Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2022/00353      

 

2022 оны 02 сарын 15 өдөр                    Дугаар 183/ШШ2022/00353                           Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Арцатын ам, ВВ.Р хотхон, В.р СӨХ /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, ВВ.Р хотхон, 000 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух У овогт П.О/РД:ЗЕ00000000/-д холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,889,102.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нар оролцож,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авав.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч В.Р СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П.О нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, В.Р хотхоны 000 дугаар байрны 00 тоот орон сууцны өмчлөгч, оршин суугч бөгөөд, 2020 оны 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөр болох 2,889,102.65 төгрөгийг төлөөгүй болно. В.Р СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн тогтоолоор 2020, 2021 онд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг бууруулж баталсан. Иймээс уг бууруулсан зардлын хэмжээгээр П.Оээс СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт 2,889,102.65 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тус СӨХ дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоогүй. Нийт 155 айлын орон сууц атал ашиглалтад ороогүй орон сууц, талбайд ногдох төлбөрийг анхнаасаа 81 орон сууц өмчлөгчид тооцсон. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу тухайн асуудлыг бүх гишүүдийн хурлаар өнөөдрийг хүртэл хэлэлцэн шийдвэрлээгүй. Мөн тус хуулийн 7.2.2-д зааснаар холбооны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж баталж байгаагүй. Сууц өмчлөгчид ногдох нэгж зардлуудыг шударгаар тогтоогоогүй, хуулийн дагуу шийдвэрлэж байгаагүй. Сууц өмчлөгч П.О нь тус СӨХ-г үүсгэн байгуулагч, жинхэнэ гишүүн мөн бөгөөд 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл СӨХ-ны төсөв, төлбөрийн талаар өргөдөл гомдол гаргаж, СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл нь өргөдөл гомдлыг үндэслэлтэй байгааг хүлээн зөвшөөрч, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр СӨХ-ны homebook-ээр СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөл хуралдсан тухай, мөн СӨХ-ны төлбөрийг бууруулсан тухайгаа албан ёсоор мэдэгдэж, энэ үйлдэл нь хууль зөрчиж байгаа нь тодорхой байсан. Улмаар 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр СӨХ-ны 2020 оны 8 дугаар сарын 31-ний байдлаарх айл өрхөөс авах авлага, тайлан гэсэн мэдээллийг бас СӨХ-ны homebook-ээр өгсөн, уг тайланд байгаа айл өрхийн төлбөл зохих төлбөрийг 155 айлд хуваахад нэг айл өрхөд дунджаар 92,656 төгрөг гарч байгаа нь тухайн үеийн тогтмол төлбөр гэх 147,000-166,630 төгрөгт ч хүрэхгүй байсан, тухайн үед манайх дунджаар 245,000 төгрөг төлж байсан. Энэхүү тайлан болон төлбөрийн баримтаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147-д зааснаар тооцоогүй, Барилгын тухай хуулийн 14.3, 14.6-д заасан баталгааны хугацаанд дундын өмчлөлийн хуримтлал авах үндэслэл байхгүй, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын холбогдох хуулийн 9.5 зааснаар бүх гишүүдийн хурлын шийдвэр гаргаж байгаагүй гэж миний хувьд үзсэн, өнөөдрийг хүртэл энэхүү асуудлыг энэ утгаар авч үзэж байгаа. 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар СӨХ-оос манайхыг төлбөрийн зөрчилгүй айл өрхөд байгааг бас түүгээр мэдээлж байсан. Эдгээр мэдээ, тайланг хүлээн авснаас хойш Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа бүрэн ойлгож, бүх гишүүдийн хурал хуралдуулахыг сууц өмчлөгчид бид удаа дараалан шаардаж байгаа. Тухайн үед СӨХ-ны удирдах зөвлөлийг дахин хуралдуулж, төлбөр бууруулсан тухай сонсож байсан. СӨХ-ны удирдлага нь ковид-19 шалтгаалан удаа дараа хойшлуулсаар байгаа, СӨХ-ны homebook-ыг шинэчилж байна гээд 2021 оны 7 дугаар сард мэдээллийг устгасан. Тэгээд 2021 оны 10 дугаар сард сууц өмчлөгчид бид 95 хүний гарын үсэгтэй, бүх гишүүдийн хурал хуралдуулах, төсөв, тайлан, зардлыг хэлэлцэх тухай албан шаардлагыг тавьсан. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүх гишүүдийн хурал зарлан хуралдуулж, СӨХ-ны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны төсөв, зардлын хуваарилалтын талаар хэлэлцэх байсан боловч ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл бүх гишүүдийн хурлыг хуралдуулахгүй байсаар байна. Иймд тус СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147.2, 147.3 дах заалтуудыг мөрдлөг болгоогүй, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй, хэдийгээр зардлыг бууруулсан гэх тогтоолыг удирдах зөвлөл, хяналтын зөвлөл гаргаж зардал нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, уг төлбөрийг төлөх хууль эрх зүйн үндэс бүрдээгүй болохыг тайлбарлаж байна... гэв.                     

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс В.Р СӨХ-ны гэрчилгээ, В.Р СӨХ-ны удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00/00дугаартай хурлын тогтоол, СӨХ-ноос Г.У-д олгосон итгэмжлэл, Г.У-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн нэхэмжлэл, авлагын тооцоо, Орон сууц ашиглалт, үйлчилгээ үзүүлэх 2020.02.07-ны өдрийн 00/00 дугаар хамтран ажиллах гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00/00 дугаартай В.Р хотхоны оршин суугчдын анхдугаар хурлын тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00/00-0 дугаартай В.Р хотхоны оршин суугчдын анхдугаар хурлын тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00/00-0 дугаартай В.Р хотхоны оршин суугчдын анхдугаар хурлын тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 00/00 дугаар ВВ.Р СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоол, 2021 оны 6 дугаар 20-ны өдрийн 00/00дугаартай В.Р СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, татвар төлөгчийн гэрчилгээ, тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, төлбөрийн задаргаа, /х.х-ийн 3-23 хуудас, 39-47 хуудас, 52, 103, 105, 109-121 хуудас/,

Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16161 дугаар захирамжийн дагуу бүх гишүүдийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00/00-0 дугаартай хурлын тогтоол, Зардлын задаргаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00/00 дугаартай В.Р хотхоны оршин суугчдын анхдугаар хурлын тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00/00-0 дугаартай ВВ.Р хотхоны оршин суугчдын анхдугаар хурлын тогтоол, тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /х.х-ийн 39-41, 109-118хуудас/

Хавтаст хэрэгт хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Дээр дурдагдсан нотлох баримтаас бусад нотлох баримтыг шүүх шинжлэн судалж үнэлээгүй, мөн зарим баримт нь шаардлага хангаагүй баримт болохыг тайлбарлавал зохино.

ҮНДЭСЛЭХ нь:  

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч В.Р СӨХ нь П.Од холбогдуулан Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,889,102.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Хариуцагч П.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ... СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147.2, 147.3 дах заалтуудыг мөрдлөг болгоогүй. Бүх гишүүдийн анхдугаар хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан үйл баримтад маргахгүй. Хавтас хэргийн 109-118 дугаар хуудаст авагдсан тэмдэглэл үнэн зөв байх тул уг тэмдэглэл маргахгүй. Бүх гишүүдийн анхны хурлаар зардлыг тогтоохдоо ямар бичиг баримт үндэслэж байгаа нь тодорхойгүй байхад зардлыг баталсан. Тухайн үед зардлыг цаашид бууруулах байдлаар тогтооно гэж тайлбарлаж байсан боловч энэ талаар хуульд нийцсэн бүх гишүүдийн хурлын тогтоол гаргаагүй болно. СӨХ хэдийгээр Ковидын улмаас бүх гишүүдийн хурал хуралдах боломжгүй гэж гэж тайлбарлан 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 00/00 дугаар В.Р СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоол гаргаж зардлыг бууруулж, тооцож нэхэмжилсэн боловч уг тогтоол хуульд нийцээгүй. Иймээс бүх гишүүдийн хурлыг хуралдуулж зардлыг хуульд зааснаар тогтоож, оршин суугчдаас СӨХ-ны зардлыг нэхэмжлэх эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргажээ.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтыг хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна гэж заасан.

Нэхэмжлэгч В.Р СӨХолбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар байгуулагдсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 00/00 дугаартай гэрчилгээ,/х.х-103/ уг СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00/00тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00/00 тоот орон сууцны ашиглалт үйлчилгээ үзүүлэх хамтран ажиллах гэрээ зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. Харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул В.Р СӨХ нь Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шүүхэд шаардах эрхтэй юм.

Харин нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 00/00 дугаар В.Р СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолыг үндэслэн Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй зардалд 2020 оны 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар сар хүртэл 2,889,102.65 төгрөгийн зардлыг хариуцагчаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч татгалзсан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэсэн нь бүх гишүүдийн хурлаар гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилахаар заасан байна.

Иймд В.Р СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг хуваарилах /ихэсгэх, багасгах / эрхийг хуулиар олгоогүй байна. Иймээс эрхгүй этгээдийн баталсан 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн В.Р СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын 00/00 дугаар тогтоол нь хуульд нийцээгүй байх тул уг тогтоолыг үндэслэн нэхэмжилсэн зардлын шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ВВ.Р хотхоны оршин суугчдын анхдугаар хурлын 00/00 дугаар тогтоолоор баталсан Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын дагуу нэхэмжлэл гаргахад уг шийдвэр саад болохгүй болохыг тайлбарлах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Од холбогдуулан Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,889,102.65 төгрөг гаргуулах тухай В.Р СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,176 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ