Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/02192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Хангал, шүүгч Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .................. байрлах, З СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, Ш овогт А.Л /РД:00000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ........... тоот хаягт оршин суух, Л овогт Л.Б /РД:00000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Байгууллагад учирсан гэм хорын хохиролд 10,652,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Г, иргэдийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 сараас 2019 оны 02 сард хүртэл 1-р гарын үсгийг А.Л, 2-р гарын үсгийг Л.Б нар хариуцаж З СӨХ-ны үйл ажиллагааг явуулж байсан. Ажиллаж байх хугацаандаа аудитын хяналтаар оруулахад зөрчил гарч ирсэн. Зөрчил нь анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийх тус байгууллагад хохирол учруулсан байгаа. Санхүүгийн сахилга батгүй үйлдлийг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа. Иймээс нийт 10,652,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан Ихэвчлэн А.Л дараалан гарын үсэг зурсан байдаг. Иймд А.Л дээр ихэнх хариуцлага ногдох байх гэж бодож байна гэв.

Хариуцагч А.Л, Л.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарын зүгээс бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. 1-рт А.Л нь 2017 оноос 2019 он хүртэл З СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Үүний дараа ажлаа хүлээлгэж өгөхөд С.Б гэдэг хүн Удирдах зөвлөлийн хурлаар өөрийгөө гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байдаг. Иймд С.Б нь З СӨХ-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш байна. Гүйцэтгэх захирлаар өөрийгөө томилсноор Сууц өмчлөгчийн холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Удирдах албан тушаалтныг хянах боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2-рт Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 10,652,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байгаа. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн үндэслэл шаарддлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч нарын хэнээс хэдэн төгрөг гаргуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч нар З СӨХ-д хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан "О" ХХК-ийн аудитын тайлан, зөвлөмжөөс харахаар 08 сарын 13-ны өдрийн хавсралт-3-аар 9,238,410 төгрөгийг зөрчил илрүүлсэн, дараа нь 08 сарын 26-ны өдрийн хавсралт-3-аар 1,413,600 төгрөг нийт үнийн дүн нь 10,652,000 төгрөг байна гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. "О" ХХК-ийн 47 нэр бүхий орлого, зарлагын баримтуудаас 27,205,124 төгрөгийн орлого зарлагын гүйлгээг гаргасан байна. Үүнээс 08 сарын 13-ны өдрийн байдлаар баримтгүй 9,238,410 төгрөг гэсэн зөвлөмжийг гаргасан байдаг. Дараа нь 08 сарын 26-ны өдөр дутуу баримтуудаа аваачиж өгсний дараа 1,413,600 төгрөгийг зөрчил үлдсэн. Тухайн баримтууд нь байсан боловч он сар хугацаа нь тодорхойгүй байна гэсэн зөвлөмжийг хүргүүлж, зөвлөмжийн 2.1-т тусгагдсан байдаг. Нэхэмжлэгч тал ямар шаардлага, үндэслэлээр мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. 1,413,600 төгрөгийн баримтууд нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Н.Б гэдэг хүнээр заслын ажил гүйцэтгүүлсэн байдаг. Тухайн ажлын хөлсөнд 610,000 төгрөгийг өгч, 803,500 төгрөгөөр бараа материалын зарлага гарсан. Уг ажил гүйцэтгүүлсэн зарлагын баримт нь цаг хугацааны хувьд он сар тодорхойгүй байсан. Ажил гүйцэтгэсэн Н.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм хорын хохирол шаардаж байгаа. Гэхдээ З СӨХ-д хохирол учруулсныг тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн, нотолсон баримтуудаа гаргаж өгөх ёстой. "О" ХХК санхүүгийн баримт дээр үндэслэн зөвлөмжийг гаргасан. Уг зөвлөмжөөр 1,413,600 төгрөгийн баримттай боловч он саргүй байсан гэдгийг гэрчийн мэдүүлэг, О ХХК-ийн тайлангаар тогтоогддог. 2019 оны 01 сарын 12-ны өдөр А.Л гэдэг хүн бүх гишүүдийн хурлаа хийж, зурган хэлбэрээр хийсэн ажлаа тайлагнасан. Зурган тайлангийн 8 дахь талд өмнө ямар байсан, одоо ямар болсон гэдэг нь тодорхой харагдана. Засвар үйлчилгээнд 800,000 гаруй төгрөгийн материал ашигласан, 610,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн. Тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ 3 орцыг 610,000 төгрөгөөр засвар хийх боломжгүй, 1 орцонд засвар хийсэн байх гэж мэдүүлсэн. А.Л гэдэг хүн "З" СӨХ-ны санхүүг хэмнээд 3 орцыг 610,000 төгрөгөөр хийлгэсэн байдаг. Гэтэл яагаад А.Л, Б нараас мөнгө шаардаж байгаа нь ойлгомжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээ нотолж чадахгүй байна. Иймээс хариуцагч талаас мөнгө гаргуулах боломжгүй гэж харж байна. Хариуцагч нар гэм буруугүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З СӨХ нь хариуцагч А.Л, Л.Б нарт холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 10,652,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нар нь О ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 19/21 тоот Нягтлах гэрээт ажлын тайлан-гийн 3 дугаар хавсралтыг үндэслэн санхүүгийн анхан шатны баримтгүйгээр зардал гаргаж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, байгууллагад 10,652,000 төгрөгийн хохирол учруулсан. Ийм учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйзлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэзм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу бид шаардах эрхтэй гэж нэхэмжлэгч тал өөрийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

Харин хохирлын хэмжээгээ тодорхойлсон нэхэмжлэлийн үнийн дүн болох төгрөгийн хэмжээгээ ...хоёр удаа гарсан 3 дугаар хавсралтын дүнг нэмж, 10,562,000 төгрөгөөр хохирлын хэмжээгээ тодорхойлсон гэж нэхэмжлэгч тайлбарласан.

Дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ хариуцагч нар ...нэг хавсралтыг хооронд нь нэмж тооцсон, зөрчилтэй гэх гүйлгээ нь гэрчийн мэдүүлэг, тайлангаар нотлогдоно, нэхэмжлэгчид ямар нэг хохирол учруулаагүй, ...3 дугаар хавсралтуудыг хооронд нь нэмэх үндэслэлгүй, 1,413,600 төгрөгийн гүйлгээг баримтыг нь шаардлага хангахгүй гэж гаргасан хавсралт нь хамгийн сүүлд баримтыг дахин шалгаад гарсан хавсралт бөгөөд энэ зардал нь гэрчийн мэдүүлэг болон үйл ажиллагааны тайлангаар нотлогдож байгаа тул байгууллагад ямар нэгэн хохирол учруулаагүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд О ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр З СӨХ-ны бүртгэл, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлангийн 3 дугаар хавсралтыг 2 удаа гаргасан байх бөгөөд эхний 1 хавсралтад 9,238,410 төгрөгийн баримтаар нотлогдохгүй гүйлгээний дүн, хоёрдох хавсралтад 1,413,600 төгрөгийн баримтаар нотлогдохгүй гүйлгээний дүн гэсэн хавсралтыг гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч СӨХ-ны гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэдний ажиллаж байх үеийн буюу 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны бүртгэл санхүүгийн үйл ажиллагааны ажил гүйлгээнд нягтлах ажлыг О ХХК-иар хийлгэж, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тус аудитын компани З СӨХ-ны бүртгэл, санхүүгийн үйл ажиллагаанд аудитын тайлан гаргасан байна.

Дээр дурдсанчлан тайлангийн 3 дугаар хавсралт 2 удаа гарсантай холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нар маргасан ба О ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарыг 26-ны өдрийн 21/20 тоот тайлбар, О ХХК-ийн аудитор А.С-ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, уг тайлангийн 2.1-т аудитын горим хэрэгжүүлэх үүднээс материаллаг дүн бүхий 47 нэрийн 27,2 сая төгрөгийн гүйлгээг түүвэрлэн баримтаар нотлогдож буй эсэхэд горим хэрэгжүүлэхэд 1,4 сая төгрөгийн гүйлгээ гарсан хугацаа нь тодорхойгүй бүртгэсэн, баримтаар нотлогдохгүй байгаа зөрчил илэрч байна гэсэн дүгнэлт зэргээр маргаан бүхий 3 дугаар хавсралт 2 удаа гарсан шалтгаан, нэг л хавсралт болох нь, 1,413,600 төгрөгийн зөрчилтэй гарсан нь шинэчлэгдэн гарсан зөв хавсралт болох нь тогтоогдлоо.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж заасан бөгөөд хугацаа тодорхойгүй бүртгэгдсэн, баримтаар нотлогдохгүй байгаа 1,413,600 төгрөгийн зөрчил нь хариуцагч нарт хамаарах зөрчил байна.

Эд хөрөнгөд учирсан хохирол гэдэгт бодит гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлого орно. Энэхүү хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

Гэвч хариуцагч нар нь Нягтлан болох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасныг зөрчиж, анхан шатны баримтын шаардлага хангахгүй ажил, гүйлгээг бүртгэсэн байх боловч эрх бүхий этгээдээс зөрчлийг тогтоон шалгасан баримт байхгүй, байгууллагын санхүүгээс 1,413,600 төгрөг алдагдсан, дутсан гэх байдал тогтоогдоогүй буюу гэрч Н.Б-ийн ...засварын ажил хийж, хөлс авсан гэх мэдүүлэг, З СӨХ-ны 2017-2018 онуудад хийсэн тохижилтын ажлын тайлан З тайлан, тайланд бичсэн тайлбар зэргээр тухайн мөнгөн хөрөнгө нь 2018 оны 2 дугаар сарын 9-15-ны хооронд орцны засварт зарцуулагдаж, СӨХ-нд үлдсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.

Хариуцагч нар нь З СӨХ-нд 1, 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бөгөөд тэдний хөдөлмөрлөх явцдаа холбогдох хууль тогтоомж зөрчиж байгууллагад хохирол учруулсан гэх асуудал нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хорын хохирлыг хариуцан арилгахад хамаарахгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх байдлаар хариуцан арилгахаар байна.

Гэхдээ нэхэмжлэлд дурдсан 9,238,410 төгрөгийн баримтаар нотлогдохгүй гүйлгээ хийсэн гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч буруу тооцоолсон, 1,413,600 төгрөгийн баримтаар нотлогдохгүй гүйлгээ хийсэн гэх асуудал нь гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар байгууллагад хохирол учруулсан болох нь үгүйсгэгдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Түүнчлэн иргэдийн төлөөлөгчөөс хариуцагч нарыг гэм буруугүй бөгөөд нэхэмжлэгч хохирсон эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байх тул З СӨХ-ны А.Л, Л.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхисонтой холбоотойгоор нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх заалтыг баримтлан хариуцагч А.Л, Л.Б нараас гэм хорын хохиролд 10,652,000 төгрөг гаргуулахыг хүссэн З СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60,1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                          Н.ХАНГАЛ

 

                                                                     Х.ЭНХЗАЯА