Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0613

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Л********” ХХК /РД:5*******/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 04 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” маргааныг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э********, иргэдийн төлөөлөгч М.Х**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 04 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлээ өөрчилж уг актыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон, шүүх энэхүү өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцсэн болно.

1.               Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/-ын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Э*******” нэртэй газарт 10489.29 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-0***** дугаартай тусгай зөвшөөрлийг “Л********” ХХК-д олгосон.

Хариуцагчаас нэхэмжлэгч “Л********” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2020 оны 12 дугаар сарын 10 өдрөөс өмнө төлөөгүй гэж үзэн, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 04 дүгээр шийдвэрээр нэр бүхий компаниудын ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан ба уг тушаалын 1-д нэхэмжлэгч “Л********” ХХК-ийн ХВ-0***** дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл багтсан байна.

Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8/12 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэнээр нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 02/2021 албан бичгээр “...04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тодорхой хугацаагаар сунгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/341 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас “шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгчээ.

Мөн нэхэмжлэгчээс 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 05/2021 дугаар албан бичгээр Ашиг малтмал газрын тосны газарт хандаж дахин гомдол гаргасан, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 1/1169 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид өмнөх албан бичигтэй адил агуулгаар хариу өгсөн, үүний дагуу нэхэмжлэгч хамгийн анх 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна

2.               Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлсон, Үүнд:

"Л**** *****" ХХК нь Дорноговь аймгийн “Э*******” нэртэй газар 10489.29 гектар талбай бүхий ХВ-0***** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба төлбөрийг цаг хугацаанд нь төлсөөр ирсэн.

Гэвч 2020 онд Дэлхий нийтэд (Ковид-19)-цар тахал гарсантай холбогдуулан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлт гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр 0***** дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна гэх утга бүхий 2021 оны 1-р сарын 04-ний өдрийн 8/12 тоот албан бичиг ирүүлсэн.

Yүний дагуу 2021 оны 1 дүгээр сарын 04-ний 04 дүгээр шийдвэрийг гардаж авах хүсэлтээ өгсөн ба 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр уг шийдвэрийг гардаж авч танилцсан.

2020 онд Дэлхий нийтэд (Ковид.19) цар тахал гарсантай холбогдуулан улс орнуудын Засгийн Газраас өөрийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд эдийн засаг бизнесийн үйл ажиллагааг хориглосон арга хэмжээг шат дараалан авсан ба үүний адил монгол улсын засгийн газраас бүх нийтийн байдлын зэрэгт шилжүүлэн тухайн зэрэглэлийн хугацааг удаа дараа сунгасаар өдийг хүрч байна.

Төрийн байгууллагаас авч байгаа арга хэмжээний улмаас байгууллагууд үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогссон эдийн засгийн хүндхэн ихэнх бизнесийн нөхцөл байдалд орж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхөд санхүүгийн хувьд хүндрэл гарсан.

Манай байгууллагын хувьд өмнөх жилүүдийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухай бүрд нь бүрэн төлж байсан ба цар тахал, эдийн засгийн бодит хүндрэл учирсан энэхүү цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2020 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтэй байсан ба түүнийгээ илэрхийлж албан тоогоор хүсэлт өгсөөр байтал тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай байгууллагын хувьд өмнөх жилүүдийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухай бүрд нь бүрэн төлж байсан ба цар тахал, эдийн засгийн бодит хүндрэл учирсан энэхүү цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2020 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтэй байсан ба түүнийгээ илэрхийлж албан тоогоор хүсэлт өгсөөр байтал Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн манай тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэсэн тус тус заалтуудыг зөрчсөн.

2/ Манайх төлсөн төлөөгүй дээр маргадаггүй. Манайх төлөөгүй байгаа. Манай нөхцөл байдлын улмаас гэдэг нь юу вэ гэхээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлээд ковидын улмаас БНХАУ болон Монгол улс хилээ хаасан. Үүний дараа 3 сар хүртэл хичээл сургууль, аялал жуулчлал, ийш тийшээ гарах бүх хөдөлгөөнийг хаасан. Манай компанийн зүгээс кадастрын хэлтэс дээр тавьсан ганцхан шаардлага байгаа. Тэр нь бол манай энэ хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээж авна уу. Коронавирусын цар тахлын улмаас манай нөхцөл байдал хүндэрлээ. Манайх бол цаг тухайд нь төлж байсан. Энийг ингээд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг удаа хойшлуулж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. Энэ дээр бол манайд гурван удаа татгалзал өгсөн байдаг. Кадастрын хэлтсээс гаргасан зүйлүүд нь юу юм бэ гэхээр 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/5581 дугаартай албан тоотоор манайд хамгийн анхны хариуг өгсөн байдаг. Боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Манайх энэ тоотыг нь авсныхаа дараа гомдол гаргах гэсэн боловч 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлт гаргаснаас хойш 11-ний өдрөөс хойш бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд хөл хорио тогтоочихсон тул манайх хугацааг олгооч гэдэг хүсэлтийг л тавьж байгаа, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;”-д хамаарч байх тул уг шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү, хариуцагч нь хуулийн 24.1-д зааснаар нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй” гэв.

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд “Л********” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасны хугацааны дотор төлөөгүй.

Тийм учраас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай шийдвэрээр “Л********” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг цуцалж шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч компани өөрөө тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ дээр юуг ярьж байгаа вэ гэхээр хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт л өгч байсан гэж яриад байгаа юм. Өөрсдөө төлөөгүй гэдгээ мэдэж байж 4 дүгээр шийдвэр маань яагаад илт хууль бус болж байгаа нь ойлгомжгүй, илт хууль бус байх шинжийг агуулаагүй.

2/ Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхийг хойшлуулах зохицуулалт байхгүй, мөн “Хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.г “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэж тайлбарласан.

Гэтэл хорио цээрийн үед банк санхүүгийн үйл ажиллагааг хориглоогүй, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх асуудал нээлттэй байсан. Иймд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх нь боломжтой байсан, ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь ойлгомжгүй байгаа тул хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

4.               Иргэдийн төлөөлөгч М.Х********** шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Би энэ хоёр талын яриаг сонсоод нэхэмжлэгч талын ярьж байгаа тайлбар бол үндэслэлгүй байна гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “Л********” ХХК нь анх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргаж байгаад шүүх хуралдаанд /хамгийн сүүлийн байдлаар/ нэхэмжлэлийн шаардлагаа “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 04 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” гэж тодорхойлж, уг шаардлагын үндэслэлээ “...Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлт гаргасан боловч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь илт хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;”-д хамаарч байгаа, захиргаа нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөх ёстой...,хөл хорио тогтоосон ч төлбөр төлөх боломжтой байсан, хугацааг хойшлуулах эрх хариуцагч байгууллагад хуулиар олгогдоогүй” гэж тодорхойлон бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/-ын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Э*******” нэртэй газарт 10489.29 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-0***** дугаартай тусгай зөвшөөрлийг “Л********” ХХК-д 20215 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн анхдагч огноогоор олгосон, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлснөөр хүчин төгөлдөр хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 04 дүгээр шийдвэрээр нэр бүхий аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан байх ба уг тушаалын 1-д нэхэмжлэгч “Л********” ХХК-ийн ХВ-0***** дугаар тусгай зөвшөөрөл багтсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад А-6/2020 албан бичгээр хандан “...2020 онд шаардлагатай хөрөнгө оруулалтууд орж ирээгүйн улмаас хайгуулын ажил хийгдээгүй...үйл ажиллагаа явуулаагүй санхүүгийн хүнд нөхцөл байдалд байна...2020 онд бүрэн зогссон...тул мөн оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзэж төлбөр төлөх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, үүний хариуд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/5581 дүгээр албан бичгээр “...цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг ...2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8/52833 тоот албан бичгээр хүргүүлсэн...дараа жилийн төлбөрийг...урьдчилан төлөх үүрэгтэй, төлбөр төлөх хугацааг хойшлуулж сунгах боломжгүй”-г мэдэгдсэн,

Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчид дахин хандаж “...4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тодорхой хугацаагаар сунгуулах”-аар гомдол гаргасны хариуд 1/341 дүгээр албан бичгээр “шийдвэрлэх боломжгүй”-г мэдэгдсэн, нэхэмжлэгчээс 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 05/2021 дугаар албан бичгээр дахин гомдол гаргаснаар 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 1/1169 дугаар албан бичгээр“...танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид мөн маргаагүй. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө 34.3.Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй, 34.4.Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно,34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, мөн зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.

Хуулийн, эдгээр заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт хуулийн 34.7-д заасан хугацаанд төлөөгүй нь тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч өөрөө маргахгүй байгаа ба харин “хугацаа сунгах хүсэлт гаргасныг шийдвэрлэж өгөөгүй” гэж маргасан боловч нэгэнт тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нөхцөлд нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эрх үүргийг тодорхойлсон Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг сунгах, хойшлуулах эрхийг тусгайлан заагаагүй, энэ тохиолдолд мөн хуулийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах нь хариуцагчийн эрх, хэмжээ сонгох боломжид нийцсэн гэж үзэх ба нэхэмжлэгч байгууллагын гаргасан гомдол, хүсэлтэд хариуцагч захиргааны байгууллагаас “шийдвэрлэх боломжгүй, тусгай зөвшөөрөл цуцлагдсан” талаар мэдэгдсэн нь буруу биш.

Тухайлбал, Ковид-19 цар тахлын улмаас төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас хөл хорио тогтоож байсан нь нийтэд илэрхий үйл баримт болох хэдий ч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тусгайлан зохицуулаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан нөхцөл байдал нь түүнийг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх үзэв.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрт хамаарах нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргасан, уг шийдвэрт захиргааны актын “илт хууль бус” байх шинж агуулагдаагүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, хариуцагч захиргааны байгууллага нь энэ тохиолдолд 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах үүрэгтэй, энэ үүргийн хүрээнд гаргасан захиргааны акт нь “бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий” шийдвэр байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Х**********аас “...Би энэ хоёр талын яриаг сонсоод нэхэмжлэгч талын ярьж байгаа тайлбар бол үндэслэлгүй байна гэж үзэж байна.”” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй, шүүхийн энэ шийдвэрээр хангагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус үндэслэн “Л********” ХХК-иас гаргасан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 04 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН

                                      ШҮҮГЧ                      М.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧ                      А.МӨНХ-ӨЛЗИЙ