| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0196/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/194 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/194
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,
улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
шүүгдэгч Х.*******,
түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0*******/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *** настай, эмэгтэй, , мэргэжилгүй, *** ажилтай, ам бүл **, хоёр охины хамт **** аймгийн сум, **** тоотод оршин суух хаягтай, урьд шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ****овогт ****** /РД:/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч **** нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ***** аймгийн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн И. өмчлөлийн үхэр дундаас нас гүйцсэн сувай үнээ 1 ширхэг, нас гүйцсэн эр гуна 1 ширхэг нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 4,100,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр *** аймгийн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн И. өмчлөлийн нас гүйцсэн 1 тооны сувай үнээ, нас гүйцсэн 1 тооны эр гуна бүхий алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Х.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ийн өгсөн: “...Би тууж ирээгүй мал өөрөө хөлөөрөө ирсэн. Хашааны хаалга онгойлгоод тавьсан байсан эр үхэр нь үхэр дагаад ороод ирсэн. ... Үхрийн эзэн хохирогч нь сумын цагдаа руу хүртэл залгаж гомдол саналгүй гэж хэлсэн надад бас хэлсэн. Ядарсан таныг балай зүйлд оруулчихлаа гэж хэлсэн. ... Хэцүү байна, худууд, 2 охин дандаа дарамталдаг, загнадаг танаас болж нэр хүндгүй боллоо” гэжээ[1],
2.Хохирогч И. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед хороололд гэрийнхээ гадаа үхрээ хотлуулчихаад гэртээ ороод амарсан. Тэр шөнөдөө 02 цагийн орчим манай нохой хуцаад байхаар нь хүн ирсэн юм болов уу? гээд гарахад гэрийн гадаа ямар нэгэн хүн, амьтан байгаагүй тэгэхээр нь буцаж гэртээ ороод амарсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны үүрээр 04 цаг 30 минутын үед сэрээд хашааны гадна хотлуулсан үхрээ хартал өчигдөр хотлуулсан үхрээс минь 1 тооны хүрэн халзан эр бүдүүн үхэр, 1 тооны улаан халзан сувай бүдүүн үнээ дутуу байхаар нь 05 цаг өнгөрөөд гэрийнхээ ойр орчим хайгаад явсан боловч олдоогүй. Олдохгүй байхаар нь уулан дээр гараад дурандаад үзсэн чинь усан сангийн урагш айлын хашаанд үхэр мөөрөөд байхаар нь манай үхэр байж магадгүй гэж бодоод яваад очтол ******* гэх манай сумын иргэний хашаанд миний 2 үхэр байсан. Манай сумын иргэд болох түүний эхнэр нар манай хүрэн халзан эр бүдүүн үхрийг эврээс нь уяа уячихсан уяанаас нь татаад сүх бариад тухайн сүхээрээ манай үхрийн толгой хэсэг руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би наанаас нь “хөөе, хаалгаа онгойлго, үхрээ авъя” гээд орилсон чинь тухайн айлын эзэн ******* гэрээсээ гарч ирээд “чи үхрээ хараад шууд таньдаг юм уу?, би энэ үхрийг Боргиогоос авсан” гээд орилоод байхаар нь би эхнэр рүүгээ утсаар залгаад “манай үхэр *******ийн хашаанд байна” гээд болсон асуудлын талаар хэлээд *******ийг үхэр өгөхгүй юм шиг байхаар нь гэртээ очоод эхнэрийг аваад буцаад *******ийн гэрт очтол эхнэртэйгээ явсан байсан бөгөөд ******* хашаандаа ганцаараа зогсож байсан. Тэгээд манай эхнэр *******т хандан “үхрээ авъя” гэтэл 2 үхрийг минь хашаанаасаа гаргаж өгсөн. Тухайн үед сүхээр цохиулсан хүрэн халзан эр үхрийн минь хамраас цус гарчихсан, толгойгоо 2 тийшээ хаяад явж чадахгүй байсан. Би тус өдөр үхрээ 21 цагийн үед гэрийн гадна хотлуулсан. Манай үхэр шөнийн цагт гэрийн гадна байхдаа ийш тийшээ явж байсан удаа байхгүй. Ялангуяа нэг, хоёроороо бүр ч явахгүй. Манай үхэр бэлчээрээс салаад өөр айлын үхэрт орно гэж байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Үхрээ авсан. Сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Нэхэмжлэхгүй. Би 7 тооны үхэртэй хүн, нэг, хоёроороо алга болж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч М. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 06-ны өглөө гэртээ нөхөр, хүүхдийн хамт амарч байхад 05 цагийн орчим манай сумын ******* эгч ганцаараа орж ирээд манай нөхрийг “үхэр алаад өгөөч, манай охин хурим хийх гээд” гуйгаад байсан. Тухайн үед манай нөхөр дургүйцээд байхаар нь би “хүн гуйгаад байхад очоод янзлаад өгчихөөч” гэж хэлтэл манай нөхөр үхрийг нь гаргаж өгөхөөр болоод ******* эгч бид 3 манайхаас гартал манай гадаа ******* эгчийн Портер байсан. Тэгээд бид хэд шууд ******* эгчийн хашаанд очтол хашаанд нь 4-5 тооны үхэр байсан бөгөөд яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Тэгээд хашаанд нь ортол хашааных нь хаалганы харалдаа 2 тооны үхэр байсан тэгээд ******* эгч энэ 2 үхрийг гаргаж янзална гэсэн. Тэгэхээр нь би “та ганц үхэр л гээ биз дээ” гэсэн чинь ******* эгч “энэ 2 л байгаа өөр үхэр байхгүй” гэсэн. Тэгээд ******* эгч урт цагаан өнгий уяа бас модон иштэй сүх гаргаж өгөөд гэртээ орсон. Тэгээд тэр уяагаар нь манай нөхөр хүрэн халзан эр үхрийг нь бугуйлдаад уяаны нөгөө үзүүрийг нь надад өгөөд “барьж бай” гээд өөрөө хүрэн халзан эр үхрийг модон иштэй сүхээр нь 1 удаа цохисон чинь хальт цохисон тэгсэн *******ийн хашааны гадна талаас тэр хүн хашхирах шиг болтол манай нөхөр “одоо наад үхрээ тавь” гэхээр нь би тавьчихсан тэгсэн чинь хашааны гадна талд гэх манай сумын иргэн ирчихсэн “үхрээ авъя” гээд орилж байгаа харагдсан. Яг тухайн үед ******* эгч гэрээсээ гарч иртэл манай нөхөр түүнд хандан “та чинь хүний үхэр янзлуулах гээд байгаа юм биш үү” гэтэл ******* эгч “наад чинь өөрийнхөө үхрийг танихгүй байгаа юм аа” гэж хэлээд шууд дээр очоод чи өөрийнхөө үхрийг танихгүй байна шүү дээ гэж хэлээд улмаар хоорондоо хэрэлдээд унасан. Үүнийг харсан нөхөр бид 2 гэр рүүгээ явахаар болсон” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Д. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 05 дугаар сарын 06-ны өглөө гэртээ эхнэр, хүүхдийн хамт амарч байхад 05 цагийн орчим манай сумын ******* эгч ганцаараа гэрт орж ирээд надад хандан “манай гэрт очоод үхэр алаад өгөөч манай охины хурим болох гээд байгаа юм аа” гээд гуйгаад байсан. Тухайн үед миний нойр хүрээд мөн ******* эгчийн гуйлтад дургүй байсан учир түүнд хандан “миний нойр хүрээд байна аа үхрийг чинь одоо гаргаж өгч чадахгүй” гэж хэлтэл эхнэр хажуу талаас надад хандан “хүн гуйгаад байхад очоод янзлаад өгчихөөч” гээд байхаар нь би зөвшөөрөөд эхнэр Дарьсүрэнг дагуулаад ******* эгчийн хамт гэрээс гартал манай гадаа ******* эгчийн Портер байсан Тэгээд бид хэд шууд ******* эгчийн портер машинтай түүний хашаанд иртэл хашаанд нь 4-5 тооны үхэр байсан бөгөөд яг тодорхой тоог нь хэлж чадахгүй байна. Хашаанд нь ортол хаалганы харалдаа 2 тооны үхэр байсан бөгөөд ******* эгч тухайн 2 үхэр руу заагаад “энэ 2 үхрийг гаргаж янзална” гэсэн чинь манай эхнэр Дарьсүрэн, *******т хандан “та чинь ганц үхэр л янзална гэсэн биз дээ” гэж хэлтэл хариуд нь 2 үхэр янзална гээд гэртээ орсон. Тэгээд ******* эгч урт цагаан өнгийн уяа бас модон иштэй сүх гаргаж өгсөн. Тэгээд би тэр уяагаар нь хүрэн халзан эр үхрийг нь бугуйлдаад эхнэр бариулж байгаад тухайн модон иштэй сүхээр 1 удаа хүрэн халзан үхрийг цохисон чинь хальт цохисон тэгсэн чинь Алтанэцэгийн хашааны гадна сумын иргэн Бааскаа ирчихсэн “үхрээ авъя” гээд орилоод байхаар нь би шууд тухайн үхрийг тавьтал ******* гэрээсээ гараад ирсэн. Тэгэхээр нь би түүнд хандан “та одоо хүний үхэр авчихсан юм уу” гээд хэлсэн чинь ******* эгч “би хүний үхэр аваагүй, наад Бааскаа чинь үхрээ танихгүй байна” гээд байхаар нь би одоо явлаа гээд ******* эгчийн охиноор нь гэртээ хүргүүлсэн” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Г. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 06-ны өглөө хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байна ээж намайг сэрээгээд миний охин хүн хүргээд өг гэхээр нь гадуур хувцсаа өмсөөд машины түлхүүрээ аваад гараад хартал ах өөрийн эхнэр гийн хамт зогсож байсан. Тэгээд би гэрт нь хүргэж өгөөд буцаад гэртээ ирсэн. Тэгсэн 14 цагийн үед сумын цагдааг Нэргүй, Сайнзаяа нар манай хашаанд орж ирээд ээжийг гэрээс дуудаж гаргаж ирээд “та айлын үхэр мал яагаад хашаад байна” гэсэн утгатай юм ярихаар нь ээжийг айлын мал хашсан юм байна гэж бодсон. Тэгээд цагдаа нар явсны дараа ээжээсээ “та хүний мал хашсан юм уу? үгүй бол санамсаргүй хашсан юм уу?” гэж асуухад ээж хариуд нь “орой малаа туугаад ирэхэд 2 тооны мал ирсэн байсан юм аа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг[5], 6.Эд мөрийн баримтаар: “Модон иштэй сүх 1 ширхэг, 6 метр цагаан уяа”-г тооцсон тухай мөрдөгчийн тогтоол[6], 7.2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний ТХҮ-924/9864 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:
| № | Төрөл | Хэмжих нэгж | Тоо хэмжээ | Нэгжийн үнэ, төгрөг | Нийт үнэ, төгрөг | Тайлбар шинж чанар |
| 1. | Нас гүйцсэн сувай үнээ | ш | 1 | 1,800,000 | 1,800,000 | Зах зээлийн дундаж үнээс тогтоов |
| 2. | Нас гүйцсэн эр гуна | ш | 1 | 2,300,000 | 2,300,000 | |
|
| Нийт үнэ, төгрөг | 4,100,000 |
| |||
гэх дүгнэлт[7],
8.Шүүгдэгч Х.******* 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 05-наас 06-ныг шилжих шөнө яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. Үхэр ирэхгүй байхаар үхэртээ явтал манай үхэр сумын төвийн ар хэсэгт бэлчиж байсан. Тэгээд би үхрээ туугаад хашааны гадна ирээд үхрээ тоолж үзтэл манай үхэр дунд хүрэн халзан 1, хар бор өнгийн 1 нийт 2 тооны толгой үхэр орсон байхаар айлын үхэр орсон юм байлгүй гэж бодоод маргааш өгнө гээд хашаандаа бэлчээгээд гэртээ ороод унтаад өгсөн. Тэгээд би 2024 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн үед сэрээд үхэр дунд орсон байсан айлын 2 үхрийн 1 толгой үхрийг нь нядлуулаад махыг нь зарна гэж бодоод тухайн үхрийг нядлуулах гээд гэх залуугийнд очоод “1 толгой үхэр нядлуулах гэсэн юм аа” гэтэл надад хандан “үгүй ээ, би адуундаа явах гэж байна” гэхээр нь гуйсаар байгаад гэртээ авчирсан. Тухайн үед эхнэрийнхээ хамт манайх руу явсан. Тэгээд нэг үхрээ эр нядлуулах гээд түүнд сүхээ өгөөд эр, хар, бор зүсмийн үхрийг эр сүхээр цохиултал тухайн үхрийн толгой хэсэг рүү 1 удаа хальт цохитол үхэр яагаач үгүй. Тэгээд дахиад цохих гээд байж байтал тухайн үхрийн эзэн Бааска гэх залуу манайд ирээд “үхрээ авъя” гэхээр нь “өө танай үхэр юм уу? аваад яв” гээд үхрийг нь өгөөд явуулсан. Ийм асуудал болсон. Нядлуулах үхрээ бол нядлуулчихаад махыг нь зарах гэж байсан юм. *******ин нөгөө үхрийг яах талаараа ямар нэгэн шийдвэр гаргаагүй байсан. Бусдын үхэр гэдгийг бол мэдэж байгаа. Гэхдээ хэний үхэр гэдгийг мэдэхгүй байсан. Бусдын малыг нядалж махыг нь зарж борлуулж болохгүй талаар мэдэж байгаа. Манай том охины хурим 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болох товтой мөнгөний хэрэг гараад өөрийн үхрээ зарах гэхээр манай үхэр дандаа нялх тугалтай учир хүн авахгүй байсан юм. Тэгээд л манай үхэр дунд туугдаад ирсэн үхрийг нядлах санаа төрсөн юм. ...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад анхнаасаа хүний мал хулгайлах санаа зорилго байгаагүй. Тэр өдөр хулгайд алдсан гээд байгаа 2 үхэр манай үхэр дотор нийлсэн байсан. Тэрийг нь би маргааш өглөө нь мэдэж эр үхрийг нь нядлах санаа төрж, Эрхэмээ гэх айлд очиж “мал муулаад өгөөч” гэж гуйж ятгаад Эрхэмээ эхнэртэйгээ хамт ирээд үхрийг муулах гээд 1 удаа сүхээр хальт цохьсон чинь үхрийн эзэн манай хашаан дотор орж ирээд үхрээ аваад явсан. Иймд энэ хэргийг өөр зүйл ангиар зүйлчилж өгнө үү” гэх мэдүүлэг[8],
9.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[9], 10.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[10], 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[11], 12. сумын засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 253 дугаартай тодорхойлолт[12], 13.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[14], 15.Шүүгдэгчийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[15], 16.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[16], 17.Хохирогч И. цахим үнэмлэхийн хуулбар хувь[17], 18.Хохирогчийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого[18], 19.Шүүгдэгчийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого[19], 20.Шүүгдэгчийн “Төрийн Банк” дахь дансны дэлгэрэнгүй хуулга[20], 21.Шүүгдэгчийн “Хаан Банк” дахь дансны дэлгэрэнгүй хуулга[21], 22.Хохирогч И. бичгээр гаргасан өргөдөл[22], 23.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[23] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах нотлох баримт авагдсан нь Монгол хэл бичиг мэдэхгүй, , мэргэжилгүй шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулахгүйгээр мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн нөхцөл байдал илэрч, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг шүүх үнэлээгүй бөгөөд шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргасан болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Алдуул мал завших гэмт хэргийн хувьд шүүгдэгч Х.******* нь бусдын үхрийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн 2 тооны үхэр шүүгдэгчийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа өөрөөр хэлбэл шүүгдэгчийн малтай хамт түүний малын хашаанд орж ирсний дараа завших сэдэл төрж, улмаар үхрийг муулахаар шийдэж, хүн дуудсан байдаг.
Хохирогчийн хувьд тухайн өдрийн 21 цагийн үед малаа хотлуулсан гэж мэдүүлдэг бөгөөд хотлуулах гэдэг нь малаа өөрийн хашаа руугаа зүглүүлэхийг хэлдэг байна. Шөнийн 02 цагийн үед нохой хуцахаар нь гарч шалгасан боловч ямар нэгэн хүн байгаагүй гэж мэдүүлдэг нь шүүгдэгч Х.*******ийг хулгайлсан гэж буруутгах нотлох баримт болохгүй юм.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчийн хоёр тооны үхрийг амьдаар нь буцаан өгсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзсэн болно.
*******ин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.
Шүүгдэгч Х.******* нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчийн хоёр тооны үхрийг амьдаар нь буцаан өгсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсугай.
7.Шүүгдэгч Х.******* нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 97-98, 118-119 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 101, 125-127 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 102, 23-24 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 53, 85 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 03-04 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 05-13 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 59 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас
[17] Хавтаст хэргийн 63 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас
[22] Хавтаст хэргийн 77 дугаар хуудас
[23] Хавтаст хэргийн 78-79, 128-129 дүгээр хуудас