Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/01321

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд цахимаар хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.М-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.-М-д  холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 Шүүх хариуцагч Ш.М-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гардуулж, 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтын хуульд зааснаар 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлэх үүрэгтэйг, эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан, тэрээр танилцсан талаар Баримт №4, №5 гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна./хх-ийн 13-14/

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 02 дугаар сарын 10-ны гардан авсан атлаа шүүхээс тогтоосон хугацаа 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй болно.

Шүүхээс шүүгчийн туслах 2022 оны 03 дугаар сарын 03, 03 дугаар сарын 04, 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд өөрийн ******* дугаараас хариуцагчийн ******* дугаар луу залгахад утас холбогдоогүй нь шүүгчийн туслахын тэмдэглэлд тусгагдсан байна. ./хх-ийн 20/

Тус иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлахад хариуцагчийн шүүхэд тодорхойлсон хаягаар Монгол шуудангаар хүргүүлэхэд хурлын товыг хүргүүлжээ. Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул талуудын мэтгэлцэх эрхийг хангаж шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэл хугацаагаар товлон хойшлуулсан. ./хх-ийн 24-25/

Иргэний хэрэг хянан хэлэлцэх 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16.30 цагт товлосон шүүх  хариуцагчийн шүүхэд тодорхойлсон хаягаар Монгол шуудангаар хүргүүлэхэд хурлын товыг хүргүүлэхэд хаягтаа хүнгүй, уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хөдөө байгаа гэх Засаг даргын тэмдэглэсэн нь шууданчийн тэмдэглэлд тусгагдсан байна. ./хх-ийн 29-30../

Шүүхээс шүүгчийн туслах 2022 оны 03 дугаар сарын 14, 21-ний өдрүүдэд өөрийн ******* дугаараас хариуцагчийн *******  дугаар луу залгаж шүүх хуралдааны тов мэдэгдсэн нь шүүгчийн туслахын тэмдэглэлд тусгагдсан байна. ./хх-ийн 30-31/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.” гэж зааснаар хариуцагч  хаягаа өөрчилсөн тухайгаа шүүхэд мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болно.

Тус иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан эхлэхээс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцагчийн *******  дугаарт залгаж шүүх хуралдаанд ирж буй эсэхийг лавлахад ......би итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон гэх тайлбарыг өгчээ.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 16 цаг 40 минут хүртэл хүлээн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шаардлагаар шүүх хуралдааныг эхлүүлсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.”, энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.”,  72.4.-т “Энэ хуулийн 72.3-т заасан үр дагаврыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ.” гэж хуульчилсан.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа өөрөө болон томилогдсон төлөөлөгч  нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд болон шүүгчийн туслахад утсаар болон шүүхийн факс, и-мэйл мессэжээр шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Ш.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Иргэн Ш.М- нэхэмжлэгч Б.О- надтай 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Улмаар Б.О- би гэрээ байгуулсан өдрөө Ш.М-ийн Хаан банкны 50  дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Ш.М- зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш гэрээний үүргийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна.Дэлхийн нийтийн цар тахлын улмаас бид зээлийн хүү, алданги нэхэмжлэхээс татгалзаж, түүнд өгсөн 10,000,000 төгрөг болох үндсэн төлбөрийг нэхэмжилж байгаа тул хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд:зээлийн гэрээ(хх-ийн 3), Голомт банкны дансны хуулга(хх-ийн 3), хариуцагчийн гар бичмэл(хх-ийн 4) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Б.О- хариуцагч Ш.М-т  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Ш.М- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гардан авч, 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтын хуульд зааснаар 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүйг дурдав.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Зохигчид 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг /нэг жил/ хүртэлх хугацаатай зээлдүүлэх, зээлэхээр харилцан тохиролцож Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулснаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсжээ.(хх-ийн 3)

Нэхэмжлэгч Б.О- 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Голомт банкны 18 данснаас хариуцагч Ш.М-ийн Хаан банкны 50 дансанд 10,00,000 төгрөгийг шилжүүлсэн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. (хх-ийн 3)

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: ”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан  байх тул нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ш.М-  үндсэн зээл, зээлийн хүү, гэрээгээр тохирсон алдангийг нэхэмжлэгч Б.О-д буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт .... Б.О- дэлхийн нийтийн цар тахлын давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөнд автсан тул зээлийн хүү, алдангиас татгалзсан гэж тайлбарласан.

Иймд хариуцагч Ш.М-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч  Ш.М-ээс- зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Б.О-д олгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ