Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 146/ШТ2017/00014

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа

Улсын яллагч: Д.Алимаа

Шүүгдэгч: Д.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн яллагдагч Б овогт Д-н Мд холбогдох 146/2017/000/Э индекстэй, эрүүгийн 201715010027 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ....... суманд төрсөн, 50 настай, .....й, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Өвөрхангай аймаг, ....... сум, 1 дүгээр баг, Холбоогийн нурууд гэх газар оршин суух, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Д-н М /РД: ...../

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ....... сумын 4 дүгээр баг “Танил” дэлгүүрийн үүднээс иргэн Д.Эын эзэмшлийн Мустанг-5 маркын, улаан өнгөтэй, мотоцикль хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Алимаа гаргасан саналдаа:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Алимаа би, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан Б овгийн Д-н М-д холбогдох эрүүгийн 201715010027 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянаад

Яллагдагч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ....... сумын 4 дүгээр баг “Танил” дэлгүүрийн үүднээс иргэн Д.Эын эзэмшлийн Мустанг-5 маркын, улаан өнгөтэй, мотоцикль хулгайлан авч хохирогч Д.Эт 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлтэй хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тухай тогтоолыг баталж, Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр тус шүүхэд хэргийг ирүүлсэн.

Иймд Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.1, 417.2, 417.3 дахь хэсгийг удирдлага болгон

Яллагдагч Б овгийн Д-н М бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын саналтай холбогдуулан шүүгдэгч Д.М гаргасан тайлбартаа:

“...Миний буруу. Согтуугаасаа болоод ийм хэрэг үйлдлээ. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд эрүүгийн 201715010027 дугаартай хэргийн 8 дугаар хуудсанд шүүгдэгч Д.Мгийн хэрэг бүртгэлтийн шатанд гэм буруугаа ойлгон гэмшсэн болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн хүсэлт, хэргийн 9 дүгээр хуудсанд хохирогч Эрдэнэбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлт, хэргийн 33 дугаар хуудсанд шүүгдэгч Д.Мгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан шалгах хуудас зэрэг нотлох баримтууд тус тус авагдсан байна. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ....... сумын 4 дүгээр баг “Танил” дэлгүүрийн үүднээс иргэн Д.Эын эзэмшлийн Мустанг-5 маркын, улаан өнгөтэй, мотоцикль хулгайлсан болох нь

Хохирогч Д.Э мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 02 дугаар сарын 14-ны орой 19 цаг 30 минутын орчимд ....... сумын 5 дугаар багийн нутагт байх Гүнсэн гэх хүний Танил нэртэй дэлгүүр орж шил тушаачихаад Гүнсэн гэх хүнтэй юм ярьж зогсож байгаад дэлгүүрээс гараад иртэл миний жолоодож явсан улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль хулгайд алдагдсан байсан. Би мотоциклийнхоо кондуктард нь түлхүүрээ зоолттой нь орхисон байсан юм. Би тэр хавиараа хайгаад олдохгүй болохоор нь гэртээ харьж хоночихоод одоо цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-3 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Мгийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлт: “...Өвөрхангай аймгийн ....... сумын 4 дүгээр багийн иргэн Дансран овогтой М би 2017 оны 02 дугаар сарын 14-ны орой ....... сумын 5 дугаар багийн нутгаас Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлсан гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаа ба би хохирогч Д.Этай сайн дураараа эвлэрсэн. Хохирол төлбөрийг нь барагдуулсан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..." гэжээ. /хх-8 дугаар хуудас/

Хохирогч Д.Эын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлт: “...Өвөрхангай аймгийн ....... сумын 1 дүгээр багийн иргэн Дэчинхорол овогтой Эрдэнэбаатар би 2017 оны 02 дугаар сарын 14-ны орой ....... сумын 5 дугаар багийн нутгаас Мустанг-5 маркийн мотоциклио хулгайд алдсан ба миний мотоциклийг хулгайлсан Д.Мтэй сайн дураараа эвлэрсэн. Д.М миний хохирлыг барагдуулсан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..." гэжээ. /хх-9 дүгээр хуудас/

Гэрч Ш.Г мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ....... сумын 1-р багийн иргэн Д.Мтэй 1 шил архи хувааж уусан тэгээд би мотоциклио жолоодож гэртээ харьж малаа эргүүлж янзалчихаад буцаад мотоцикльтойгоо сумын төвд байх Отгон гэх айлд ортол М согтуу унтаж байсан. Би сэрээгээд хөдөө гэр лүү нь хүргэж өгсөн. Манайх Мгийнхтэй айл өвөлжиж байгаа юм. Тэр үед Отгон нь надаас Мгийн согтуугаараа жолоодож ирсэн мотоцикль хэний мотоцикль юм бэ гэж асуухаар нь би Болдоо гэх хүнийх байж магадгүй гэж хэлээд мотоцикль дээр нь байсан түлхүүрийг нь аваад Отгонд өгчихөөд Мг араараа сундлаад яваад өгсөн...” гэжээ. /хх-13 дугаар хуудас/

Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...За манай гэрт орой 20 цагийн үед М гаднаас мотоцикльтой хашаанд орж ирээд мотоциклио хашаанд оруулж тавьчихаад манай гэрт орж ирсэн. Тэгээд манайд байж байтал гаднаас Г гэх хүн орж ирээд М-ыг дагуулаад гарсан би энэ унаж ирсэн мотоциклио яах гэж байгаа юм бэ гэж Мягмараас асуутал Болдоо гэх хүний мотоцикль байгаа юм байж байг гэж хэлчихээд яваад өгсөн. Маргааш нь Эрдэнэбаатар гэх хүн орж ирээд миний хулгайд алдагдсан мотоцикль байна гэж хэлээд аваад явсан...” гэжээ. /хх-14 дүгээр хуудас/

Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дүү М нь хөдөө мал маллан амьдардаг. Зан ааш сайтай, төлөв томоотой, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай залуу байгаа юм...” гэжээ. /хх-15 дугаар хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “...согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй...” гэж заасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.4-т “...шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээг харгалзан ял оногдуулна...” гэж заасны дагуу хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж, шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Д.Мд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Мд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүйг, хохирогч шүүх хуралд суухгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйл, мөн хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.3, 418.4, 418.5-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овгийн Д-н Мг бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Д-н Мг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин /тав/ нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл Д.Мгийн гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ДАГИЙМАА