай.         
  4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Чингүнээс 765.875 /долоон зуун жаран таван мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44-65 тоотод оршин суудаг, /РД:СЭ78071979/ Баатарсүхийн Бат-Эрдэнэд олгосугай.
  6. Б.Чингүн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.                                
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Чингүнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                           
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Чингүнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ү.ТҮМЭНЖАРГАЛ