| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 188/2020/0016/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1439 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ДШМ/1439
188/2020/0016/Э
2020 12 02 2020/ДШМ/1439
Д.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Очирсүрэн,
шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Л.Батаа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г- даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 2020/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Г-т холбогдох эрүүгийн 1908056541864 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г-,
Д.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 214 тоотод Х.А-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөн, эрүүл мэндэд нь баруун нүдний алимны цус хуралт, нүдний угийн ховхролт хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Д.Г- нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрийг барагдуулсан, төлөх хохирол төлбөр байхгүй. Хохирогч Х.А- эмчилгээний зардалд нийт 3.800.000 төгрөг авсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, хэрэгт баримт авагдсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйлд заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ялыг оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг минь харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хохирогчийн нэг нүд нь бүрэн хараагүй болсон учраас гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй гэж үзэж байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 214 тоотод Х.А-тай “Гудамжны хүүхэн дагуулж ирлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөн, эрүүл мэндэд нь баруун нүдний алимны цус хуралт, нүдний угийн ховхролт хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Х.А-ийн “...би орон дээр баруун талаараа хэвтэж байхад гэнэт миний баруун нүд рүү Г- сууж байсан сандал дээрээсээ өшиглөсөн. Нүд янгинаж өвдөөд баруун нүднээс цус гарч байсан. ...Маргааш өглөө нь босоход миний баруун нүд юу ч харахгүй цус гараад байсан. ...Тэрнээс хойш миний баруун нүд юу ч харахгүй таг харанхуй болсон. ...” /хх 10-11/,
гэрч Д.Болдсайханы “...манай эхнэр Гантөмөр” гадаа Г-, А- хоёр зодолдоод байх шиг байна” гэхээр нь гарахад А-ийн гэрийн үүдэн дээр Г- нь А-ийн дээрээс нь дарсан байдалтай байсан. А-, Г- хоёрыг салгаад А-ийг гэрт оруулахад баруун нүдний хөмсөг хавиас нь цус гараад байх шиг байсан. ...А- надад “Г- миний баруун нүд рүү өшиглөчихлөө” гэж хэлж байсан. Маргааш нь А-ийн нүд хавдаад хаагдсан, баруун нүд юм харахгүй байна гэж хэлж байсан. ...” /хх 15-16/,
шинжээч эмч Ц.Ганболдын “...хүний хоёр нүдний нэг нь хараагүй болсон бол энгийн хөдөлмөрийн чадварын 35% алдагдана гэж журамд заасан. Нүдний угны ховхролт гэмтэл нүдэндээ гэмтэл авч цохиулах үед нүдэнд доргилт авч, нүдний ховхролт бий болдог. Өөрөөр хэлбэл нүд нь уг гэмтлийг аваад хараагүй болсон байна...” /хх 27-28/,
Д.Г-ын яллагдагчаар өгсөн “...А- адууны мах хөшиглөж дуусаад орон дээрээ хажуу талаараа хэвтээд “чи хачин юм дагуулж ирчихээд юу гээд байгаа юм бэ” гэхээр нь миний дүргүй хүрээд сууж байсан сандал дээрээсээ толгой руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөх үед А- босож ирээд миний нуруу руу өшиглөөд үснээс зулгаагаад авахаар нь би барьцалдаж аваад бид хоёр гэрээс нь хамт гарсан. ...Тэр үед Болдсайхан ах, бэр эгч Гантөмөр хоёр гэрээсээ гарч ирээд бид хоёрыг салгасан. ...” /хх 42-43/ гэсэн мэдүүлгүүд,
“...Х.А-ийн биед баруун нүдний алимны цус хуралт, нүдний угийн ховхролт хараагүйдэл бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. …” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 13590 дугаартай дүгнэлт /хх 26/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Л.Батаагийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Шүүгдэгч Д.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, баруун нүд хараагүй болж хүнд хор уршиг учирсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 2020/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН