Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 146/ШТ2017/00013

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа

Улсын яллагч: Д.Алимаа

Шүүгдэгч: Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн яллагдагч Боржигон овогт Цэрэндагвын Гт холбогдох 146/2017/00011/Э индекстэй, эрүүгийн 201615010132 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганц бие, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, зүүн Алтан-Өлгийн 03-48 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Цэрэндагвын Гт /РД: МЬ79090510/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08-р сарын 17-ны өдөр ..... сум ...... голын эрэг дээр иргэн О.Э-гг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ: “...Би 8-р ангийн нэг хүүхэдтэй. Хүүхэдтэйгээ жил гаран уулзаагүй байсан. Манай хүүхэд Хархоринд ирсэн байсан. Цалин буугаад хүүхэддээ 200.000 төгрөг өгсөн. Хүүхэддээ мөнгө өглөө би дахиж мөнгө өгч чадахгүй гэж уурлаад бид хоёр маргалдсан. Бас Эрдэнэчимэг эгч Э хоёр бие биенээ муу хэлээд байсан. Тэр асуудлаас нь  болоод би нилээн уурласан. Тэгээд архи уусан байсан болохоор маргалдсан. Эрдэнэчимэг эгчээс сүүлд нь асуусан. Эг нэг цохисон. Тэгээд цаашаа голын эрэг дээр алхаж очоод хэсэг сууж байгаад эргээд ирсэн чинь хамт ирсэн хүмүүс дахиад архи уугаад байж байсан. Э орой намайг явахад тасраад унасан байсан. Би тасарсан байсан болохоор тэврээд машин руу авч явсан. Э тасраад далангийн тэнд унасан байсан гэв...”

Хохирогч О.Э-г мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 08 дугаар сарын 30-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө хамтран амьдрагч Г, Гын дүү Зоригоо, Зоригоотой хамт ажил хийдэг Амраа, Гэрлээ, Хөвсгөл нарын хамт Гэрлээгийн автомашинаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхон голын гүүрээр гарч гол өгсөн гүүрний дээд тал Орхон голын хойд хэсэгт Г, Зоригоо, Амраа, Гэрлээ, Хөвсгөл нарын хамт 6 литр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад Гын бэр эгч Эрдэнэчимэг ирсэн. Тэгээд бид нийлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн байж байтал Эрдэнэчимэг нь Хөвсгөлийг муулж энэ Хөвсгөлөөс болж манай ажлын хамт олны дунд хэрүүл маргаан гарлаа гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би Хөвсгөлийг өмөөрч Эрдэнэчимэгт хэдэн үг хэлсэн. Эрдэнэчимэг урьд өмнө нь мөн иймэрхүү байдлаар Амраа, Гэрлээ нарыг надад хэрүүлийн шинжтэй үг яриа гаргаж байсан удаатай. Иймд би Хөвсгөлийг өмөөрсөн юм. Хамт архи дарс хэрэглэж байсан хүмүүсээс Эрдэнэчимэг нь салгаж тэд нараас холдож Эрдэнэчимэг бид хоёрыг юм яриад байж байхад надтай хамтран амьдардаг Эрдэнчимэгийн нөхөр Хуягбаатарын дүү нь ирээд бид хоёртой нийлж юм ярьж байснаа надруу дайрсан. Тэгээд би Г Эрдэнэчимэг хоёроос холдох гэтэл Эрдэнэчимэг миний гарыг бариад тавихгүй байсан. Тэгэхээр нь би Г, Эрдэнэчимэг хоёрт та нар хүнийг ил хэлж чадахгүй байж ямар учраас байхгүй /далдуур/ нь дандаа тэгж муу хэлдэг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Г шууд намайг өшиглөн нүүр хэсэг болон хамраас цус гарсан. Тухайн үед миний өмсөж явсан хувцас цус болсон. Миний хамраас цус гараад сууж байтал нөгөө хэд болох Зоригоо, Амраа, Хөвсгөл, Гэрлээ нар бүгд ирээд Гыг аваад явсан. Тэгэхээр нь би ерөөсөө л Улаанбаатар хот орно гэж бодоод засмал замын хажууд байх гүүрний далан дотор ороод нуугдаад байж байтал тэр хэд намайг дуудаж байсан. Гэтэл Эрдэнэчимэг намайг хараад Гт намайг даланд байна гэж хэлсэн. Тэгээд Г ирээд намайг хаашаа явах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би харимаар байна гэж хэлсэн. Г намайг чи хаашаа явдаг юм бэ гэж хэлээд дахин зодож чи ирэх дургүй байсан явах шалтгаанаа хийж байна уу гэж хэлээд зодоод байсан хоолой боож намайг далангийн цементэнд миний нүүрээр үсдэж мөргүүлсэн. Тэрний дараа Хөвсгөл ирж Гыг салгасан. Ийм явдал болж байгааг Эрдэнэчимэг хараад зогсож байсан. Тэрний дараа Архангай аймгийн Хашаат сумын Цайдам гэх газар байх амралтын газраас Төгсөө, Хуягаа ах 2 автомашинтай ирж бид нарыг шууд амралтын газар луу авч явсан. Тэр үед би гэрлүү болон цагдаагийн байгууллагад хандах гэтэл сүлжээ байгаагүй. Би энэ талаар ээждээ хэлж ярих гэтэл Г яриулаагүй. Үйл явдлаас хойш 2 хоног 2016 оны 08 дугаар сарын 19-ний орой Улаанбаатар хотоос манай эгч Алтанзул, миний найз Цэрэннадмид, Зоригоо нар ирж намайг авч явсан. Би амралтын газар очоод явах гэтэл Г, Эрдэнэчимэг 2 чи ийм нүүртэй байж ямар учраас Улаанбаатарт явах гээд байдаг юм бэ нүүрээ эдгэрсэний дараа 08 дугаар сарын 25-д өнгөрөөгөөд яв гэж хэлээд байсан. Би зодуулсанаас болж 2 гарын шөрмөс татаж, толгой өвдөж, дотор муухайрч биеийн байдал муудсан. Мөн Эрдэнэчимэг миний утсыг аваад ээжтэй яриулахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-11-13 дугаар хуудас/

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Би Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багт Цайдам жуулчны бааз дээр барилгын бригад ахлаж ажиллаж байгаа юм. 2016 оны 08-р сарын 16-ны орой Хархорин суманд ажил хийж байгаа Амраа, Гэрлээ, Ганзориг, Зулаа гэх 4 манай хүн манай ажиллаж байгаа газар ирсэн. Тухайн хүмүүс ирэхдээ 2 шил архитай ирцгээж манай ажилчид нийлж бүгдээрээ тухайн архинаас ууцгаасан. Тэгээд орой нь манайд ирсэн хэд Хархорин сум руу явах болсон чинь манайд ажил хийж байгаа манай хадам дүү Г, эхнэр Э, манай туслах ажилчин Хөвсгөлдалай 3 цуг явахаар болсон. Тэгээд би тэд нартай цуг Хархорин суманд ирцгээсэн. Тухайн үед шөнө ирсэн болохоор дэлгүүр хаалттай байсан. Тэгээд Хархорины хэд манай гэрээр ороод гар гэхээр нь гэрт нь очиход Г, Э, Хөвсгөлдалай 3 үлдэхээр болсон байсан. Тэгэхээр нь би Ганзориг, Гэрлээ хоёроор шөнө 4 цагийн орчим буцаагаад Цайдам руу хүргүүлсэн. Тэгээд маргааш нь ажлаа хийж байхад нөгөө хэд Хархориноос залгаж бид нар голын эрэг дээр байна та хүрээд ир гээд яриад байсан. Тухайн үед би амжихгүй гэдгээ хэлсэн. Тэгээд орой Гэрлээ надруу залгаж энэ хэд хоорондоо маргалдаж зодолдоод байна та хүрээд ир гэхээр нь хүний унаанд дайгдаад Хархоринд ирээд тэд нарын байсан газар голын эрэг дээр ирсэн. Тухайн үед намайг очиход Г, Э, Хөвсгөл, Амраа, Зулаа нар мөн сүүлд нь ирсэн гээд Ганзориг, Гэрлээ нар байсан. Г, Э, Зулаа нар нилээн согтуу байсан. Нөгөө хэд нь гайгүй байсан. Намайг ирэхэд Э уйлсан байдалтай нүүр ам нь бол ямар шарх сорви болоогүй байсан. Нөгөө хэд нь надад хэдэхдээ Г үсдэж 2-3 удаа цохьсон гэж ярьж байсан. Тэгээд Э надад Г намайг зодсон гэж хэлээд Этай юм яриад сууж байтал Г та Гэрлээд юу ярьсан юм бэ? Наад Э чинь надад шөнөжин уурлалаа гэж хэлэхээр нь би учрыг нь олох гээд яриад сууж байтал Г ирээд намайг цохиж Эг бас цохиод авсан. Тэгээд тайвширцгаагаад нэг шил архи хувааж уугаад сууж байгаад нөгөө Хархорины хэдээ явуулчихаад Хөвсгөл, Э, Г бид 3 явах гэтэл Э алга болчихсон. Тэгээд хайж байгаад Баялаг дэлгүүрийн хажуу талын гүүрний шуудуунаас Эг олоод явах гэтэл Э, Г 2 хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би машин дуудах гээд утсаар яриад цаашаа яваад ярьж дуусчихаад эргээд нөгөө 2 дээр очиход Эгйн нүүр шалбарчихсан байсан. Г намайг боож зодсон гэж хэлж байсан. Тэгээд манай нөхөр Ганхуяг ажлын газрын Отгонтөгс гэх хүнтэй цуг ирж авсан..." гэсэн мэдүүлэг /хх-14 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг №12116 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

         “...1. Эгийн биед нүүр хүзүүний зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, нүдний алимын суулт үүсчээ.

         2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

         4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....” гэсэн дүгнэлт /хх-16 дугаар хуудас/

Гэрч А.Х.н мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08-р сарын 17-ны өдөр ....... суманд Орхон голын эрэг дээр Э, Г, Амраа, Гэрлээ, Ганзориг, бид нар архи ууцгаасан. Тухайн үед би эхлээд 40.000 төгрөгөөр архи авч уугаад тухайн архи пиво дуусахаар нь Э эгч хотоос 30.000 төгрөг шилжүүлж аваад тухайн мөнгөөр нь 6 шил нутгийн буян нэртэй архи авч ууцгааж Архангай аймгийн ..... сумаас Э эгчийг дуудсан. Тэгээд Эрдэнэчимэг эгчийг ирэхэд 2-3 шил архи үлдэж тухайн архиа ууцгаагаад сууж байгаад нэг харсан чинь Г Эрдэнчимэг эгчийг хөлөөрөө өшиглөх шиг харагдахаар нь би яваад очиход цаашаа яваад өгсөн. Тэгээд тэндээсээ Амраа, Гэрлээ, Ганзориг нар явсан. Тэгээд Эрдэнэчимэг эгч, Г, Э бид 4 үлдээд шуудууны ойролцоо байж байхад Г, Э 2 хоорондоо зүгээр юм ярьж байгаад гэнэт хүүхдийнхээ талаар ярьж байгаад хоорондоо хэрэлдэж Г Эг зодож эхэлсэн. Тэгээд би очоод салгах гэтэл Г надруу дайраад би дийлэхгүй болохоор нь Эрдэнэчимэг эгчид хэлээд Эрдэнэчимэг эгч очиж салгасан. Хэсэг юм яриад сууж байснаа дахиад хоорондоо хэрэлдээд зодолдоод байсан. Э эгч уурлаж орилж хашгараад байсан. Тэгээд шөнө Архангай Хашаат руу Эрдэнэчимэг эгч утсаар ярьж Төгсөө гэдэг хүн ирж бид нарыг авсан. Тэгээд Хашаатын цайдам буюу бид нарын ажил хийж байгаа газар очоод тэнд өглөө бас хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би тэндээсээ түрүүлээд Улаанбаатар хотруу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-23 дугаар хуудас/

Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08-р сард Архангай аймгийн ..... сумын ........... баг дээр О, манай эхнэр Э, Г, Э, Х бид нар барилгын ажил хийж байсан юм. 2016 оны 08-р сарын 16-ны өдөр .......... сумаас манай төрсөн дүү Г болон түүнтэй цуг ажилладаг Г, А мөн нэг танихгүй хүнтэй 4-үүлээ ирсэн. Тэгээд тэнд архи ууцгаасан. Архиа ууж дуусчихаад Г, Х., Э манай эхнэр Э нар ....... ирсэн хүмүүсийг дагаад ...... сум луу явсан. Тэгээд тэр шөнөдөө манай эхнэр Ганзоригоор хүргүүлээд буцаад ирсэн. Маргааш нь буюу 2016 оны 08-р сарын 17-ны өдөр үдээс хойш Гэрлээ манай эхнэр лүү залгаад Э, Г 2 хоорондоо муудалцаж зодолдоод байна та ирэхгүй бол болохгүй байна гэж хэлсэн тэгээд манай эхнэр Эрдэнэчимэг Хархорин сум руу Отгонтөгсөөр хүргүүлсэн. Тэгээд шөнө 2-8 цагийн орчим Эрдэнэчимэг надруу залгаад бид нарыг ирж ав гэж хэлээд Хөвсгөлдалай, Г, Э, Э  4-ийг очиж ..... сумын Баялаг хүнсний дэлгүүрийн урд талаас авсан. Тухайн үед очиж авахад хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйлгүй зүгээр байцгааж байсан. Тэгээд 2 хоногийн дараа шөнө Эгийн найз нар ирээд Эг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-24 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/ Шүүгдэгч Ц.Гыг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр /хх-80/, 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар /хх-83/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-90/ зэрэг болно. Шүүгдэгч Ц.Г нь 2016 оны 08-р сарын 17-ны өдөр Хархорин сумын Орхон голын эрэг дээр иргэн О.Э-гг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь гэрч Эрдэнэчимэг, Хөвсгөлдалай, Гэрлээ, Ганхуяг нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Э-ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг №12116 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Гын нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч О.Э-г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: “...Олзвойн Э миний бие хамтран амьдрагч Цэрэндагвын Гтай 2015 оноос 2016 оны 08 дугаар сар хүртэл хамтран амьдарсан билээ. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон голын эрэг дээр гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж үл ойлголцон маргалдаж, намайг 2-3 удаа цохисон билээ. Тухайн үед Эд би гомдолтой гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ц.Г нь надаас хийсэн үйлдэлдээ уучлалт гуйсан тул Э надад ямар нэгэн хохирол гомдол нэхэмжлэх зүйл байхгүй болно. Бид 2 эвлэрсэн тул хэргийг маань хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлж, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Г нь 2016 оны 08-р сарын 17-ны өдөр хохирогч О.Э-гг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, шүүгдэгч Ц.Гт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаа буюу хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283, 284, 286, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-н Гыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл Ц.Гын бусдын батлан өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА