| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1635/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1438 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ДШМ/1438
105/2020/1635/Э
2020 12 02 2020/ДШМ/1438
Э.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ариунболд,
шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1698 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2006033882241 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э-,
Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 254 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоосон,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 23 хоногийн хорих ялын заримыг буюу 3 жил 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 4 сарын хугацаагаар тогтоож, 2002 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;
Э.Э- нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 22 дугаар гудамжны 499г тоотод байрлах Т.Б-гийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Monel” загварын 32 инчийн LCD зурагт, MNBC-ийн олон сувгийн төхөөрөмж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 218.994 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э- хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Э.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Э- давж заалдах гомдолдоо: “...би гэмт хэрэгт холбогдон шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн үйлдэлдээ маргахгүй бөгөөд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хувийн амьдралын тухайд эхнэр, 5-14 насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг ба эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртээ ажилгүй байдаг. Би өөрийн буруутай үйлдлээс болж ажилгүй эхнэр, хүүхдүүддээ хүнд дарамтад учруулсандаа үнэхээр харамсаж байна. Мөн урьд нь хэрэгт холбогдож ял эдлэж байсан мөртлөө дахин гэмт хэрэгт холбогдсондоо өөрийгөө буруутган гэмшиж байна. Анхан шатны шүүхээс надад 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний хувийн байдал, ар гэрийн нөхцөл зэргийг харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Би ял эдлэх хугацаандаа өөртөө дүгнэлт хийж засарч хүмүүжин гарахаа амлаж байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Э- нь хувийн байдлын хувьд эхнэр, бага насны дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг, тэднийгээ харж ханддаг бөгөөд одоо эхнэр нь хоёр сартай жирэмсэн боловч тэр талаарх баримтаа өгч амжаагүй. Шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү. Хохирогч нь шүүгдэгчийн төрсөн дүү бөгөөд шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байсан боловч цахимаар оролцох боломжгүй учраас өнөөдрийн шүүх хуралдаанд ирж чадаагүй. Гэхдээ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. ...” гэв.
Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 2 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэж байгаа тул шүүгдэгч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Э- нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 22 дугаар гудамжны 499г тоотод байрлах Т.Б-гийн байшингийн цонхыг гараараа түлхэж онгойлгон хууль бусаар нэвтэрч, “Monel” загварын 32 инчийн LCD зурагт, MNBC-ийн олон сувгийн төхөөрөмж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 218.994 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Т.Б-гийн “...манайд амьдардаг Эрдэнэсувд над руу залгаад “гэрт хулгай орсон, байшингийн цонх онгорхой, миний харж байгаагаар 32 инчийн LCD зурагт болон MNBC сувгийн антен алдагдсан байна” гэж ярьсан. Эд зүйлээ буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 14-18/,
гэрч Б.Эрдэнэсувдын “...байшингийн гадна хаалгаа онгойлгоод байшинд ороход үүдний хэсгийн вакум цонх онгойсон, угаалгын машин газарт унасан байсан. Эд зүйлээ шалгахад “Monel” загварын 32 инчийн LCD зурагт, MNBC-ийн олон сувгийн төхөөрөмж хулгайд алдагдсан байсан. ...” /хх 19-20/,
Э.Э-ын яллагдагчаар өгсөн “...Т.Б-гийн гэрт очиход хүн байхгүй байсан. Тэгэхээр нь байшингийн үүдний цонхны салхивчийн хэсгийг гараараа түлхэж онгойлгоод дотогш орж, зурагтын тавиур дээр байсан хар өнгийн “Monel” загварын зурагтыг MNBC олон сувгийн төхөөрөмжийн хамт орны даавуунд боогоод авч гарсан. ...” /хх 31-34/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-9/, алдсан эд зүйлийн үнэлгээ /хх 25/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Э.Э-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Харин шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хулгайлсан эд зүйлээ буцаан өгөх замаар хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.Э-ын “...ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.Э-ын “...ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлын хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1698 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Э-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. …” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ын “...ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН