Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0613

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О” ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газар.

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-1/******* тоот албан бичгээр Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О”  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “О” ХХК нь 2013 онд гадаад худалдаа, уламжлалт эм үйлдвэрлэх, эмийн түүхий эд импортлох үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан бөгөөд дээрх үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 09 дүгээр сарын 06-нд “Байгалийн ховор ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл”-ийг авсны үндсэн дээр Дорнод аймгийн Халх гол сумын засаг дарга Х.Х-тэй “Байгалийн ургамал ашиглах гэрээ”-г 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулан гэрээний дагуу байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр, Жиргэврүү /5 тонн/-г түүж бэлтгэсэн болно.

Мөн дээрх бэлтгэсэн ховор ургамал болох Дэрэвгэр, Жиргэврүүг экспортлох зорилгоор зөвшөөрөл хүссэний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Байгалийн ургамал, ойн дагалт баялаг тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрөл авсны үндсэн дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дээрх түүж бэлтгэсэн Дэрэвгэр, Жиргэрүү бүтээгдэхүүн нь импортлогч улсад хорио цээртэй хөнөөлт организм, хориотой зүйлгүй бөгөөд хүлээн авагч улсын ургамлын эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа талаар “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ”-г олгосон байдаг.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авахаар нэг тонн тутамд 4.000.000 төгрөгийг ургамлыг түүж бэлтгэхэд орон нутгийн Байгаль орчны газарт нэг тонн тутамд 7.500.000 төгрөг, экспортлох тусгай зөвшөөрлийг авахад нэг тонн тутамд 3.000.000 төгрөгийг тус тус улс болон орон нутгийн төсөвт төлснөөс гадна Дэрэвгэр, Жиргэврүү -г түүж бэлтгэхтэй холбогдуулан ажиллах хүч, техник хэрэгсэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдан авалт зэрэг маш их хэмжээний зардал гаргасан болно. Гаалийн хилээр нэвтрүүлэх асуудал удаашралтай байгаатай холбоотойгоор агуулах, хадгалалтын зардал нэмэгдэхийн зэрэгцээ барааны чанарт өөрчлөлт орох нөхцөл байдал үүсээд байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар Дэрэвгэр, Жиргэврүү нь эцсийн бүтээгдэхүүн мөн болно. Манай компани нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/35 тоот албан бичгээр улсын хилээр Дэрэвгэр, Жиргэрүү ургамлыг нэвтрүүлэхийг хүссэн.

Гэтэл Гаалийн Ерөнхий газраас  2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-1/******* тоот албан бичгээр Дэрэвгэр, Жиргэврүү ургамлыг улсын хилээр нэвтрүүлэх тухай хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно…. Гэх заалтыг зөрчиж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна.

Иймд Гаалийн ерөнхий газрын 2020 оны 06  дугаар сарын 12-ны өдрийн 02-1/******* албан бичгээр Дэрэвгэр, Жиргэврүү ургамлыг хилээр нэвтрүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Дэрэвгэр, Жиргэврүү ургамлыг хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “О” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлыг гадаадад гаргах зөвшөөрлийг 2017-2020 оны хооронд авч байсан. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг БНХАУ-д экспортлохоор Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 362 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журмын дагуу Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр бүрдүүлэлт хийхэд Гаалийн ерөнхий газраас тус ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байх чиглэл өгсөн гэх шалтгаанаар хилээр нэвтрүүлэхгүй байгаа болно. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа учрыг тодруулахаар тус компанийн зүгээс холбогдох төрийн захиргааны байгууллагад хандаж, албан тушаалтнуудтай уулзахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүдийн амаар өгсөн тайлбарт Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно гэж заасан байх тул яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу байгалийн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх боломжгүй гэсэн албан бичгийг Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн гэсэн болно. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авахаар 1 тонн тутамд 4 сая төгрөг, ургамал бэлтгэх ажилд 3 сая төгрөг, экспортлох тусгай зөвшөөрөл авахад улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр, мөн орон нутгийн байгаль орчны газарт 1 тонн тутамд 10 сая төгрөгийг тус тус төлснөөс гадна уг ургамлыг түүж бэлтгэхтэй холбогдуулан ажиллах хүч, техник хэрэгсэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдан авах зэрэгт маш их хэмжээний зардал гаргасан байдаг. Мөн гаалийн хилээр нэвтрүүлэх асуудал удаашралтай байгаатай холбоотойгоор агуулах, хадгалалтын зардал нэмэгдэхийн зэрэгцээ барааны чанарт өөрчлөлт орон нөхцөл байдал үүсээд байна. Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно. гэж заасны дагуу бүрэн эрхтэй байгаль орчны мэргэжлийн байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас судалгаа шинжилгээ хийх, зохих нөөцөө тодорхойлон, түүж бэлтгэх ургамлын хэмжээг тогтоосны дагуу гадаадад гаргах зөвшөөрлөө авсан байдаг. Гэтэл Гаалийн ерөнхий газраас гадаад гаргах зорилгоор шууд хэрэглэхэд бэлэн болгон зориулалтын дагуу хатааж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг эцсийн бүтээгдэхүүн биш гэж үзэж, хилээр нэвтрүүлэхгүй байгаа нь үндэслэлгүй, хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Учир Дэрэвгэр жиргэрүү ургамлын хатаасан үндсийг дорнын уламжлалт анагаах ухаанд шууд эмийн бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэдэг. Мөн Монгол улсад Байгалын ургамлын тухай хууль 1995 онд батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн. 1997 оноос хойш Дэрэвгэр жиргэрүү ургамлыг тасралтгүй хилээр гаргаж байсан. Сүүлийн 2 жилийн гаалийн статистик мэдээнд 2016 онд 14 аж ахуйн нэгж 2202 тонн, 2017 онд 8 аж ахуйн нэгж 108 тонн хэмжээгээр тус ургамлыг гаалийн байгууллага бүрдүүлэлт хийж хилээр нэвтрүүлсэн атлаа гаалийн байгууллагаас хуулийн нэг мөр ойлгон, ялгаварлан үйлчлэхгүй байх зарчмыг алдагдуулж тайлбарлаж байгааг эс үйлдэхүй гэж үзэж байгаа юм. Мөн Гаалийн ерөнхий газар нь Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно гэж заасны дагуу тус ургамлыг хилээр гаргахыг татгалзсан байдаг. Татгалзахдаа уг ургамлыг эцсийн бүтээгдэхүүн биш гэж тайлбарладаг. Гэтэл Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д Гаалийн байгууллага албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно. гэж заасан байхад Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон экспортын гэрчилгээнд гаалийн байгууллага өөрт олгогдоогүй эрхийг эдлэн хориг саад тавьж байна гэж үзэж байна.

Гаалийн ерөнхий газар нь Сангийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд эцсийн бүтээгдэхүүн биш гэдгийг тогтоох байгууллага биш юм. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу төлбөр хураамжийг төлж, бүхий л зүйл хууль ёсны дагуу болсон байхад Гаалийн ерөнхий газар нь хүнд суртал гаргаж хариу өгөхгүй байна. Байгалаас түүж аваад, хатаагаад эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэдэг ургамлыг тусгай зориулалтын саванд хийж эцсийн бүтээгдэхүүн болгодог. 2012-2016 оны хооронд нэр бүхий компаниуд тусгай зөвшөөрлийн дагуу уг үйл ажиллагааг эрхэлж байсан. Энэ учрыг тайлбарлаж Гаалийн ерөнхий газарт 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргахад тус газраас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-1/******* тоот албан бичгээр Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх боломжгүй тухай хариу өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд удаа дараа хүсэлтийг Гаалийн ерөнхий газарт удаа дараа гаргаж байсан боловч хүнд суртал гарган өргөдлийг шийдвэрлээгүй. Тусдаа бүтэн зохион байгуулалт, чиг үүрэгтэй байгууллага нь өөр байгууллагын албан бичгийг үндэслэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус юм. Иймд дээрх захиргааны акт нь Монгол улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах. гэж заасан зарчимтай нийцээгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д ... бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах гэж заасан оролцогчийн эрхийг хангаагүй, 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй. гэж заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Гаалийн байгууллага Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.2 дахь хэсэг “……… гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий………”, мөн хуулийн  26711.1 дэх заалт “гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих”, гэж тус тус заасны дагуу төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага болно.

Нэхэмжлэлд дурдсан Дэрэвгэр, Жиргэврүү ургамал нь Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4  дэх хэсгийг үндэслэн Засгийн газраас 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 153 дугаар тогтоолоор тогтоосон “Ховор ургамлын жагсаалт”-ын 350 дугаарт Дэрэвгэр, Жиргэврүү /Saposhnikovia divaricata/ нэрээр заагдсан байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд,зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноор бусад тохиолдолд гадаадад гарахыг хориглоно”, гэж заасан байх тул Гаалийн байгууллагыг Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэх нь үндэслэлгүй байна. Иймд “О” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.2-т Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, мөн тус хуулийн 269дүгээр зүйлийн 2691.1.1-д гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих; гэж заасны дагуу гаалийн хилээр нэвтэрч буй бараа, бүтээгдэхүүнд хяналт тавих үүргийг хэрэгжүүлдэг. Нэхэмжлэлд дурдагдсан Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан нь Байгалын ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно. гэж заасныг үндэслэн хориглосон. Учир нь улсын хилээр гарах гэж байгаа Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь ямар нэгэн заавар байхгүй шуудайнд хийчихсэн байдаг. Эцсийн бүтээгдэхүүн нь тусгай жортой буюу хэрэглэгч худалдан аваад хэрэглэхэд бэлэн болчихсон бүтээгдэхүүн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн эцсийн бүтээгдэхүүн гэж хэлээд байгаа зүйл нь ямар нэгэн хэрэглэх жоргүй, ургамлын хатаасан үндэс байгаа юм. Хавтаст хэргийн 109 дүгээр хуудаст авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/62 дугаар тушаалд 2017 онд Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх аж ахуйн нэгжийн жагсаалтад О ХХК байхгүй байгаа. Халхгол сумын Засаг даргатай тус компанийг төлөөлж захирал н.Батхүү гэрээ байгуулсан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн албан бичигт тус компанийг н.Батхүү гэх хүн төлөөлж байгаагүй байна. Уг хүн хэн болох талаар хэргийн материалд хавсаргагдаагүй байна. О ХХК-ийн Гаалийн байгууллагад хандан гаргаж байсан хүсэлтэд тухай бүр хариуг өгч байсан бөгөөд эс үйлдэхүй гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Б.Ш-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Банзрагч Гаалийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-1/******* тоот албан бичгээр Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч компани 2017 онд байгалийн ховор ургамал түүж бэлтгэх зөвшөөрлийн дагуу 5 тонн дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэн 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин,байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга болон мэргэжилтний гарын үсэг бүхий  гадаадад гаргах зөвшөөрөл авч гадаадад гаргахыг хүсэхэд гаалийн байгууллага хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавьж татгалзсан нь хууль бус гэж, харин хариуцагч байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүү нь эцсийн бүтээгдэхүүн биш, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар гаргахыг хориглосон тул татгалзсан шийдвэр үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Монгол улсын Засгийн газрын 1995 оны ховор ургамлын жагсаалт баталсан 153 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан 2004 оны 165 дугаар тогтоолоор дэрэвгэр жиргэрүү ургамлыг байгалийн ховор ургамлын жагсаалтад оруулжээ.

Монгол улсад уламжлалт эм үйлдвэрлэх, эмийн түүхий эд импортлох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тухайд уг ургамлыг түүж бэлтгэн экспортод гаргах нь түгээмэл байсан бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны А/143 дугаар тушаалаар энэхүү ургамлыг байгалиас түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглосон байна.

Уламжлалт эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн тухайд 2017 оноос дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэн БНХАУ-д экспортлох хүсэлтийн дагуу 2016-2019 онуудад нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгож тодорхой хэмжээний дэрэвгэр жиргэрүү ургамлын экспортод гаргасан байна.

Харин нэхэмжлэгч компанийн тухайд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуйн нэгжүүдийн адил 2017 онд зөвшөөрөл авч 5 тонн дэрэвгэр жиргэрүү бэлтгэсэн хэдий ч энэ хугацаанд буюу 2020 он хүртэл экспортод гаргах хүсэлт гаргаж байгаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани дэрэвгэр жиргэрүү ургамлыг экспортлохын тулд төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагуудаас зөвшөөрөл авах, байгалиас түүж бэлтгэх, хадгалах, гадаад гаргах бэлтгэл хангах гэх мэт хүч хөдөлмөр, хөрөнгө санхүүгийн их хэмжээний зардал гаргасан гэж тайлбарлах боловч бусад аж ахуйн нэгжүүдийн энэ мэт зардал чирэгдэл, хүсэлтийг хангаж төрийн захиргааны байгууллагуудаас нэгдсэн журмаар авч хэрэгжүүлсэн цаг хугацаанд хүсэлтээ холбогдох газарт тавьж шийдвэрлүүлээгүй хугацаа алдсан буруутай.

Тодруулбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Банзрагч энэ талаараа Гаалийн байгууллагад удаа дараа хандсан гэж тайлбарлах боловч хэрхэн хандаж байсан талаараа нотлоогүй, 2019 онд эрүүл  мэндийн шалтгаантай хүн асарч гадаадад байсан, компанийг төлөөлөх өөр хүн байгаагүй гэх боловч тус компанийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний үүсгэн байгуулах баримт бичгийн өөрчлөлтөөр 2018 оны 01 дүгээр сараас компанийн захирлаар Б.Ш томилогдсоныг бүртгэсэн байгаа нь дээрх цаг хугацаанд түүж бэлтгэсэн ургамлыг экспортод гаргах талаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

Үүнтэй холбоотойгоор хэрэв нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гаалийн байгууллагад хандаж хүсэлт гаргасан бол уг хүсэлт нь системд бүртгэгдэж хэрхэн шийдвэрлэгдсэн талаар цахим бүртгэлд хадгалагдан харах боломжтой, түүнчлэн тус байгууллагад хандсан үед ажил хариуцсан албан тушаалтан амаар хариу өгсөн бол түүнийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хуульд заасан 30 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “О” ХХК 2017 онд уг ургамлыг түүж бэлтгэсэн атлаа 2020 он хүртэл 3 жилийн хугацаанд экспортод гаргах хүсэлт гаргаагүй хуулийн хугацаа алдсан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй.

Нөгөө талаар Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно.”, гэж Монгол улсын Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “Эрх бүхий мэргэжлийн байгууллагын тарималжуулан ургуулж, анхан шатны болон үйлдвэрлэлийн аргаар боловсруулалт хийсэн ургамлыг гадаад улсад гарах үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг  холбогдох сайд, дарга нарт даалгаж.” шийдвэрлэжээ.

Үүнээс үзэхэд байгалийн ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүг байгалиас нь шууд түүж бэлтгэн экспортод гаргах нь Байгалийн ургамлын тухай хууль, Засгийн газрын тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/143 дугаар тушаалаар тус тус хориглосон байна.

Түүнчлэн уг ургамлыг байгалиас түүж бэлтгэсэн байдлаар нь хэрэглэдэг эцсийн бүтээгдэхүүн гэж дүгнэх боломжгүй.

 Хэрэгт Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны дэрэвгэр жиргэрүү ургамлын хэрэглээний талаарх тайлбарыг нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд уг тайлбарт дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, Дорнын уламжлалт анагаах ухаанд ургамал чигээр нь эмийн бүтээгдэхүүн болгон ашигладаг талаар дурдсан байна.

Гэхдээ энэхүү ургамлын хэрэглээний талаарх тайлбар нь тухайн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн мөн гэж тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт бус зөвхөн уламжлалт аргыг ном зохиолд тэмдэглэгдсэн байдлаар тодруулсан тайлбар байх тул маргаан бүхий  ургамлыг эцсийн бүтээгдэхүүн гэж дүгнэх боломжгүй.

Нэхэмжлэгч компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компаниудын Гаалийн ерөнхий газарт холбогдуулан дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх 2019 онд хүлээн авч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд ингэхдээ уг ургамлыг эцсийн бүтээгдэхүүн мөн биш эсэхэд дүгнэлт өгөөгүй бөгөөд харин тухайн үед төрийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбооноос шалтгаалж, дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр гаргах асуудал тодорхойгүй байсан талаар дүгнэж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл 2019 онд нэр бүхий компаниудын түүж бэлтгэсэн ургамлыг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн атлаа яг ижил нөхцөлд нэхэмжлэгч компанид зөвшөөрөхгүй байгаа нь тэгш эрхийн зарчмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Учир нь хариуцагч Гаалийн ерөнхий газар Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1-д “Гаалийн байгууллага дарах үндсэн үүргийг гүйцэтгэнэ:”, 2691.1.1-д “Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;”, 2691.1.2-т “гаалийн хилээр нэвтрүүлэх бараа,тээврийн хэрэгсэл,түүний хөдөлгөөнд хяналт тавих;”  гэсэн үндсэн үүргээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан байдал тогтоогдсонгүй.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/62 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж тус яамны зөвшөөрлөөр 2017 онд дэрэвгэр жиргэрүү ургамал түүж бэлтгэсэн, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгох компаниудыг хавсралтаар батлахдаа нэхэмжлэгч “О” ХХК-ийг оруулсан байх боловч шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага нь хангагдсан нэр бүхий компаниудын тоонд нэхэмжлэгч компани ороогүй байна.

Нөгөө талаар сайдын тушаалаар дэрэвгэр жиргэрүү ургамлыг байгалиас түүж бэлтгэхийг хориглосон байхад тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраас 2020 оны 05 дугаар сард байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрөл олгосон нь ойлгомжгүй байх бөгөөд  зөвшөөрөл олгосон А/62 тоот тушаалын 2 дахь заалтаар зөвшөөрөл олгосноос хойш 30 хоногт багтаан гадаадад гаргаагүй тохиолдолд дахин сунгахгүй болохыг анхааруулсан байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд “О” ХХК-ийн 2017 онд түүж бэлтгэсэн байгалийн ховор ургамал болох 5 тонн дэрэвгэр жиргэрүү ургамлыг гадаадад гаргах хүсэлтийг татгалзсан хариуцагч Гаалийн ерөнхий газрын шийдвэр нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.1, 2691.1.2-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-1/******* тоот албан бичгээр дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.НАСАНДЭЛГЭР