Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2467

 

“ХХ” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02296 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХХ” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч З.А-эд холбогдох

 

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 500 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХ” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 5 дугаар сард хэсэг оршин суугчид хуралдаж, СӨХ байгуулаад удирдах зөвлөлийн даргаар намайг томилсон. Улмаар гүйцэтгэх захирлаар Ц.Оюуныг томилсон. Ер нь манай байр бохир алддаг, төвийн шугамын бохир бөглөрхөөр бусад бүх байрны бохир манайх руу алддаг, анх баригдахдаа л буруу баригдсан гэдэг. Гүйцэтгэх захирал Ц.Оюун ажлаа хийж чадахгүй байна гээд 200 гаруй оршин суугчдын гарын үсэг цуглуулж, ажлыг нь авч улмаар би 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2017 оны санхүүгийн тайланг 30 дугаар байрны оршин суугч нягтлан гаргасан, 2 жил тутамд аудитын шалгалт оруулдаг. Халаалт, цахилгааны үнэ нь нэмэгдсэн, харин СӨХ-ны төлбөр нэмэгдээгүй. СӨХ-ны ажилчдын цалин нэмэгдээгүй, бага цалингаар ажиллуулж чадахгүй хүндрэл үүсдэг бөгөөд үйлчлэгч байхгүй бол би өөрөө байраа угаачихдаг. Бусдын мөнгөөр хэрэглээгээ хангаад төлбөр төлөхгүй 15 орчим айл байгаа. Хариуцагчийн төлөх ёстой СӨХ-ны төлбөр сардаа 37 900 төгрөг гардаг. Хариуцагч лифт ашигладаггүй болохоор хамаагүй. Хариуцагч төлбөрөөс 2014 оны СӨХ-ны төлбөрүүдийг бүгдийг нь тэглэсэн. Учир нь тэр үед байр үнэхээр муухай байсан. Харин миний ажил хүлээн авсан 2015 оны 6 дугаар сараас хойшхи төлбөрийг төлөх хэрэгтэй. Аудитын шалгалт ороход энэ айлыг төлбөрөөс хэрхэн чөлөөлсөн эсэхийг шалгадаг, айл болгоны төлбөрийн дутуу нь гараад ирдэг. Иймд 1 500 600 төгрөгийг нэхсэн, үүнээс 189 500 төгрөгийг хасах боломжтой гэжээ.

 

Хариуцагч З.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2018 онд уг орон сууц ашиглалтад орсон цагаас нь оршин сууж байгаа ба СӨХ-ны төлбөрөө цаг тухайд нь төлж ирсэн. Эхний 3 жил Макс групп өөрөө хариуцаж, ямар ч асуудал гаргадаггүй байсан. Түүнээс хойш удаа дараа СӨХ солигдож, хог новшинд дарагдаж, бохирын хоолой нь байнга задардаг байсан ба гомдол гаргаад явахаар СӨХ хариуцаж байсан хүн нь больчихсон гэдэг. Сүүлдээ хэл ам, хэрүүл хийхээс залхаж, СӨХ ажлаа хийхгүй байхад би мөнгийг төлөх албагүй гэсэн шийдэлд хүрсэн. Ингэж явсаар 2017 оны 10 дугаар сараас эхлэн эзэнтэй болохоор мөнгөө төлье гэхэд 2015, 2016 оны мөнгө нэхсэн тул зөвшөөрөхгүй.

2015-2016 онд нийт хэдэн төгрөг болсон, 2016-2017 онд хэдэн төгрөг болсон, нийт дэлгэрэнгүй тайланг авах шаардлагатай байна. 2015, 2017 оны тайланг сая авчирсан байсан. 2016 оны тайлантай танилцмаар байна. Манай төлбөрийн дэлгэрэнгүй тайлан хэрэгтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар З.А-ээс дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 311 000 төгрөгийг гаргуулж “ХХ” СӨХ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар З.А-ээс 35 928 төгрөг гаргуулж “ХХ” СӨХ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

“ХХ” СӨХ нь  2015 оны 6 дугаар сараас 2016 он хүртэл үйл ажиллагаа явуулаагүй тул энэ хугацааны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүх хуралдааны явцад миний гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангасан. Гэвч тухайн шүүгчийн захирамжид заасан нотлох баримтыг нэхэмжлэгч талаас бүрэн ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл захирамжийн биелэлт хангагдаагүй, нотлох баримттай бүрэн танилцах эрхээр шүүх хангаагүй. Мөн хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг бүрэн үнэлж, дүгнэж шийдвэрээ гаргаагүй буюу СӨХ-ны төлбөр нь улирал бүр өөр байдаг гэдгийг тооцож үзээгүй. Гэтэл зуны 4 сард 29 900 төгрөгөөр тооцогддог байтал шүүхийн шийдвэрт бүх улирлыг 37 000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч “ХХ" Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч З.А-ээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 500 600 төгрөг шаардан шүүхэд хандсан боловч шүүх хуралдааны үеэр 1 311 100 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 9 дүгээр сараас хойшхи хугацааны зардлыг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг буюу СӨХ ажиллаагүй үеийн төлбөрийг төлөхгүй гэж маргасан байна.

Хариуцагчийн амьдарч 30 дугаар байр нь тус СӨХ-д харьяалагддаг, уг байрны 44 тоот орон сууцны өмчлөгч З.А- гэдэгт талууд маргаагүй.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзвэл “ХХ" СӨХ нь 2013 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа болох нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05/1961 тоот албан бичгээр нотлогдож байх тул хариуцагчийн 2015, 2016 онд СӨХ ажиллаагүй гэх татгалзал үндэслэлгүй. /хх-45 дахь тал/

Хариуцагч З.А- нийтийн зориулалттай орон сууц дахь байшингийн сууц өмчлөгчийн хувьд түүнд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хуулиар үүсэх бөгөөд уг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Хариуцагч СӨХ-ны зардлыг төлөөгүй болох нь түүний тайлбараар тогтоогдсон. /хх 18 дахь тал/

Нэхэмжлэгч тал хариуцагчаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний хөлс, зардалд 1 500 600 төгрөг нэхэмжлэхдээ тухайн он, сар бүр тус тусдаа хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, хариуцагч энэ талаар маргасан байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй нь буруу байна. Гэхдээ хариуцагч нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн “орон сууцны халаалт ирсэн саруудад СӨХ-ны зардалд 37 700 төгрөг, халаалтгүй саруудад 29 900 төгрөг” гэсэн тайлбарыг үгүйсгээгүйн гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд уг төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрдөг тул шүүх бүрэлдэхүүн уг тайлбарыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгч “ХХ” СӨХ нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хандан хариуцагчаас 2015 оны 1-10 дугаар сар хүртэлх, 2016, 2017, 2018 оны 7 сар хүртэлх хугацааны зардал нэхэмжилсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар тогтоосон тул нэхэмжлэгч тал, хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэлх хугацааны СӨХ-ны зардал шаардах эрхгүй болжээ.

Анхан шатны шүүх дээрх хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй нь алдаатай байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчилж нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хугацааны зардалд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Харин хариуцагчаас 2015 оны 9 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахдаа орон сууцны халаалттай болон халаалтгүй сарын төлбөрөөр ялгамжтай тооцон тодруулбал 2015 оны 9-12, 2016, 2017 оны 1-05 сар дуустал, 9 сараас 2018 оны 5 дугаар сар дуусталх хугацааг 37 700 төгрөгөөр, 2016, 2017 оны 6-9 сар хүртэл, 2018 оны 6, 7 сарын төлбөрийг 29 900 төгрөгөөр тооцоход 1 257 100 төгрөг болж байна.

Иймд уг мөнгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02296 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1 311 000” гэснийг “1 257 100” гэж, 2 дахь заалтын “35 928” гэснийг “34 720”  гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

           

                                          ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                 Ч.ЦЭНД