Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 51

 

                                   Д.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                          Б.Б

Нарийн бичгийн дарга    Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 935 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Б, Б.Б нарт холбогдох 1912007420152 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  ам бүл 3, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цагаан усны эрэг гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Д.Б

Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цагаан усны эрэг гэх гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Б

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан ус гэх газраас хохирогч А.Агийн эзэмшлийн хязаалан насны хээр зүсмийн морийг, О.Бын эзэмшлийн соёолон насны хээр зүсмийн морийг тус тус хулгайлж, хохирогч нарт тус бүр 800.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2017 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Цагаан ус гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 191200742 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Манайх 7 настай хээр морь, дал цээжин бие цагаан хээр алаг гүү хоёрыг алж төхөөрсөн. Энэ хээр алаг зүсний адуу, хээр зүсний адуу хоёр манай адуу мөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 935 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Д.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд дараах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд 2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө хохирогч О.Бын 1 тооны хээр зүсмийн соёолон насны адууг, хохирогч А.Агийн 1 тооны хязаалан насны хээр зүсмийн морийг тус тус хулгайлсан гэж дурджээ. Гэтэл хавтаст хэргийн 67 дугаар хуудаст хохирогч О.Бын хулгайд алдагдсан гэх 1 тооны соёолон насны адууны үнэлгээг тогтоосон шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай дүгнэлтийг нас нийлсэн морины үнэлгээ гэж гаргасан байна. 

Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ миний адууны толгой биш байсан гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч Д.Б нь өөрийн хоёр тооны адууг нядалсан гэж мэдүүлсэн байх тул хохирогч О.Бын 1 тооны хээр зүсмийн соёолон насны адуу хэзээ хулгайд алдагдсан, хэн авсан болохыг шалгаж тогтоох, шүүгдэгч, хохирогч нарын малын “А” дансны хуулга, мөн шүүгдэгч Д.Б, хохирогч А.А, хохирогч О.Б нарын адуунд үзлэг хийж, им, тамга тэмдгийг тогтоох, мөн шүүгдэгч Д.Б нь өөрийн 2 тооны адууг нядалсан эсэхийг шалгах зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй байна.  

Иймд шүүгдэгч Д.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт хийх нэмэлт мөрдөн шалгах дээрх ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв гээд

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б нарт холбогдох 1912005400136 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан прокурор, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/935 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан ус гэх газраас хохирогч А.Агийн эзэмшлийн хязаалан насны хээр зүсмийн морийг, О.Бын эзэмшлийн соёолон насны хээр зүсмийн морийг тус тус хулгайлж, хохирогч нарт тус бүр 800.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2017 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Цагаан ус гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 191200742 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Манайх 7 настай хээр морь, дал цээжин бие цагаан хээр алаг гүү хоёрыг алж төхөөрсөн. Энэ хээр алаг зүсний адуу, хээр зүсний адуу хоёр манай адуу мөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.Б, Б.Б нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Гэтэл тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б, Б.Б нарт холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд: 

1. Прокурорын яллах дүгнэлтэд 2019 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө хохирогч О.Бын 1 тооны хээр зүсмийн соёолон насны адууг, хохирогч А.Агийн 1 тооны хязаалан насны хээр зүсмийн морийг тус тус хулгайлсан гэж дурджээ. Гэтэл хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд хохирогч О.Бын хулгайд алдсан 1 тооны соёолон насны адууны үнэлгээг тогтоосон шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай дүгнэлтийг нас нийлсэн морины үнэлгээ гэж маргасан байна. 

2. Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ миний адууны толгой биш байсан гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч Д.Б нь өөрийн хоёр тооны адууг нядалсан гэж мэдүүлсэн байх тул хохирогч О.Бын 1 тооны хээр зүсмийн соёолон насны адуу хэзээ хулгайд алдагдсан, хэн авсан болохыг шалгаж  тогтоох, шүүгдэгч, хохирогч нарын малын “А” дансны хуулга, мөн шүүгдэгч Д.Б, хохирогч О.Амгалан, хохирогч О.Б нарын адуунд үзлэг хийж, им, тамга тэмдгийг тогтоох, мөн шүүгдэгч Д.Б нь өөрийн 2 тооны адууг нядалсан эсэхийг шалгах зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг тогтоосон 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлттэй хохирогч О.Б, шүүгдэгч Д.Б нар танилцаад хүлээн зөвшөөрч, ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байх ба уг дүгнэлтэд шинжээчийн соёолон насны адууг нас нийлсэн гэж бичсэн бичиг, техникийн шинжтэй алдаа нь хэргийн зүйлчлэл болоод гэмт үйлдлийг нотолж буй нотолгооны хувьд ач холбогдолгүй байна. 

2. Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ шүүгдэгч Д.Бийн мах худалдан авсан хүнд гаргаж өгсөн 2 ширхэг адууны толгойн нэг толгойг миний адууны толгой биш байсан гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч Д.Б нь өөрийн хоёр тооны адууг нядалсан гэж мэдүүлсэн зэрэг нь шүүгдэгч Д.Бийг гэм буруугүй, хохирогч О.Бын адууг хулгайлаагүй гэж үзэх үндэслэл болохгүй буюу түүнийг цагаатгах нотлох баримт биш байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн алдсанаас өөр адууны толгой нь алдагдсан гэх нэг адууны толгойтой хамт байсан нь яллагдагчийн тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэх нотолгоо болохгүй. 

Мөн хохирогч О.Б, А.А нарын алдагдсан гэх 2 тооны адуу нь нэг сүрэгт хамт байж байгаад нэг цаг хугацаанд алдагдсан байхад шүүгч хохирогч О.Бын адуу хэзээ алдагдсан, хэн авсан болохыг шалгаж тогтоолгохоор зааж байгаа нь ойлгомжгүй бөгөөд ямар ажиллагаа хийх нь ч тодорхойгүй байна.

Мал, амьтны тооллогын “А” дансанд тоолуулагчийн малын төрөл, тооны талаарх мэдээлэл байдаг, харин малын нас, зүс, хүйс зэрэг нарийвчилсан мэдээлэл байдаггүй тул шүүгдэгч, хохирогч нарын малын “А” дансанд үзлэг хийснээр хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдохгүй юм. 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Б, А.А нар нь алдагдсан болон бусад адуугаа ямар нэгэн имгүй, “О” үсгэн тамгатай гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгч нь өөрийн адуугаа ямар нэгэн им, тамгагүй гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.Бийн бусдад зарсан гэх 2 адууны толгойд үзлэг хийхэд ямар нэгэн им байгаагүй болох нь тогтоогдсон байхад шүүгдэгч Д.Б, хохирогч А.А, О.Б нарын адуунд үзлэг хийж, им, тамга тэмдгийг тогтоох нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Мөн адууны толгойг олоход тухайн адууны арьс шир хамт байгаагүй тул тамгыг үзэх боломжгүй байжээ. 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд уг хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон байхад анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэхээр зааж, тухайн мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байх тул шүүгдэгч Д.Б, Б.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/935 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 935 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Б, Б.Б нар холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжаар 2 үндэслэлийг зааж хэргийг прокурорт буцаасан. Үүнд: 

1. Шинжээчийн дүгнэлтэд алдагдсан адууны насыг буруу заасан гэсэн. Уг үндэслэл нь техникийн шинжтэй алдаа бөгөөд хохирогчид учирсан хохирлын хэмжээг зах зээлийн үнэлгээний дагуу тогтоосон ба хэрэгт авагдсан баримтаар хохирогчид учирсан хохирлыг бодитойгоор тогтоосон. Иймд прокурорын зүгээс уг ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн. 

2. Хохирогч нарын малын “А” дансны хуулга, мөн шүүгдэгч Д.Б, хохирогч А.А, хохирогч О.Б нарын адуунд үзлэг хийж, им, тамга тэмдгийг тогтоох, мөн шүүгдэгч Д.Б нь өөрийн 2 тооны адууг нядалсан эсэхийг шалгах зэрэг нэмэлт ажиллагаа хийлгэхээр заасан. Энэ нь хэргийн нөхцөл байдалд нөлөөлөхгүй, хэрэгт ач холбогдол бүхий байдал тогтоогдохгүй учраас эдгээр ажиллагаануудыг хийх шаардлагагүй гэж үзсэн. 

 Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 935 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 935 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт... хохирогч О.Бын хулгайд алдагдсан гэх 1 тооны соёолон насны адууны үнэлгээг тогтоосон шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай дүгнэлтийг нас нийлсэн морины үнэлгээ гэж гаргасан байна...гэсэн нь шүүх дээрх дүгнэлтийг эргэлзээтэй, эсхүл үндэслэлгүй гэж үзсэний аль нь болох талаар дүгнээгүй, мөрдөн байцаалтад буцааж шинжээчийн нэмэлт, эсхүл дахин дүгнэлт гаргуулах эсэх нь тодорхойгүй дүгнэлт хийжээ.

Хэрэв шинжээчийн дүгнэлтийг шүүх эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг  гаргуулах боломжтой юм.

 Мөн хохирогч нарын малын “А” дансны хуулга, мөн шүүгдэгч Д.Б, хохирогч О.А, хохирогч О.Б нарын адуунд үзлэг хийж, им, тамга тэмдгийг тогтоох, мөн шүүгдэгч Д.Б нь өөрийн 2 тооны адууг нядалсан эсэхийг шалгах зэрэг нь хэрэгт ач холбогдолгүй байна. 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 935 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Д.Б, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                          ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 935 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Д.Б, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.Д

                ШҮҮГЧИД                                  Д.Б

                                                                  В.Ц