| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/1201/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1235 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1235
2024 11 12 2024/ШЦТ/1235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Н.Анхбаяр, хохирогч Б.***,
шүүгдэгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 2308 01045 0306 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 37 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг торгох ялыг биелүүлсэн.
*** /РД:***/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*** нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн *** тоот нийтийн байранд хамтран амьдрагч Б.***ийг “миний эд зүйлийг авсан” гэх шалтгаанаар боох, түлхэх, цохих зэргээр түүнд халдаж, биед нь “зүүн хацар, эрүү, цээж хүзүүнд цус хуралт, амны хажуу, эрүүнд зулгаралт, цээж нурууны зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 595 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.***.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.*** хохирогч Б.*** нар нь 2019 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан хамтран амьдрагчид байна.
2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** тоот нийтийн байранд шүүгдэгч Б.*** нь хохирогч Б.***ийг “миний бичиг баримт, утас, мөнгийг авсан байна, гаргаж өг” гэж хохирогчийн хоолойг боох, алгадах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.***ийн “....миний бие Б.*** гэх хүнтэй 5 жилийн өмнөөс танилцаж, улмаар хамтран амьдарч байгаа. 2022 оны намраас Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах нийтийн байранд амьдарч байгаа. ...2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 04 цагт нэлээн согтуу орж ирсэн ба орж ирэнгүүт унтуулсан. Тэгээд би өглөө 07 цагт босоод ажилдаа явсан ба *** ажилдаа явахгүй унтаад үлдсэн. Улмаар би ажилдаа явчхаад 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирсэн ба ирэхэд *** зурагт үзээд орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд *** “миний бичиг баримт, утас, мөнгө авсан байна гаргаж өг” гэж хэлэхээр нь би аваагүй шөнө архидаж яваад хаясан биз, би яаж мэддэг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл хариуд нь чи муу яадаг янхан бэ гэж хэлээд хоолой боож, хана руу шахаж газарт унагаасан. Миний хоёр хацар луу ээлжлээд алгадсан. Тэгээд би эсэргүүцээд футболкноос нь зуурахад буцаагаад хана мөргүүлж унагаасан. Дээрээс дэвсэж, өвдөглөх зэргээр цохиж зодсон. Мөн үснээс зулгааж чирсэн ба салаад би өөрийнхөө утаснаас охин руугаа залгаж, болсон асуудлыг хэлээд хурдан цагдаа дуудаад хүрээд ир гэж хэлэхэд миний утсыг булааж аваад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх17-18/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх12/, хохирогчийн биед гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3403 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.***ийн биед зүүн хацар, эрүү, цээж, хүзүүнд цус хуралт, амны хажуу, эрүүнд зулгаралт, цээж нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх20-21/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр цохиж зодсоноос шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.
6. Иймд прокуророос шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж хүндрүүлэн зүйлчилснийг хүлээн авах нь зөв байна. Учир нь шүүгдэгч Б.*** урьд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял шийтгүүлэхдээ мөн хохирогч Б.***ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ.
7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
8. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлж, /хх10/ мөн хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоос татгалзсан байх ба /хх64/
9. Түүнчлэн хохирогч нь эмнэлгийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалаас зардал гарсныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч нэхэмжилснийг хангах үндэслэлтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан ба тус хэрэгт иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнийг тогтоосон нь хуульд нийцжээ. Улмаар иргэний нэхэмжлэгчээс “...манай эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.***ийн эмчилгээний зардалд зарцуулсан 48.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэж /хх64/ холбогдох баримтыг хавсаргажээ.
Шүүгдэгч Б.*** нь 48.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлсөн баримтыг ирүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
10. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгч, хохирогч нар нь торгох ялыг оногдуулж өгнө үү гэжээ.
11. Шүүгдэгч Б.*** нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.
12. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг харгалзан шүүгдэгч Б.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***г 800 нэгж буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР