| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/00860/И |
| Дугаар | 102/ШШ2022/01440 |
| Огноо | 2022-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2022/01440
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......................... тоотод оршин сууж, Л ургийн овогтой Л.Д /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........................ тоотод оршин суух, Б ургийн овогтой Ц.Х /РД:........./-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,843,515 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Д,
Хариуцагч Ц.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Ц.Х холбогдуулан тэжээн тэтгүүлэгчид гарсан нэмэлт зардалд нийт 3,843,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: ...Миний бие 2022 оны ... дугаар сарын ....-ны өдрийн ............ тоот шийдвэрээр гэрлэлт цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамждаа авч, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоолгосон. Ц.Х нь хүүхдийн тэтгэмжээ цагт нь олгодоггүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар олон удаа шаардуулж албадуулж байж төлсөн тохиолдол олон гарсан. Хэдийгээр эхнэр, нөхөр биш болсон ч эцэг хүний хувьд тэжээн тэтгэх үүрэгтэй. Би хоёр хүүхдийнхээ эрүүл мэнд, хөгжил, ирээдүйн боловсролыг нь бодоод хоёр хүүхдээ хувийн сургууль цэцэрлэгт явуулж байгаа бөгөөд нийт 7,687,...0 төгрөгийн зардлыг гаргасан болно. Иймд энэхүү зардлын 50 хувь болох 3,843,515 төгрөгийг Ц.Х-аас гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: ...Энэ ... дугаар сараас хүүхдийн тэтгэмж нэмэгдсэн.Үндсэн 23,000 төгрөгийг сар бүр өгч байгаа. Нэхэмжлэгч талын 3,843,515 төгрөгийг төлөх боломжгүй байна. Би зээлтэй, ээж нь маань өвдөөд жил 2 сар болж байна. Ээжийнхээ эм тариа, зээлд олсон орлогоо зарцуулдаг учраас хүндрэлтэй байна. Мөн хувийн сургуулийн зардал төлөх хүндрэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4.Нэхэмжлэгч Хын А, Хын Э нарын төрсний гэрчилгээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, Э өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Ш сургуулийн тодорхойлолт, М цэцэрлэгийн тодорхойлолт, М цэцэрлэгийн захиргаа багш, эцэг эх асран хамгаалагчийн хоорондын гурвалсан гэрээ, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Дансны хуулга, Р шүдний эмнэлэгийн төблөрийн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би хоёр хүүхдийнхээ эрүүл мэнд, хөгжил, ирээдүйн боловсролыг нь бодоод хоёр хүүхдээ хувийн сургууль, цэцэрлэгт явуулж байгаа бөгөөд нийт 7,687,...0 төгрөгийн зардлыг гаргасан. Үүний хагасыг эцэг хүний хувьд тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ...Хүүхдийн тэтгэмж нэмэгдсэн, 3,843,515 төгрөгийг төлөх боломжгүй байна. Би зээлтэй, ээж нь маань өвдөөд жил 2 сар болж байна. Ээжийнхээ эм тариа, зээлд олсон орлогоо зарцуулдаг учраас хүндрэлтэй байна. Мөн хувийн сургуулийн зардал төлөх хүндрэлтэй байна. гэж маргасан.
3. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Талуудын тайлбар, хүү Хын А, охин Хын Э нарын төрсний гэрчилгээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, Э өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор Ц.Х, Л.Д нарын дундаас 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр хүү Х.А /РД:......../, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр охин Х.Э нар төрж, эхийн асрамжид байгаа,
Ш сургуулийн тодорхойлолтоор Х.А нь тус сургуулийн 5а ангид, М цэцэрлэгийн тодорхойлолт, М цэцэрлэгийн захиргаа багш, эцэг эх асран хамгаалагчийн хоорондын гурвалсан гэрээгээр Х.Э нь тус цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт 2021-2022 оны хичээлийн жилд суралцаж байгаа,
Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Дансны хуулгаар Р шүдний эмнэлэг, Ш, Х сургуульд Х.А сургалтын төлбөр, хоолны мөнгө, эмчилгээний төлбөрт 2021.10.11-нд 2,000,000 төгрөг, 2021.11.11-нд 2,040,000 төгрөг, А сургуулийн төлбөрт 2021.09.14-нд 600,000 төгрөг, ...021.11.11-нд 60,000 төгрөг, 2021.10.22-нд 78,000 төгрөг, 80,000, 90,000 төгрөг төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 8, 9, 13, 19, 25/,
М цэцэрлэг, Р шүдний эмнэлэгт Х.А сургалтын төлбөр, эмчилгээний зардалд 2021.09.02-нд 160,000 төгрөг, 2021.10.25-нд 310,000 төгрөг, 2020.09.14-нд 300,000 төгрөг, 2020.10.10-нд 300,000 төгрөг, 2020.11.20-нд 300,000 төгрөг, 2021.11.11-нд 150,000 төгрөг, 2021,10,11-нд 200,000 төгрөг, ...0,000 төгрөг шилжүүлсэн /хх-ийн 10, 11,16, 17, 18, 23, 25/ нийт 7,168,000 төгрөг төлсөн,
Л.Д ...................... тоотод хүүхдүүдийнхээ хамт оршин сууж байгаа нь иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар /хх-ийн 7/ тус тус тогтоогдож байна.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан.
5.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсонтой холбоотойгоор санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй бол хариуцагчаас нэмэлт зардал гаргуулахаар шаардах эрхтэй.
6.Зохигч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ............ дугаар шийдвэрээр Ц.Х, Л.Д нарын гэрлэлтийг цуцлуулж, хүү Х.А, охин Х.Э нарыг эх Л.Дгийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр эцгээс тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн талаар, хүүхдүүд эх Л.Дгийн асрамжид ......................... тоотод оршин сууж байгаа талаар маргаангүй байна.
7.Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулсантай холбоотойгоор гэрийнхээ ойр, сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ явуулах шаардлага, сургууль, цэцэрлэгийн шилжилт хийх боломж, хүүхдийн хөгжил, сургалтын очин зэргийг харгалзан төлбөртэй сургууль, цэцэрлэгт шилжүүлэн суралцуулсан байх тул сургалтын болон хоолны мөнгө, хүүхдэд эмчилгээ хийлгэхэд гарсан зардлын тал буюу 3,584,000 төгрөгийг хариуцагч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцан төлөх үүрэгтэй.
8.Иймд хариуцагч Ц.Хаас 3,584,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 259,515 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
9.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72,294 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Хаас 3,584,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 259,515 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хаас 72,294 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, ...0 дугаар зүйлийн ...0.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР