Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0315

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.С

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга.

        Гуравдагч этгээд: Н. Б

       Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/154 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З /танимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч /танхимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ч нарыг /цахимаар/ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Х.С нь Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 сарын 16-ны өдрийн 540 дугаар захирамжаар Налайх дүүргийн 2-р хороонд 1000 м.кв талбайг Иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн. Гэтэл 2014 онд манай газар дээр гэр хорооллын бохирын шугам татагдаж эзэмшил газраа ашиглах боломжгүй болсон. Энэ талаар тухайн шугамыг хариуцаж буй орон сууцны конторт хандан тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар албан хүсэлт тавьж шийдвэрлэх арга замыг эрэлхийлж эхэлсэн. Нэхэмжлэгчийн хувьд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэх бодит боломжгүй гэдгийг 2020 онд мэдсэн тул Налайх дүүргийн газрын албанд хандаж бохирын шугам бүхий хэсгийг эзэмшил газраас гаргаж газрын байршлыг шинэчлэн тогтоолгохоор 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хандахад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/154 дүгээр захирамжийг танилцуулсан болно.

1.Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд газар эзэмшигчийг сонсох ажиллагаанд оролцуулаагүй тухайд:

Газар эзэмшигч Х.С нь Налайх дүүргийн 2-р хороо 35 байр, 42 тоотод оршин суудаг бөгөөд энэхүү хаяг дээрээ одоог хүртэл амьдардаг. Өөрөөр хэлбэл газар эзэмшигчийн хувийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй байгаа. Гэтэл Налайх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдох бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн тодорхойлно.” гэж заасныг зөрчиж Х.С-ын шийдвэр гаргах ажиллагаанд тайлбар, санал гаргах боломжийг олголгүйгээр сонсох ажиллагааг явуулаагүй байна. Мөн түүнчлэн Х.С-ын хувьд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй захиргааны актыг мэдэх, мэдсэнээр гомдол гаргах эрхээ эдлэх байтал Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар мэдэгдээгүй байна.

2.Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн тухайд:

Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/154 дүгээр захирамжаар Х.С миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5,40.1.6-д заасныг үндэслэжээ.

Х.С-ын хувьд маргаан бүхий газрыг Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 сарын 16-ны өдрийн 540 дугаар захирамжаар Налайх дүүргийн 2-р хороонд 1000 м.кв талбайг 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн. Үүний дагуу газрыг ашиглахаар 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж барилгын ажлын бэлтгэл үе шатандаа явахад манай газар дээр гэр хорооллын бохирын шугамыг эзэмшил газрын тэг дундуур татаж эхэлсэн. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан орон сууцны контороос хэрхэн шийдвэрлэх талаар хандаж явсан. Үүнээс хамааралтайгаар бид газрыг ашиглах боломжгүй болж эхэлсэн юм. Дээрх нөхцөл байдлыг хэрхэн залруулах талаар Налайх дүүргийн Засаг даргад хандаж ирсэн боловч ямар ч ахиц байхгүй байсан тул энэ оны 4 сард газрын байршлыг өөрчлүүлэхээр Газрын албанд хандсан боловч Х.С миний газар эзэмших эрх хүчингүй болсон талаар мэдсэн болно. Өөрөөр хэлбэл Х.Сминий хувьд газрыг зориулалтын дагуу ашиглахаар бодитоор үйл ажиллагаа эхлүүлсэн үед түүнээс зөвшөөрөл авалгүйгээр бохирын шугамыг татсан. Энэ нь өөрөө газар эзэмшигчийн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон хүндэтгэн үзэх шалтгаан юм. Хэрэв тухайн бохирын шугам газар эзэмшигчийн газраар дайраагүй тохиолдолд газар дээрх бүтээн байгуулалт явагдах байсан юм. Иймд Х.С миний хувьд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал нь өөрөө хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотолж байгаа юм.

Мөн Х.С-ын хувь өөрийн эзэмшлийн газрын 2012 онд анх эзэмшсэнээс хойш газрын төлбөрийг 2018 он хүртэл тасралтгүй цаг хугацаанд нь төлж ирсэн. Гэтэл Налайх дүүргийн Засаг дарга 2019 оны 05 дугаар сард гаргасан маргаан бүхий захирамждаа 2018 он хүртэлх бүрэн төлөгдсөн газрын төлбөр төлөөгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/154 дүгээр захирамж нь гарахдаа газар эзэмшигчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж түүнээс тайлбар мэдүүлэг, санал аваагүй, мөн хүчингүй болгож буй захирамжийн үндэслэл бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/154 дүгээр захирамжийн Х.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Х.С-ын хувьд 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 540 дүгээр захирамжаар Налайх дүүргийн 2 дугаар хороонд 1000 м.кв талбайг иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн. Уг эзэмшлийн хугацаанд 2014 оноос гэр хорооллын бохирын шугам татагдаж нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын дээгүүр транс тавигдсан. Уг транстай холбоотойгоор нэхэмжлэгч тухайн үеийн хотын захирагчид хандаж байсан байдаг. Энэхүү асуудал бол тухайн үед шийдвэрлүүлж чадалгүйгээр 2020 оныг хүртэл явсан байдаг. 2020 онд нэхэмжлэгч газрын асуудлыг хөндөж байршил солиулах эсвэл тухайн шугам сүлжээг газраас зүүн байршуулж газрын ашиглах боломжит талбайг нэмэгдүүлэх зорилгоор уулзалт хийх явцад 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/154 дүгээр захирамж гарсан эсэхийг 2020 оны 5 дугаар сарын 4-нд мэдсэн. Уг захирамжийг нэхэмжлэгч өөрөө хөөцөлдөж мэдсэн байдаг бөгөөд энэ талаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй, сонсгох ажиллагаа хийгээгүй. Мөн шийдвэр гарахад захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй зэрэг асуудлууд байдаг. 2019 оны 5 дугаар сарын захирамж гарахдаа нэхэмжлэгчээс тайлбар мэдүүлгүүдийг аваад энэ нь өөрөө захиргааны ерөнхий хуульд заагдсан сонсгох ажиллагаа явуулах ёстой байсан. Ямар үндэслэлээр тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсон үндэслэл оролцогч болоод эрх ашиг нь хөндөгдөж буй Х.С-оос ямар тайлбар гарах бэ гэдэг талаар ажиллагаанууд хийх ёстой байсан. Гэтэл тухайн сонсгох ажиллагааг хийгээгүй. Тухайн захирамж гарсан талаар Х.С-д мэдэгдээгүй байдаг. Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох мэдэгдэх ажиллагаа, захиргааны акт гаргах процессын ажиллагаа болоод гаргасны дараа мэдэгдэх ажиллагаануудыг хийгээгүй байна гэж үзэж байгаа. Энэ нь өөрөө Засаг даргын Тамгын газар болоод газрын албанаас ирүүлсэн албан бичгүүдээр тогтоогддог.

Мөн 5 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр захирамж нь өөрөө Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус заасан хоёр үндэслэлийг барьж гардаг. Энэ нь газрын төлбөр төлөөгүй, газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлүүдийг дурдсан байдаг. Гэтэл Х.С нь газрын төлбөрийг 2012 онд эзэмшсэнээс хойш 2018 оныг дуусах хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс сар болгон тухайн төлбөрийг төлж ирсэн байдаг. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирсэн нотлох баримтаар бол нэхэмжлэгч Х.С нь тухайн газарт жил болгон 12000 төгрөгийг төлдөг байгаа. Энэ нь 2018 оны буюу захирамж гарах он хүртэл хугацаанд газрын төлбөрийг бүхэлд нь төлсөн байгаа. Ямар нэгэн байдлаар 2019 онд захирамж гарах хүртэл хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй, үүргээ биелүүлээгүй асуудал байхгүй. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг захирамж гаргахдаа үндэслэсэн нь хуульд нийцэхгүй байна. Газрын төлбөрөө төлсөн байгаа хүнийг төлөөгүй байна гэдэг үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэсэн нь нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сарын 10-нд газар эзэмших эрхийн гэрчилгээгээр захирамж гарч, газар эзэмших эрх баталгаажсан байдаг. Үүнээс хойш 2014 оны хугацаанд нэхэмжлэгч тухайн газар дээрээ барилга барих зориулалтаар архитектор төлөвлөлтийн даалгаврыг ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан байдаг. Энэ нь газрыг зориулалтын дагуу ашиглахаар явж байсан гэсэн агуулга байгаа. Гэтэл Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зураг төсөл боловсруулах 1, 2 тоот даалгавар өгсөн. Уг даалгаврын дагуу Чандмань налайх Нийслэлийн өмчит үйлдвэрийн газраас техникийн нөхцөл гаргадаг. Энэ техникийн нөхцөл дээр тухайн нарлаг хороолол гэх суурьшлын бүсийг дамжсан цэвэр болон бохир усны шугам сүлжээг олгосон.

Техникийн нөхцөлийн дагуу барилгын хөгжлийн төв нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн магадлалын ерөнхий төлөвлөгөө, ерөнхий дүгнэлтийг хавсралт 1-ээр ус хангамж татуургын шугам сүлжээ, Нарлаг гэр хорооллыг инженер шугам, сүлжээнд холбох дүгнэлтийг хавсралтаар баталсан байгаа. Энэ техникийн нөхцөл болоод магадлалын ерөнхий дүгнэлт хоёрыг үндэслээд тухайн Нарлаг гэр хорооллын инженерийн шугам сүлжээ 2014, 2015 оноос хийгдээд эхэлчихсэн. Энэ нь маргаан бүхий актын Х.С-ын эзэмшлийн газар дээр байршчихаад байгаа шугам сүлжээг хэлээд байгаа. Энэ шугам сүлжээ нь 2014, 2015 оноос эхлээд хийгдчихсэн асуудал. Энэ үеэс эхлээд нэхэмжлэгч тухайн газрыг ашиглах боломжгүй нөхцөл байдлууд үүсчихсэн.

Нэхэмжлэгчийн эзэмших эрх 2012 оны 11 дүгээр сараас гэж үзэх юм бол энэ хугацаа 2014 оны 11 дүгээр сар гэхэд 2 жилийн хугацаа гүйцнэ. Гэтэл 2013 оноос энэ газар дээр төлөвлөлт хийгээд 2014 оноос энэ газар дээрээ инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтууд нь явагдаад 2015 онд дуусчихсан асуудал. Энэ хугацаанд нэхэмжлэгч газрыг ашиглах боломжгүй байсан нөхцөл байдал үүсчихсэн байсан юм. Хуулийн заалтад гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийг заадаг. Энэ нь өөрөө газар эзэмших эрхийн гэрээг иргэнтэй, захиргааны байгууллага байгуулсан байхыг шаардах гээд байна. Гэтэл Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар болоод Газрын албанаас ирж байгаа албан бичгүүдийг харахлаар иргэн Х.С гэж хүнтэй газар эзэмших эрхийн гэрээ гэж зүйлийг байгуулаагүй байна. Энэ нь өөрөө тухайн архивд нь Засаг даргын Тамгын газар болоод Газрын албаны архивд хадгалагдаагүй байна гэж байгаа. Тэгэхлээр гэрээ анхнаасаа байгуулагдаагүй юм байна. Гэрээ байгуулаагүй учраас гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй юм аа гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн боломж нь өөрөө байхгүй юм. Энэ захирамж нь анх гарахдаа ч нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна. Захирамж гарсныхаа дараа захирамжаар биеллээ олохдоо ч мөн адил хууль зөрчсөн захиргааны акт болсон байна. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/150 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Газар эзэмшүүлж ашиглуулаад байгаа, эрх олгосон байсан, эрхийг дуусгавар болгоод байгаа захирамж нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж харж байна. Уг захирамж нь хууль зөрчсөн захирамж болжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг яг ямар зориулалтаар үүрэг үүсгээд тэр зориулалтаа эргүүлээд хариуцлага шаардаад байгаа юм бэ гэдэг зүйл нь төр, захиргааны байгууллагыг эсрэгээр нь өөрсдийг нь хариуцлага тооцогдож байгаа ийм асуудал байгаа. Газрын төлбөрийг аваад байдаг. Зориулалтын дагуу ашиглах нөхцөл бололцоог олгохгүй хязгаарлаад байдаг зүйлүүд байгаа. 12 дугаар сард эрх олгосон захиргааны акт нь хүчин төгөлдөр болчхоод дараа онд нь өөр байгууллагад эзэмших ашиглах эрхийг нь хязгаарлаад тусдаа ажиллагаа хийгээд яваад байгаа ийм зүйлс. Төлбөр авдгаасаа гадна 2 жилийн хугацаанд ашиглаагүй, зориулалтын дагуу ашиглах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөхгүй байгаа нөхцөл байдлаасаа гадна тухайн цаг хугацаанд буюу 2013, 2014, 2015 онуудад асуудал явж байгаад 2019, 2020 онд шийдвэр гардаг. Энэ нь төр захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн захиргааны үйл ажиллагааны зарчмыг алдагдуулаад байна гэж үзэж байна. Бусдын эрх хууль ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах зарчим дээр тулгуурлахгүй байна гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хэрэгт авагдсан нотлох баримтууд өөр зүйлүүдийг хөндөөд ороод ирж байгаа.

Сонсгох ажиллагаа явуулах шаардлагыг хуульчлаад өгсөн байтал, сонсгох ажиллагаа явуулахгүй байх хууль зүйн үндэслэл ярих гээд байх шиг байгаа юм. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг харахад сонсгох ажиллагаа ажиллаагаа явуулах шаардлагагүй байсан буюу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц гэдэг үндэслэл байгаа. Энэ үндэслэлийг барьж байгаа болов уу гэж харж байна. Харин ч эсрэгээрээ зайлшгүй сонсгох ажиллагаа явуулах нөхцөл байдалд байсан гэж өмгөөлөгч миний хувьд үзэж байна. Захиргааны актыг гаргахдаа сонсгох ажиллагаа явуулахгүй байлаа гэхэд дараагаар нь мэдэгдэх асуудал байгаа. Төр захиргааны байгууллагаас огт мэдэгддэггүй, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй. Нэхэмжлэгчээс хариуцагчийг захирамж гаргаж, хууль зөрчсөн үйлдлүүд нь үргэлжлээд байна гэдэг байдлаар шүүхэд хандсан байгаа. Тус байгууллагын зохион байгуулалт талыг буруутгаж байна. Тус байгууллагын энэ шүүх хуралдаанд оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг буруутгаж тайлбар гаргаагүй. Татвар аваад байдаг. Иргэнийхээ хувьд иргэн хүнд үүрэг ногдуулаад байдаг. Тухайн хүний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн асуудал дээр одоо нэгэнт өнгөрсөн гэдэг байдлаар асуудал хандаж байгаа учраас шүүх байгууллага тухайн асуудлыг зайлшгүй хянаж үзэж шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Эвлэрэх боломжгүй байгаа нөхцөл байдал ч гэсэн ийм дээрээ тулаад байгаа. 2012 онд эрх олгосон байна. 2013 онд өөрөө барьсан. 2015 онд давхцал үүсгэж гуравдагч этгээдийн газар хүртэл нүүгээд ороод ирсэн байгаа. Эрх олгож байгаа үед буюу 2012 онд гуравдагч этгээдийн эрх ашиг бол давхцалаар ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүйгээр хоёр тусдаа байсан асуудал байгаа. Гэтэл одоо болохлоор Х.С-ын эзэмших эрх цуцлагдсан шийдвэр гарахлаар н.Б-ын газрыг нүүлгээд оруулаад ирсэн. Энэ нүүлгэж оруулж ирж байгаа нөхцөл байдал ч гэсэн нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг эрх ашгийг хөндөж байгаа учраас хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гаргасан нэхэмжлэлээ хянуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар: Иргэн Х.С нь дүүргийн Засаг даргын 2012 оны 540 дугаар захирамжаар иргэн Б.Б-аас Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах иргэний ахуйн зориулалтаар олгосон 1000 м газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, эзэмших болсон.

Х.С нь газрыг эзэмших эрх үүссэнээс хойш буюу 2012 оноос 2015 оныг хүртэл 3 жилийн  хугацаанд тухайн газрыг гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй байна. Өөрөөр хэлбэл иргэн Х.С нь 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эзэмших эрх үүсэн хууль ёсоор эзэмшиж ирсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтэн 3 жилийн хугацаанд эзэмшил газар дээрээ хашаа хайс татаж тусгаарлаагүй, иргэний ахуйн зориулалтаар ямарваа нэг сууц, байшин барилга барьж амьдраагүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх үүргийг зөрчин газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй үйлдэл юм.

Улмаар Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2 дахь хэсэгт “...хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих,” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны Нарлаг гэр хорооллын гадна шугам сүлжээний угсралтын ажлыг зохион байгуулж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тендерт шалгарсан “К И” ХХК-тай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлэн Захиалагчийн хяналт тавьж ажилласан ба тус ажил гэрээний дагуу 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдэж дууссан байна.

Дээрх төслийг хэрэгжүүлэх сонгосон талбайд тухайн иргэний эзэмшлийн газар өртсөн байгаа бөгөөд бүтэн 1 жилийн хугацаанд хэрэгжсэн тус ажлын үйл явцтай танилцсан, мэдэж байсан нь иргэн Сэр-Одын нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан байх ба Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлэн оролцох боломжтой байсан ч төсөл хэрэгжүүлэгч нийслэлийн Засаг даргад хандан тус газрын ас/удлаа шийдвэрлүүлэн ямарваа нэгэн гэрээ хэлцэл байгуулж асуудлыг шийдвэрлүүлж байсан эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу Төсөл хэрэгжүүлэгч нь сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах аргыг заасан байдаг. Иймд төсөл хэрэгжүүлэгч нийслэлийн Засаг дарга болон иргэн Х.С нарын хооронд газрын талаарх ямарваа нэгэн тохиролцоо, шийдвэр байгаа эсэхийг гаргуулах нь зүйтэй юм. Мөн тухайн гэр хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажил дууссаны дараа дүүргийн Засаг даргын 2015 оны газар эзэмшүүлэх тухай” 222 дугаар захирамжаар 2 дугаар хорооны Нарлагт байрлах Дулаан, бохирын шугам сүлжээний 6500 м.кв талбай бүхий газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд олгосон болно. Нэхэмжлэгч Х.С нь 2012 оноос маргаан бүхий газрыг эзэмшсэнээс хойш 2019 оныг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшил газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж байх тул Газрын тухай хуулийн  40.1.6 дахь заалтад заасан үндэслэлийн дагуу газар эзэмших эрхийг цуцалсан болно.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн газрыг 2 жил дараалан ашиглаагүй* гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй" гэж Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын зөвлөмж байдгийг анхаарах нь зүйтэй. Иймд иргэн С-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Иргэн Х.С нь Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 540 дүгээр захирамжаар иргэн Б.Б-аас Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах иргэний, ахуйн зориулалтаар олгосон 1000 м.кв газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж авч, эзэмшсэн байгаа. Х.С нь газрыг эзэмших эрх үүссэнээс хойш буюу 2012 оноос 2015 оныг хүртэл 3 жилийн хугацаанд тухайн газрыг гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүй. Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтэн 3 жилийн хугацаанд эзэмшил газар дээрээ хашаа хайс татаж тусгаарлаагүй, иргэний ахуйн зориулалтаар ямарваа нэг сууц, байшин барилга барьж амьдраагүй, өөрийн эзэмшилдээ байлгах, хүлээсэн үүргээ ухамсарлаж биелүүлээгүй. Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх үүргийг зөрчин газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй үйлдэл юм. Улмаар Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасны дагуу Налайх дүүргийн Засаг даргаас төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны Нарлаг гэр хорооллын гадна шугам сүлжээний угсралтын ажлыг зохион байгуулж, хот суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг ажлыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тендерт шалгарсан “К И” ХХК-тай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлэн, захиалагчийн хяналт тавьж ажилласан ба тус ажил гэрээний дагуу 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хийгдэж дууссан байдаг. Дээрх төслийг хэрэгжүүлэх сонгосон талбайд тухайн эзэмшлийн газар өртсөн байгаа бөгөөд бүтэн 1 жилийн хугацаанд хэрэгжсэн тул ажлын үйл явцтай танилцсан, мэдэж байсан нь иргэн Х.С-ын хувьд тодорхой байгаа.

Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлэн оролцох боломжтой байсан ч төсөл хэрэгжүүлэгч Нийслэлийн Засаг даргад хандан тус газрын асуудлаа шийдвэрлүүлэн ямарваа нэгэн гэрээ хэлцэл байгуулж асуудлыг шийдвэрлүүлж байсан эсэх нь тодорхойгүй байсан. Тухайн үедээ төсөл хэрэгжүүлэгч Засаг даргад хандаж гэрээ хэлцлээр уг асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан байна. Нэхэмжлэгч нь ямар нэгэн байдлаар хууль ёсны дагуу хандсан зүйлгүй. Налайх дүүргийн захирагчид хандсан гэж тайлбар гаргаж байна. Газрын асуудал нь Нийслэл дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудал байгаа. Мөн Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу Төсөл хэрэгжүүлэгч нь сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах аргыг заасан байдаг. Энэ аргуудыг Нийслэлийн Засаг даргатай ямарваа нэг тохиролцоо гаргуулсан, нөхөх олговор авсан эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн зүгээс тодорхой тайлбар өгөөгүй байгаа. Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажил дууссаны дараа дүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/222 Газар эзэмшүүлэх тухай А/222 дугаар захирамжаар 2 дугаар хорооны Нарлагт байрлах Дулаан, бохирын шугам, сүлжээний 6500 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд олгосон.

Х.С нь 2012 оноос хойш маргаан бүхий газрыг эзэмшсэнээс хойш тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Газрын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн дагуу газар эзэмших эрхийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзээд уг газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж заасан ба Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.10-д ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Иймд нэхэмжлэгч нь 2012 оноос хойш бүтэн 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг нь дээрх хууль, журамд заасны дагуу хамаарч байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Х.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас газар эзэмших гэрээний талаар тайлбарлаж байна. Гэрээг байгуулаагүй нь манай буруу. Гэхдээ үнэхээр гэрээгүй бол хүчингүй гэж үзэж байгаа бол гэрээ, гэрчилгээ нь цугтаа байж хүчин төгөлдөр байдаг учраас хэрвээ гэрээ байхгүй байсан гэж байгаа бол гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй шүү. Ганцхан энэ тухайн газар дээрээ шугам яваагүй, засмал зам явсан гэдгийг маш сайн ойлгоорой. Тэгэхлээр шугамаа хойшлуулаад ч юм уу, газар болон ашигтай талбай авч үлдье гэж байгаа бол засмал зам орсон гэдгийг анхаараарай. Шугамыг өөрчилье гэж байгаа бол хангагч байгууллагуудаас цэвэр дулаан дамжуулах байгууллагуудтай зөвшилцөж шийдвэрлэдэг шүү. Нэмж гаргах тайлбаргүй” гэв.

Гуравдагч этгээд Н.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Х.С-ын нэхэмжлэлтэй Налайх дүүргийн засаг даргад холбогдох 2019 оны 05 сарын 27-ны өдрийн А/154 дүгээр захирамжийн иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотойгоор шүүхэд хандаж. Гуравдагч этгээдийн зүгээс, миний туслалцаа авч буй өмгөөлөгч 2020 оны 10 сарын 05-ны өдөр |нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байна. Миний бие хэргийн материал болон холбогдох баримтуудтай танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

1. Миний бие 2008 оны 09 сарын 19-ний өдрийн Засаг даргын 395/2 тоот шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 8-р /хуучнаар 2 дугаар/ хороонд байрлах нэгж талбарын 1260310895 дугаар бүхий 1250 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшлийн гэрчилгээ гаргуулан авсан. Тухайн үед намайг газрыг авч байхад хөрш зэргэлдээ ямар ч газар байгаагүй төдийгүй миний бие өөрийн эзэмшлийн газартаа хашаа босгож хэсэг хугацаанд ашиглаж байсан. Тиймээс тэр цаг хугацаанаас хойших хугацаанд миний эзэмшлийн газар бусад иргэдийн эзэмшлийн газруудтай давхцах ямар ч үндэс байхгүй болно. Хэрвээ давхардсан асуудал үүсч байгаа бол надаас хойших хугацаанд гэрчилгээ авсан иргэдийн кадастрын зураг хууль бус, газрын албаны хариуцлагагүй үйлдлээс болсон гэж дүгнэхээр байна.

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан 2019 онд гаргасан Засаг даргын захирамжийн хувьд миний эзэмшлийн газартай огтоос хамааралгүй тул үүн дээр тайлбар байхгүй болно. Гагцхүү миний эзэмшлийн газар ямар ч газартай хэмжээгээр болон зарим хэсгээр давхцаагүй. Үүнтэй холбоотойгоор Налайх дүүргийн газар зохион байгуулалтын газраар тайлбар гаргуулах ёстой, кадастрын зургийг давхцуулдаггүй учраас уг тайлбар нь туйлын чухал юм. Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэгчийн газартай миний эзэмшлийн газрыг огтоос давхцаагүй талаар тайлбарлаж байсан төдийгүй үзлэгээр хэсэг газар давхацсан нь иргэн Х.С-ын газар олгогдсон хэмжээ хууль зөрчиж давхардалтайгаар олгогдсон байх боломжтой юм.

3. Засаг даргын захирамжийн хувьд өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд, зайлшгүй шаардлагатай, нийт иргэдийн төлөө шийдвэр гаргасан тул хууль зүйн үндэстэй. Эцэст нь миний эзэмшлийн газар бол тодорхой хугацаа өнгөрсөн, зориулалтын дагуу ашиглаж явж байгаа учраас иргэн Х.С-ын газартай огтоос давхцаагүй, тодорхой баримт бичгийн өөрчлөлт хийхдээ миний бие шинээр баримт бичгүүдээ гаргуулж авсан, бичиг баримтаа үрэгдүүлсэн, бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2020 онд дахин гэрээ байгуулж баталгаажуулсан болно. Иймд нэхэмжлэгч, хариуцагчдын дунд бий болсон маргаанд хамааралгүй” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн хариу тайлбарыг сонслоо. Гуравдагч этгээдийн зүгээс байр сууриа илэрхийлж дараах тайлбарыг гаргая. Манай үйлчлүүлэгч биечлэн оролцох боломжгүй. Өмгөөлөгчөөрөө дамжуулж тус шүүх хуралдаанд оролцоё гэдгээ удаа дараа шүүхэд илэрхийлсэн байгаа. Үүнийг дурдах нь зүйтэй байх. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа зөвхөн Х.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгоё. Энэ нь өөрөө Засаг даргаас захирамжийг гаргахдаа буюу маргаан бүхий захиргааны актыг гарахад зайлшгүй сонсгох ажиллагаа хийх шаардлагатай байсан юм болов уу гэж харж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд сонсгох ажиллагаа хийхгүй байх нөхцөл байдлыг дурдаж, зохицуулалтыг зааж өгсөн. Тэр нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц үйл явц болохоор байвал сонсгох ажиллагаа хийхгүй байх боломж байдаг. Нэг үгээр хэлбэл тухайн захиргааны маргааны үндсэн гол агуулга нь тухайн иргэний газар дээгүүр зам, шугам сүлжээ явдаг. Энэ дээр зам шугам сүлжээ баригдаад, нийтийн ашиг сонирхолтой холбоотой үйл баримт хэр болж байгаа юм бол. Үүнтэй холбоотойгоор сонсгох ажиллагаа хийхгүй байх боломж мөрдөгдөж гарч байгаа. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн хувьд дурдаад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай, ашиглах боломжгүй байсан гэж тайлбар гаргаад байгаа. Хэрэгт цугларсан материалыг харахлаар 2012 оноос хойш өдрийг хүртэл хугацаанд зориулалтын дагуу ашигласан үйл баримт хэрэгт байхгүй байгаа. Нэхэмжлэгч тал өөрийн үйл баримт тэр дундаа тухайн шатны өөрийн эрх үүргийн дагуу зориулалтын дагуу ашигласан уу, үгүй юу гэдэг нь одоогийн байдлаар баримтуудаас харагдахгүй байгаа учраас ашиглаагүй гэдэг нь тодорхой байна. Мөн дээрээс нь нийтийн эдэлбэр газар болж байгаа учраас сонсгох ажиллагааг хийхгүй байх боломжтой байсан юм байна гэдэг нь харагдаж байна.

2019 онд хүчингүй болгосон захирамж гарсан. Тус захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг барьж байгаа нь өөрөө захиргааны байгууллагын хувьд үндэслэж гаргаж байгаа болов уу. Үүнээсээ шалтгаалаад газрын кадастрын зураг буюу мэдээллийн санд бүртгэлтэй байсан тухайн газар өөрөө устаж байгаа нь өөрөө, устгагдсан байхгүй болж байгаа нь өөрөө тухайн газрыг хууль ёсны дагуу хүчингүй болгоод тухайн газрын мэдээлэл, мэдээллийн сангаас гарч ирж байгаа. Эндээс шалтгаалж Н.Б-ын газар давхацсан гэдэг ойлголт гарч ирэхгүй. Эцсийн дүндээ ойлгоход захиргааны байгууллага хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зохих ёсны арга ажиллагааг ашиглаж шийдвэр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа яригддаг. Тэр дундаа шүүхэд мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах зохицуулалттай. Мэдсэнээс хойш 30 хоногийн дотор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд түүнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хугацаатай байдаг. Гэтэл хугацаа хэтрүүлээд нэхэмжлэлийг гаргасан байгаа. Тухайн асуудал нь 2014, 2015 оноос шугам, сүлжээний асуудал яригдаж эхэлсэн байгаа. Иргэн өөрийнхөө газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг хөндөгдөж байхад мэдсээр байж суугаад байгаа. Тэгэхлээр мэдэж байснаасаа хойш энэ асуудлыг хөндөж ярих ёстой байтал өнөөдөр хэлэлцэж байгаа нь өөрөө хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Шаардлага гаргах эрхээ алдсан байна гэдэг нөхцөл байдалд хүргээд байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч Х.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/154 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Тэрээр 2012 оны 11 дүгээр сард маргаан бүхий 1000 м кв газрыг эзэмших эрхтэй болж 2014 оны 03 дугаар сард үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулан бэлтгэл хангаж ажиллаж байсан ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар гэрээнд заасан хугацаанд газраа 2 жил дараалан ашиглаагүй гэснийг үндэслэн цуцалсан, ингэж захиргааны акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, оролцоог хангаагүй нь хууль бус гэж, хариуцагч 2012-2015 оны хооронд нэхэмжлэгч 3 жил тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй байсан тул Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж газар эзэмших эрхийг энэ үндэслэлээр цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж тус тус маргаж байна.

          Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн эзэмшил бүхий 1000 м кв газрыг 2012-2015 оны хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийг цуцалсан хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/154 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг үндэслэл муутай болжээ.

          Хариуцагч уг захирамжаар нэр бүхий 2 иргэний газар эзэмших эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэсэн байх бөгөөд нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хуулийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийг цуцалсан гэж тайлбарлаж байна.

          Анх маргаан бүхий 1000 м кв газрыг дүүргийн Засаг даргын 2012 оны 487 дугаар захирамжаар иргэн Б.Б-т олгосон байсныг тус дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 540 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр нэхэмжлэгч Х.С-д шилжүүлж мөн оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 000416859 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон боловч харин газар эзэмших гэрээ байгуулаагүй байна.

          Ийнхүү Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн байж болох ч газар эзэмших гэрээ байгуулаагүй нь газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болсон тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн хугацааг яаж тооцож байгаа нь тодорхойгүй байна.

          Учир нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн...дүүргийн газрын алба иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ.” гэсэн нь газар эзэмших гэрээ байгуулах асуудлыг дүүргийн газрын албанд үүрэг болгосон заалт гэж үзэхээр байна.

          Нөгөө талаар 2013 оноос нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрын байршилд дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээ барих төсөл төлөвлөгдөн 2014, 2015 онд хэрэгжсэн байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага энэ талаар эрх нь зөрчигдөж болзошгүй этгээд болох нэхэмжлэгчид мэдэгдээгүй оролцоог нь хангаагүй байна.

          Энэ нь маргаан бүхий газарт “Нарлаг” гэр хороолол “УДДТ”-ийн барилга, гадна шугам сүлжээ”-ний зураг төслийн ажил хийгдсэн нь Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 722/2014 магадлалын ерөнхий дүгнэлт[1], Ус дамжуулах төвийн барилгын бүтээц бүхий хавсралт № 1[2],  Барилга архитектурын хэсэг, гадна дулаан, дулаан механик, усан хангамж ариутгах татуургын шугам, гадна цахилгаан[3], Ус, цахилгаан, дулааны техникийн нөхцөлүүд[4] зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

          Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын байршилд шугам сүлжээ бүхий төсөл арга хэмжээ төлөвлөж барих ажиллагаа нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгогдсон эхний 2 жилийн хугацааны дотор хамаарч байгаа бөгөөд энэ арга хэмжээ төлөвлөгдсөн, хэрэгжсэн цаг хугацаагаар авч үзвэл нэхэмжлэгчийг тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хууль зүйн боломжгүй.

          Түүнчлэн Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч тухайн газраа бодитоор ашиглаагүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэж, гэрчилгээ олгогдсон 2012 оны 12 дугаар сарын 10-аас хойш 2 жилийн хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар байна.

          Гэтэл маргаан бүхий газрын байршилд төлөвлөгдсөн дээрх ажил нь 2014 оны 01 дүгээр сараас шугам сүлжээний магадлалын ерөнхий дүгнэлт, техникийн нөхцөлүүд хийгдэж, 2015 онд тендер зарлагдан хэрэгжжээ.

          Энэ нөхцөл байдлаас авч үзвэл нэхэмжлэгч гэрээнд зааснаар газраа ашиглахаар  2014 оны 03 дугаар сард буюу хуульд заасан 2 жилийн хугацааны дотор орон сууцны барилга барихаар төлөвлөн Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулан бэлтгэл ажил хийгдэж байсан үйл баримт, түүний тайлбарыг үгүйсгэх боломжгүй.

          Өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий газарт 2013-2015 онд шугам сүлжээ бүхий дэд бүтцийн ажил хэрэгжүүлсэн атлаа 2012-2015 онд нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэн 2019 онд газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь үндэслэлгүй.

          Нөгөө талаар Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн......ий эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухай газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно.” гэж зааснаар маргаан бүхий газрын байршилд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хийх зайлшгүй шаардлагатай бол хуулийн дээрх зохицуулалтын дагуу шийдвэрлэх боломжтой юм.

          Өөрөөр хэлбэл дүүргийн газрын алба иргэний газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдээгүй байхад түүнд мэдэгдэлгүй, оролцоог хангалгүйгээр газар эзэмших эрхийг цуцлах боломжгүй.

          Нөгөө талаар нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрын байршилд дүүргээс дэд бүтцийн ажил хэрэгжүүлсэн нь түүний эрхийг зөрчсөн талаар газар зохин байгуулалтын албанд удаа дараа хандсан гэх боловч энэ нь нотлогдоогүй болно.

          Гэхдээ хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа болон нэхэмжлэгчийн эзэмшил газарт дэд бүтцийн ажил хийхдээ түүнд мэдэгдээгүй, оролцоог хангаагүй нь түүний газар эзэмших эрхийг зөрчсөн, нэхэмжлэгч хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагаа тухайн захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох, эсвэл даалгах шаардлага болгон тодруулж томьёолоогүй ч нэхэмжлэгч Х.С-ын газар эзэмших эрх бодитой зөрчигдсөн байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

          Түүнчлэн шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангах үүднээс авч үзвэл нэхэмжлэгчийн эзэмшил газар дээгүүр шугам сүлжээ бүхий дэд бүтэц баригдаж маргаан бүхий 1000 м кв газар бүхэлдээ ашиглагдах байдлаар түүний эрх сэргэхгүй хэдий ч үлдэх чөлөөтэй газрын тухайд хүсэлт гаргах эрх нь нээлттэй байх тул энэ хэмжээгээр эрхийг сэргээж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

          Нөгөө талаар энэ хэргийн гуравдагч этгээд Н.Б-д дүүргийн Засаг даргын 2008 оны 395 дугаар захирамжаар тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25x50 м кв газрыг үйлчилгээний зориулалтаар олгосон байна.

          Харин Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2/3143 дугаар албан бичгээр ирсэн тайлбараас[5] үзэхэд гуравдагч этгээд Н.Б-ын эзэмшил бүхий 1250 м кв газрыг 2020 онд газрын мэдээллийн санд бүртгэсэн бөгөөд энэ бүртгэлээр нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрын кадастртай харьцуулахад 183 м кв-аар давхцалтай гэх боловч энэ газрын байршлыг өөрчилж мэдээллийн санд оруулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар авч үзвэл маргаан бүхий газартай бодитойгоор давхацсан гэж үзэхээргүй байна.

          Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд анх олгосон газрын байршлыг өөр шалтгаанаар өөрчилсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгчид болон гуравдагч этгээдэд анх олгосон газрын байршил давхцалгүй, зэрэгцээ байсан талаар хэргийн оролцогчид тайлбарлаж байна.

          Мөн 2020 онд газрын мэдээллийн санд орсон гуравдагч этгээдийн газрын  өөрчлөлтийн талаар ямар нэг эрхийн акт гараагүй байх тул энэ шийдвэр түүний эрхийг зөрчихгүй гэж үзсэн болно.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/154 дүгээр захирамжийн нэхэмжлэгч Х.С-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

 

           

           

           

 

 

 
   

 

 

 

 

[1] 1 дүгээр Хавтаст хэргийн 128 дугаар хуудас

[2] 1 дүгэр хавтаст хэргийн 129 дүгэр хуудас ар хэсэг

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 130-134 дүгээр хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 216 дугаар хуудас