Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/02640

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, ............. тоот хаягт оршин суух Ж овогт Б.Б /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.С-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие Чингис групп ХХК-ийн захирал Б.С-д холбогдуулан хадгаламжийн төлбөрт 11,246,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Б.С-ы хаяг тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байгаа тул Б.С-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Б.Б-ын Б.С-д холбогдуулан гаргасан 11,246,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба нэхэмжлэгч 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.С-ыг эрэн сурвалжлуулах гэж өөрчилсөн байна.

Түүний өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно,  155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсан заалтад нийцэж байна. 

Нэхэмжлэгч шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, энд ийм хүн байхгүй гэсэн шуудангийн магадлагаа зэргээр Б.С нь Баянгол дүүрэг, ........... тоот хаягт оршин суудаггүй, түүний хаана оршин байгаа нь тодорхойгүй болох нь тогтоогдож байна. Түүнчлэн 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээгээр Б.С нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нотлогдож байна.

Иймд Баянгол дүүрэг, .................. тоот хаягт оршин сууж байсан Б.С-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,886 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 124,686 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Баянгол дүүрэг, ........... тоот хаягт оршин сууж байсан Б.С-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Б.С-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,886 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 124,686 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосныг нэхэмжлэгч Б.Б /утас:00000000/-т мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.МӨНХЦЭЦЭГ