| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2016/0173/э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2017-04-13 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Д.Буянсайхан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Д.Мөнх-Очир, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,
хохирогч Б.Гачинхүү, түүний өмгөөлөгч Ш.Чингис
хохирогч Б.Баатар нарыг оролцуулан нарын тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэдгээ овгийн Дашдоржийн Мөнх-Очирт холбогдох эрүүгийн 201525030203 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Гэдгээ овгийн Дашдоржийн Мөнх-Очир, 1985 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Булган аймаг, Дашинчилэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цөмийн физикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 47-38а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ГД85080277.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;
Шүүгдэгч Дашдорж овогтой Мөнх-Очир нь удаа дараагийн давтан үйлдлээр 2014 оны 12 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Бат-Өлзийгөөс алтан нуухтай шүрэн толгойтой, тэмээний ясан халбагатай, луу сийлбэртэй их гарын ногоон өнгийн пийсүү хөөрөг, хажтай алтан нуухтай, шүрэн толгойтой дунд гарын цагаан хаш хөөрөг, алтан нуухтай зааны ясан халбагатай улаан шүрэн толгой зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан 30 сая төгрөгийн хохирол учруулсан,
Г.Лхагвасүрэнтэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Мөнгөн товч” дэлгүүрийн Л.Батжаргалаас цагаан өнгийн хаш хөөргийг 13 сая төгрөгөөр борлуулж өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилан авсан. Улмаар 10 сая төгрөгөөр Ч.Мижиддоржид зарж борлуулан мөнгийг нь өөртөө хууль бусаар олж аван, 8 сая төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун сэлбийн 7а байранд Г.Мөнгөнхуягаас 32.2 грамм жинтэй, тойргийн диаметр 2.5 см, өндөр нь 2.7 см хэмжээтэй цайвар улаан өнгөтэй шүрэн толгой, Л.Батжаргалаас халтар манан хөөрөг зэргийг нийлүүлэн борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, хохирогч Г.Мөнгөнхуягт 10.500.000 төгрөгийн, хохирогч Л.Батжаргалд 3 сая төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 07 дугаар сард хохирогч Б.Гачинхүүгээс шүрэн толгойтой, алтан нуухтай хуучин цагийн халтар манан хөөрөг, алтан нуухтай шүрэн толгой, алтан нуухтай шүрэн толгойтой хавтгай хуучны халтар манан зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 08 дугаар сард хохирогч Б.Баатараас шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг, бага гарын шүрэн толгойтой халтар манан хөөрөг зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, 14.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Өлзий-Оршихоос цагаан хаш хөөргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч, С.Ганхуягт барьцаанд өгч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 104.800.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнх-Очир мэдүүлэхдээ: “...Би Бат-Өлзий гэх ахаас хөөрөг авах болсон шалтгаан нь 2015 онд би Лхагвасүрэн ахад 10.000.000 төгрөгийн өртэй байсан. Лхагвасүрэн ах хүүхдийнхээ хамт намайг зуслангийнхаа гражид хийж 2 хоног түгжсэн. Хүүхэд нь хоёр хүнтэй ирж, намайг зодож, би яаж ч чадахгүй Гачинхүүгийн 2 халтар манан хөөргийг ломбарданд тавьж, Лхагвасүрэнгийн өрийг барагдуулсан. Би ломбардны хүүг нь төлж явсаар байхад ломбард Гачинхүүгийн хөөргийг нь зарчихсан. Тухайн үед Бат-Өлзийгийн хөөргийг ломбарднаас Батсайхан гэдэг байцаагчтай хамт очиж авахдаа Гачинхүү, Бат-Өлзий нарын хөөргийг зааж өгч байсан боловч Бат-Өлзийгийн хөөргийг л хурааж авч, Гачинхүү ахын хөөргийг хурааж аваагүй байдаг. Энэ асуудалд би гомдолтой байгаа. Мөн би Бат-Өлзийгөөс 2 хөөрөг, нэг хөөрөгний толгой авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин үнэлгээг нь зөвшөөрөхгүй байна. Тухайн үед үнэлгээ өндөр байсан. Лхагвасүрэнтэй бүлэглэж үйлдсэн хэрэг дээр би ямар ч оролцоо байхгүй. Лхагвасүрэн ах намайг чи үүнийг зарахгүй бол би чамайг дахиад цагдаагийн газар өргөдөл бичиж өгнө шүү гэж дарамталсан. Мижиддоржийн нэхэмжилж байгаа 10.000.000 төгрөг болон Батжаргалын нэхэмжилж байгаа 8.000.000 төгрөг надад ямар ч хамаагүй. Батжаргал мөнгө нэхэмжилж байгаа боловч хөөргөө өөрөө хүлээн авсан. Мижиддоржийн нэхэмжилж байгаа 10.000.000 төгрөгийг би аваагүй, Лхагвасүрэн өөрөө авсан. Намайг зодуулж, дарамтлуулж байсныг Гачинхүү ах ч мэднэ. Мөнгөнхуягийн хөөрөгний шүрэн толгой нь хавтаст хэрэгт хавсаргасан хөөрөгний толгой биш байсан. Мөнгөнхуяг ах бид хоёр хоорондоо 8.000.000 төгрөгөөр тохиролцож, гэрээ хийсэн. Би энэ мөнгөнөөсөө 1.000.000 төгрөг өгчихсөн байгаа. Би мөнгө өгөхдөө дансаар болон бэлнээр өгсөн. Одоо 7.000.000 төгрөг дутуу байгаа. Би Батжаргалын халтар манан хөөрөгний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Гачинхүүд 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн, үүнээс хохирлоо төлж барагдуулж байгаа. Баатар ах бид хоёрын хооронд 6.600.000 төгрөгийн өр байгаа. Бид хоёр аман гэрээ хийсэн ба би саяхан 500.000 төгрөгийг төлсөн. Би Өлзий-Оршиход төлөх өргүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Гачинхүү мэдүүлэхдээ: “...Би тэтгэврээ авахын хажуугаар хөөрөг зарж, амьдарлаа залгуулдаг. Мөнх-Очирын ээжийн дүү гэдэг залуу бид нартай хамт хөөрөг зардаг байсан. Мөнх-Очир ирээд надаас хөөрөг авах гэсэн юм гэхээр нь би хамт хөөрөг зардаг Мөнх-Очирын ээжийнх нь дүүгээс “танай дүү ямар хүн бэ” гэж асуухад дээд боловсролтой, гаалийн байгууллагад ажиллаж байсан. Танил ихтэй, хөөрөг зарчихна гэж хэлэхээр нь би хөөргөө өгч явуулсан. Анх нэг халтар манан хөөргийг 18.000.000 төгрөгөөр зарчих гэж хэлээд Мөнх-Очирт өгсөн. Мөнх-Очир Дашдорж гэдэг хүнийг дагуулж ирсэн. Мөнх-Очир “би Дашдорж гэдэг хүнд 18.000.000 төгрөгөөр хөөргийг тань өгчихсөн” гэж хэлэхээр нь би “надад 15.000.000 төгрөгөө л өгчих” гэж хэлсэн. Дашдорж “би таны хөөргийг авсан, энхийг сахиулах руу хүүхэд маань явсан. Ирэхээр нь мөнгийг чинь өгнө” гэж надад хэлсэн. Намайг Дашдорж хороололд ирж мөнгөө аваарай гэхээр нь хороололд очсон боловч ирээгүй, утас руу нь залгахад утсаа салгасан байсан. Би Дашдорж гэдэг хүн чинь яасан бэ гэж Мөнх-Очироос асуухад нас барсан гэж хэлсэн. Мөн төмөр замын гаалийн газарт хүнд хөөрөг үзүүлэх гэж байна гэж хэлээд миний хүнээс авсан хөөрөгний толгой, хөөрөг хоёрыг аваад явсан. Тэгээд хөөргийг тань авахаар боллоо орой ирээд мөнгийг нь авчих гэж хэлж байна гэхэд нь би итгэсэн. Маргааш нь мөнгөө авах гэж очоод Мөнх-Очир дотогшоо орж, би гадаа нь үлдсэн. Мөнх-Очир гарч ирээд хүмүүс нь архидаад нэмэр алга, дараа нь мөнгөө авъя гэж хэлсэн. Би 3 хөөрөг, нэг хөөрөгний толгойг Мөнх-Очирт өгчихсөн байсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн газар өргөдөл гаргасан. Тэгэхэд Мөнх-Очир би бүгдийг нь ломбарданд тавьсан. Би таны хөөргийг хүнд зараагүй гэж хэлсэн. Баатар ах та хоёрын хөөргийг ломбарданд тавьсан гэж хэлэхээр нь тавьсан ломбарданд нь очиж үзсэн. Баатар бид хоёрын хөөрөг бүгд ломбарданд байсан. Намайг Мөнх-Очир “та хөөрөгний эзэн биш, хөөрөг худалдаж авч байгаа хүн болоод ломбард руу ороод үзчих, миний нэр хүнд гэж нэг юм байна” гэж хэлсэн. Би хөөрөг худалдаж авах гэж байгаа хүн болж ломбарднаас өөрийнхөө хөөргийг үзчихээд мөнгөгүй учир авч чадаагүй явсан. Энэ үед. Мөнх-Очир ээж болон эхнэртэйгээ ирээд “та өргөдлөө цагдаагийн газраас авчих, би мөнгөний шаардлага гарсан болохоор таны хөөргийг ломбарданд тавьсан, удахгүй таны хөөргийг аваад өгнө” гэж хэлэхээр нь би миний хүүхдээс ялгаа юу байх вэ гэж бодоод өргөдлөө татаж авсан. Гэтэл над руу нэг өдөр манай нутгийн зөвлөлийн дарга яриад би хөөрөг авах гэсэн юм чи хөөрөг мэддэг хүн байна ирээд үзээд өг гэхээр нь очсон. Би авах гэж байгаа хөөргийг нь үзэхэд миний хоёр хөөрөг, нэг хөөрөгний толгой маань, бас Баатарын хөөрөг гээд бүгд байсан. Тэгэхээр нь би Мөнх-Очирт чиний ломбарданд тавьсан хөөрөг чинь энд зарагдаад өөр хүн дээр байна гэхэд Мөнх-Очир би байцаагчтай хамт очоод бүгдийг нь хураалгачихлаа, одоо зарагдахгүй гэж хэлсэн. Баатар өөрөө мөнгөө төлөөд ломбарднаас хөөргөө авчихсан. Надад төлөх мөнгө байгаагүй болохоор хөөргөө авч чадаагүй. 3-4 сарын дараа Мөнх-Очирын хөөрөг залилсан хэрэг прокурорын шатанд явж байна гэж мэдсэн. Тэгээд би прокурортой нь уулзаж болсон асуудлыг ярьж, өргөдлөө бичиж өгсөн. Миний хөөргийг ломбарданд тавьсан үнээр үнэлсэн байсан. Би энэ үнэлгээг нь хүлээн зөвшөөрөөгүй. Одоо үнэлсэн байгаа 36.000.000 төгрөгийн хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс надад 2.000.000 төгрөгийг Мөнх-Очир цувуулж өгсөн. Үлдсэн мөнгө болох 34.000.000 төгрөгийг би Мөнх-Очироос нэхэмжилж байна. Мөнх-Очир хөөрөгний шүрэн толгой, жижиг халтар манан хөөргийг хүний хөөрөг гэдгийг мэдэж байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баатар мэдүүлэхдээ: “...Мөнх-Очирын ээжийнх нь дүү бид нартай хамт ажилладаг байсан болохоор түүнийг таньдаг болсон. Мөнх-Очир миний нэг хөөргийг зарж өгье гээд авсан. Хэд хоногийн дараа хөөрөг зарагдахгүй бол ах нь хөөргөө буцаагаад авъя гэж би Мөнх-Очирт хэлсэн боловч дахиад нэг хөөргийг минь хүнд үзүүлье гээд авч явсан. Үүний дараа хөөрөг авах гэж байгаа гээд нэг залууг Мөнх-Очир дагуулаад ирсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн утасны дугаарыг нь аваад 2-3 хоног утсаар ярьсан. Дараа нь надад ахаа би Мөнх-Очирыг зүгээр таньдаг, намайг хэд хоног хөөрөг авах гэж байгаа хүн болоод тантай уулзаад яриад өгөөч гэж гуйсан юм, би хөөрөг авахгүй гэж хэлсэн. Тэгээд Лхагвасүрэн, Гачинхүү бид 3 Мөнх-Очирыг 7 хоногоор дагахаар болж дагаж эхэлсэн. Мөнх-Очир 2 давхар хашаа байшинтай байсан. Энэ үл хөдлөх хөрөнгийнх нь гэрчилгээг авах гэсэн боловч Хаан банкны барьцаанд тавьчихсан байсан. Тэгээд Гачинхүү бид хоёр Мөнх-Очирыг барьж авсан боловч Мөнх-Очир та хоёрын хөөрөг манай гэрт байгаа, очоод ав гэж уйлаад гуйгаад байсан. Гэвч цагдаагийн хэлтэс дээр бид хоёрын хөөргийг ломбарданд тавьсан гэж хэлсэн. Ингэж л хөөргөө ломбарданд байгааг бид хоёр мэдсэн. Мөнх-Очир, Гачинхүү бид гурав ломбард руу явсан. Мөнх-Очир “та хоёр ломбарданд ороод миний хөөрөг гэж битгий хэлээрэй, худалдаж авах гэж байгаа хүн шиг үзээрэй” гэж гуйсан. Мөнх-Очирын эхнэр нь ээж маань хөдөөнөөс малаа зараад таны мөнгийг өгнө гэж хэлээд гуйгаад байхаар нь бид хоёр өргөдлөө татаж авсан. Гэтэл дараа нь бид хоёр прокурорт хэрэг шилжсэн хойно нь мэдсэн, тэгээд бид хоёр өргөдлөө бичиж өгсөн. Би том цагаан хөөргөө ломбарднаас өөрөө мөнгөө төлөөд авъя чи хэдэд тавьсан юм бэ гэж Мөнх-Очироос асуухад хүүгээ төлөөд 5.000.000 төгрөг болох байх гэж хэлсэн. Тэгээд ломбарднаас хөөргөө авах гэхэд 7.400.000 төгрөг болно гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй маргааш нь би 5.000.000 төгрөгтэй ирсэн ба Мөнх-Очироос 2.000.000 төгрөгийг нь гаргуулж бид хоёрын мөнгө нийлээд 7.000.000 төгрөг болсон. Надад 400.000 төгрөг дутсан болохоор Лхагвасүрэн ахаас мөнгө гуйж Лхагвасүрэн ахын хүүхдээс нь 500.000 төгрөг зээлсэн.Тэгээд би ломбарднаас 7.400.000 төгрөгөөр том цагаан хөөргөө авсан. Би халтар хөөргөө хэдэн төгрөг төлж авах вэ гэхэд 700.000 төгрөг төлж авна гэсэн. Дараа нь 700.000 төгрөгөөр Мөнх-Очирын ломбарданд тавьсан миний халтар манан хөөргийг Мөнх-Очир над дээр авч ирээд би энэ хөөргийг заръя гэхээр нь би хөөргөө үгүй гээд өөрөө авчихсан юм. Хөөргөө аваад 2 хоног болоход над руу Мөнх-Очир байнга залгаад байсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэхэд Мөнх-Очир би наад хөөргийг чинь хүнд үзүүлчихсэн юм гэсэн. Мөн Мөнх-Очирын эхнэр нь бас надаас гуйгаад байсан болохоор хөөргөө буцаагаад Мөнх-Очирт өгсөн. Намайг захаас гараад явж байхад утсаар Мөнх-Очир яриад Төв аймгийн ойролцоо машины дугуй буудчихлаа, би гэр бүлээрээ явж байна, дугуйны мөнгө өгөөч гэж гуйхаар нь би эхлээд 200.000 төгрөгийг Мөнх-Очир руу шилжүүлсэн. Иймд ломбарднаас авсан үнэ болох 5.400.000 халтар манан хөөрөгний үлдэх 800.000 төгрөг, үүн дээр дээр дугуй засуулахаар шилжүүлсэн 200.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаагаас 500.000 төгрөгийг нь Мөнх-Очироос авсан...” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын саналаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Хохирогч Г.Бат-Өлзий мэдүүлэхдээ: “...Мөнх-Очир гэх залууд 2014 оны 12 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай центерийн гадна дунд гарын шүрэн толгойтой алтан нуухтай хаш хөөргийг Мөнх-Очир аваад 12 сая төгрөгөөр зарахаар болчихлоо хүн нь удахгүй мөнгийг өгчих юм байна. Танд ахиад зарах хөөрөг байна уу гэж хэлээд их гарын Фисү шүрэн толгойтой сийлбэртэй хөөргийг 60 сая төгрөгөөр зарахаар боллоо гээд надаас аваад явсан юм. Түүний дараа 24 мм-ийн диаметртэй шүрэн толгой хүн асуугаад байна, та олоод өг гэхээр нь би уг шүрэн толгойг олж өгсөн юм. Түүнээс хойш Д.Мөнх-Очир нь удахгүй мөнгийг нь өгнө гэж хэлээд явсаар байгаад өдийг хүрч байна. Сүүлд өөрөөс нь сонсоход ломбарданд тавьсан гэж хэлж байсан. ...Д.Мөнх-Очир нь Алтай центерийн ойролцоо хөөрөг зараад явдаг болохоор нь хальт зүс таньдаг болсон...Их гарын шүрэн толгойтой Фисү хөөрөг 55 сая төгрөг, дунд гарын шүрэн толгойтой хаш хөөрөг 10 сая төгрөг, 24 мм-ийн шүрэн толгой 8 сая төгрөг нийт 75 сая төгрөгийн үнэ бүхий хөөрөгнүүд байсан. Тухайн үед Мөнх-Очир нь надаас их олон удаа гуйгаад, шалаад байхаар нь урьд нь зүс таньдаг учир итгээд өгсөн...” гэжээ /1-р хх-19/.
Хохирогч Л.Батжаргал мэдүүлэхдээ: “...Би Мөнгөн дөш чулуун эдлэлийн дэлгүүрт лангуу түрээслэж хөөрөг зардаг юм. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлын байран дээрээ байж байхад зүс таних Лхагвасүрэн гэх өвгөн төмөр замын орлогч дарга хийдэг манай хуурай дүү гавъяатын шагнал авах гэж байгаа тул тэр үед барих сайн хөөрөг хэрэгтэй байна гэж хэлээд намайг олоод ир би орой мөнгийг нь авчирч өгье гэсэн юм гэж хэлээд 13.500.000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг надаас аваад явсан юм. Тэгээд орой нь над руу ярихгүй байхаар нь би хэд хоног харья гэж бодоод оны дараа ярьсан чинь Лхагвасүрэн нь хороололд эмнэлэгт хэвтэж байна хөөргөндөө санаа зовох хэрэггүй удахгүй хөөрөгний мөнгийг чинь аваад өгнө битгий санаа зов гээд байхаар нь би эргэж очих уу гэхэд хэрэггүй гэсэн юм. Хэд хоногийн дараа дахиад утсаар ярихад миний бие муу байна Нэгдүгээр эмнэлэгт байна битгий санаа зов л гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр нь эргэж очиход Төмөр замын орлогч дарга Мижиддорж гэж хүн хөөргийг чинь авсан гэж хэлсэн. Тухайн үед би Төмөр замын орлогч дарга Мижиддорж гэх хүнтэй очиж уулзаад танд Лхагвасүрэн гэх хүн 25 мм амтай цагаан хаш хөөрөг өгсөн юм уу? Би эзэн нь байгаа юм аа гэхэд тиймээ Лхагвасүрэн гэх хүн надад тэр хөөргийг үзүүлэхээр нь Лхагвасүрэнд жинхэнэ эзнийг нь аваад ир үнэ хөлсийг нь ярилцаж байгаад авъя гэж хэлэхэд Лхагвасүрэн нь Мөнх-Очир гэр хүнийг энэ хүн эзэн нь байгаа юм гэж хэлж уулзуулаад Мөнх-Очир нь мөнгийг нь аваад явсан гэж хэлсэн юм. Тухайн үед Мижиддорж нь Мөнх-Очир гэх хүнд хичнээн төгрөг өгсөн талаараа яриагүй. ...Би Лхагвасүрэн гэх хүнтэй хөөрөгний урлан болж буй газар дээр олон таарч байсан. Тэгээд танилцаж манайхаар хүртэл орж гардаг болсон. ...Тухайн үед ямар нэгэн гэрээ хэлэлцээр баримт бичиг үйлдээгүй, настай хүн болохоор нь итгээд өгөөд явуулсан юм...” гэжээ /1-р хх-59-60/,
Дахин мэдүүлэхдээ: “...Мөнх-Очир нь Урт цагаан худалдааны төвийн орчимд Мөнгөн дөш-2 худалдааны газарт орж ирээд манай эсрэг талаас харсан Мөнгөнхуягийн лангуунд сууж шүрэн толгой барьж гарч ирээд хүн хөөрөг авъя гээд байна. Энэ толгойд таарах бөгс байна уу гэж хэлээд халтар манан хөөрөгний бөгс үзэж байгаад энийг чинь хүнд аваачиж зарчихаад мөнгийг нь аваад ирье гэхээр нь Мөнгөнхуяг толгойгоо өгөөд явуулсан мэдэж байгаа юм байлгүй гэж итгээд өгөөд явуултал ирээгүй. Тэрнээс 4 сар орчмын дараа талийгаач Лхагвасүрэн манай лангуун дээр ирээд манай хуурай дүү гавъяат авч байна үдээс хойш төрийн ордонд орохоор боллоо хөөрөг авах хэрэгтэй байна. Манай дүү Улаанбаатар Төмөр замын орлогч дарга хийдэг юм гэж хэлээд 25.5 см амтай, толгойгүй цагаан өнгийн хаш хөөрөгний бөгсийг 13 сая төгрөгөөр авахаар тохиролцоод аваад явсан. Сүүлд бусдын амнаас сонсоход Мөнх-Очир нь хамт явж байсан юм шиг байна лээ, надад өртэй байсан болохоор орж ирээгүй байх гэж бодож байна...” гэжээ /2-р хх-131/,
Хохирогч Г.Мөнгөнхуяг мэдүүлэхдээ: “... 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр танил Мөнх-Очир гэх хүн нь манай ажил болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Баруун сэлбэ 7а байранд ирээд шүрэн толгой, халтар манан хөөрөгний бөгс хэрэгтэй байна. Хүнд зарах гэж байгаа юм, та надад өгөөд явуулчих би танд зараад өгье гэж хэлсэн юм. Тэгээд надаас гуйгаад байхаар нь өгч явуулахаар болоход 2 хоногийн дотор зарагдвал мөнгийг нь аваад ирье зарагдахгүй бол шүрэн толгой болон халтар манан хөөрөгний бөгсийг нь аваад ирье гэж хэлээд аваад явсан юм. Тэгээд надтай байнга утсаар холбоотой байж байгаад 7 хоног болоод тэгснээ утсаа ч авахаа болиод алга болсон. Тэгээд гэр орноор нь явж байгаад Мөнх-Очиртой уулзаад түүний ээж Цэцэгмаад болсон явдлын талаар хэлэхэд Мөнх-Очир болон түүний ээж хоёр Булган аймаг явж малаа зарж чиний мөнгийг төлж барагдуулна гэж хэлж байсан. Тэгээд хэсэг хугацаанд мөн адил ор сураггүй болохоор нь араас нь хөөцөлдөж байж энэ оны 1 сард уулзахад Мөнх-Очир нь ээжийнхээ хажууд би таны шүрэн толгой, халтар манан хөөрөгний бөгс хоёрыг ломбарданд тавьсан гэж хэлж байсан. ...Мөнх-Очиртой 2014 оны 6 сарын үеэр танилцсан, хөөрөгний наймаа эрхэлдэг манай ажил дээгүүр байнга орж ирдэг байсан. Тэгээд ажлын шугамаар танилцаж байсан. Тухайн үед би ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй харин сүүлд 2015 оны 01 дүгээр сард бид 2 гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Мөнх-Очирын надаас авсан шүрэн толгой 10.000.000 төгрөг, хөөрөгний бөгс нь 3.000.000 төгрөгийн үнэтэй юм. Мөнх-Очир нь шүрэн толгойтой халтар манан хөөрөг хайж явж байна, би хотын Гаальд ажилладаг нэг даргад зарах гэж байгаа юм гэж хэлсэн. ...Өмнө нь Мөнх-Очир надаас 2 хөөрөг авч яваад бас мөнгийг нь өгөхгүй явж байгаад ээж нь надад хөөргийг авчирч өгч байсан...” гэжээ /1-р хх-100-101/,
Дахин мэдүүлэхдээ: “...Уг халтар манан хөөрөгний бөгс нь Батжаргалынх харин шүрэн толгой нь минийх тухайн өдөр Мөнх-Очир манай дэлгүүр дээр ирчихээд хүн шүрэн толгойтой халтар манан хөөрөг авах гээд байна гээд надаас гуйсаар байгаад нэг шүрэн толгой аваад гарахдаа эсрэг лангууны Батжаргалаас хөөрөгний бөгс аваад явсан байсан. ... би анхнаасаа уг халтар манан хөөрөгний бөгс Батжаргалынх гэдгийг нь хэлсэн. Миний шүрэн толгой, Батжаргалын хөөрөгний бөгсийг аваад явсан гэснийг надаас авсан гэж ойлгоод яваад байсан юм шиг байна лээ" гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 130-р хуудас/
Хохирогч Б.Гачинхүү мэдүүлэхдээ: “...Би Нарантуул зах дээр гар дээрээс хөөрөг зардаг юм. Тэгээд 2014 оны 5 дугаар сараас хойш Мөнх-Очир гэх залуутай танилцаж байсан. Тэгээд 2014 оны 7 дугаар сарын эхээр Мөнх-Очир нь надаас шүрэн толгойтой алтан нуухтай хуучны халтар манан хөөргийг 15 сая төгрөгөөр зарж өгөхөөр авсан. Тэгээд нэг найзыгаа дагуулж ирээд тэр хүнд уг хөөргийг зарна гэж ярьж байсан. Тэгтэл тэр хүн нь худалдаж авахаа больчихсон бөгөөд ингэж явсаар 1 жил гаруй хугацаа өнгөрсөн юм. 2014 оны 8 дугаар сард дахиад 32 диаметртэй алтан нуухтай шүрэн толгойг 15 сая төгрөгөөр хүнд зарж өгнө гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа би өөрөөс нь сайн лавлаж асуутал ломбарданд барьцаанд тавьчихсан юм. Тэгээд би хүүг нь төлөөд байгаа удахгүй авч өгнө гэж хэлээд яваад байсан. Эхлээд нэг хөөрөг авахдаа танихгүй залуу дагуулж ирээд энэ хүн хөөрөг авах гэж байгаа юм гэж танилцуулаад надаас халтар манан шүрэн толгойтой хөөргийг аваад явсан. Дараа нь Гаалийн ерөнхий газар дагуулж ороод гаалийн газрын 2 ажилтан 2 хөөрөг авахаар боллоо гэж хэлээд маргааш мөнгийг нь өгье гэж байна гэж ярьсан. Тэгээд хөөргийг нь үлдээх юм байна гэхээр нь би халтар манан хөөрөг, шүрэн толгой хоёрыг Мөнх-Очирт өгчихсөн юм. 20 мөнгөний буюу 25 мм диаметрийн алтан нуухтай шүрэн толгойтой, дунд гарын хуучны халтар манан хөөргийг 15 сая төгрөг, 32 мм диаметртэй 3.5 мм өндөртэй 70 граммтай, алтан нуухтай шүрэн толгойг 15 сая төгрөг, 23 мм диаметртэй алтан нуухтай, намхан шүрэн толгойтой хавтгай хуучны халтар манан хөөргийг 6 сая төгрөгөөр үнэлж байна. Ингээд нийт 36 сая төгрөг нэхэмжилж байна. ...Би Мөнх-Очиртой хоорондоо анх тохиролцоод 36 сая төгрөгөөр зарахаар болсон тул 36 сая төгрөгөөр үнэлж байна. Үнэлгээний комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ /1-р хх-ийн 199, 206-208/,
Дахин мэдүүлэхдээ: “...Энэ хувийн Капитал Эстимейт ХХК нь үнэн хариу өгсөн байна, хүний үнэтэй цайтай зүйлийг үзээгүй, хараагүй байж үнэлнэ гэдэг байж болшгүй юм. Би дүүргийн үнэлгээний комиссоор таавраар үнэлүүлэхгүй, нэгэнт албан ёсны үнэлгээний газар нь үнэлэх боломжгүй гэж байгаа. Тэгээд Мөнх-Очир бид нар хоорондоо тохиролцон 15 сая төгрөг гээд байхад заавал үнэлгээний комиссоор үнэлүүлэх шаардлагагүй гэж бодож байна" гэсэн мэдүүлгүүд /2-р хх-ийн 159-р хуудас, 3-р хх-ийн 41-р хуудас/.
Хохирогч Б.Баатар мэдүүлэхдээ: “...Би Мөнх-Очиртой Нарантуул зах дээр ажилладаг нэрийг нь сайн санахгүй байна нэг залуугаар дамжуулж танилцаж байсан. ...Өөрийгөө Гаалийн ерөнхий газарт ажилладаг гэсэн. 2014 оны 8 дугаар сард Мөнх-Очир нь шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг 15 сая төгрөгөөр хүнд зарж өгнө гэж хэлээд аваад явсан, дараа нь 2014 оны 8 дугаар сарын сүүлчээр бага гарын шүрэн толгойтой халтар манан хөөргийг 2 сая төгрөгөөр зарж өгнө гэж хэлээд аваад явсан. 2014 оны 12 дугаар сарын үед надаас авсан 2 хөөргийг ломбарданд тавьсан болохыг мэдсэн. Мөнх-Очир өөрөө надад энэ талаар бүгдийг хэлсэн.Тэгэхээр нь би 2015 оны эхээр Модны 2-ын ойролцоох ломбарднаас цагаан хаш хөөргийг 7.400.000-д тавьсан байсныг өөрөөсөө 5.400.000 гаргаад Мөнх-Очироос 2.000.000 төгрөг гаргуулаад хөөргөө буцаан авсан. ..Надад яг баримт байхгүй, тухайн үед ломбард нь надад бичиг баримт үйлдэж өгөөгүй. ...Үлдсэн халтар манан хөөргийг Мөнх-Очир өөрөө ломбарднаас авчирч ирээд надаас гуйсаар байгаад дахиад нэг хүнд үзүүлж харуулах хэрэгтэй байна гэж хэлээд авч яваад 1.000.000 төгрөгийг надад өгөөд үлдсэн 1.000.000 төгрөгийг буцаан өгөөгүй. Би Мөнх-Очироос нийт 6.600.000 төгрөг нэхэмжилж байна. Урьд нь Мөнх-Очир надаас 200.000 төгрөг зээлж байсан. Тэрнийг давхар нэхэмжилж байна...” гэжээ /1-р хх-ийн 203-204/.
Хохирогч Э.Өлзий-Орших мэдүүлэхдээ: “...2015 оны 01 дүгээр сарын 15-ны үед миний танил Д.Мөнх-Очир над руу утсаар яриад зарах хаш хөөрөг байна уу гэж асуусан тэр үед надад цагаан хаш хөөрөг байсан учир Мөнх-Очиртой уулзаад тэр өдрөө хөөргөө заруулахаар болоод Мөнх-Очирт өгч явуулсан. Тэгтэл Мөнх-Очир нь буцаагаад миний хөөргийг аваад ирсэн. Тэгэхдээ хүн нь мөнгөтэй болохоороо авна гэнээ гэж хэлсэн. Тэгээд дараа нь 2-3 хоногийн дараа Мөнх-Очир нь над руу залгаад нөгөө хүн чинь мөнгөтэй болчихсон гэж байна. Хөөргөө өгөөч 5 сая төгрөгөөр зарчихаад аваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь тэг тэг гэж хэлээд өгч явуулчихаад эргээд залгаж юу болж байна гэж асуухад ажил төрөл бүтэмжтэй байна. Орой ярьж гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би орой нь залгахад ажил сайхан бүтчихсэн найзуудтайгаа уулзаж байна. Маргааш өглөө 9 цагт ирж мөнгөө аваарай гэж хэлсэн. Тэгээд бөхийн өргөөн дээр 3-4 цаг хүлээж байгаад мөнгөө авч чадаагүй сүүлдээ утсаа авахгүй худал ярьж өдий хүрч байна. Тэгээд сүүлд хүнсний нэг дээр таарахад би чиний хөөргийг зараагүй барьцаанд тавьчихсан Ганхуяг гэж хүнд барьцаалчихсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр дор нь Ганхуягтай утсаар ярихад танд Мөнх-Очир өгсөн гэх хаш хөөрөг байгаа юм уу гэж хэлэхэд тиймээ надад хөөрөг нь байгаа миний шүрэн толгойг аваад явчихаар нь барьцаалаад тавьчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд саяхан Ганхуягтай утсаар холбогдоход чиний хөөрөгний бөгсийг 3 сая төгрөгөөр зарчихсан. Тэгээд Мөнх-Очирт энэ талаар хэлчихсэн байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр Мөнх-Очир бид хоёр уулзаж хоорондоо ярилцаж тохиролцоод хөөргөө 2.5 сая төгрөгөөр үнэлээд Мөнх-Очироос 2.5 сая төгрөгийг гаргуулж авсан байгаа юм. Тухайн үед Мөнх-Очир нь миний хөөргийг хүнд 5.0 сая төгрөгөөр зарж өгнө гэж хэлээд авсан юм. Цагаан өнгийн хаш чулуун хөөрөг 20 мөнгөний амтай, хоёр мөрний ойролцоо бор өнгийн толботой, 5 сая төгрөгийн үнэлгээтэй шинэ цагийн хөөрөг байгаа юм...” гэжээ /1-р хх-238-239/.
Иргэний нэхэмжлэгч Ч.Мижиддорж мэдүүлэхдээ: “...Би 2014 оны 12 сарын үед талийгаач Лхагвасүрэн нь надад чи сайн хаш хөөрөгтэй болоо би одоо нэг ийм юм ажиллуулж байгаа гээд Бөмбөгөр худалдааны төвийн подволд цехээ үзүүлж байсан. Тэгэхээр нь би цагаан хаш хөөрөгтэй болмоор байна гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач Лхагвасүрэн нь надад 2-Зн ширхэг янз янзын хөөрөг үзүүлж байсан удаа байгаа. Тэгэхээр нь би цагаан хаш хөөрөг авна наадахыг чинь авахгүй гэж хэлж байсан юм. Тэгтэл удалгүй талийгаач надад би нэг цагаан хаш хөөрөг оллоо шүү гээд надад тэр хөөргөө авчирч үзүүлсэн. Тухайн үед Лхагвасүрэн нь 15 саяар зарна гэж хэлэхээр нь би үнэтэй байна би ийм үнэтэй хөөрөг авахгүй намайг эзэнтэй нь уулзуулаад өгөөчээ гэж хэлсэн. Тэгсэн чинь хэсэн хугацааны дараа над дээр ирэхдээ нөгөө хөөрөг чинь 12 сая болсон шүү гэхээр нь би өшөө буулгаа би эзэнтэй нь уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхэд уг хөөрөгний эзэн гээд Мөнх-Очир гэх залууг дагуулж ирэхээр нь би наад хөөргийг чинь 10 сая төгрөгөөр авъя гэхэд Мөнх-Очир нь би машин худалдаж аваад явж байгаа юм надад мөнгө дутаад байна та 10 сая төгрөгөөрөө авдаа гэж зөвшөөрч би нийт 10 сая төгрөгийг 575 төгрөгөөр үлдсэн нь 5000 доллараар бодож өгч байсан. Тухайн үед доллар болон төгрөгийн нийлбэр нь 10 сая төгрөг болж байсан. Тэгээд Лхагвасүрэн, Мөнх-Очир хоёр нь мөнгөө аваад гараад явсан. ..Би талийгаач Лхагвасүрэнтэй хамт ажилладаг байсан миний санаж байгаагаар 1986 оноос хойш таньдаг болсон. Сүүлийн жилүүдэд тэтгэвэртээ суучихаад хөөрөг хийдэг ажилтай болсон гэж байсан. Хаш хөөргийг өгч авалцахад ямар нэг баримт бичиг үйлдээгүй миний ажлын өрөөнд бид 3 сууж байгаад өгч авалцсан...” гэжээ /1-р хх-75-76/.
Иргэний нэхэмжлэгч Ж.Жүгдэр мэдүүлэхдээ: “...Д.Мөнх-Очир гэгч нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай Завъяа тэгш ХХК-ний ломбарданд цагаан хаш хөөрөг тавьж 2.100.000 төгрөгийн зээл авсан уг зээлийн хугацаа нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дууссан байна. Дараа нь 2015 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр шүрэн толгой тавьж 1.720.000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн хугацаа нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дууссан. Манай байгууллагын дотоод журамд нийт хүлээлгийн 60 хоногийн хугацаа байдаг. Энэ талаар Мөнх-Очирын ээж рүү утасдаж хэлж мэдэгдэх хуудас өгсөн. ...Маш их гомдолтой байна. Манай байгууллагад хүү нь тооцогдоогүй нийт 3.820.000 төгрөгийн хохирол учирсан байна. Тухайн үед Мөнх-Очир нь цагаан хаш хөөрөг, шүрэн толгой зэргийг барьцаалан тавьж зээл авахдаа миний хөөрөг болон шүрэн толгой байгаа юмаа гэж хэлж байсан...” гэжээ /1-р хх-26-27/.
Иргэний нэхэмжлэгч Ж.Жүгдэр дахин мэдүүлэхдээ: “...Д.Мөнх-Очир нь 2014 оны дундуур он сар өдрийг нь санахгүй байна. Миний өөрийн хөөрөг байгаа юм гэж хэлээд дунд гарын шинэ цагийн нөхөөстэй шүрэн толгойтой халтар манан хөөрөгний 3,5 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан... Тухайн үед энэ миний хөөрөг байгаа юм. Манай аав хөөрөг хийдэг хүн байсан. Манай гэр бол музей л гэсэн үг гэж ярьж байсан. Тухайн үед миний санаж байгаар цагаан хаш хөөргийг барьцаанд тавьж зээл авч байсан санагдаж байна. Тэгээд сүүлд нь 2015 оны эхээр мөнгөө бага багаар төлж байгаад ойролцоогоор нийт 7 сая гаруй төгрөг төлөөд хөөргөө буцаан авсан...” гэжээ /1-р хх-212/.
Иргэний нэхэмжлэгч Ц.Буяндэлгэр мэдүүлэхдээ: “...Д.Мөнх-Очир нь манай Мөнгөн ундарга ХХК-ний ломбарданд 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ногоон фисү хөөрөг, жижиг хоёр ширхэг шүрэн толгой, жижиг хөөрөг зэргийг 15.000.000 төгрөгөөр барьцаалан зээл авсан. Тэгээд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш зээлийн хүү огт өгөөгүй учир Мөнх-Очирт удаа дараа мэдэгдсэний дараа хоёр ширхэг шүрэн толгой болон жижиг хөөрөг зэргийг нийлүүлээд 2.5 сая төгрөгөөр Нарантуул зах дээр танихгүй хүмүүст зарж борлуулсан. Тэгээд Фисү хөөрөг нь 12.5 сая төгрөг болж үлдсэн байгаа. ...Д.Мөнх-Очир нь эд зүйлийг барьцаанд тавьж зээл авснаас хойш ямар нэгэн хүү болон төлбөр тооцоо зэргийг төлж барагдуулж байсан удаа байхгүй. Манай байгууллагын дотоод журамд барьцаанд тавьсан эд зүйлсийг 30 хоног хүлээж энэ талаар мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр зарж борлуулдаг. Д.Мөнх-Очирт энэ талаар маш олон удаа мэдэгдэж утсаар олон удаа ярьсан. ...Тухайн үед хөөрөг болон шүрэн толгой зэргийг барьцаанд тавихдаа ээж Цэцэгмаагийн хамт ирсэн. Д.Мөнх-Очирын ээж Цэцэгмаа нь энэ хөөрөг нь манай эзэмшлийн хөөрөг байгаа юм гэсэн утгатай баталгаа гаргаж өгч байсан...” гэжээ /1-р хх-29/.
Иргэний нэхэмжлэгч Ц.Буяндэлгэр дахин мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар Д.Мөнх-Очир нь 2014 оны 7 дугаар сарын үед алтан нуухтай шүрэн толгойг 4 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл авчихаад нэмж 1.8 сая төгрөгийг аваад нийлээд 5.8 сая төгрөг авсан байдаг. ... Д.Мөнх-Очирын барьцаанд тавьсан шүрэн толгойн хугацаа дууссан бөгөөд энэ талаар Д.Мөнх-Очирт мэдэгдсэний үндсэн дээр зарж борлуулж ашгаа олсон. Одоо зарсан хүнээ олж өгч чадахгүй, ломбарданд орж ирсэн танихгүй хүнд зарж борлуулсан...” гэжээ /1-р хх-211/.
Гэрч С.Ганхуяг мэдүүлэхдээ: “...2015 оны 01 дүгээр сарын үед нутгийн дүү Д.Мөнх-Очир нь надтай уулзсан бөгөөд би тэр үед Мөнх-Очирт нэг ширхэг шүрэн толгой харуулаад энэ толгойд таарчих бөгс байна уу гэж асуухад би хүнээс асууя гэж хэлчихээд миний шүрэн толгойг аваад явсан юм. Түүнээс хойш хэд хоногийн дараа Д.Мөнх-Очир нь таны шүрэн толгойг хүнд үзүүлчихсэн байгаа гэж хэлээд надад цагаан хаш хөөрөгний бөгсийг харуулаад та энэ бөгсийг авах уу гэж хэлж байсан би тэр үед сонирхож үзье гэж хэлээд аваад үлдчихсэн юм. Тэгээд миний шүрэн толгойг надад өгөхгүй байхаар нь барьцаа болгоод цагаан хаш хөөргийг нь аваад үлдчихсэн юм. Тэгээд энэ зун би хөөргийг нь 3 сая төгрөгөөр танихгүй хүнд зарчихсан юм. Тухайн үед Мөнх-Очирт өгсөн шүрэн толгой нь 3 сая төгрөгийн үнэлгээтэй байсан юм би тэр хаш хөөргийг зараад хохиролгүй болсон...” гэжээ /1-р хх-242/.
Гэрч Д.Бэлэгбаяр мэдүүлэхдээ: “...Би талийгаач Г.Лхагвасүрэнгийн төрсөн охин Мөнхзулын нөхөр нь байгаа юм, талийгаач аав Лхагвасүрэн нь өвчний улмаас 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр таалал төгссөн юм. Талийгаач аав Лхагвасүрэн эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөөрөг худалдаалдаг байсан. Бид нарт ажлынхаа талаар нарийн зүйл огт ярьж байгаагүй, мэдэх зүйл байхгүй байна...” гэжээ /1-р хх-79/.
Гэрч Ц.Цэцэгмаа мэдүүлэхдээ: “...Миний төрсөн хүү Д.Мөнх-Очир нь 1985 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрж бага насаа эцэг эхийн гар дээр өсөж Булган аймгийн Дашинчилэн сумын 10 жилийн сургуулийг онц дүнтэйгээр төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшиж улмаар Улаанбаатар хотод ирж Монгол улсын их сургуулийн цөмийн физикийн ангид элсэн орж амжилттай төгсөж дээд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгссөний дараа эхнэр Дорждэрэмтэй танилцаж хамтран амьдраад дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Миний хүү Мөнх-Очир нь доороо 3-н дүүтэй айлын том хүүхэд байгаа юм. Д.Мөнх-Очирын аав нь 2008 оны 2 дугаар сард өвчний улмаас таалал төгссөн. Би Д.Мөнх-Очироос сонсоход хүний хөөргийг авч ломбарданд тавиад авч чадахгүй алдсан гэж сонссон өөр надад мэдэх зүйл байхгүй байна. Д.Мөнх-Очир нь эхнэр хүүхдээсээ салаад удаж байна. Одоогоор надтай хамт хамаатан садан дээрээ очиж хоноглоод явж байна...” гэжээ /1-р хх-109/.
Гэрч Дүгэржавын Алтанхуяг мэдүүлэхдээ: “...Би гоёл чимэглэлийн дэлгүүрийг 10 жил ажиллуулж байгаа. Талийгаач Лхагвасүрэнг таньж мэддэг болоод их удаж байна. Тэгээд 2014 оны 11 дүгээр сарын үед би ломбарданд өөрийнхөө шүрэн хөөргийг тавьчихсан байсан юм. Тэгээд хугацааг нь сунгаад явж байхад Лхагвасүрэн нь ямар ломбарданд тавьсан юм бэ? Би хөөргийг чинь авч өгөөд зараад өгье гэж хэлээд ломбарднаас миний хөөргийг авч өгөөд зарна гээд аваад явсан юм. Тэгээд надад 2014 оны 5 дугаар сард 5 сая төгрөг өгч байсан. Тэгээд сүүлд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2 сая төгрөгийг Төв шуудангийн арын зогсоолд Д.Мөнх-Очирын машинд сууж байгаад өгч байсан. Тухайн үед надад мөнгө өгөхөд Д.Мөнх-Очир байгаагүй...” гэжээ /1-р хх-77/.
Гэрч Доржсүрэнгийн Алтанхуяг мэдүүлэхдээ: “...Би Ист манчир ХХК болох барьцаалан зээлдүүлэх газарт 2013 оноос эхэлж ажиллаж байгаа юм. Д.Мөнх-Очир гэх хүн нь манай ломбарданд эд зүйлээ барьцаанд тавьж зээл авч байсан удаа байдаг юм. Ер нь зүс танина урьд нь харж байсан, өөрөөр сайн таньж мэдэхгүй. Анх 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Д.Мөнх-Очир гэх хүн шүрэн толгойтой хаш хөөргийг барьцаанд тавьж 4.2 сая төгрөгийг зээлээд дээр нь мөнгө нэмж авсаар байгаад 11.7 сая төгрөг болсон байсан. Дараа нь 2014 оны 10 дугаар сарын үед байх Д.Мөнх-Очир өмнө нь тавьсан байсан хаш хөөргийг буцаан авч оронд нь шүрэн толгойтой манан хөөргийг 5 сая төгрөгөөр үнэлүүлж тавиад бусад төлбөр тооцоогоо хийчхээд явсан. Тухайн үед зээлийн хугацаа дуусаж энэ талаар Д.Мөнх-Очирт удаа дараа утсаар мэдэгдсэн боловч зээлийн хугацаа дууссанаар сүүлд тавьсан байсан халтар манан хөөргийг манай ломбарданд орж ирж зарах эд зүйлс хайж явсан танихгүй хүнд ойролцоогоор 5 сая гаран төгрөгөөр зарж борлуулсан байгаа. Д.Мөнх-Очир нь манай ломбарданд эд зүйлс тавихдаа өөрийн биеэр ирж бичиг баримтаа үзүүлж барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулж барьцаанд тавих гэж буй эд зүйлсээ миний өөрийн эд зүйлс гэж ярьдаг байсан. Тэгээд зээлийн хугацаа дуусч Д.Мөнх-Очирт энэ талаар удаа дараа мэдэгдээд байхад ямар нэгэн төлбөр тооцоо өгөхгүй алга болсон учир өөрийн байгууллагыг хохиролгүй болгох үүднээс 2015 оны эхээр танихгүй хүнд зарж борлуулсан...” гэжээ /1-р хх-107/.
Гэрч Х.Саранцэцэг мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ист манчир ХХК болох барьцаалан зээлдүүлэх газарт 2010 оноос эхэлж ажиллаж байгаа юм. Уг байгууллагад зээлийн ажилтан хийдэг юм. Д.Мөнх-Очир гэх хүн нь манай барьцаалан зээлдүүлэх газарт 2013 оны үед алтан бөгж барьцаалан зээл аваад буцаан авсан байдаг. Түүнээс хойш огт харагдаагүй манай ломбардаар үйлчлүүлээгүй байж байгаад 2014 оны сүүлээр 11 дүгээр сарын үед хөөрөг барьцаанд тавьж зээл аваад уг хөөрөг барьцаалсан зээл дээр нэмж мөнгө авч байсан санагдаж байна. Тэгээд уг хөөргөө огт сунгуулаагүй алга болчихсон юм. Тэгээд барьцаалан зээл авсан хугацаа дуусч Д.Мөнх-Очирт мэдэгдсэний үндсэн дээр хөөргийг 2015 оны 3 дугаар сарын үед зарж борлуулсан. Хаана ямар хүнд зарж борлуулсан талаар мэдэхгүй байна. ...Тухайн үед Мөнх-Очир нь ямар хөөрөг болон бусад эд зүйлсийг барьцаалан зээл авсныг сайн санахгүй байна. Д.Мөнх-Очир нь би хөөрөг цуглуулдаг манай эцгийн хөөрөг байгаа юм гэж хэлж байсан санагдаж байна...” гэжээ /1-хх-106/.
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-20, 32, 72/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-30, 52-54/,
Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-56-58/,
Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын №663 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-88-90/,
Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын №664 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-42-44/,
Капитал Эстимэйт ХХК-ний Хохирлын үнэлгээний тодорхойлолт /1-р хх-103/,
Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-209-210, 241, 2-р хх-123, 126,129, 132/,
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээнүүд /1-р хх-36-37/,
Барьцаат зээлийн гэрээ болон төлбөрийн баримтууд /1-р хх-108/,
"Золач төв" №18-15 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-61-71/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Мөнх-Очир нь удаа дараагийн давтан үйлдлээр 2014 оны 12 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Бат-Өлзийгөөс алтан нуухтай шүрэн толгойтой, тэмээний ясан халбагатай, луу сийлбэртэй их гарын ногоон өнгийн пийсүү хөөрөг, хажтай алтан нуухтай, шүрэн толгойтой дунд гарын цагаан хаш хөөрөг, алтан нуухтай зааны ясан халбагатай улаан шүрэн толгой зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан 30 сая төгрөгийн хохирол учруулсан,
Г.Лхагвасүрэнтэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Мөнгөн товч" дэлгүүрийн Л.Батжаргалаас цагаан өнгийн хаш хөөргийг 13 сая төгрөгөөр борлуулж өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилан авсан. Улмаар 10 сая төгрөгөөр Ч.Мижиддоржид зарж борлуулан мөнгийг нь өөртөө хууль бусаар олж аван, 8 сая төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун сэлбийн 7а байранд Г.Мөнгөнхуягаас 32.2 грамм жинтэй, тойргийн диаметр 2.5 см, өндөр нь 2.7 см хэмжээтэй цайвар улаан өнгөтэй шүрэн толгой, Л.Батжаргалаас халтар манан хөөрөг зэргийг нийлүүлэн борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, хохирогч Г.Мөнгөнхуягт 10.500.000 төгрөгийн, хохирогч Л.Батжаргалд 3 сая төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 07 дугаар сард хохирогч Б.Гачинхүүгээс шүрэн толгойтой, алтан нуухтай хуучин цагийн халтар манан хөөрөг, алтан нуухтай шүрэн толгой, алтан нуухтай шүрэн толгойтой хавтгай хуучны халтар манан зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 08 дугаар сард хохирогч Б.Баатараас шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг, бага гарын шүрэн толгойтой халтар манан хөөрөг зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, 14.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Өлзий-Оршихоос цагаан хаш хөөргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч, С.Ганхуягт барьцаанд өгч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 104.800.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын №663 тоот шинжээчийн дүгнэлт, Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын №664 тоот шинжээчийн дүгнэлт, Капитал Эстимэйт ХХК-ний Хохирлын үнэлгээний тодорхойлолт, Эд зүйлийн үнэлгээ, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээ, Барьцаат зээлийн гэрээ болон төлбөрийн баримт, “Золач төв” №18-15 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Д.Мөнх-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Мөнх-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүх, шүүгдэгч Д.Мөнх-Очирт ял шийтгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирлын хэмжээ зэргийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буюу шүүгдэгч Д.Мөнх-Очироос нийт 76.020.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Батжаргалд 3 сая төгрөг, Г.Мөнгөнхуягт 7 сая төгрөг, Б.Гачинхүү 13 сая төгрөг, Б.Баатарт 5.700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Мижиддоржид 10 сая төгрөг, Ц.Буяндэлгэрт 12.500.000 төгрөг, Ж.Жүгдэрт 3.820.000 төгрөг, П.Моломжамцад 15 сая төгрөг, Ч.Бүнжинд 6 сая төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна. Харин хохирогч Б.Баатарын нэхэмжилсэн 200.000 төгрөгийг залилан мэхлэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.Мөнх-Очирын энэ хэргийн учир цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Гэдгээ овгийн Дашдоржийн Мөнх-Очирыг дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Очирт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Очирт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Очирын энэ хэргийн учир цагдан хоригдсон нийт 236 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Мөнх-Очироос нийт 76.020.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Батжаргалд 3 сая төгрөг, Г.Мөнгөнхуягт 7 сая төгрөг, Б.Гачинхүүд 13 сая төгрөг, Б.Баатарт 5.700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Мижиддоржид 10 сая төгрөг, Ц.Буяндэлгэрт 12.500.000 төгрөг, Ж.Жүгдэрт 3.820.000 төгрөг, П.Моломжамцад 15 сая төгрөг, Ч.Бүнжинд 6 сая төгрөгийг тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мөнх-Очирыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнх-Очирт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХАЛИУН
ШҮҮГЧИД С.БАТГЭРЭЛ
Н.БАЯРМАА